Хуучин Гэрээ 2022
9-р сарын 26-аас 10-р сарын 2. Исаиа 50–57: “Тэр бидний сул дорой байдлыг тээж, өвчин зовлонг маань үүрсэн”


“9-р сарын 26-аас 10-р сарын 2. Исаиа 50–57: “Тэр бидний сул дорой байдлыг тээж, өвчин зовлонг маань үүрсэн,’” Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав: Хуучин Гэрээ 2022 (2021)

“9-р сарын 26-аас 10-р сарын 2. Исаиа 50–57,” Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав: 2022

Цэргүүд Христэд өргөст титэм зүүж, тохуурхаж байгаа нь

Христийг тохуурхсан нь, Карл Хэйнрих Блох

9-р сарын 26-аас 10-р сарын 2

Исаиа 50–57

“Тэр бидний сул дорой байдлыг тээж, өвчин зовлонг маань үүрсэн”

Аврагчтай илүү ойртоход тань туслах Исаиа 50–57 дээрх ойлголтуудын талаар тунгаан бодоорой. Та хүлээн авсан сэтгэгдлээ бичиж тэмдэглэ.

Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ

Исаиа тохинууллынхаа туршид хүчирхэг аврагчийн талаар ярьсан (жишээлбэл, Исаиа 9:3–7-г үзнэ үү). Эдгээр бошиглол хэдэн зууны дараа Вавилонд боолчлогдох үед израилчуудад онцгой үнэ цэнтэй болсон юм. Вавилоны ханыг нурааж чадах хүн үнэхээр хүчирхэг байлдан дагуулагч байх байлаа. Гэхдээ энэ нь Исаиагийн 52–53-р бүлэгт “Тэрээр хүмүүст жигшигдэж, орхигдсон, өвчин зовлонг мэдэгч, зовлон шаналлын хүн ажээ. Түүнээс нүүр буруул[сан]. … Бид Түүнийг Бурханд зодуулж, цохиулж, зовсон гэж л тооцжээ” (Исаиа 53:3–4) хэмээн дүрсэлсэн Мессиа биш байлаа. Ийм санаанд оромгүй аврагчийг илгээснээр Бурхан бидэнд жинхэнэ авралын талаар заасан юм. Биднийг дарлал, зовлон зүдүүрээс аврахын тулд Бурхан Өөрийн биеэр “тамлагдан, зовсон” нэгнийг илгээжээ. Зарим нь арсланг хүлээж байхад Тэр хургыг илгээсэн (Исаиа 53:7-г үзнэ үү). Үнэхээр Бурханы зам бидний зам биш юм (Исаиа 55:8–9-ийг үзнэ үү). Есүс Христ зөвхөн шоронгийн хаалгыг нээгээд зогсохгүй, бидний оронд шоронд байснаар биднийг чөлөөлдөг. Тэр өвчин зовлонг мэдэрч, зовлон шаналлыг үүрснээр биднийг тэдгээрийн гинжнээс чөлөөлсөн (Исаиа 53:4–5, 12-ыг үзнэ үү). Тэр биднийг холоос авардаггүй. Тэр “чамаас салахгүй” “мөнхийн энэрэл хайраар” бидэнтэй хамт зовлонг үүрдэг (Исаиа 54:8, 10).

хувиараа судлах шигтгээ зураг

Хувиараа судар судлахад зориулсан санаа

Исаиа 50–52

Их Эзэний хүмүүсийн хувьд ирээдүй гэрэл гэгээтэй.

Хэдийгээр израилчууд өөрсдийн буруу сонголтын үр дүнд олон жил боолчлогдож байсан ч Их Эзэн тэднийг ирээдүйгээ итгэл найдвараар хараасай хэмээн хүссэн. Та Исаиа 50–52-оос ямар итгэл найдвар өгөх захиасыг олсон бэ? Эдгээр бүлэгт Их Эзэн Өөрийнхөө талаар бидэнд юу заасан бэ мөн энэ нь яагаад танд найдвар төрүүлж байна вэ? (жишээлбэл, Исаиа 50:2, 5–9; 51:3–8, 15–16; 52:3, 9–10-ыг үзнэ үү).

Энэхүү найдвар төрүүлсэн ирээдүйг бодит болгохын тулд Их Эзэн Израилыг урьсан талаарх 51–52-р бүлэг дээрх бүх зүйлийг та бас жагсааж болох юм. Энэ үгсээр дамжуулан Их Эзэн таныг юуг хийхэд урьсан гэж та бодож байна вэ? Жишээлбэл, “сэрэгтүн,” “хүчээ өмс” гэдэг нь юу гэсэн үг гэж та бодож байна вэ? (Исаиа 51:9-ийг мөн Исаиа 52:1; Сургаал ба Гэрээ 113:7–10-ыг үзнэ үү). Яагаад “сонсогтун” гэсэн (буюу “дуулгавартай дагах зорилгоор сонсох”) урилгыг ийм олон удаа давтсан гэж та бодож байна вэ? (Рассэлл М. Нэлсон, “Түүнийг сонс,2020 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 109).

Мөн Мозая 12:20–24; 15:13–18; 3 Нифай 20:29–46-г үзнэ үү.

Загалмай үүрсэн Христийн баримал

Хайрласан болохоор, уран барималч Анжэла Жонсон

Исаиа 53

Есүс Христ миний нүгэл, зовлонг үүрсэн.

Есүс Христийн гэтэлгэх үүрэг даалгаврыг Исаиа 53-аас илүү сайхан дүрсэлсэн судрын бүлэг ховор. Цаг гарган эдгээр үгийг тунгаан бодно уу. Шүлэг болгон дээр зогсож, Аврагчийн бүх хүний, ялангуяа таны төлөө тээсэн бүх “өвчин зовуурь,” “зовлон шаналал,” “сул дорой байдлын” талаар эргэцүүлэн бодоорой. Та уншиж байхдаа “бид,” “бидний” гэх мэт үгийг “би,” “миний” гэсэн үгээр орлуулж болно. Эдгээр шүлгийг уншихад танд ямар мэдрэмж, бодол төрсөн бэ? Тэдгээрийг бичих талаар бодож үзээрэй.

Та Мозая 14; 15:1–13-ыг дахин уншаад, бошиглогч Абинадай Аврагчийн талаар заахдаа Исаиагийн үгсийг хэрхэн ашигласныг үзнэ үү.

Исаиа 54; 57:15–19

Есүс Христ намайг Өөр дээр нь эргэж ирээсэй хэмээн хүсдэг.

Бид бүгдэд заримдаа өөрсдийн сул дорой байдал эсвэл гэм нүглээс болж Их Эзэнээс холдсон мэт мэдэрдэг үе бий. Зарим нь Түүнийг хэзээ ч өөрсдийг нь уучлахгүй гэдэгт итгэсэн байдаг. Исаиа 54, 57 нь ийм үед тайтгарал, урам зориг авахын тулд уншиж болох гайхалтай бүлгүүд юм. Ялангуяа Исаиа 54:4–10; 57:15–19-өөс та Аврагчийн нигүүлсэл, таны талаарх Түүний бодлын талаар юу мэдэж авсан бэ? Түүний талаар эдгээр зүйлийг мэдэх нь таны амьдралыг хэрхэн өөрчилсөн бэ?

Исаиа 54:11–17-д дурдсан адислалууд танд хэрхэн хамаатай вэ?

Исаиа 55–56

Их Эзэн бүгдийг “Бурханы гэрээнээс барьж авахад” уриалж байна.

Израилчууд үе удмаараа Бурханы гэрээний хүмүүс хэмээн тодорхойлогддог байв. Гэсэн хэдий ч Бурханы төлөвлөгөө үргэлж зөвхөн нэг үндэстнийг багтаахаас илүү байдаг, учир нь “цангагч бүр”-ийг “ус уруу ирэх”-д урьсан байдаг (Исаиа 55:1). Исаиа 55, 56-г уншихдаа үүнийг санаж, Бурханы ард түмэн гэдэг нь юу гэсэн үг болохыг тунгаан бодоорой. Өөрөөс нь үнэхээр “сал[сан]” гэж боддог хүмүүст Бурхан ямар захиас өгсөн бэ? (Исаиа 56:3). “Гэрээг минь чандалдаг” хүмүүсийн хандлага, үйлдлийг дүрсэлсэн шүлгүүдийг тэмдэглэх талаар бодож үзээрэй (Исаиа 56:4–7-г үзнэ үү).

гэр бүлээрээ судлах шигтгээ зураг

Гэр бүлээрээ судар судлахад мөн гэр бүлийн үдэшт зориулсан санаа

Исаиа 51–52.Эдгээр бүлэг дэх Их Эзэний урилгын талаар ярилцахдаа та гэр бүлийнхээ гишүүдийг жүжигчлэн үзүүлэхэд урьж болно. Жишээлбэл, “Тэнгэр өөд харцаа өргөх,” “сэрэгтүн, босогтун” эсвэл “шороогоо гөвөх” нь хэрхэн харагддаг вэ? (Исаиа 51:6, 17; 52:2). Эдгээр үг хэллэг Есүс Христийг дагах талаар юу зааж байна вэ?

Исаиа 52:9.Энэ шүлгийг уншсаныхаа дараа гэр бүлийнхэн тань баяр баясгалан авчирдаг сүмийн дуулал, хүүхдийн дууг “хамтдаа дуулж” болно. Исаиа 52 дахь ямар ямар амлалт биднийг “баярлалдахад” хүргэдэг вэ?

Исаиа 52:11; 55:7.Эдгээр шүлэг нь “цэвэр бай” гэсэн үг ямар утгатай байж болох талаар хэлэлцэхэд хүргэж болох юм. Энэхүү хэлэлцүүлгийн нэгэн хэсэг болгон та Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө (товхимол, 2011) дээрх сэдвүүдийг авч үзэх юм уу сүнслэг байдлын хувьд цэвэр байхын адислалуудын тухай судруудыг уншиж болно (3 Нифай 12:8; Сургаал ба Гэрээ 121:45–46-г үзнэ үү).

Исаиа 53.Исаиагийн дүрсэлсэн Аврагчийн тухай дүрслэлийг танилцуулахын тулд хүмүүсийг авардаг баатруудыг түүх, кино, бусад хэвлэл мэдээллийн хэрэгслээр хэрхэн харуулдаг талаар гэр бүлийнхэн тань ярилцаж болох юм. Та тэдгээр дүрслэлийг Исаиа 53-аас уншсан Аврагчийн дүрслэлтэй харьцуулж болно. Та мөн “My Kingdom Is Not of This World” (ChurchofJesusChrist.org) видеог үзэж, Исаиа 53 дээрх бошиглолууд хэрхэн гүйцэлдсэн тухай ярьж болно. Аврагч бидний өмнөөс ямар ямар өвчин, шаналлыг тээдэг вэ?

Исаиа 55:8–9.Таныг газраас дээш өндөрт байхад юмс хэрхэн өөр харагддаг вэ? Бурханы зам, бодол биднийхээс өндөр гэдэг нь таны хувьд ямар утгатай вэ?

Хүүхдүүдэд заах нэмэлт санаануудыг Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав гарын авлагын энэ долоо хоногийн тоймоос үзнэ үү.

Санал болгох дуу: “Би гайхширна,” Сүмийн дуулал болон хүүхдийн дуу, х. 22.

Хувиараа судлах үйл явцаа сайжруулах

Дуу хөгжим ашигла. Сүмийн дууллууд нь сайн мэдээний зарчмуудыг хүчтэй заадаг. Исаиа 53-т заасан Есүс Христийн Цагаатгалын тухай үнэнийг ойлгоход тань туслах ариун ёслолын дууллыг сонсох эсвэл уншихыг бодож үз. (Аврагчийн арга барилаар заах нь, 22-ыг үзнэ үү.)

Христийн зураг

Түүний Гэрэл, Майкл.Т Малм