Хуучин Гэрээ 2022
10-р сарын 3–9. Исаиа 58–66: “Гэтэлгэгч Сион руу ирнэ”


“10-р сарын 3–9. Исаиа 58–66: ‘Гэтэлгэгч Сион руу ирнэ,’” Ирээд, Намайг дага—Ням гаргийн ангид зориулав: Хуучин Гэрээ 2022 (2021)

“10-р сарын 3–9. Исаиа 58–66,” Ирээд, Намайг дага—Ням гаргийн ангид зориулав: 2022

Есүс синагогт заасан нь

Есүс Назар хотод синагогт, Грэг К. Олсэн

10-р сарын 3–9

Исаиа 58–66

“Гэтэлгэгч Сион руу ирнэ”

Эдгээр бүлгийн сайхан сургаалаас суралцахдаа ангийн гишүүдэд хамгийн их ач холбогдолтой байж болох захиасууд руу удирдан чиглүүлэхэд Сүнсийг урь.

Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ

хуваалцах шигтгээ зураг

Хуваалцахад урь

Та ангийн гишүүдийг энэ долоо хоногт судраас суралцаж байхад нь сүнслэгээр өдөөсөн шүлгүүдийн эшлэлийг самбарт бичихэд урьж болно. Дараа нь та нар ангиараа тэдгээр шүлгийг олоод, олж мэдсэн үнэнийхээ талаар ярилцаж болно. Тэдгээр ойлголт нь доор жагсаасан аль нэг эсвэл хэд хэдэн зарчмын талаар нухацтай авч хэлэлцэхэд хүргэж болох юм.

заах шигтгээ зураг

Сургаалыг заах

Исаиа 58:3–12

Мацаг барих нь адислалуудыг авчирдаг.

  • Их Эзэн яагаад мөн хэрхэн мацаг барихыг бидэнд зарлигласныг авч хэлэлцэхэд нь ангийн гишүүдэд туслахын тулд та самбарт “Та нар өнөөдөр мацаг барихгүй байна” болон “Би энэ мацаг барилтыг сонгосон бус уу” гэж гарчигласан хоёр баганыг зурж болно. Дараа нь ангийн гишүүд Исаиа 58:3–7-г уншаад, эхний баганад израилчууд хэрхэн мацаг барьж байсныг, хоёр дахь баганад Их Эзэний хүссэн мацаг барилтыг өгүүлсэн үгээр бөглөж болно. Эдгээр дүрслэл мацаг барилтыг харах бидний өнцөгт хэрхэн нөлөөлдөг вэ? Мөн ангийн гишүүд өөрсдийн туршлагад үндэслэн мацаг барилт хэрхэн 8–12-р шүлэгт өгөхөөр амласан Их Эзэний адислалууд руу хөтөлдөг талаар хуваалцаж болно.

  • Ангийн зарим гишүүн яагаад бид мацаг барьдаг талаар бусдад тайлбарлаж байсан туршлагатай байж болох юм. Тэднийг юу гэж хэлснээ хуваалцахад урь. Та мөн бишопын зөвлөлийн нэг гишүүнийг урьж, мацгийн өргөлийг хэрхэн ашигладаг талаар ярилцаж болно. Эсвэл та ерөнхийлөгч Хэнри Б. Айрингийн “Үүний тулд мацаг барилтыг Би сонгосон бус уу?” гэх захиастаа өгсөн жишээнүүдээс нэгийг нь хуваалцаж болно (2015 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 3–7). Мацаг барьж, мацгийн өргөл өгөх нь хэрхэн өөрсдийн болон бусдын “буулгыг эвдл[эхэд]” тусалдаг вэ? (Исаиа 58:6).

Исаиа 61:1–3; 63:7–9

Есүс Христ бол бидний Аврагч бөгөөд Гэтэлгэгч юм.

  • Есүс Христ Назарын хүмүүст Өөрийгөө Мессиа гэдгийг зарлахдаа Исаиа 61:1–3-аас эш татсан (Лук 4:16–21-ийг үзнэ үү; мөн “Jesus Declares He Is the Messiah” видеог үзнэ үү, ChurchofJesusChrist.org). Ангийн гишүүд Исаиа 61:1–3-ыг уншаад, эдгээр шүлэгт яагаад Аврагчийн үйл хэргийг сайн тайлбарласан тухай ярилцаж болно. Та Аврагчийн хийхээр тослогдсон бүх зүйлийг самбарт жагсааж, юу гэсэн үг болохыг нь тус тусад нь ярилцаж болно. Аврагч мөнх бус амьдралынхаа туршид Өөрийн үйл хэргийн эдгээр хэсгийг хэрхэн биелүүлсэн бэ? Тэрээр тэдгээрийг бидний амьдралд хэрхэн гүйцэлдүүлсэн бэ?

  • Ангийн гишүүд мөн Исаиа 63:7–9-ийг уншаад, энд дурдсан арга замаар Есүс Христ хэрхэн тэднийг адисалсан тухай хуваалцаж болно.

  • Исаиа 61:1–3 нь нуранги болсон мэт санагдах зүйлийг гэтэлгэх Есүс Христийн хүчийг яруу сайхан үг хэллэг ашиглан дүрсэлсэн байдаг. Эдгээр шүлгийн утга агуулгыг дүрслэн харуулахын тулд алдсан эсвэл эвдэрсэн гэж бодож байсан ч өмнөхөөсөө илүү үзэсгэлэнтэй болж өөрчлөгдсөн ямар нэгэн зүйлийн тухай түүхийг хуваалцаж болно. Жишээлбэл, “Provo City Center Temple” видеог (ChurchofJesusChrist.org-ийг мөн “Нэмэлт эх сурвалж”-ийг үзнэ үү) эсвэл ерөнхийлөгч Дийтр Ф. Угдорфын “Тэр таныг мөрөн дээрээ тавиад, гэртээ авчрах болно” гэх захиасын эхэнд байх түүхийг үзнэ үү (2016 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 88–91). Хүмүүс амьдралаа сүйрсэн гэж бодож байхад Их Эзэн тэдэнд ямар нэгэн сайхан зүйл өгч байгааг хэрхэн харснаа ангийн гишүүд ярьж болно.

Исаиа 65:17–25

Хоёр дахь ирэлтээр Их Эзэн “шинэ тэнгэр, шинэ дэлхийг бүтээх болно.”

  • Исаиа 65:17–25-д Аврагчийн Хоёр дахь ирэлтийн дараах дэлхийн нөхцөл байдлыг тайлбарласан байдаг. Та ангийн гишүүдийг тэдгээр шүлгийг уншаад, дараах асуултуудын хариултыг олж мэдэхэд урьж болно. Үүнд: “Шинэ дэлхий” дээрх амьдрал өнөөгийн дэлхий дээрх амьдралаас юугаараа өөр байх вэ? Таныг баярлуулсан ямар зүйлийг та эдгээр шүлгээс олж мэдсэн бэ?

нэмэлт эх сурвалж шигтгээ зураг

Нэмэлт эх сурвалж

Их Эзэн “биднийг үнсэнд үлдээхгүй.”

Прово табернэклыг гал түймэрт бараг бүхлээрээ шатсаны дараа, Прово хотын төв ариун сүм болгон дахин барьж босгосон талаар Линда С. Рийвс эгч өгүүлээд, “Их Эзэн биднийг заримдаа бидний хамгийн дээд чадвар хүртэл шалгагдан, соригдохыг зөвшөөрдөг. Бид хайртай хүмүүсийнхээ эсвэл бүр өөрсдийнхөө амьдралыг шатах мэт болохыг хараад, биднийг хайрладаг, сайхан сэтгэлт Тэнгэрлэг Эцэг яагаад ийм зүйлүүд тохиохыг зөвшөөрдөгт гайхдаг. Гэвч Тэрээр биднийг үнсэнд хэзээ ч орхидоггүй. Тэр бидэнд мутраа сунган, Өөр дээр нь ирэхийг чин сэтгэлээсээ урин зогсдог юм. Тэр бидний амьдралыг Өөрийнх нь Сүнс үүрд мөнхөд оршиж болох гайхамшигт ариун сүмүүд болгон барьж босгодог юм” (“Гэрээний адислалуудаа өөрийн болго,” 2013 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 139).

Заах арга барилаа сайжруулах

Зааж байгаа хүмүүсээ таньж мэд. Таны зааж буй хүн бүр өвөрмөц нөхцөл байдал, хэтийн төлөв, авьяас чадвартай. Бүх хүнд утга учиртай, дурсамжтай байдлаар сурахад нь туслахыг эрэлхийлэхдээ эдгээр ялгааг анхаарч үзээрэй. (Аврагчийн арга барилаар заах нь, 7-г үзнэ үү.)