Хуучин Гэрээ 2022
10-р сарын 31-ээс 11-р сарын 6. Даниел 1–6: “Ингэж аварч чадах өөр бурхан байхгүй”


“10-р сарын 31-ээс 11-р сарын 6. Даниел 1–6: ‘Ингэж аварч чадах өөр бурхан байхгүй,’” Ирээд, Намайг дага—Ням гаргийн ангид зориулав: Хуучин Гэрээ 2022 (2021)

“10-р сарын 31-ээс 11-р сарын 6. Даниел 1–6,” Ирээд, Намайг дага—Ням гаргийн ангид зориулав: 2022

Даниел хааны зүүдийг тайлсан нь

Даниел Небухаднезарын зүүдийг тайлсан нь, Грант Ромни Клаусон

10-р сарын 31-ээс 11-р сарын 6

Даниел 1–6

“Ингэж аварч чадах өөр бурхан байхгүй”

Ангийн олон гишүүн Даниелын номын зарим түүхийг мэддэг болно. Суралцаж, заахаар бэлдэж байхдаа, эдгээр бүлгээс өөрт утга учиртай зүйлийг олоход ангийн гишүүдэд хэрхэн туслах талаар Сүнсний удирдамж эрэлхийл.

Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ

хуваалцах шигтгээ зураг

Хуваалцахад урь

Ангийн гишүүдийг хувиараа эсвэл гэр бүлээрээ судраас хэрхэн суралцаж байгаагаа хуваалцахад урих нь тустай байж болох юм. Ангийн гишүүдийг энэ долоо хоногт Сүнсний заасан ямар нэгэн зүйлийн талаарх ойлголтоо хуваалцах үед, эдгээр ойлголтод хүрэхийн тулд юу хийснийг нь асууж болно.

заах шигтгээ зураг

Сургаалыг заах

Даниел 1; 3; 6

Итгэлээрээ соригдох үед бид Их Эзэнд итгэж чадна.

  • Даниел, Шадрах, Мешах, Абеднего нар Их Эзэнд итгэх итгэлээ хэрхэн харуулсан тухай хэлэлцэж эхлэхийн тулд та Даниел 1, 3, 6-д дүрсэлсэн эдгээр дөрвөн залууд тулгарсан бэрхшээлийг нэгтгэн хураангуйлахыг ангийн хэдэн гишүүнээс хүсэж болно. Эдгээр нөхцөл байдалд итгэлтэй байх нь яагаад амаргүй байсан бэ? Бид итгэлийг маань сорьдог ямар нөхцөл байдалтай тулгардаг вэ? Ангийн гишүүд энэ дөрвөн залуу өөрсдөд нь тулгарсан бэрхшээлийг хэрхэн даван туулсныг Даниел 1:10–13; 3:15–18; 6:10-аас олж болно. Тэдний үлгэр жишээ Есүс Христийн итгэлтэй шавь байх хүчин чармайлтад маань хэрхэн туслах вэ?

  • Бидний олонх маань Даниел болон түүний анд нөхөд шиг өөрсдийн жишгийг зөрчих шахалт дарамттай тулгарч байсан. Бидний амьдралд тулгардаг энэ шахалт дарамтын зарим эх сурвалж юу байж болох вэ? Даниел ба түүний анд нөхдийн жишээнээс суралцахад нь ангийн гишүүдэд туслахын тулд та ангийг гурван бүлэгт хувааж, бүлэг тус бүрд Даниел 1, 3 эсвэл 6-р бүлгүүдийн аль нэгийг эргэн харахыг даалгаж болно. Даниел, Шадрах, Мешах, Абеднего нар дарамт шахалттай тулгарсан ч итгэлтэй байх сонголт хийхэд нь тэднийг Их Эзэн хэрхэн адисалсан бэ? Бүлэг бүр олж мэдсэн зүйлээ ангийнхантайгаа хуваалцаж болно. Үүний дараа ангийн гишүүд нийгмийн эсвэл бусад төрлийн дарамт шахалтыг үл харгалзан хэрхэн итгэлтэй байж болох талаар хамтдаа зөвлөлдөж болно. Тэд мөн жишгээ дагахад маань тусалж дэмждэг сайн найз нөхөдтэй болохын ач холбогдлын талаар ярилцаж болох юм.

Даниел 2

Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм бол дэлхий дээрх Бурханы хаант улс юм.

  • Даниел 2-ыг авч хэлэлцэх нь танай ангийнханд Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм нь бошиглогдсоныхоо дагуу “уулнаас цавчигдсан” чулууны үүргээ хэрхэн биелүүлж байгааг ойлгоход нь тусална (45-р шүлэг). Эхлээд та Даниел 2:31–45-д байх Небухаднезарын зүүдний тухай Даниелын тайлбар, тайллыг ангиараа эргэн харж болно. Дараа нь та чулууны зураг үзүүлж болно (эсвэл самбар дээр зурж болно). Бурханы хаант улсын талаар олж мэдсэн зүйлээ Даниел 2:34–35, 44–45 дахь чулууны дүрслэлтэй харьцуулснаар юу олж мэдсэнээ хуваалцахад ангийн гишүүдийг урь. Ангийн гишүүд тань амьдарч байгаа бүсийнхээ Сүмийн зарим нэгэн түүхийг мэдэж магад. Бид Даниелын бошиглолууд хувийн амьдралд маань хэрхэн биелж байгааг харсан бэ?

Даниел 2:1–30

Илчлэлт хүлээн авахад сүнслэг байдлын хувьд бэлтгэлтэй байх шаардлагатай.

  • Даниел Небухаднезарын зүүдийг тайлбарлаж, тайлахад шаардлагатай илчлэлтийг хүлээн авахын тулд өөрийгөө хэрхэн бэлдсэн талаар олж мэдэх нь ангийн гишүүдэд тустай байж магад. Та эхлээд ангийн гишүүдээс Даниел 2:1–15-ыг уншаад, дараа нь өөрсдийгөө Даниелын оронд тавьж үзэхэд ямар мэдрэмж төрөхийг хуваалцахыг хүсэж болно. Тэднийг Даниел 2:16–18-аас Даниел юу хийснийг олж мэдэхэд урь. Бурхан Даниелыг хэрхэн бэлдсэн талаар бид Даниел 1:17-оос юу сурч мэдсэн бэ? Даниелаас хувийн илчлэлт эрэлхийлэхэд туслах ямар зүйлийг бид мэдэж авч болох вэ? Их Эзэний тусламжийг авсны дараах Даниелын үг, үйлдлээс бид юу сурч болох вэ? (Даниел 2:20–30-ийг үзнэ үү).

идэж уу гэсэн ширээн дээрх хоол унднаас татгалзаж буй дөрвөн хүү

Даниел ба түүний анд нөхөд хааны идээ тэргүүтнээс татгалзаж байгааг дүрсэлсэн зураг, Брайн Колл

Даниел 3

Үр дүн нь тодорхойгүй байсан ч бид итгэхийг сонгож чадна.

  • Даниел 3 дахь Шадрах, Мешах, Абеднего нарт тохиолдсон үйл явдал Есүс Христэд итгэх итгэл гэдэг нь юу болохыг илүү бүрэн дүүрэн ойлгоход ангийнханд тань тусална. Та ангийн гишүүдийг Шадрах, Мешах, Абеднего нарт тулгарсан бэрхшээлийг хураангуйлаад (Даниел 3:1–12-ыг үзнэ үү), дараа нь хэрхэн даван туулсан тухай ярилцахад урьж болно (Даниел 3:13–18-ыг үзнэ үү). Бид тэдний хариу үйлдлээс итгэлийн талаар юу мэдэж авсан бэ? Та самбарт Бидний Бурхан … , Хэдийгээр тэгэхгүй байсан ч … гэсэн үгсийг 17–18-р шүлгээс бичиж болно. Ангийн гишүүд тулгарч болзошгүй нөхцөл байдал бүхий хоосон зайг хэрхэн бөглөж болох талаар санал болгож болно. Жишээлбэл, тэд “Бидний Бурхан миний бүх асуултад хариулна,” “Хэдийгээр тэгэхгүй байсан ч би Түүнд дуулгавартайгаар итгэх болно” гэж хэлж болох юм. Ангийн гишүүдийг жишээгээ хуваалцаж байхад, аливаа зүйлс хэрхэн эргэхийг мэдэхгүй байсан ч Аврагч биднийг яаж дэмжиж, хүчирхэгжүүлдэг талаар ярихад урамшуул.

Заах арга барилаа сайжруулах

Үзүүлэн ашигла. “Урлагийн бүтээлүүд болох зураг, видео бичлэг, жүжиг зэрэг нь суралцагчдад, тэр тусмаа харж сурдаг хүмүүсийн анхаарлыг татахад мөн судрын түүхүүдийг мартахгүй байхад тусалдаг” (Аврагчийн арга барилаар заах нь, 22).