“9-р сарын 26-аас 10-р сарын 2. Исаиа 50–57: ‘Тэр бидний сул дорой байдлыг тээж, өвчин зовлонг маань үүрсэн,’” Ирээд, Намайг дага—Ням гаргийн ангид зориулав: Хуучин Гэрээ 2022 (2021)
“9-р сарын 26-аас 10-р сарын 2. Исаиа 50–57,” Ирээд, Намайг дага—Ням гаргийн ангид зориулав: 2022
9-р сарын 26-аас 10-р сарын 2
Исаиа 50–57
“Тэр бидний сул дорой байдлыг тээж, өвчин зовлонг маань үүрсэн”
Заахад бэлтгэх хамгийн сайн арга зам бол судруудыг уншиж, тунгаан бодох явдал юм. Та Исаиа 50–57-г уншиж байхдаа юу мэдэрч, сурч мэдсэн бэ?
Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ
Хуваалцахад урь
Ангийн гишүүдэд Исаиа 50–57-г унших үед олж авсан туршлагаа хуваалцахыг сануулахын тулд та самбарт …-ыг уншсанаар Есүс Христэд итгэх итгэл маань хүчирхэгжсэн гэсэн өгүүлбэрийг бичиж болно. Ангийн гишүүдийг уг өгүүлбэрийг хэрхэн гүйцээхээ хуваалцахад урь.
Сургаалыг заах
Их Эзэний хүмүүсийн хувьд ирээдүй гэрэл гэгээтэй байдаг.
-
Бидэнд бүгдэд маань сул дорой байх үе байдаг. Их Эзэний хүчинд найдахад нь ангийн гишүүдэд туслахын тулд та тэдний хүн нэг бүрд Исаиа 51–52-оос хэд хэдэн унших шүлэг оноож, сул дорой эсвэл шантарсан нэгнийг хүчирхэгжүүлэх олж мэдсэн зүйлээ хуваалцах даалгавар өгч болно. Мөн та амилсан Аврагч Исаиагийн зарим үгийг Америк тивүүд дэх хүмүүст давтан хэлснийг онцолж болно (3 Нифай 20:32–45-ыг үзнэ үү). 3 Нифай 20:30–34 дэх Аврагчийн үгс эдгээр бошиглол хэзээ биелэх талаарх бидний ойлголтод юу нэмж байна вэ?
-
Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав гарын авлагын энэ долоо хоногийн тоймд Исаиа 50–52 дахь Их Эзэнээс Өөрийн хүмүүсийг хийхэд урьсан бүх зүйлийг жагсаахыг санал болгосон байна. Ангийн гишүүд олж мэдсэн зүйлээ хуваалцаж, эдгээр урилга тэдэнд ямар ач холбогдолтой болохыг ярилцаж болох юм. Та Исаиа 51:1–2, 6–8; 52:1–3, 9–11 дээрх урилгууд дээр анхаарлаа төвлөрүүлэх нь зүйтэй. Эдгээр урилгын дагуу бид хэрхэн үйлдэж болох вэ? Сургаал ба Гэрээ 113:7–10 нь Исаиа 52:1–2-ын талаар сүнслэгээр өдөөгдсөн тайлбар өгдгийг онцолж болох юм. Эдгээр үг бидний ойлголтод юу нэмж байна вэ?
Есүс Христ бидний гэм нүгэл, зовлон шаналлыг Өөр дээрээ авсан.
-
Исаиа 53 дахь Исаиагийн үгсийг ургуулан бодоход нь ангийн гишүүдэд туслахын тулд та Есүс Христийн Цагаатгалыг тойрсон үйл явдлын хэд хэдэн зургийг үзүүлж болно (Сайн мэдээний уран зургийн цуглуулга, д. 56–60). Дараа нь та ангийн гишүүдээс зургууд дээрх үйл явдлыг дүрсэлсэн хэллэгүүдийг Исаиа 53-аас олохыг хүсэж болно. Бидний төлөө Аврагчийн амссан зовлон шаналлын тухай Исаиагийн үгс юу зааж байна вэ? Тэр яагаад бидний төлөө зовсон талаар тэдгээрт юу гэж өгүүлсэн байдаг вэ? Эдгээр сургаал биднийг юу хийхэд сүнслэгээр өдөөдөг вэ?
-
Исаиа 52:13–15; 53-т заасан үнэнийг гэрчлэхэд Ариун Сүнсийг урихын тулд та Есүс Христийн Цагаатгалын тухай дууллын бичлэгийг тавих зуураа эдгээр шүлгийг дотроо уншихыг ангийн гишүүдээс хүсэж болно. Ангийн гишүүдийг судраас онцгой чухал гэж санагдсан үг, хэллэгийг хайж олоход урь. Дараа нь олж мэдсэн зүйлээ мөн Аврагчийн талаарх бодол санаагаа хуваалцах боломж олгоорой. Абинадай “түүний үр удам” гэсэн үг хэллэгээр юу илэрхийлснийг тайлбарласан Мозая 15:10–12-ыг уншихад ангийн гишүүдийг урих талаар мөн бодолцож үзээрэй. Энэ нь Исаиа 53:10-ыг ойлгоход бидэнд хэрхэн тусалдаг вэ?
Есүс Христ биднийг Өөрт нь эргэж ирэхийг хүсдэг.
-
Исаиа 54-ийг судлах нь гэм нүглээсээ эсвэл сул дорой байдлаасаа болж сэтгэлээр унасан ангийн гишүүдийг сүнслэгээр өдөөж болох юм. Та Аврагчийн бидний талаар юу гэж боддогийг харуулсан хэллэг эсвэл шүлгийг 54-р бүлгээс хайж олоход ангийн гишүүдийг урьж болно. Бид өмнөх нүгэл, сул талынхаа талаар юу гэж бодохыг Тэрээр биднээс хүсдэг вэ? Тэр биднийг Өөрийнх нь талаар юу гэж бодоосой хэмээн хүсдэг вэ? Ангийн гишүүдийг энэ бүлгээс Есүс Христийн талаар олж мэдсэн бүх зүйлээ хуваалцахад урамшуул. Ерөнхийлөгч Дийтр Ф. Угдорфын “Нэмэлт эх сурвалж” дахь мэдэгдэл хэлэлцүүлэгт тань тустай байж болох юм.
Нэмэлт эх сурвалж
Бид Есүс Христээр дамжуулан найдаж чадна.
Ерөнхийлөгч Дийтр Ф. Угдорф ийн заасан.
“Бидний амьдрал бүрэн сүйрсэн мэт санагдсан ч бай хамаагүй. Бидний гэм нүгэл хэчнээн буруу, бидний хорсол хэчнээн гүн, бидний зүрх сэтгэл хэчнээн ганцаардсан, хаягдсан, эмтэрсэн байсан ч бай хамаагүй. Тэр ч байтугай итгэл найдвар байхгүй, цөхрөлд амьдардаг, бусдын итгэлийг алдсан, шударга байдлаас татгалздаг, Бурханаас холдсон хүмүүс ч гэсэн сэргээгдэж болно. …
Сайн мэдээний баярт мэдээ бол бидний Тэнгэрлэг Эцэгээр өгөгдсөн аз жаргалын мөнхийн төлөвлөгөө, Есүс Христийн хэмжээлшгүй золиослолоор дамжуулан бид зөвхөн уналтын байдлаасаа гэтэлгэгдэж, цэвэр байдалд сэргээгдээд зогсохгүй бас мөнх бус төсөөллөөс давж, мөнх амьдралын өв залгамжлагчид, Бурханы үгээр дүрслэхийн аргагүй алдар сууг хүртэгчид болж чадна” (“Тэр таныг мөрөн дээрээ тавиад, гэртээ авчрах болно,” 2016 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 89).