“11-р сарын 7–13. Хосеа 1–6; 10; 10–14; Иоел: ‘Нэхэлгүйгээр Би тэднийг хайрлана,’” Ирээд, Намайг дага—Ням гаргийн ангид зориулав: Хуучин Гэрээ 2022 (2021)
“11-р сарын 7–13. Хосеа 1–6; 10–14; Иоел,” Ирээд, Намайг дага—Ням гаргийн ангид зориулав: 2022
11-р сарын 7–13
Хосеа 1–6; 10–14; Иоел
“Нэхэлгүйгээр Би тэднийг хайрлана”
Та энэ долоо хоногт суралцаж, бэлтгэхдээ Хосеа, Иоел номын сайхан, сэтгэл сэргээсэн ямар ямар захиас зааж буй хүмүүсийн тань хэрэгцээнд нийцэхэд тус болох талаар бодож үзээрэй.
Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ
Хуваалцахад урь
Энэ долоо хоногт сурч мэдсэн зүйлээ хуваалцахад ангийн гишүүдэд туслахын тулд та тэднийг судалж байх үед нь сүнслэгээр өдөөсөн үг, хэллэгийг самбарт бичихэд урьж болно. Дараа нь уг үг, хэллэг яагаад тэдэнд ач холбогдолтой болохыг хуваалцаж болно. Эдгээр үг, хэллэг хэлэлцүүлгийн тань үлдсэн хэсгийг удирдан чиглүүлэхэд тусалж болох юм.
Сургаалыг заах
Их Эзэн үргэлж биднийг Өөр дээр нь эргэж ирэхэд урьдаг.
-
Та Хосеа 1–3-ын талаарх хэлэлцүүлгийг эхлүүлэхдээ самбарт гэрлэлт гэж бичээд, гэрлэлттэй холбодог үгсээ жагсаахыг ангийн гишүүдээс хүсэж болно. Их Эзэнтэй гэрээ байгуулах нь гэрлэхтэй хэрхэн адилхан байх вэ? Энэ гэрээгээ зөрчих нь эхнэр, нөхөртөө үнэнч бус байхтай хэр адилхан байх вэ? (Хосеа 2:5–7, 13-ыг үзнэ үү). Дараа нь Хосеа, Гомер хоёрын хоорондын харилцаа хэрхэн Их Эзэн, Түүний хүмүүсийн хоорондын харилцааг бэлгэдэж байгааг ангийнхан ярилцаж болно. Хосеа 2:14–23, Хосеа 14 нь Их Эзэний хайр энэрэл, нигүүлслийн талаар юу заадаг вэ? Бид хэрхэн Их Эзэнийг хайрладаг, Түүнд үнэнч гэдгээ харуулдаг вэ?
-
Хосеа 14 нь Израилын угсааг Түүн рүү эргэж ирсэн тохиолдолд Их Эзэний тэдэнд өгсөн олон сайхан амлалтыг дүрсэлсэн байдаг. Ангийн гишүүд энэ бүлгээр тэдгээр амлалтыг хайж олж болох юм. Их Эзэн юу хийнэ хэмээн хэлсэн бэ? “Нэхэлгүйгээр тэднийг хайрлана” (4-р шүлэг) гэсэн хэллэг ямар утгатай байж болох вэ? 5–8-р шүлэг дэх ургамлын талаарх зүйрлэл нь наманчлалын адислал зэрэг Их Эзэний адислалуудын талаар бидэнд юу заадаг вэ?
Бурханд үнэнч гэдгээ гаднаа илэрхийлэхээс гадна дотроо мэдрэх ёстой.
-
Хосеа 6:6, Иоел 2:12–13-т амьтнаар тахил өргөх, хувцсаа урж тасчих зэргийг гэмшил харууслын шинж хэмээн дурддаг. Өнөө үед ийм зан үйлийг хүмүүс мэдэхгүй байж болох ч эдгээр шүлэг нь Их Эзэнд юу хамгийн чухал болох талаар хэлэлцэхэд хүргэж болох юм. Та нар хамтдаа Хосеа 6:6-г уншаад, энэ шүлэг ямар утгатай байж болох талаар ярилцаж болно. Ангийн зарим гишүүнийг Матай 9:10–13-ыг, бусдыг нь Матай 12:1–8-ыг уншихад урина уу. Дараа нь Аврагчийн тохинууллын үеэр болж өнгөрсөн эдгээр үйл явдал Хосеа 6:6-д заасан зарчмыг ойлгоход бидэнд хэрхэн тусалдгийг ангийн гишүүд бие биедээ зааж өгч болно. Бид өнөөдөр энэ зарчмын дагуу хэрхэн амьдарч чадах вэ?
Та нар мөн Иоел 2:12–13-ыг хамтдаа уншаад, зөвхөн хувцсаа биш, харин зүрхээ урж тасчих гэдэг нь юу гэсэн утгатайг ярилцаж болно. Эдгээр шүлгээс бид Есүс Христийн жинхэнэ шавь байх гэдэг нь ямар утгатай талаар юу сурч мэдсэн бэ?
“Би Сүнсээ бүх махбод дээр цутгана.”
-
Иоел 2-ын талаарх хэлэлцүүлгийг эхлүүлэхийн тулд та Моронай 1823 онд Иосеф Смитэд үзэгдэхдээ энэ бошиглолын талаар юу хэлснийг ангийнхантайгаа хуваалцаж болно (Иосеф Смит—Түүх 1:41-ийг үзнэ үү). Ангийн гишүүд Иоел 2:28–32 дахь бошиглолууд өнөө үед биелж байгааг хэрхэн мэдэрч байгаагаа хуваалцаж болно. Та нар мөн ахлагч Дэвид А. Бэднарын “Нэмэлт эх сурвалж”-д байгаа үг Иоелын бошиглолтой хэрхэн холбогдож байгааг ярилцаж болно. Ангийн гишүүд Ариун Сүнс цутгахыг өдөр тутмын амьдралдаа мэдрэх нь өөрсдийнх нь хувьд ямар утга учиртай болохыг ярилцаж болох юм. Хэрэв бид ийн цутгахыг хүлээж авахгүй байгаа юм шиг санагдвал юу хийж болох вэ? Бид “[өөрсдийн] хөвгүүд, охидод” үүнийг хүлээн авахад нь хэрхэн тусалж чадах вэ? (28-р шүлэг).
Нэмэлт эх сурвалж
“Ариун Сүнс биднийг удирдан чиглүүлж байгаа гэдэгт найдаж болно.”
Ахлагч Дэвид А. Бэднар ийн заасан.
“Бид хувийн илчлэлт хүлээн авах явцыг ихэвчлэн өөрсдөө хүндрүүлдэг. Үүгээр би юу хэлэх гэсэн бэ гэвэл, бид гэрээгээ сахих л юм бол гэрээний амлалт ёсоор Ариун Сүнс үргэлж бидний байнгын хамтрагч байх болно. Гэвч бид Их Эзэний дуу хоолойг Түүний Сүнсээр дамжуулан сонсох нь ховорхон тохиолддог үйл явдал мэт ярьж, ханддаг. … [Сүнс] бидэнтэй цаг үргэлжид хамт байх ёстой. Наносекунд тутамд биш ч гэсэн хүн чадах бүхнээ хийж байгаа үед та төгс төгөлдөр байх албагүй, харин ч та бид хамгийн сайнаараа байж, ноцтой гэм нүгэл үйлдэхгүй байвал Ариун Сүнс биднийг удирдан чиглүүлж байгаа гэдэгт найдаж болно.…
… Бид Ариун Сүнсийг сэтгэл хөдөлгөм, хүчтэй, гэнэт мэдрэгддэг зүйл гэж итгэдэг. Гэтэл энэ нь намуухан, бага багаар, цаг хугацаа өнгөрөх тутам өсөн нэмэгддэг мэдрэмж юм. Та илчлэлт хүлээн авахдаа, илчлэлт хүлээн авч байна гэдгээ мэдэх албагүй” (“Ахлагч Дэвид А. Бэднарын хэлэлцүүлэг” [Ерөнхий эрх мэдэлтэнтэй хамт нэгэн үдэш, 2020 оны 2-р сарын 7], broadcasts.ChurchofJesusChrist.org).