“10-р сарын 3–9. Исаиа 58–66: ‘Гэтэлгэгч Сион руу ирнэ,’” Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав: Хуучин Гэрээ 2022 (2021)
“10-р сарын 3–9. Исаиа 58–66,” Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав: 2022
10-р сарын 3–9
Исаиа 58–66
“Гэтэлгэгч Сион руу ирнэ”
Та Исаиа 58–66-г судалж байхдаа, Исаиагийн үгс ирээдүйгээ хэрхэн баяр хөөр, итгэл найдвараар харахад тусалдаг талаар эргэцүүлэн бодно уу.
Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ
Дэлхий дээрх тохинууллынхаа эхэн үед Есүс Христ Өөрийн өсөж торнисон газар болох Назарын синагогт очсон. Тэнд Тэр судраас уншихаар зогсоод, Исаиагийн номыг нээж, одоо бидний мэдэх Исаиа 61:1–2-ыг уншжээ. Тэр дараа нь “Энэхүү бичвэр өнөөдөр сонсголд тань биеллээ” гэж айлдав. Энэ бол Өөрийгөө “дарамтад байгсдыг чөлөөлөх,” “олзлогдогсдод эрх чөлөөг тунхаглах” (Лук 4:16–21-ийг үзнэ үү) Тослогдсон Нэгэн гэдгээ зарласан Аврагчийн хамгийн шулуухан хэлсэн тунхаглал байсан. Энэхүү судар үнэхээр тэр өдөр биеллээ олсон. Түүнчлэн энэ нь Исаиагийн бусад бошиглолын адил өнөөдөр ч биеллээ олсоор байна. Аврагч Өөр дээр нь ирсэн, бүх дарамтад байгсдыг анагаасан хэвээр. Өнөөдөр ч гэсэн эрх чөлөөг тунхаглах ёстой олон олзлогдогч байсаар байна. Бидэнд өөрсдийгөө бэлдэх буюу Их Эзэн “шинэ тэнгэр, шинэ газрыг бүтээж” (Исаиа 65:17), “бүх үндэстний өмнө зөвт байдал, магтаалыг бий болгох” (Исаиа 61:11) сайхан ирээдүй бий. Исаиаг унших нь Их Эзэний Өөрийн хүмүүст зориулан аль хэдийн хийсэн, хийж байгаа болон ирээдүйд хийх зүйлсийг олж харах мэлмийг нээдэг.
Хувиараа судар судлахад зориулсан санаа
Мацаг барих нь адислал авчирдаг.
Эдгээр шүлэгт эртний израилчуудын олонхын хувьд мацаг барих нь адислал гэхээс илүү дарамт болж байсныг харуулдаг. Заримдаа ийм мэдрэмж төрдгийг ихэнх нь мэдэх байх. Хэрэв та мацаг барихаа илүү утга учир, зорилготой болгохыг хүсвэл “Бид яагаад мацаг барьдаг вэ?” гэсэн асуултад өгсөн Их Эзэний хариултыг Исаиа 58:3–12-ыг уншин олж мэднэ үү. Өөрийнхөө туршлага дээр үндэслэхэд, мацаг барих нь хэрхэн “гэм буруугийн хүлгийг мултлан, буулганы оосрыг тайл[даг]” вэ? (Исаиа 58:6). Мацаг барих нь хэрхэн танд Исаиа 58:8–12-т дурдсан адислалыг авчирсан бэ? Исаиа 58:3–12 нь мацаг барихтай холбоотой бодол санаанд тань хэрхэн нөлөөлж байна вэ?
“Үүний тулд мацаг барилтыг Би сонгосон бус уу?“ (2015 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 3–7) гэх захиастаа ерөнхийлөгч Хэнри Б. Айринг хүмүүс хэрхэн мацаг барьж, мацгийн өргөл өгснөөр адислагдсан тухай хэд хэдэн жишээг хуваалцсан. Та өөрийн амьдралд үүнтэй ижил адислалыг хүлээн авч байсан уу?
Мөн Gospel Topics, “Fasting and Fast Offerings”-ийг үзнэ үү (topics.ChurchofJesusChrist.org).
Есүс Христ бол миний Аврагч мөн Гэтэлгэгч.
Та Исаиа 58–66-д Есүс Христийн цагаатгагч үйл хэргийг олонтоо дурдсан байхыг харж болно. Энд хэдэн жишээг мөн тэдгээрийн талаар тунгаан бодоход туслах зарим нэгэн асуултыг өгье.
-
Исаиа 59:9–21. Та 9–15-р шүлэгт дурдсан хүмүүсийн сүнслэг байдлыг хэрхэн дүгнэх вэ? 16–21-р шүлэгт дурдсан “зуучлагчийн” болон Түүнд хандсан хүмүүстэй байгуулдаг гэрээний юу нь таны анхаарлыг татсан бэ?
-
Исаиа 61:1–3. Эдгээр шүлэгт дурдсан ямар арга замаар Есүс Христ таныг адисалсан бэ? Тэр танд ямар “сайн мэдээг” авчирсан бэ? Тэр танд хэрхэн үнсний оронд гоёл чимгийг өгсөн бэ?
-
Исаиа 63:7–9. Та “Эзэний [ямар ямар] энэрэл хайрыг” дурдаж чадах вэ? Эдгээр шүлэг таны зүрх сэтгэлд Аврагчийн талаар ямар мэдрэмж төрүүлж байна вэ?
Та Исаиа 58–66-аас Аврагчийн талаар дурдсан өөр ямар зүйлийг олж мэдсэн бэ?
Мөн Мозая 3:7; Сургаал ба Гэрээ 133:46–53-ыг үзнэ үү.
“Эзэн чиний үүрдийн гэрэл болно.”
Есүс Христийн сайн мэдээ хожмын өдрүүдэд дэлхий ертөнцийг хэрхэн адислах талаар заахын тулд Исаиа 60, 62-т гэрэл ба харанхуй, нүд ба харааны талаар өгүүлсэн байдаг. Эдгээр ойлголтын талаар, ялангуяа Исаиа 60:1–5, 19–20; 62:1–2-оос олж харна уу. Та эдгээр бүлгийг уншиж байхдаа, Бурхан хэрхэн Өөрийн хүүхдүүдийг харанхуйгаас Өөрийн гэрэлд цуглуулж байгаа талаар тунгаан бодно уу. Энэ ажил үйлсэд та ямар үүрэг гүйцэтгэдэг вэ?
Мөн 1 Нифай 22:3–12; 3 Нифай 18:24; Сургаал ба Гэрээ 14:9; Бонни Х. Кордон, “Тэд харж болохын тулд,” 2020 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 95–98-ыг үзнэ үү.
Христ Мянган жилийн турш дэлхий дээр хаанчлах болно.
Исаиа “урьдын зовлон шаналангууд мартагдах” (Исаиа 65:16) өдрийн талаар ярьсан. Хэдийгээр энэ бошиглол хэд хэдэн удаа гүйцэлдсэн боловч бүрэн утгаараа биелэх буюу Есүс Христ дэлхийд эргэн ирж, Мянган жил хэмээн нэрлэгдэх амар амгалан, зөв шударга байдлын эрин үеийг авчрах өдөр хараахан ирээгүй байна. Исаиа ирээдүйд тохиох энэ өдрийн талаар Исаиа 64:1–5; 65:17–25; 66-д дүрсэлсэн. Тэр “баярлан баясах” болон “баяр баясал” зэрэг үгсийг хэр их ашигласныг ажиглаарай. Аврагчийн эргэж ирэх өдөр яагаад таны хувьд баяр баясгалант өдөр байхыг тунгаан бодно уу. Би Түүнийг ирэхэд бэлдэхийн тулд юу хийж болох вэ?
Мөн Итгэлийн тунхаг 1:10-ыг мөн Russell M. Nelson, “The Future of the Church: Preparing the World for the Savior’s Second Coming,” Ensign, Apr. 2020, 13–17-ыг үзнэ үү.
Гэр бүлээрээ судар судлахад мөн гэр бүлийн үдэшт зориулсан санаа
-
Исаиа 58:3–11.Гэр бүлийн тань гишүүд Исаиа 58:3–5 болон Исаиа 58:6–8-д дурдсан төрлийн мацгийг барьж үзвэл, Исаиагийн мацгийн талаарх захиасыг илүү сайн ойлгож болох юм. Бид өөрсдийн мацгийг хэрхэн “[Бурханы] сонгож авсан мацаг барилттай” адил болгох вэ? Мацаг барихын ямар ямар адислалыг бид харж байсан бэ?
-
Исаиа 58:13–14.Хүндэтгэлийн өдөр “таашаалаа үйлдэхээс татгалзах” болон “Эзэний дотор баяр хөөрийг авах” хоёр хоорондоо ямар ялгаатай вэ? Бид Хүндэтгэлийн өдрийг хэрхэн “баясгалант” болгож болох вэ?
-
Исаиа 60:1–5.Исаиа 60:1–3-ыг уншиж байх үед гэр бүлийн тань гишүүд шүлэгт гэрлийг дурдахад гэрлээ асааж, харанхуйг дурдахад гэрлээ унтрааж болох юм. Есүс Христийн сайн мэдээ хэрхэн бидний хувьд гэрэл байдаг вэ? Бурханы хүмүүс сайн мэдээний гэрлийг хуваалцахад хэрхэх талаар Исаиа юу гэж зөгнөсөн бэ? (Исаиа 60:3–5-ыг үзнэ үү).
-
Исаиа 61:1–3.Эдгээр шүлэгт өгүүлсэн Исаиагийн бошиглолыг Аврагч хэрхэн гүйцэлдүүлсэн бэ? Та Аврагчийн үйл хэргийн энэ хэсгүүдийг дүрслэн харуулсан зургийг хайж олохыг гэр бүлийнхнээсээ хүсэж болох юм (зургуудыг Сүмийн сэтгүүлүүд эсвэл Сайн мэдээний уран зургийн цуглуулга-аас олж болно). Та мөн “Би Аврагчийн хайрыг мэдэрдэг” (Хүүхдийн дууны ном, 42–43) зэрэг Аврагч биднийг хэрхэн адисалдаг тухай дууг дуулж болох юм.
Хүүхдүүдэд заах нэмэлт санаануудыг Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав гарын авлагын энэ долоо хоногийн тоймоос үзнэ үү.
Санал болгох дуу: “Түүнийг дэлхийд дахин ирэхэд,” Хүүхдийн дууны ном, 46–47.