“10-р сарын 17–23. Иеремиа 30–33; 36; Гашуудал 1; 3: ‘Би тэдний гашуудлыг баяр хөөр болгоно,’” Ирээд, Намайг дага—Ням гаргийн ангид зориулав: Хуучин Гэрээ 2022 (2021)
“10-р сарын 17–23. Иеремиа 30–33; 36; Гашуудал 1; 3,” Ирээд, Намайг дага—Ням гаргийн ангид зориулав: 2022
10-р сарын 17–23
Иеремиа 30–33; 36; Гашуудал 1; 3
“Би тэдний гашуудлыг баяр хөөр болгоно”
Та Иеремиа, Гашуудал номуудаас хувиараа суралцаж байхад төрсөн сэтгэгдлээ тунгаан бод. Эдгээр бүлгийн ямар ямар хэсэг таны заадаг хүмүүст хамгийн чухал гэж та бодож байна вэ?
Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ
Хуваалцахад урь
Судраас суралцахдаа олж мэдсэн зүйлээ хуваалцахад нь ангийн гишүүдэд туслахын тулд та самбарт Би … болохыг мэдсэн. Надад … талаарх гэрчлэл бий эсвэл Би … мэдэрсэн гэх мэт өгүүлбэрүүдийг бичиж болно. Ангийн гишүүд эдгээр өгүүлбэрийг гүйцээхийн тулд Иеремиа эсвэл Гашуудал номын хэсгээс хуваалцаж болно.
Сургаалыг заах
Иеремиа 30–31; 33; Гашуудал 1:1–7; 3:1–5
Их Эзэн Израилыг боолчлолоос гаргаж, тэднийг цуглуулна.
-
Иеремиагийн бошиглолууд дахь найдварын захиасууд ангийн гишүүдэд өөрсдийнхөө нөхцөл байдалд найдах найдвар төрүүлж болох юм. Өнөө үеийн хүмүүсийг Иеремиагийн үеийн хүмүүс шиг итгэл найдваргүй болгоход хүргэж болох нөхцөл байдлын талаар ангийнхан тань ярилцаж болох юм (Иеремиа 30:5; 31:15; Гашуудал 1:1–7; 3:1–5-ыг мөн “Нэмэлт эх сурвалж” дахь эшлэлийг үзнэ үү). Та дараа нь ангийн гишүүдийг гурван бүлэгт хуваагаад, бүлэг бүрийг Иеремиа 30; 31; 33-ыг уншиж, өнөө үеийн хүмүүст итгэл найдвар өгөх захиасуудыг олоход урьж болно. Их Эзэнд итгэж найдах нь хэрхэн бидэнд сорилт бэрхшээлийг даван туулахад тусалсан бэ?
“Тэд Миний хүмүүс, Би тэдний Бурхан нь болно.”
-
Иеремиа 31:31–34; 32:37–42-ыг унших нь ангийнханд тань байгуулсан гэрээгээ тунгаан бодоход тусалж болно. Эдгээр шүлгийн тухай хэлэлцүүлгийг хөхиүлэн дэмжих нэг арга зам бол шүлгүүдийг уншаад, уншсан зүйлийнх нь талаар ангийнхнаасаа асуухыг хүсэж байгаа асуултаа цаасан дээр бичих хэдэн минутыг ангийн гишүүдэд өгөх явдал юм. Жишээлбэл, Бурханы хуулийг зүрх сэтгэлдээ бичих гэдэг нь ямар утгатай болохыг (Иеремиа 31:33-ыг үзнэ үү) эсвэл Их Эзэнийг таньж мэдэхэд гэрээнүүд хэрхэн бидэнд тусалдаг талаар ярилцахыг хүсэж магад (Иеремиа 31:34-ийг үзнэ үү). Та асуултуудыг цуглуулаад, хэдийг нь сонгон, хамтдаа ярилцаж болно. Гэрээгээ зоригтой сахихад сүнслэгээр өдөөсөн ямар зүйлийг бид эдгээр шүлгээс мэдэж авсан бэ?
Судрууд биднийг хилэнцээс холдуулах хүчтэй.
-
Ангийн тань гишүүд Иеремиа 36-г гэртээ судлахдаа судруудын талаар ойлголттой болсон байж болох юм. Сурч мэдсэн зүйлээ хуваалцахад тэднийг урь. Мөн та ангийн гишүүдэд уг бүлэгт гардаг хүний нэрийг оноогоод, уг хүн Бурханы үгийг хэрхсэн талаар уншихад тэднийг урьж болно. Ангийн гишүүд Их Эзэн (1–3, 27–31-р шүлгийг үзнэ үү); Иеремиа (4–7, 32-р шүлгийг үзнэ үү); Барух (4, 8–10, 14–18-р шүлгийг үзнэ үү); Иехуди болон хаан Иехоиаким (20–26-р шүлгийг үзнэ үү); мөн Элнатан, Делаиа, Гемариа (25-р шүлгийг үзнэ үү) нарын үг, үйлдлийг судалж болох юм. Сударт хэрхэн ханддагийг бидний үг, үйлдэл хэрхэн харуулдаг вэ?
Нэмэлт эх сурвалж
Та үргэлж найдвар тээж чадна.
Ерөнхийлөгч М.Рассэлл Баллард зарим нөхцөл байдал хүмүүсийг итгэл найдвараа алдахад хүргэж болзошгүй болохыг дурдаад, хаанаас итгэл найдвар олж болох талаар ийн зөвлөсөн.
“Бидний зарим нь амьдрал нь бухимдал, урам хугаралт, уй гашуугаар дүүрсэн байхыг олж харж болох юм. Олон хүн дэлхийг хөмөрсөн мэт санагдах эмх замбараагүй байдлыг хэрхэн шийдвэрлэхээ мэдэхгүй арга мөхөстдөг. Зарим нь суларч буй мэт үнэт зүйлс, буурч буй ёс суртахууны хэм хэмжээний хурдацтай, хүчтэй давлагаанд автсан гэр бүлийнхээ гишүүдийн төлөө шаналдаг. … Тэр ч бүү хэл олон хүн дэлхийн ёс бус явдал, харгис хэрцгий байдлыг засаж залруулшгүй гэж үзэн, өөрсдөө үүнд бууж өгсөн байдаг. Тэд итгэл найдвараа алдсан.…
…Бидний зарим нь гэм нүгэл, алдаа зөрчлийн улмаас бүх найдвараа алдсан байж болох юм. Хүмүүн дэлхийн арга замд гүн гүнзгий автсанаасаа болж гарц байгааг олж харахгүй, итгэл найдвараа алддаг. Дайсны энэ урхинд орсон бүх хүнээс хүсэх нэг зүйл надад байна. Хэзээ ч бүү бууж өг! Аргаа барж, цөхөрч туйлдан, найдвар үлдээгүй мэт санагдах үед ч гэсэн та үргэлж итгэл найдварыг олох боломжтой гэдэгт итгээрэй. Үргэлж” (“The Joy of Hope Fulfilled,” Ensign, Nov. 1992, 31–32).
“Маш энгийнээр хэлэхэд, өнөөгийн хүнд хэцүү цаг үед сүнслэг байдлын хувьд аюулгүй байх цорын ганц найдвар маань оюун ухаан, зүрх сэтгэлээ Есүс Христ рүү хандуулах явдал юм. … Бурханд болон Түүний Хүү Есүс Христэд итгэлтэй байх нь сорилт бэрхшээл, хүнд хэцүү цаг үед бидэнд тал талаас нь дэнсэлж харах чадвараа авч үлдэхэд зайлшгүй хэрэгтэй” (“The Joy of Hope Fulfilled,” 32).