Шинэ Гэрээ 2023
Ирээд, Намайг дага—Ням гаргийн ангид зориулав


Ирээд, Намайг дага—Ням гаргийн ангид зориулав гарын авлагыг ашиглах,” Ирээд, Намайг дага—Ням гаргийн ангид зориулав: Шинэ Гэрээ 2023 (2022)

Ирээд, Намайг дага—Ням гаргийн ангид зориулав гарын авлагыг ашиглах,” Ирээд, Намайг дага—Ням гаргийн ангид зориулав: 2023

Ирээд, Намайг дага—Ням гаргийн ангид зориулав гарын авлагыг ашиглах

Ням гаргийн ангид заахаар бэлдэх

Гэртээ хувиараа болон гэр бүлээрээ суралцах нь сайн мэдээнээс суралцах үйл явцын төвд байх ёстой. Энэ нь танд төдийгүй зааж буй хүмүүсийн тань хувьд чухал юм. Та заахаар бэлдэхдээ, эхлээд судартай холбоотой өөрийн гэсэн туршлагатай болохоос эхэл. Судруудыг судалж, Ариун Сүнснээс сүнслэг өдөөлт авахыг эрэлхийлэн, сайн мэдээний дагуу амьдрах нь бэлтгэлийн тань хамгийн чухал хэсэг юм.

Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав гарын авлага нь хувиараа суралцах, заах бэлтгэлийн тань аль алинд чухал юм. Энэ нь судар дахь сургаалын зарчмуудыг илүү гүн гүнзгий ойлгоход тань тусална. Энэ нь түүнчлэн танд ангийн гишүүдийг хувиараа болон гэр бүлээрээ судраас суралцах үйл явцаа сайжруулахын тулд Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав гарын авлагыг ашиглахад урьж мөн урамшуулах боломжийг олгоно (үүнийг хийхэд туслахын тулд энэ эх сурвалжид байгаа “Хувиараа болон гэр бүлээрээ суралцах үйл явцыг дэмжих санаа”-г үзнэ үү). Та ийн хийхдээ гэр бүлийн нөхцөл байдал нь тогтмол гэр бүлээрээ судар судлах эсвэл гэр бүлийн үдэш хийхийг дэмждэггүй ангийн гишүүдэд мэдрэмжтэй хандахаа сана.

Бэлдэж байхад тань заадаг хүмүүсийн тань талаар бодол, сэтгэгдэл орж ирэх болно. Та судрууд дахь зарчмууд тэдний амьдралыг хэрхэн адислах талаарх ойлголтыг хүлээн авна. Та тэднийг өөрсдөө судраас суралцахдаа эдгээр зарчмыг олж мэдэхэд сүнслэгээр өдөөн удирдан чиглүүлэх болно.

Заах санаа

Та заахаар бэлдэхдээ, энэ эх сурвалж дахь заах тоймыг судалснаар нэмэлт сүнслэг өдөөлт хүлээн авч болох юм. Та эдгээр санааг үе шаталсан зааварчилгаа гэхээс илүүтэй өөрийн гэсэн сүнслэг өдөөлтийг хүлээн авах сэдэл гэж бодох хэрэгтэй. Та ангийнхаа гишүүдийн хэн болохыг мэддэг бөгөөд ангидаа хамтдаа суралцсанаар тэднийг илүү сайн таньж мэддэг болно. Их Эзэн тэдний хэн болохыг мэддэг бөгөөд ангийн гишүүдэд гэртээ сайн мэдээнээс суралцахад нь туслах хамгийн сайн арга замуудаар таныг сүнслэгээр өдөөх болно.

Бэлдэх явцдаа та Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав гарын авлага, Сүмийн сэтгүүлүүд дэх санаанууд зэрэг бусад олон эх сурвалжийг ашиглах боломжтой. Эдгээр болон бусад эх сурвалжийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг “Нэмэлт эх сурвалж”-аас үзнэ үү.

Зарим анхаарах зүйл

  • Сайн мэдээнээс суралцахуй нь гэр оронд төвлөрсөн тохиолдолд хамгийн үр дүнтэй байдаг. Багшийн хувьд та ангийн гишүүдийн гэртээ сайн мэдээнээс сурч мэдсэн зүйлийг дэмжих, урамшуулах, түүнд суурилан заах чухал үүрэгтэй.

  • Ангийн гишүүд үнэн сургаалыг ойлгож, амьдралд хэрэгжүүлэхэд Есүс Христийн сайн мэдээнд хөрвөгдөх үйл явц нь улам гүнзгийрэх болно. Тэднийг Ариун Сүнснээс хүлээн авсан сэтгэгдлээ бичиж тэмдэглэн, түүнийхээ дагуу үйлдэхэд урамшуул.

  • Заах нь лекц унших, зүгээр нэг хэлэлцүүлэг хөтлөн явуулахаас илүү их зүйлийг шаарддаг. Таны нэг үүрэг бол сэнхрүүлэх, сударт суурилсан оролцоог урамшуулах явдал юм. Түүнчлэн та судраас суралцахдаа олж авсан, сүнслэгээр өдөөгдсөн аливаа ойлголтоо хуваалцаж болно.

  • Ангийн олон гишүүн ангид авч хэлэлцэх судруудыг гэртээ ч гэсэн судалж байхдаа учир утга бүхий туршлага олж авч байгаа гэдгийг санаарай. Та тэдэнд гэртээ судалж буй зүйлээ бусадтай хуваалцах боломжийг тогтмол гаргаж өгөх замаар судраас суралцах үйл явцыг нь дэмжиж болно.

  • Тэнгэрлэг Эцэг таныг сайн багш болоосой хэмээн хүсдэг. Тэрээр багшийн зөвлөлийн хурал гэх мэт танд туслах олон эх сурвалжийг өгсөн. Та эдгээр хурлаар өөрт тулгарч буй асуудлын талаар бусад багштай зөвлөлдөж болно. Түүнчлэн Христийнхтэй адил арга замаар заах зарчмын талаар ярилцан, дадлага хийж болно.

  • Хүмүүст заах боломж олговол тэд хамгийн сайн суралцдаг. Заримдаа ангийн гишүүдэд, ялангуяа өсвөр үеийнхэнд хичээлийн хэсгээс заах боломж олгоход анхаар. Энэ шийдвэрийг ангийн гишүүдийн хэрэгцээ, чадварт үндэслэн гарга. Хэрэв та ангийн нэг гишүүнийг заахад урих бол түүнд энэхүү эх сурвалжид болон Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав гарын авлагад буй санаануудыг ашиглан, урьдчилан бэлдэхэд нь цаг гарган тусал. Эцсийн эцэст, дуудагдсан багшийн хувьд та тухайн ангид юу заахыг хариуцдаг гэдгээ сана.

Энэ эх сурвалжид жилийн бүх долоо хоногт зориулсан хичээлийн тойм багтсан болно. Ерөнхий чуулган, Гадасны чуулганаас болж эсвэл өөр бусад шалтгаанаар Ням гаргийн анги орохгүй ням гаргуудад ангийн гишүүдийг гэртээ Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав гарын авлага дээрх хуваарийн дагуу Шинэ Гэрээнээс үргэлжлүүлэн уншихад уриалж болно. Ням гаргийн анги орох үед та хичээлийг алгасах эсвэл тоймыг нэгтгэн заахын аль нэгийг сонгож болно.