“6-р сарын 6–12. Рут; 1 Самуел 1–3: ‘ЭЗЭН тандаа зүрх минь баярлана,’” Ирээд, Намайг дага—Ням гаргийн ангид зориулав: Хуучин Гэрээ 2022 (2021)
“6-р сарын 6–12. Рут; 1 Самуел 1–3,” Ирээд, Намайг дага—Ням гаргийн ангид зориулав: 2022
6-р сарын 6–12
Рут; 1 Самуел 1–3
“ЭЗЭН тандаа зүрх минь баярлана”
Заахад бэлтгэлтэй байх нь чухал боловч төлөвлөгөөндөө ангийн гишүүдийг сурч мэдсэн зүйлээ хуваалцах боломж оруулахад анхаараарай.
Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ
Хуваалцахад урь
Ангийн гишүүдийг энэ долоо хоногт сурч мэдсэн зүйлээ хуваалцахад урамшуулахын тулд та тэднийг хувиараа болон гэр бүлээрээ Рут 1–4-өөс эсвэл 1 Самуел 1–3-аас суралцаж байхад нь сүнслэгээр өдөөсөн үг хэллэгийг самбарт бичихэд урьж болно. Хэд хэдэн үг, хэллэгийг чанга уншаад, эдгээр нь хэрхэн тэднийг сүнслэгээр өдөөсөн талаар хуваалцахыг ангийн гишүүдээс хүс.
Сургаалыг заа
Христ эмгэнэлт явдлыг ялалт болгож чадна.
-
Хэдийгээр ангийн тань гишүүдэд Рут, Ханна хоёрт тохиолдсоноос өөр сорилт бэрхшээл тулгарч болох ч тэд эдгээр итгэлтэй эмэгтэйн хайртай хүнээсээ хагацсан, зүрх сэтгэлийн шаналалд хэрхэн хандсанаас нь суралцаж болно. Ийн суралцахад нь туслахын тулд та ангийнхныг жижиг бүлгүүдэд хувааж, бүлэг бүрийг Рут 1–4 эсвэл 1 Самуел 1-ээс нэг бүлэг уншихад урь. Самбарт та дараахтай ижил төстэй асуултуудыг бичиж болно: Рут, Ханна хоёрт ямар сорилт тулгарсан бэ? Тэд сорилт бэрхшээлтэй байхдаа Их Эзэнд итгэх итгэлээ хэрхэн харуулсан бэ? Бүлгүүд нэг ба түүнээс дээш асуултын хариултыг олж, олж мэдсэн зүйлсээ хуваалцаж болно. Бид эдгээр түүхээс Их Эзэн сорилт бэрхшээлтэй тулгарах үед маань хэрхэн тусалж чадах талаар юу сурч мэдэж болох вэ?
-
Үр хүүхдийн төлөө залбирсан болгон хүүхэдтэй болоод байдаггүй, эхнэр, нөхрөөсөө хагацсан болгон дахин гэрлээд байдаггүй ч бидний хувийн зовлон бэрхшээл ямар ч байсан гэлээ Аврагчид хандаж, Түүнд итгэх итгэлээ бэхжүүлэх боломж болж болох юм. Та ангийн гишүүдээс Рут 2:11–12, 1 Самуел 1:9–11-ийг уншаад, Рут, Ханна хоёрын зовлон бэрхшээл Их Эзэнтэй харилцах харилцаанд нь хэрхэн нөлөөлсөн тухай ярилцахыг хүсэж болно. Ангийн гишүүд мөн сорилт бэрхшээлтэй тулгарахдаа Есүс Христэд хандсан нь итгэлийг нь хэрхэн бэхжүүлсэн талаар хуваалцаж болно.
Энэ ярилцлагыг дэмжихийн тулд та ангийн нэг юм уу хэдэн гишүүнийг дараах үгсийн нэгийг бэлтгэж ирэхэд урьж болно. Үүнд: Рэйна И.Абурто “Үүлтэйд ч, нартайд ч Их Эзэн надтай хамт үлдээч!” (2019 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 62–66); ахлагч Д.Тодд Кристоффэрсоны хэлсэн “Гэгээнтнүүдийн баяр баясгалан” (2019 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 14) үгийн хоёр дахь гарчиг буюу “Христийн зарлигуудыг дуулгавартай дагахаас ирдэг баяр баясгалан,” “Нэмэлт эх сурвалж дахь ерөнхийлөгч Элайн С.Далтоны хэлсэн үг.” Сорилт бэрхшээлүүд маань Есүс Христэд итгэх итгэлийг өсгөн нэмэгдүүлэх боломж байж болох талаар олж мэдсэн зүйлээ хуваалцахыг ангийн гишүүдээс хүс.
Бид Их Эзэний дуу хоолойг сонсож, дуулгавартай дагах ёстой.
-
Танай ангид Самуел шиг Их Эзэний дуу хоолойг сонссон ч Түүний дуу хоолой гэдгийг таньж мэдээгүй хүмүүс байж болох юм. Та ангийн гишүүдийг 1 Самуел 3-ыг уншаад, Их Эзэний дуу хоолойг сонсон, дагах гэсэн хүчин чармайлтад маань туслах Самуелын хийсэн зүйлийг олж мэдэхэд урьж болно. Та бас ангийн хоёр гишүүнээс Самуел, Ели хоёрын харилцааг дүрслэн харуулахыг хүсэж болно.
-
Заримдаа бидэнд Ели шиг, хэн нэгэнд Их Эзэний дуу хоолойг ялган танихад нь туслах боломж гардаг. Ангийн гишүүд хэрхэн найз нөхөд, гэр бүлийн гишүүддээ эсвэл бусдад ийн ялган танихад нь тусалснаа хуваалцаж болох юм. Их Эзэн бидэнтэй хэрхэн харьцдагийг хүмүүст ойлгуулахын тулд бид ямар ямар судар эсвэл туршлага хуваалцсан бэ? (жишээ болгож, Сургаал ба Гэрээ 6:22–23; 8:2–3; 9:7–9-ийг үзнэ үү).
Нэмэлт эх сурвалж
Бид хэзээ ч ганцаардахгүй.
Ерөнхийлөгч Элайн С.Далтон ингэж заасан:
“Амьдралын аялал биднийг тооцоолж байгаагүй замаар хөтөлдөг. Бидний хэнд маань ч таамаглаж чадахгүй эргэлт, нугачаатай зам таарна. Гэхдээ энэ бүх эргэлт, нугачааг боломж буюу хариу мөн үйлдэх төлөвлөгөөгөө сонгох боломж дагалддаг. Амьдралын бэрхшээл нь Аврагчид илүү ойртох, Түүнд илүү бүрэн дүүрэн итгэхэд туслах боломж байж болно. Өдөр бүр Түүнтэй ойр амьдрах явцдаа бид Христийн адил зан, чанаруудыг хөгжүүлж байдаг. …
Рут, Ханна хоёрын адил бид бүгд зовлон бэрхшээлийг амсана. Их Эзэний бидний амьдралд зориулсан загварыг тэр бүр ойлгохгүй байж болох ч бид хэзээ ч ганцаардахгүй гэдгийг би гэрчилж байна. Тэр бидэнтэй үргэлж хамт байдаг бөгөөд ‘Үүнээс хойш тохиох тэдгээр зүйлүүдийн талаарх Бурханыхаа төлөвлөгөөг, мөн их гай зовлонгийн дараа дагалдах алдар сууг энэ үед та нар эгэл нүдээрээ болгоож чадах нь үгүй’ [Сургаал ба Гэрээ 58:3]” (“Lessons from Ruth and Hannah,” Ensign, Apr. 2006, 35, 37).
Мөн Иохан 14:18; Алма 38:5-ыг үзнэ үү.