“10-р сарын 30-аас 11-р сарын 5. Еврей 1–6: ‘Есүс Христ, “Мөнх авралын эх үндэс,”’” Ирээд, Намайг дага—Ням гаргийн ангид зориулав: Шинэ Гэрээ 2023 (2021)
“10-р сарын 30-аас 11-р сарын 5. Еврей 1–6,” Ирээд, Намайг дага—Ням гаргийн ангид зориулав: 2023
10-р сарын 30-аас 11-р сарын 5
Еврей 1–6
Есүс Христ, “Мөнх авралын эх үндэс”
Еврей 1–6-ийн талаар Ариун Сүнснээс хүлээн авсан зарим мэдрэмжээ ангийн гишүүдтэй хуваалцахыг бод. Ингэх нь тэднийг судраас судлахдаа ойлголт олж авахыг өөрсдөө эрэлхийлдэг болоход сүнслэгээр өдөөж болох юм.
Хуваалцахад урь
Ангид нэг их яриад байдаггүй гишүүдэд тодорхой урилга болон бэлтгэх бага зэрэг цаг хэрэгтэй байж болно. Та тэдний заримтай нэг, хоёр хоногийн өмнө холбоо барьж, Еврей 1–6-аас чухал санагдсан шүлгээ хуваалцахаар бэлтгэж ирэхийг хүсэж болно.
Сургаалыг заах
Есүс Христ “мөнх авралын эх үндэс” мөн.
-
Та ангийн гишүүдийг энэ долоо хоногт хувиараа болон гэр бүлээрээ судраас судалж байхдаа Есүс Христийн талаар олж мэдсэн чухал судруудаа хуваалцахад хэрхэн урамшуулж чадах вэ? Еврей номын эхний таван бүлэг бүрд зориулан таван баганыг самбарт зурах талаар бодож үз. Ангийн гишүүдийг эдгээр бүлгээс Есүс Христийн талаар заасан үг хэллэгийг болон тухайн үг хэллэг бүрийг олсон шүлгийн дугаарыг зохих баганад нь бичихэд урь. Аврагчийн талаар эдгээр зүйлийг мэдэх нь бидний Түүнд итгэх итгэл болон Түүнийг дагах хүсэлд хэрхэн нөлөөлөх вэ?
Есүс Христ биднийг ойлгож, зовж зүдрэх үед туслахын тулд бүх зүйлийг Өөрөө үзэж туулсан.
-
Еврей 2:9–18; 4:12–16; 5:7–8 нь дэлхий дээр зовлон шаналлыг хараад, Бурхан үүнийг анзаарч, санаа тавьдаг болов уу гэж ажиглаж буй хүмүүст тусалж болно. Ангийн гишүүд эдгээр шүлгийг судлаад, ийм асуултад туслах үнэнийг мэдэж авч болно. Эдгээр шүлэг нь хүн төрөлхтний зовлон шаналалд Аврагч хэрхэн ханддаг талаар юу зааж байна вэ? Ангийн гишүүдийг Есүс Христ зовж шаналж буй хүмүүст тусалж дэмжин, тайтгаруулсан судрын жишээг хуваалцахад урих нь тустай байж болох юм (“Нэмэлт эх сурвалж-ийг үзнэ үү”) эсвэл “Mountains to Climb” (ChurchofJesusChrist.org) видеог үзүүлнэ үү. Ангийн гишүүд хүнд сорилт бэрхшээлтэй тулгарахад Аврагч бидэнд хэрхэн тусалж чадах талаар олж мэдсэн зүйлээ хамтдаа ярилцаж болно.
Бурханы адислалуудыг “зүрхээ хатууруулдаггүй” хүмүүс хүртэх боломжтой.
-
Еврей 3, 4 нь гэгээнтнүүдэд хандан зүрхээ хатууруулахгүй байж, Бурханы тэдэнд өгөхийг хүсдэг адислалуудыг өөрөөсөө түлхэхгүй байхыг хүссэн гуйлт байдаг. Та болон ангийнхан тань Еврей 3:7–4:2-ыг уншихдаа эртний израилчуудын туршлага эртний Сүмийн еврейчүүдэд хамаатай байсны нэг адил өнөөгийн бидэнд ч гэсэн хамаатай байж болох арга замуудыг ярилцаж болно (эдгээр шүлгийн талаарх судлах материалыг Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав гарын авлагын энэ долоо хоногийн тоймоос үзнэ үү). Бид Их Эзэний тааллыг зүрх сэтгэлээ зөөллөн, хүлээн авахад бэлэн байхын тулд юу хийж чадах вэ? (Сургаалт үгс 3:5–6; Алма 5:14–15; Ифер 4:15-ыг үзнэ үү). Ангийн гишүүд зөөлөн бөгөөд гэмшдэг зүрх сэтгэлтэй байснаар өөрөө болон таньдаг хүмүүс нь хэрхэн адислагдсан талаар хуваалцаж болно.
Бурханы хаант улсад үйлчлэх хүмүүс Бурханаар дуудагдсан байх ёстой.
-
Санваартнууд Бурханаар дуудагддаг талаарх Еврей 5 дээрх захиас Сүмийн дуудлагад үйлчлэхээр санваарын эрх мэдлээр томилогдсон хүн бүрд хамаатай. “Аароны адил Бурханаар дуудагдах” гэдэг нь юу гэсэн үг болохыг олж мэдэхэд ангийн гишүүдэд туслахын тулд Гэтлэл 4:10–16, 27–31; 28:1 дээрх Аарон дуудлагаа хүлээн авч байгаа түүхийг уншихад тэднийг урь. Энэ түүхэн дэх ямар ойлголт бидэнд Еврей 5:1–5-ыг ойлгоход тусалж байна вэ? Ангийн гишүүд хэн нэгэн хүнийг, магадгүй өөрийгөө аль нэгэн дуудлагыг биелүүлэхээр Бурханаар дуудагдсан гэсэн баталгааг хэрхэн хүлээн авч байсан талаараа хуваалцаж болох юм. Энэхүү баталгаа нь тухайн хүнийг дуудлагаа биелүүлэхэд нь илүү сайн тусалж дэмжихэд тэдэнд хэрхэн тусалсан бэ?
Нэмэлт эх сурвалж
Есүс Христийн тайтгаруулсан, судар дээрх хүмүүсийн жишээнүүд.
-
Иохан 8:1–11: Их Эзэн завхайрсан эмэгтэйг тайтгаруулсан.
-
Иохан 11:1–46: Их Эзэн Мари, Марта хоёрын ах Лазарыг нас барахад тэднийг тайтгаруулжээ.
-
Инос 1:4–6: Их Эзэн Иносын нүглүүдийг өршөөж, түүний гэмшлийг холдуулсан.
-
Мозая 21:5–15: Их Эзэн Лимхайн хүмүүсийн ачааг хөнгөрүүлэхийн тулд леменчүүдийн зүрхийг зөөлрүүлжээ.
-
Мозая 24:14–15: Их Эзэн Алмагийн хүмүүсийн ачааг хөнгөлөхийн тулд тэднийг хүчирхэгжүүлсэн.
-
Ифер 12:23–29: Их Эзэний үг Моронайг тайтгаруулсан.
-
3 Нифай 17:6–7: Аврагч нифайчуудыг сул дорой байдлаас нь эдгээв.
-
Сургаал ба Гэрээ 121:7–10: Их Эзэн Иосеф Смитийг тайтгаруулсан (мөн Сургаал ба Гэрээ 123:17-г үзнэ үү).