“2-р сарын 14–20. Эхлэл 18–23: Эзэнд дэндүү хэцүү юм байна уу?’” Ирээд, Намайг дага—Ням гаргийн ангид зориулав: Хуучин Гэрээ 2022 (2021)
“2-р сарын 14–20. Эхлэл 18–23,” Ирээд, Намайг дага—Ням гаргийн ангид зориулав: 2022
2-р сарын 14–20
Эхлэл 18–23
“ЭЗЭНд дэндүү хэцүү юм байна уу?”
Та заахаар бэлтгэж байхдаа, ангийн тань олон гишүүн Эхлэл 18–23-ыг уншиж байх үедээ өөрсдийн гэсэн утга учиртай туршлагуудыг хуримтлуулсан байж болох юм гэдгийг санаарай. Тэднийг эдгээр туршлага, ойлголтоо хуваалцахад урамшуулан дэмжихийн тулд та юу хийж чадах вэ? Эдгээр ойлголтыг ангийнхаа ярилцлагад оруул.
Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ
Хуваалцахад урь
Бидэнд тохиолддог туршилт, сорилтууд ихэнхдээ бидний амьдрал дахь тодорхойлох мөчүүд болдог. Эхлэл 18–23-т Абрахам, Лот хоёрын амьдралын ийм хэдэн мөчийг дүрслэн харуулдаг. Ангийн гишүүд энэ долоо хоногт хувийн сургалтаараа олж мэдсэн Абрахамын ийм тодорхойлох мөчийг тодорхойлж буй ямар нэгэн шүлэг хуваалцаж болох юм. Тэд дараа нь эндээс юу сурснаа хуваалцаж болно.
Сургаалыг заа
Их Эзэн Өөрийн цаг хугацаанд амлалтуудаа гүйцэлдүүлдэг.
-
Эдгээр шүлгэн дээрх түүх нь Бурханы өөрсдөд нь амласан амлалтууд биелэгдэх эсэхэд эргэлзэж буй ангийн гишүүдэд урам зориг төрүүлж болох юм. Ярилцлага өрнүүлэхийн тулд ангийн гишүүд Эхлэл 17:4, 15–22; 18:9–14 дээрх Абрахам, Сара хоёрт өгсөн Бурханы амлалтын түүхийг болон Эхлэл 21:1–7 дээр эдгээр амлалт хэрхэн биелснийг ангийнхаа хэн нэгэнтэй хамт харах нь тустай байж болох юм. Эдгээр шүлгийн юу нь ангийн тань гишүүдэд чухал санагдсан бэ? Бурхан амласнаа биелүүлнэ гэдэгт итгэхээ больж буй найздаа бид Абрахам, Сара хоёрын туршлагаас ямар үнэнийг хуваалцаж болох вэ? Бид өөр ямар судрын эсвэл хувийн туршлагаасаа хуваалцаж болох вэ? (Жишээ болгож Ром 8:28; Еврей 11; Мормон 9:19–21; Сургаал ба Гэрээ 88:64-ийг үзнэ үү). Ангийн гишүүд Бурханы амлалт амьдралд нь гүйцэлдэж байсан ямар ямар туршлагыг хуваалцаж болох вэ? Энэ амьдралдаа амлагдсан адислалуудыг хүлээн авч амжихгүй байсан ч бид итгэл үнэмшлээ хэрхэн тэтгэж болох вэ? (Еврей 11:8–13-ыг үзнэ үү).
Есүс Христийн шавийн хувьд бид ёс бусаас зугтаж, өнгөрсөн рүүгээ харахгүй байх хэрэгтэй.
-
Лотын гэр бүлийн Содом, Гоморра зэрэг газраас зугтаж байгаа түүхээс ангийн гишүүд ямар сургамж авч болно гэж та бодож байна вэ? Өөр нэг боломжит сургамжийг “Нэмэлт эх сурвалж” хэсэгт ахлагч Жэффри Р.Холландын хэлсэн үгээр дамжуулан санал болгосон байгаа. Та Эхлэл 19:15–26 дээрх үйл явдлуудад дүгнэлт хийснийхээ дараа ангийнхантайгаа хуваалцаж болно. Бид Аврагчид итгэх итгэлээр урагш харах хэрэгтэй байхад ямар арга замаар эсвэл ямар нөхцөл байдалд “өнгөрсөн рүүгээ [эргэж хараад]” (26-р шүлэг) байдаг вэ? Ангийн гишүүд өнгөрсөн рүүгээ эргэж харахгүй байхын ач холбогдлыг тайлбарлах туршлагаасаа хуваалцаж болох юм. Лук 9:62 энэ ойлголтын талаарх бодлыг маань хэрхэн нэмэгдүүлж байна вэ?
Абрахамын Исаакийг золиослох хүсэл нь Бурхан, Түүний Хүү хоёрынхтой төстэй юм.
-
Хүүгээ золиос болгон өргөж буй Абрахамын түүх Тэнгэрлэг Эцэг Өөрийн Хүүг золиосолсон тухай бидэнд зааж чадна. Энэ түүхийг судлах нэг арга бол ангийн нэг хагаст Абрахам, Бурхан Эцэг хоёрын талаас Эхлэл 22:1–14-ийг тунгаан бодохыг даалгаж, нөгөө хагаст Исаак, Есүс Христ хоёрын талаас энэ түүхийг тунгаан бодохыг даалгах явдал юм. Олж мэдсэн ойлголтоо хуваалцахыг ангийн гишүүдээс хүс. Ялангуяа ангийн гишүүд Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрт талархах талархлыг нь гүнзгийрүүлсэн юуг мэдэж авсан бэ? Энэ ярилцлагын үеэр та Абрахамын Исаакийг өргөл болгохоор авч явж байгаа зургийг (Сайн мэдээний уран зургийн цуглуулга, д. 9) эсвэл “Akedah (The Binding)” (ChurchofJesusChrist.org) видео бичлэгийг үзүүлж болно.
Нэмэлт эх сурвалж
“Итгэл үргэлж ирээдүй рүү чиглэдэг.”
Ахлагч Жэффри Р.Холланд ийнхүү заасан.
“Лотын эхнэр Их Эзэний ардаа орхи хэмээн хэлсэн зүйлд дургүйцсэн учраас эргэж харсан байж болзошгүй. … Ийм болохоор Лотын эхнэр зүгээр нэг эргэж харсан биш, харин хуучнаа саналгалзан эргэж харжээ. Товчоор өгүүлбэл, хуучнаа санагалзсан нь ирээдүйдээ итгэх итгэлээс давжээ. …
… Өнгөрсөн үетэйгээ зууралдахгүй байхыг эсвэл өнгөрсөн юмс хэчнээн сайн сайхан байсан ч араас нь дэмий санагалзахгүй байхыг би та нараас хүсэж байна. Өнгөрсөн үеэс суралцаж болно. Харин түүгээр амьдрах ёсгүй. Бид үеэ өнгөрөөсөн зүйлсээр нь амьдрах гэж биш, харин сайн сайхан зүйлсээс нь суралцах гэж өнгөрсөн үеийг эргэж хардаг. Бид сурах хэрэгтэй юмаа сурч, үр дүнг нь биеэрээ үзсэн үед урагш харан, итгэл ямагт ирээдүй өөд чиглэдгийг санадаг билээ. …
… [Лотын эхнэр] итгэлгүй байсан. Тэрээр өөрт нь байгаа юмсаас илүү сайн зүйлсийг өгөх Их Эзэний чадварт эргэлзэж байсан ажээ. Өмнө нь байгаа юуг боловч ардаа орхиж байгаа зүйл шиг нь сайн байж чадахгүй гэж тэр бодож байсан бололтой. …
… Ийнхүү өнгөрсөн үеэр, түүний дотор өнгөрсөн алдаа дутагдлаар амьдрах нь мэдээж хэрэг буруу зүйл! Энэ бол Есүс Христийн сайн мэдээ биш юм” (“The Best Is Yet to Be,” Ensign, Jan. 2010, 24, 26–27).