Хуучин Гэрээ 2022
11-р сарын 21–27. Иона; Мика: “Нигүүлслийг хайрлагч Тэрээр”


“11-р сарын 21–27. Иона; Мика: ‘Нигүүлслийг хайрлагч Тэрээр,’” Ирээд, Намайг дага—Ням гаргийн ангид зориулав: Хуучин Гэрээ 2022 (2021)

“11-р сарын 21–27. Иона; Мика,” Ирээд, Намайг дага—Ням гаргийн ангид зориулав: 2022

халимнаас зугтан далайн эрэг дээр мөлхөн гарч буй эр

Иoна Ниневегийн эрэг дээр, Даниэл A. Люис

11-р сарын 21–27

Иона; Мика

“Нигүүлслийг хайрлагч Тэрээр”

Бат бөх хөрвөлт нь хоёр долоо хоногт ганцхан удаа Ням гаргийн ангийн сүнслэг хичээлд суухаас хавьгүй их зүйлийг шаарддаг. Ангийн гишүүдийг амьдралынхаа туршид хувийн сүнслэг туршлага эрэлхийлэхэд урамшуул.

Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ

хуваалцах шигтгээ зураг

Хуваалцахад урь

Дараахтай адил үг хэллэгийг самбарт бичих талаар бодож үзээрэй. Үүнд: Надад сануулсан үнэн, Миний сурсан шинэ зүйл болон Илүү гүн судлахыг хүсэж байгаа зүйл. Ангийн гишүүдэд самбар дээрх аль нэг үг хэллэгтэй холбоотой Иона, Мика номуудаас сурч мэдсэн зүйлээ эргэн харах цаг гаргаж өг.

заах шигтгээ зураг

Сургаалыг заах

Иона 1–4; Мика 7:18–19

Их Эзэн Өөрт нь хандсан бүх хүнд нигүүлсэнгүй ханддаг.

Ангийнхандаа Их Эзэний нигүүлслийг сануулах нь тэдэнд Түүний хайрыг мэдэрч, наманчлахад сүнслэгээр өдөөж туслах болно. Та ангийнхныг Мика 7:18–19-ийг уншаад, Иона 1–4-өөс Их Эзэн нигүүлслийг хайрлагч гэдгийг харуулсан зарим үйл явдлыг самбарт жагсаахад урьж болно. Бид Бурханы нигүүлслийг харуулсан судрын эсвэл өөрсдийн амьдралын өөр ямар үйл явдлыг хуваалцаж болох вэ?

Их Эзэний нигүүлслийг мэдрэх нь биднийг илүү нигүүлсэнгүй байхад сүнслэгээр өдөөж болох юм. Иона номоос нигүүлслийн талаар суралцахад нь ангийн тань гишүүдэд туслах нэг санааг энд оруулав. Та дараахтай төстэй асуултыг самбарт бичиж болно. Бурханы нигүүлсэл Иона 1–4-т өгүүлсэнчлэн илүү нигүүлсэнгүй байх талаар надад юу зааж байна вэ? Ангийн гишүүн бүр унших нэг бүлэг сонгоод, асуултын хариултыг хайж болно. Ангийн гишүүдэд өөрсдөдөө болон бусдад шүүмжлэлтэй хандах хандлагаа нигүүлсэнгүй сэтгэлээр солих боломжуудыг эргэцүүлэн бодох цаг гаргаж өг.

голын эрэг дээр ярилцаж буй хоёр хүн

Бид сайн мэдээг Бурханы хүүхдүүдтэй хуваалцаж чадна.

Иона 1; 3–4

Бурханы бүх хүүхэд сайн мэдээг сонсох хэрэгтэй.

  • Ионагийн түүхээс сургамж авах нэг арга зам бол үүнийг Мормоны Номын номлогчдын түүхтэй харьцуулах явдал юм. Самбарт Иона, Алма ба Мозаягийн хөвгүүд гэж гарчигласан хоёр багана зурна уу. Ниневегийн хүмүүст заах Ионагийн хандлагыг (Иона 1; 3–4-ийг үзнэ үү) Мозаягийн хөвгүүдийн леменчүүдэд заах хандлагатай харьцуулж үзэхэд ангийнхныг уриарай (Мозая 28:1–5; Алма 17:23–25-ыг үзнэ үү). Бурханы бүх хүүхдэд сайн мэдээг хуваалцах талаар бид энэ дасгалаас юу сурч мэдэж авсан бэ?

  • Бидний олонх нь Иона шиг бусдыг Их Эзэнд хандахад урихдаа тээнэгэлзэж магад. Иона ямар ямар шалтгаанаар Ниневегийн хүмүүсийг сэрэмжлүүлэх дуудлагаасаа зугтсан байж болох вэ? Яагаад бид заримдаа сайн мэдээг хуваалцахаас тээнэгэлздэг вэ? Тээнэгэлзээг нь арилгахад Их Эзэний тусалсан арга замын талаар ангийн гишүүд хуваалцаж болно. Ерөнхийлөгч Хэнри Б. Айрингийн “Нэмэлт эх сурвалж” дахь зөвлөгөө сайн мэдээг хуваалцахаар хичээж чармайхад маань түлхэц өгөх зарчмуудыг олж тогтооход ангийн гишүүдэд тусалж болох юм.

Mика 6:6–8

“Юуг Их Эзэн чамаас шаарддаг вэ?”

  • Мика 6:6–7-д эртний иудейчүүдийн зан үйлийн хэд хэдэн бүрэлдэхүүн хэсгийг дурдсан байдаг. Гэхдээ Бурханы хувьд гадна хийгддэг зан үйлээс илүү чухал зарим зүйл байдаг. 8-р шүлгээс эдгээр чухал зүйлийг олж мэдэхэд ангийн гишүүдийг урь. Ангийн гишүүд энэ шүлгийн гол үг хэллэгүүдийг тодорхойлж, хэллэг бүр ямар утгатай болохыг ярилцаж болох юм. Дараа нь тэд дуртай үг хэллэгээ сонгоод, холбогдох судрыг Судруудын удирдамжаас эсвэл дууллын номын дууллаас олж, сурч мэдсэн зүйлээ хуваалцаж болно. Яагаад эдгээр зарчим Их Эзэнд чухал вэ?

нэмэлт эх сурвалж шигтгээ зураг

Нэмэлт эх сурвалж

Хайр, жишээ болон гэрчлэл.

Ниневегийн хүмүүст хүргэсэн Ионагийн сэрэмжлүүлгийг авч үзсэнийхээ дараа ерөнхийлөгч Хэнри Б. Айринг ээжийнхээ өөрт нь анхааруулсан дараах үйл явдлыг хуваалцжээ.

“Намайг бяцхан хөвгүүн байхад ээж минь бямба гаргийн үдэд надад хандан эелдгээр ярьж байсныг би одоо ч санадаг. Ямар ч гэм хоргүй гэж бодсон нэг юманд би ээжээсээ зөвшөөрөл гуйсан юм. Харин тэр зүйлийг аюултай гэж ээж маань мэдэж байв. Ээжид минь өгөгдсөн тэрхүү хүчийг би өдий хүртэл гайхан биширдэг. Цөөхөн үгээр намайг эргүүлсэн энэ их хүч Их Эзэнээс ирсэн гэдэгт би итгэдэг. Миний санаж байгаагаар, тэр ‘Өө, миний хүү, чи үүнийг хийж болно л доо. Гэхдээ сонгох эсэх нь чиний л хэрэг шүү дээ’ гэж хэлсэн. Болно л доо мөн сонгох гэсэн хоёрхон үгээр ээж намайг сэрэмжлүүлсэн юм. Гэсэн ч энэ нь надад хангалттай байлаа.

Хэдхэн үгээр намайг сэрэмжлүүлсэн ээжийн минь тэрхүү хүч түүний дадал хэвшил болгосон гурван зүйлээс үүдэлтэйг би мэдэж байлаа. Нэгдүгээрт, ээж минь надад хайртайг би мэддэг байв. Хоёрдугаарт, намайг хийгээсэй гэж хүссэн зүйлээ тэр аль хэдийн хийж, үүгээрээ адислагдсан гэдгийг би мэдэж байсан. Гуравдугаарт, миний хийх сонголт маш чухал байсан учир хэрэв би Их Эзэнээс юу хийхээ асуух юм бол Тэрээр хариулна гэсэн бат бөх гэрчлэлийг минь ээж минь надад өвлүүлж билээ. Хайр, үлгэр жишээ, гэрчлэл тэр өдрийн чухал үгс байсан юм” (“A Voice of Warning,” Ensign, Nov. 1998,32).

Заах арга барилаа сайжруулах

Өөрийгөө бэлд. Сайн мэдээг хүчирхэгээр заах нь өөрсдийгөө бэлдэхээс эхэлдэг. Хичээлээ бэлдэхийнхээ өмнө утга учиртай суралцахуй, залбирал зэргээр дамжуулан зүрх сэтгэлээ Ариун Сүнсээр дүүргэхэд анхаар. (Аврагчийн арга барилаар заах нь, 12-ыг үзнэ үү.)