“10-р сарын 24–30. Езекиел 1–3; 33–34; 36–37; 47: ‘Би та нарын дотор шинэ сүнсийг оруулна,’” Ирээд, Намайг дага—Ням гаргийн ангид зориулав: Хуучин Гэрээ 2022 (2021)
“10-р сарын 24–30. Езекиел 1–3; 33–34; 36–37; 47,” Ирээд, Намайг дага—Ням гаргийн ангид зориулав: 2022
10-р сарын 24–30
Езекиел 1–3; 33–34; 36–37; 47
“Би та нарын дотор шинэ сүнсийг оруулна”
Езекиелийн үгсийг Их Эзэн ухаалаг зорилгоор хадгалсан бөгөөд ангийн тань гишүүдийг адислах болно. Энэ долоо хоногт Езекиелийн бичвэрээс суралцахдаа үүнийг тунгаан бод.
Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ
Хуваалцахад урь
Езекиелийн үгийг сонссон хүмүүс түүний үгийг “сайхан,” “тачаангуй” гэж боддог байсан ч “биелүүлдэггүй” (Езекиел 33:30–33-ыг үзнэ үү). Ангийн гишүүд Езекиелийн бичвэрээс ямар нэгэн зүйл хийхэд сүнслэгээр өдөөсөн хэсгээ хуваалцаж болно.
Сургаалыг заах
Их Эзэн биднийг Өөрийнх нь хоньдыг тэжээхэд урьсан.
Ангийн гишүүдэд Езекиел 34-өөс өөрт ач холбогдолтой хэсгийг олоход туслахын тулд та самбарт номлолд үйлчлэхээр бэлтгэх, үр хүүхдээ өсгөх эсвэл тохинууллын үүрэг даалгавар хүлээн авах гэх мэт тэдэнд тулгарч болох нөхцөл байдлыг бичиж болно. Ангийн гишүүд Езекиел 34:1–10-ыг дотроо уншихдаа аль нэгийг нь сонгон авч, тунгаан бодож болно. Сонгосон нөхцөл байдалд орсон хэн нэгэнд эдгээр шүлэгт үндэслэн ямар зөвлөгөө өгөхөө хуваалцахад тэднийг урь. Их Эзэний сүргийн оронд өөрсдийгөө тэжээ гэдэг нь юу гэсэн утгатай вэ? Бид хэрхэн Аврагч шиг хоньчин байж чадах вэ? (11–16-р шүлгийг үзнэ үү).
Та ангийн гишүүдэд Езекиел 34:11–31 дэх бэлгэдлийн талаар тунгаан бодоход туслах асуулт тавихаар сүнслэгээр өдөөгдөж болох юм. Жишээлбэл, 14-р шүлэг дэх “сайн бэлчээр,” “тэд” гэдэг нь юуг илэрхийлж болох вэ? “Төөрсөн” болон “хайн туугдсан” хоёр хонь хоорондоо юугаараа ялгаатай вэ? (16-р шүлэг). Аврагч хоёр төрлийн хонийг хэрхэн аврах вэ? Ангийн гишүүд эдгээр шүлгээс олж мэдсэн бусад бэлгэдлээ хуваалцаж, тэдгээр нь Есүс Христийн талаар тэдэнд юу зааж байгааг ярилцаж болно.
Их Эзэн Өөрийн хүмүүсийг цуглуулж, тэдэнд шинэ амьдрал бэлэглэнэ.
-
Езекиел 37-г уншаад, Израилыг цуглуулах Их Эзэний амлалтын талаар бодох нь бидэнд цугларалт гэдэг нь ямар учиртай бөгөөд үүнд бид хэрхэн оролцох талаар ойлголтыг өгөх болно. Эдгээр ойлголтыг олж авахад нь ангийн гишүүдэд туслахын тулд та самбарт “Их Эзэн Израилыг цуглуулснаар юунд хүрэхийг хичээж байна вэ?, Тэр үүнийг хэрхэн хийж байгаа вэ?” гэх мэт асуултыг бичиж болно. Ангийнхныхаа хэсгийг Езекиел 37:1–14-ийг, нөгөө хэсгийг нь Езекиел 37:15–28-ыг уншаад, самбар дээрх асуултуудад хариулж болох ойлголтыг дээрх хоёр судрын хэсгээс олохыг хүсэж болох юм. 16–19-р шүлэгт дурдсан Иосефын болон Иудагийн саваа бол Мормоны Ном, Библи хоёрыг төлөөлдөг гэдгийг тайлбарлах нь тус болж болох юм. Ангийн гишүүдээс хариултаа хуваалцахыг хүсээд, Израилыг хожмын өдөр цуглуулахад гүйцэтгэх үүргийнхээ талаар ярихад тэднийг урамшуулан дэмж.
Ариун сүм сүнслэг эдгэрэлтийг авчирдаг.
-
Зургууд нь ангийн гишүүдэд Езекиел 47:1–12-т дүрсэлсэн үзэгдлийг ойлгоход тусалж болох юм. Жишээлбэл, та ариун сүм, ус, цөл болон Сөнөсөн тэнгисийн зургийг үзүүлж болно (Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав гарын авлагын энэ долоо хоногийн тойм дахь зургууд болон Bible Photographs, no.3, “Judean Wilderness”-ийг үзнэ үү). Сөнөсөн тэнгис маш давслаг учраас загас, ургамал амьдрах боломжгүй гэдгийг тайлбарлах нь тус болж болох юм. Ангийн гишүүд 1–12-р шүлгийг уншаад, үзэгдэлд дүрсэлсэн усны юу нь тэдний анхаарлыг татсаныг хуваалцаж болно (мөн Илчлэлт 22:1 болон “Нэмэлт эх сурвалж” дахь мэдэгдлийг үзнэ үү). Тэд мөн Езекиелийн үзэгдлийг дүрсэлсэн зураг зурж болно. Усаар юуг бэлгэдсэн байж болох вэ? 12-р шүлэгт дүрсэлсэн моднууд юуг төлөөлсөн байж болох вэ? Ангийн гишүүд ариун сүм болон ариун сүмийн адислалууд тэдэнд хэрхэн сүнслэг амьдрал, эдгэрэлтийг авчирсан талаар хуваалцаж болох юм.
Нэмэлт эх сурвалж
Ариун сүмийн адислал биднийг эдгээж чадна.
Езекиелийн үзэгдэлд гардаг, ариун сүмээс урсаж буй усны талаар дурдан (Езекиел 47:1–12-ыг үзнэ үү), ахлагч Дэйл Г. Рэнланд ийн онцолсон.
“Энэ усны талаарх дараах хоёр шинжийг анхаарууштай. Нэгдүгээрт, энэхүү жижиг горхинд цутгаж байгаа цутгал байхгүй байхад энэ нь цааш урсах тусам асар том гол болж, өргөсөж, гүнзгийрсэн. Хувь хүмүүсийг гэр бүлээрээ лацдан холбогдоход ариун сүмээс урсан гарах адислалуудад үүнтэй адил зүйл тохиолддог. Лацдах ёслолоор гэр бүлүүдийг хамтад нь гагнан холбоход өнгөрсөн болон ирээдүйн үр удамд үр өгөөжтэй өсөлт дэвшилт гардаг.
Хоёрдугаарт, энэ гол хүрсэн болгоноо шинэчилж сэргээсэн. Ариун сүмийн адислалууд үүнтэй адил гайхалтай эдгээх хүч чадалтай байдаг бөгөөд зүрх сэтгэл, амьдрал, гэр бүлийг эдгээж чадна” (“Гэр бүлийн түүх ба ариун сүмийн ажил: Лацдан холболт ба эдгээлт,” 2018 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 61-ийг мөн “And the River Will Grow” видеог ChurchofJesusChrist.org-оос үзнэ үү).