Хуучин Гэрээ 2022
10-р сарын 17–23. Иеремиа 30–33; 36; Гашуудал 1; 3: “Би тэдний гашуудлыг баяр хөөр болгоно”


“10-р сарын 17–23. Иеремиа 30–33; 36; Гашуудал 1; 3: “Би тэдний гашуудлыг баяр хөөр болгоно,” Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав: Хуучин Гэрээ 2022 (2021)

“10-р сарын 17–23. Иеремиа 30–33; 36; Гашуудал 1; 3,” Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав: 2022

Бошиглогч Иеремиагийн сийлбэр

Уйлж буй бошиглогч Иеремиа, Назарин сургуулийн сийлбэрээс

10-р сарын 17–23

Иеремиа 30–33; 36; Гашуудал 1; 3

“Би тэдний гашуудлыг баяр хөөр болгоно”

Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэх зуураа Иеремиа болон Гашуудал ном дахь зарчмууд Хуучин Гэрээнээс суралцсан бусад зүйлтэй хэрхэн холбогдож байгааг бодоорой.

Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ

Их Эзэн Иеремиаг анх бошиглогч болгохоор дуудахдаа түүний хийх ажил бол “устгах, нураах” (Иеремиа 1:10) хэмээн хэлсэн бөгөөд Иерусалимд устгаж, нураах гэм нүгэл хангалттай байсан юм. Гэвч энэ нь Иеремиагийн хийх ажлын зөвхөн нэгээхэн хэсэг байсан бөгөөд түүнийг мөн “барьж босгох бас ургуулахаар” (Иеремиа 1:10) дуудсан. Израилын бослогоос үлдсэн балгаст юуг барьж босгож эсвэл тарьж ургуулж болох байсан бэ? Үүнтэй адил нүгэл хилэнц эсвэл гай зовлон амьдралыг маань сүйрүүлэхэд бид хэрхэн эргүүлэн барьж босгон, тарьж ургуулж болох вэ? Хариулт нь Мессиагийн амласан “зөвт мөчирт” (Иеремиа 33:15) оршиж байгаа. Мессиа “шинэ гэрээг” (Иеремиа 31:31) буюу амлалт өгсөн дүр үзүүлэхээс эсвэл гаднаа сүсэг бишрэлтэй мэт харагдахаас хавьгүй илүүг шаардах гэрээг өгсөн. Түүний хуулиуд “[бидний] дотор,” “[бидний] зүрхэн дээр” бичигдсэн байх ёстой. Энэ бол Их Эзэн “[бидний] Бурхан,” бид “[Түүний] ард түмэн болохын” жинхэнэ утга учир юм (Иеремиа 31:33). Энэ бол амьдралын туршид үргэлжлэх үйл явц бөгөөд бидэнд заримдаа алдаа гаргах, гашуудаж шаналах шалтгаан гарч ирсээр байна. Гэхдээ ийм үед Их Эзэн бидэнд “Би тэдний гашуудлыг баяр хөөр болгоно” (Иеремиа 31:13) хэмээн амласан.

Гашуудал номын тоймыг Судруудын удирдамж дахь “Гашуудлын ном”-ыг үзнэ үү (scriptures.ChurchofJesusChrist.org).

хувиараа судлах шигтгээ зураг

Хувиараа судар судлахад зориулсан санаа

Иеремиа 30–31; 33

Их Эзэн Израилыг боолчлолоос гаргаж, тэднийг цуглуулна.

Иеремиа 30–31; 33 дээр Их Эзэн израилчууд олзлогдсоноор “ихэд гашуудан уйлна” (Иеремиа 31:15) хэмээн баталжээ. Гэсэн хэдий ч Тэр бас тайтгарах, итгэж найдах үгс хэлсэн. Эдгээр бүлэг дэх ямар үгс израилчуудад тайтгарал, итгэл найдварыг өгнө гэж та бодож байна вэ? Та Их Эзэний Өөрийн хүмүүст өгсөн ямар ямар амлалтыг олсон бэ? Эдгээр амлалт өнөөдөр танд ямар хамаатай вэ?

Иеремиа 31:31–34; 32:37–42

“Тэд Миний хүмүүс, Би тэдний Бурхан нь болно.”

Хэдийгээр израилчууд Их Эзэнтэй байгуулсан гэрээгээ зөрчсөн ч Их Эзэн Өөрийн хүмүүстэй “шинэ” бөгөөд “үүрдийн гэрээ” (Иеремиа 31:31; 32:40) байгуулна хэмээн Иеремиа бошиглосон. Шинэ бөгөөд үүрдийн гэрээ бол “Есүс Христийн сайн мэдээний бүрэн дүүрэн байдал” юм [Сургаал ба Гэрээ 66:2-ыг үзнэ үү]. Гэрээ нь урвалтын дараа шинээр илчлэгдэх бүрдээ шинэчлэгддэг. Энэ нь Бурханы гэрээ бөгөөд сайн мэдээг хүлээн авахад бэлэн хүмүүс сайн мэдээний эрин үе болгонд байгаа л бол энэ гэрээг байгуулдаг гэсэн утгаараа үүрдийнх юм” (Судруудын удирдамж, “Шинэ ба үүрдийн гэрээ,” scriptures.ChurchofJesusChrist.org; налуу бичилт нэмэгдсэн).

Та Иеремиа 31:31–34; 32:37–42-ыг уншаад, Бурханы гэрээт хүмүүсийн нэг хэсэг байна гэдэг нь таны хувьд ямар утгатай болохыг эргэцүүлэн бодно уу. Эдгээр шүлэг таны Бурхантай байгуулсан гэрээт харилцаагаа харах өнцөгт хэрхэн нөлөөлж байна вэ? Түүний хуулийг зүрхэн дээрээ бичүүлэх гэдэг нь ямар утгатай вэ? (Иеремиа 31:33-ыг үзнэ үү).

Мөн Иеремиа 24:7; Еврей 8:6–12-ыг үзнэ үү.

Судраас суралцаж буй охин

Судрууд биднийг наманчилж, Их Эзэнд хандахад сүнслэгээр өдөөдөг.

Иеремиа 36

Нүгэл хилэнцийг орхиход тань туслах хүч судруудад бий.

Их Эзэн хэрэв хүмүүс эдгээр бошиглолыг сонсоод, бошиглолуудыг “хуйлмал ном” эсвэл хуйлмал цаасан дээр бичиж тэмдэглэ, “ингэснээр хүн бүр муу замаасаа эргэх юм. Би тэдний гэм бурууг уучилна” (Иеремиа 36:2–3) хэмээн Иеремиад зарлиглажээ Иеремиа 36-г уншаад, дараах хүмүүс эдгээр бошиглолын талаар юу гэж бодож байсан талаар тэмдэглэж болно. Үүнд:

Их Эзэн:

Иеремиа:

Барух:

Иехуди ба Иехоиаким хаан:

Елнатан, Делаиа, Гемариа:

Та судруудын талаар мөн тэдгээр нь таны амьдралд ямар үүрэг гүйцэтгэдэг талаар тунгаан бодно уу. Тэдгээр нь нүгэл хилэнцийг орхиход танд хэрхэн тусалсан бэ?

Мөн Julie B. Beck, “My Soul Delighteth in the Scriptures,” Ensign эсвэл Liahona, May 2004, 107–109-ийг үзнэ үү.

Гашуудал 1; 3

Нүглээс болж амсдаг зовлон шаналлыг маань Их Эзэн зайлуулж чадна.

Гашуудал ном нь Иерусалим болон түүний ариун сүмүүдийг устгагдсаны дараа бичсэн шүлгийн цуглуулга юм. Яагаад эдгээр гашуудлын шүлгийг Хуучин Гэрээнд оруулж, хадгалах чухал байсан гэж та бодож байна вэ? Гашуудал 1, 3 дахь ямар ямар зүйрлэл Израилын амссан агуу зовлон шаналлыг ойлгоход танд туслах талаар бодож үзээрэй. Христэд найдах найдварын тухай ямар ямар захиасыг олж мэдсэн бэ? (ялангуяа Гашуудал 3:20–33-ыг мөн Матай 5:4; Иаков 4:8–10; Алма 36:17–20-ийг үзнэ үү).

гэр бүлээрээ судлах шигтгээ зураг

Гэр бүлээрээ судар судлахад мөн гэр бүлийн үдэшт зориулсан санаа

Иеремиа 31:3.Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёр биднийг гэх “мөнхийн хайраа” бидэнд хэрхэн харуулсан бэ? Христийн бидэнд зориулан бүтээсэн эсвэл мөнх бус амьдрал дээрх тохинууллынхаа үеэр хийсэн зүйлсийг харуулсан зургийг харуулах нь гэр бүлийнхэнд тань Түүний “хайр энэрлийг” мэдрэхэд тусалж болох юм.

Иеремиа 31:31–34; 32:38–41.Биднийг Их Эзэнтэй гэрээ байгуулахад Түүний амласан зүйлсийн жагсаалтыг эдгээр шүлгээс олж гаргах талаар бодож үзээрэй. Эдгээр шүлэг гэрээнүүдийн маань ач холбогдлын талаар бидэнд юу зааж байна вэ?

Түүнчлэн гэр бүлийн гишүүд Аврагчийн талаар юу гэж боддогийг нь харуулах ямар нэг зүйлийг зүрхэн хэлбэртэй цаасан дээр бичиж (эсвэл зурж) болно. Түүний хуулийг зүрхэн дээрээ бичих гэдэг нь ямар утгатай вэ? (Иеремиа 31:33-ыг үзнэ үү). Их Эзэнд Өөрийнх нь хүмүүс болохыг хүсэж байгаагаа бид хэрхэн харуулах вэ?

Иеремиа 36.Судрын ач холбогдлын талаар мэдэж авахад нь гэр бүлийнхэндээ туслахын тулд та Иеремиа 36-г хэрхэн ашиглаж болох вэ? (жишээлбэл, 1–6, 10, 23–24, 27–28, 32-р шүлгийг үзнэ үү). Та гэр бүлийн нэг гишүүнээс энэ бүлгийн нэг шүлгийг уншихыг, харин өөр гишүүнээс Барухын Иеремиад зориулан бичиж байсны адил бичиж тэмдэглэхийг хүсэж болох юм. Бошиглогчдын үгсийг хадгалж үлдсэн Барух шиг хүмүүсийн гаргасан хүчин чармайлтад бид яагаад талархах ёстой вэ? Бид судрууд дээрх Их Эзэний үгсийг эрхэмлэн дээдэлдгээ Түүнд хэрхэн харуулж болох вэ?

Гашуудал 3:1–17, 21–25, 31–32.Та нар гэр бүлээрээ Гашуудал 3:1–17 дээр илэрхийлсэн мэдрэмж гэм нүгэл үйлдэхэд мэдэрдэг мэдрэмжтэй хэрхэн холбогдож болох талаар ярилцаж болно. 21–25, 31–32-р шүлэг дэх захиасууд бидний амьдралд хэрхэн нөлөөлж болох вэ?

Хүүхдүүдэд заах нэмэлт санаануудыг Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав гарын авлагын энэ долоо хоногийн тоймоос үзнэ үү.

Санал болгох дуу: “Би Аврагчийн хайрыг мэдэрдэг,” Хүүхдийн дууны ном, 42–43.

Хувиараа судлах үйл явцаа сайжруулах

Илчлэлт эрэлхийл. Өдрийн туршид тунгаан бодсоноор та суралцсан судрынхаа талаар нэмэлт санаа, сэтгэгдэл хүлээн авч болох юм. Сайн мэдээнээс суралцахыг цаг гарган хийдэг биш, харин үргэлж хийж байх ёстой зүйл гэж бод. (Аврагчийн арга барилаар заах нь, 12-ыг үзнэ үү.)

Гадаа хот шатаж байх зуур агуй дотроос гунигтай харж буй хүн.

Иерусалимын сүйрэлд гашуудаж буй Иеремиа, Рэмбрандт ван Рейн