Хуучин Гэрээ 2022
10-р сарын 10–16. Иеремиа 1–3; 7; 16–18; 20: “Эхийн хэвлийд чамайг бүрэлдүүлэхээсээ өмнө Би чамайг мэдэж байсан”


“10-р сарын 10–16. Иеремиа 1–3; 7; 16–18; 20: ‘Эхийн хэвлийд чамайг бүрэлдүүлэхээсээ өмнө Би чамайг мэдэж байсан,’” Ирээд, Намайг дага—Ням гаргийн ангид зориулав: Хуучин Гэрээ 2022 (2021)

“10-р сарын 10–16. Иеремиа 1–3; 7; 16–18; 20,” Ирээд, Намайг дага—Ням гаргийн ангид зориулав: 2022

хүмүүстэй ярьж буй бошиглогч

Иеремиа, Волтэр Рэйн

10-р сарын 10–16

Иеремиа 1–3; 7; 16–18; 20

“Эхийн хэвлийд чамайг бүрэлдүүлэхээсээ өмнө Би чамайг мэдэж байсан”

Суралцах явцдаа ангийнхаа гишүүдийн талаар бодож, тэдэнд ямар захиас хамгийн чухал байж болохыг мэдэхийн тулд Сүнсний удирдамж эрэлхийл.

Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ

хуваалцах шигтгээ зураг

Хуваалцахад урь

Хуваалцахад урамшуулж болох нэг арга зам бол энэ долоо хоногт Иеремиаг судлах үеэр олж мэдсэн сайн мэдээний үнэнийг цаасан дээр бичихэд ангийн гишүүдээ урих явдал юм. Дараа нь та цааснуудыг цуглуулаад, цөөн хэдийг сонгож, ангиараа хэлэлцэж болно. Иеремиагийн бичээсүүд эдгээр үнэнийг ойлгоход бидэнд хэрхэн тусалдаг вэ?

заах шигтгээ зураг

Сургаалыг заах

Иеремиа 1:4–19

Бошиглогчид Их Эзэний үгийг ярихаар дуудагддаг.

  • Иеремиагийн бошиглогчийн дуудлагын талаарх хэлэлцүүлгийг эхлүүлэхдээ, амьд бошиглогчийн зургийг үзүүлээд, түүнийг Бурхан дуудсан гэдгийг хэрхэн мэдсэнээ хуваалцахыг ангийн гишүүдээс хүсэж болно. Та энэ чухал үнэнийг мэдэхэд нь бусдад хэрхэн тусалснаа хуваалцахыг тэднээс хүсэж болно. Энэ мэдлэг бидний амьдралыг хэрхэн адисалдаг вэ? Дараа нь ангийн гишүүд Иеремиа 1:4–19-өөс бошиглогчдын талаар олж мэдсэн зүйлсээ самбарт жагсааж болно. Өнөөгийн бошиглогчид юуг “устгаж” эсвэл “нураадаг” вэ? Тэд юуг “барьж босгож,” “ургуулдаг” вэ? (10-р шүлэг).

  • Ангийн гишүүдийг Иеремиа өөрийнхөө талаар юу мэдэж авсныг Иеремиа 1:5-аас хуваалцахад урь. Энэ мэдлэг түүний тохинуулалд хэрхэн нөлөөлсөн байж болох вэ? Ангийн гишүүд “Нэмэлт эх сурвалж” дээрх мэдэгдлийг мөн энэ үнэнийг дэмждэг Алма 13:1–4; Сургаал ба Гэрээ 138:53–56; Абрахам 3:22–23 зэрэг судруудыг уншиж болно. Мөнх бус оршихуйн өмнөх амьдралын тухай эдгээр үнэн бидний мөнх бус амьдралд хэрхэн нөлөөлдөг вэ?

Эртний усан сан дотор зогсож байгаа хүн

Эртний Израилын хүмүүс усан сан ашиглан үнэт усаа хадгалдаг байжээ.

Иеремиа 2; 7

“Тэд амийн усны ундарга Намайг умартсан.”

  • Иеремиа 2:13-ын талаар хэлэлцүүлэг өрнүүлэхийн тулд та самбарт газар доорх том усан сан, усан ундаргыг (байгалийн рашаан гэх мэт) зурж болно. Ангийн гишүүд Иеремиа 2:13-ыг уншаад, усны ундаргаас ус авах нь усан сан ухахаас яагаад дээр гэдгийг ярилцаж болно. Сүнслэг талаас нь авч үзэх юм бол эвдэрхий усан сантай дүйцэх юу байж болох вэ? Та ангийн гишүүдийг Иеремиа 2 ба 7 дээрх шүлгийг уншаад, израилчууд ямар байдлаар “амийн ундаргаа” орхисон талаар хуваалцахад урьж болно (жишээлбэл, Иеремиа 2:26–28; 7:2–11-ийг үзнэ үү). “Амийн ус” гэдэг үг яагаад Аврагчийн бидэнд өгдөг зүйлийг илэрхийлэхэд тохирсон бэлгэдэл болдог вэ?

Иеремиа 3:14–18; 16:14–15

Их Эзэн Өөрийн хүмүүсийг цуглуулна.

  • Иеремиа Израилын хожмын өдрийн цугларалтыг Мосегийн тусламжтайгаар Израил Египетийн боолчлолоос чөлөөлөгдсөнтэй зүйрлэсэн тул та Гэтлэлийн зургийг үзүүлж болох юм (Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав гарын авлагын 4–10-р сарын тоймыг үзнэ үү). Гэтлэл израилчуудад үеийн үед ямар чухал байсан тухай ярилцахад ангийн гишүүдийг урь. Дараа нь ангийн гишүүд Иеремиа 16:14–15-ыг уншаад, Израилын хожмын өдрийн цугларалт Бурханы хүмүүст үүнээс ч илүү чухал болох талаар ярилцаж болно (мөн Иеремиа 3:14–18-ыг үзнэ үү). “Израилын найдвар”-ыг хувиараа суралцах цагаараа уншсан ангийн гишүүд Израилын цугларалтын ач холбогдлын талаар олж мэдсэн зүйлээ хуваалцаж болно (Рассэлл M. Нэлсон болон Вэнди В. Нэлсон, “Израилын найдвар” [өсвөр үеийнхэнд зориулсан дэлхий даяарх онцгой цугларалт, 2018 оны 6-р сарын 3], New Era, Ensign, Aug. 2018, 2–17, сэтгүүлийн хавсралт, ChurchofJesusChrist.org). Эсвэл тэр захиасын зарим хэсгийг ангиараа уншиж болно. Израил энд хэрхэн цугларч байна вэ?

нэмэлт эх сурвалж шигтгээ зураг

Нэмэлт эх сурвалж

Тэнгэрлэг Эцэг та нарыг мэднэ.

Ерөнхийлөгч Рассэлл М. Нэлсон ийн заасан.

“Таны сүнс бол үхэшгүй мөнхийн зүйл. Их Эзэн Өөрийн бошиглогч Абрахамд хандан ‘Чи төрөхөөсөө өмнө сонгогдсон билээ’ Абрахам 3:23] гэж хэлсэн байдаг. Иеремиагийн [Иеремиа 1:5-ыг үзнэ үү] талаар болон бусад хүний талаар Их Эзэн иймэрхүү зүйлс хэлсэн байдаг [Алма 13:2–3-ыг үзнэ үү]. Таны талаар хүртэл үүнтэй ижил утгатай зүйлийг хэлсэн байдаг [Сургаал ба Гэрээ 138:55–56-г үзнэ үү].

“Тэнгэрлэг Эцэг таныг мэддэг болоод их удаж байгаа. Та Түүний хүү эсвэл охин учраас Тэрээр таныг яг энэ цагт, энэ дэлхий дээр ирж, Өөрийн агуу ажлыг хийх удирдагчаараа сонгосон юм. Та бие махбодынхоо шинж чанараар биш, харин эр зориг, зүрх сэтгэлийн шударга байдал, үнэнийг эрэлхийлэх хүсэл, мэргэн ухааныг хүсэх тэмүүлэл, бусдад үйлчлэх хүсэл зориг гэх мэт сүнслэг чадваруудынхаа ачаар сонгогдсон билээ.

Та энэ дэлхийд төрөхөөсөө өмнө эдгээр зан чанарын заримыг хөгжүүлсэн. Тэдгээрийг тууштай эрэлхийлж байхдаа та бусдыг нь энэ дэлхий дээр хөгжүүлж чадна” (“Мөнхийн ач холбогдолтой шийдвэрүүд,” 2013 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 124).

Заах арга барилаа сайжруулах

Сайн мэдээг бүхий л сэтгэл зүрхээрээ дагаж амьдар. Та сайн мэдээг хүлээн авч, өдөр бүр үүний дагуу амьдарснаар Христтэй адил багш болох болно. Христтэй адил заахад төгс байх шаардлагагүй бөгөөд тууштай хичээл зүтгэл гаргах хэрэгтэй. Бүхий л чадлаараа хичээж, бүдэрч унасан ч өршөөл хүлээн авахыг эрэлхийлэх юм бол та Христийн болоосой хэмээн хүсэж байгаа тэр шавь нь болж чадна. (Аврагчийн арга барилаар заах нь, 13–14-ийг үзнэ үү.)