“10-р сарын 10–16. Иеремиа 1–3; 7; 16–18; 20: “Эхийн хэвлийд чамайг бүрэлдүүлэхээсээ өмнө Би чамайг мэдэж байсан,” Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав: Хуучин Гэрээ 2022 (2021)
“10-р сарын 10–16. Иеремиа 1–3; 7; 16–18; 30; 20,” Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав: 2022
10-р сарын 10–16
Иеремиа 1–3; 7; 16–18; 20
“Эхийн хэвлийд чамайг бүрэлдүүлэхээсээ өмнө Би чамайг мэдэж байсан”
Ахлагч Дэвид А. Бэднар “[Их Эзэнийг] сонсдог арга замуудын маань нэг бол судар юм. Судрууд нь урьдчилан бичсэн Их Эзэний дуу хоолой” гэж хэлсэн (“‘Hear Him’ in Your Heart and in Your Mind,” ChurchofJesusChrist.org).
Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ
Иеремиа эхэндээ өөрийгөө сайн бошиглогч болж чадахгүй гэж бодож байв. Их Эзэн түүнийг анх дуудахад тэрээр “хэрхэн ярихыг мэдэхгүй” (Иеремиа 1:6) гэж эсэргүүцжээ. Их Эзэн түүнийг “Би үгсээ аманд чинь хийв” (9-р шүлэг) хэмээн зоригжуулсан байна. Иеремиа өөрийгөө туршлагагүй “бага залуу” гэж бодож байсан ч Их Эзэн түүнийг бодож байгаагаасаа илүү бэлтгэгдсэн буюу төрөхөөсөө өмнө энэ дуудлагад томилогдсон болохыг нь тайлбарласан (5-р шүлгийг үзнэ үү). Тиймээс Иеремиа айдсаа хойш тавин, дуудлагыг хүлээн авсан юм. Тэрээр Иерусалимын хаад, санваартнуудад ариун мэт худал дүр төрх нь тэднийг устгагдахаас аврахгүй гэдгийг анхааруулжээ. Бурханы үгийг хүргэж чадахгүй гэж бодож байсан “бага залуу” тэрээр Бурханы үгийг “[өөрийн] сэтгэл зүрхэн дотор … шатаж буй гал мэт” (Иеремиа 20:9) мэдэрч, дуугүй өнгөрч чадахгүй болсон байв.
Иеремиагийн түүх бол бидний ч бас түүх юм. Бурхан биднийг ч гэсэн төрөхөөс бүр өмнө мэддэг байсан бөгөөд дэлхий дээрх Түүний үйл хэргийн төлөө зүтгэхэд бэлдсэн билээ. Өөр олон зүйлийн дундаас уг үйл хэрэгт Бурханы хүмүүсийг нэг нэгээр нь цуглуулж, “[тэднийг] Сион ууланд авчирна” (Иеремиа 3:14) хэмээн Иеремиагийн зөгнөн хэлсэн зүйл багтдаг. Яг юу хийж, юу хэлэхээ мэдэхгүй байсан ч бид “Бүү ай. … Би Чамтай хамт байна гэж ЭЗЭН тунхагла[сныг]” (Иеремиа 1:8,19) санах хэрэгтэй.
Иеремиагийн номын тоймыг Bible Dictionary дэх “Jeremiah”-аас уншина уу.
Хувиараа судар судлахад зориулсан санаа
Иеремиа 1:4–19; 7:1–7; 20:8–10
Бошиглогчид Бурханы үгийг дамжуулахаар дуудагдсан.
Иеремиаг бошиглогчоор дуудсан тухай Иеремиа 1:4–19-өөс уншихдаа таны амьдралд бошиглогчдын гүйцэтгэдэг үүргийн талаар тунгаан бодно уу. Их Эзэний Иеремиад хэлсэн үгээс бошиглогчдын талаар та юу олж мэдсэн бэ? (мөн Иеремиа 7:1–7-г үзнэ үү). Иеремиагийн номлолыг ихэнхдээ хүлээн аваагүй юм (Иеремиа 20:8,10-ыг үзнэ үү). Та Иеремиа 20:9 дээрх Иеремиагийн үгсээс юу олж мэдсэн бэ? Иеремиагийн сургаалын талаар судлахдаа эдгээрийг санаарай. Манай хожмын үеийн бошиглогчдыг дагахад сүнслэгээр өдөөсөн юуг та энэ шүлгүүдээс олж мэдсэн бэ?
Бурхан намайг төрөхөөс минь бүр өмнө мэдэж байсан.
Иеремиаг төрөхөөс өмнө Бурхан түүнийг мэдэж байсан бөгөөд дэлхий дээр онцгой үүрэг даалгавар өгөхөөр сонгосон буюу урьдчилан томилсон байв (Иеремиа 1:5-ыг үзнэ үү). Яагаад эдгээрийг мэдэх нь Иеремиад чухал байсан гэж та бодож байна вэ?
Бурхан таныг ч бас төрөхөөс тань өмнө мэдэж байсан бөгөөд онцгой үүрэг хариуцлага оноохоор урьдаас томилсон (Алма 13:1–4; Сургаал ба Гэрээ 138:53–56; Абрахам 3:22–23-ыг үзнэ үү). Энэ мэдлэг таны амьдралыг хэрхэн өөрчлөх вэ? Хэрэв та патриархын адислалаа хүлээн авсан бол залбирч байгаад дахин уншиж, Бурханы танаар хийлгэхээр урьдчилан томилсон ажлыг хэрхэн гүйцэлдүүлэхээ Түүнээс асуугаарай.
Мөн Gospel Topics, “Foreordination,” “Premortality,” topics.ChurchofJesusChrist.org-ийг үзнэ үү.
“Тэд амийн усны ундарга болох Намайг умартсан юм.”
Израилчуудын амьдардаг байсан хуурай бүсэд хүмүүс усан сан гэдэг газар доорх санд үнэт эрдэнэс болох усаа хадгалдаг байжээ. Усан санд найдахын оронд усны ундаргаас усаа авах нь яагаад илүү вэ? “Амийн усны ундарга”-ыг умартах гэдэг нь юу гэсэн үг вэ? Иеремиа 2:13-т дурдсан “эвдэрхий усан сан” гэдэг нь юуны бэлгэдэл гэж та бодож байна вэ? Иеремиа 2, 7-г унших зуураа хүмүүс хэрхэн Их Эзэний амийн усыг умартаж байсныг хараад, та амьдралдаа амийн усыг хэрхэн хүлээн авч байгаагаа бодоорой.
Иеремиа 7 нь “ЭЗЭНий өргөөний хаалга[ар] … ЭЗЭНд мөргөхөөр” (Иеремиа 7:2) орж ирж байгаа хүмүүст хандсан юм. Гаднаа сүсэг бишрэлтэй мэт харагдах ч тэд гэм нүглээр дүүрэн байв (2–11-р шүлгийг үзнэ үү). 21–23-р шүлэгт Их Эзэн танд ямар захиас өгөхийг хүссэн гэж та бодож байна вэ?
Их Эзэн Өөрийн хүмүүсийг цуглуулна.
Иеремиа тарж бутарсан Израилыг цуглуулах талаар бошиглохдоо, энэ нь Египетээс гарахаас илүү агуу сүрлэг байх болно хэмээн хэлсэн (Иеремиа 16:14–15-ыг үзнэ үү). Үүний адил ерөнхийлөгч Рассэлл М. Нэлсон “Та нар … Израилыг цуглуулахад туслахаар … энэ цаг үед энэ дэлхий рүү ирсэн! Одоо энэ дэлхий дээр [цугларалтаас] илүү чухал ямар ч зүйл үгүй. … Энэ цугларалт та нарын хувьд хамгийн чухал зүйл байх ёстой” гэжээ (Рассэлл М. Нэлсон ба Вэнди В. Нэлсон, “Израилын найдвар” [өсвөр үеийнхэнд зориулсан дэлхий даяарх онцгой цугларалт, 2018 оны 6-р сарын 3], New Era болон Ensign, Aug. 2018,12, ChurchofJesusChrist.org).
Таныг Иеремиа 3:14–18; 16:14–21-ийг судлах үед хожмын өдрүүдэд болох Израилын цугларалтын юу нь таныг сүнслэгээр өдөөдөг вэ? Энэхүү цугларалт хэрхэн болох талаар энэ шүлгүүдэд юу өгүүлж байна вэ? Ерөнхийлөгч Нэлсоны хэлсэн үгийн дээрх эшлэлээс та ямар нэмэлт ойлголтыг олж авсан бэ?
Гэр бүлээрээ судар судлахад мөн гэр бүлийн үдэшт зориулсан санаа
-
Иеремиа 1:5.Та төрөхөөсөө өмнө Тэнгэрлэг Эцэгтэй хамт өнгөрүүлсэн амьдралынхаа талаар ярихдаа энэ шүлгийг ашиглаж болох юм. “Би тэнгэрт амьдардаг байсан” (Хүүхдийн дууны ном, 140) болон “Оршил: Тэнгэрлэг Эцэгийн маань төлөвлөгөө” (Шинэ Гэрээний түүхүүд, 1–5-д бий) зэрэг эх сурвалжууд тусалж болох юм. Мөнх бус оршихуйн өмнөх амьдралын талаар мэдэх нь мөнх бус амьдралаа хэрхэн өнгөрүүлэх байдалд маань хэрхэн нөлөөлж болох вэ?
-
Иеремиа 2:13; 17:13–14.Эдгээр шүлгийг ургуулан бодоход гэр бүлийнхээ гишүүдэд туслахын тулд та цуурсан эсвэл хагарсан саванд ус хийхэд юу болдгийг үзүүлж болох юм. “Амийн усны ундарга,” “эвдэрхий усан сан” зэрэг нь юуг илэрхийлсэн байж болох вэ? (Иеремиа 2:13). Бид Их Эзэний амийн уснаас хэрхэн уудаг вэ?
-
Иеремиа 16:16.Ерөнхийлөгч Рассэлл М. Нэлсон энэ шүлэг дээрх загасчид болон анчдыг хожмын үеийн номлогчидтой харьцуулжээ (“The Gathering of Scattered Israel,” Ensign эсвэл Liahona, Nov. 2006, 81-ийг үзнэ үү). Гэрийнхээ эргэн тойронд байгаа эд зүйлсийг “ангуучилж,” тарж бутарсан Израилыг “загасчлан” “агнахад” нь та гэр бүлийнхэндээ хэрхэн тусалж болох талаар ярилцаж болох юм.
-
Иеремиа 18:1–6.Эдгээр шүлгийг авч үзэхдээ та вааран савыг хэрхэн хийдэг тухай ярилцаж болно. Иеремиа 18:1–6-д Их Эзэн Израилд ямар захиас өгсөн бэ? Их Эзэний мутарт шавар байх гэдэг нь юу гэсэн утгатай вэ? (мөн Исаиа 64:8-ыг үзнэ үү). Биднийг ваарчны шавартай зүйрлэдэг өөр нэг түүхийг ахлагч Ричард Ж. Ж.Мэйнсийн “Христ дээр төвлөрсөн амьдралаар амьдрахын баяр баясгалан” хэлсэн үгээс уншаарай (Ensign, Nov. 2015, 27–30 эсвэл 2015 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 11–13).
Хүүхдүүдэд заах нэмэлт санаануудыг Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав гарын авлагын энэ долоо хоногийн тоймоос олж үзнэ үү.
Санал болгох дуу: “Israel, Israel, God Is Calling,” Hymns, д.7.