“9-р сарын 19–25, Исаиа 40–49: “Ард түмнийг минь тайвшруул,’” Ирээд, Намайг дага—Ням гаргийн ангид зориулав: Хуучин Гэрээ 2022 (2021)
“9-р сарын 19–25, Исаиа 40–49,” Ирээд, Намайг дага—Ням гаргийн ангид зориулав: 2022
9-р сарын 19–25
Исаиа 40–49
“Ард түмнийг минь тайвшруул”
Заримдаа хүмүүс судрыг сайн мэдэхгүй гэж боддогоосоо болж өөрсдийн бодол санааг ангид хуваалцахаасаа цааргалдаг байж болох юм. Ангийн бүх гишүүнд сүнслэг ойлголт үнэ цэнтэй гэдгийг мэдрүүлэхийн тулд та хэрхэн тусалж болох вэ?
Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ
Хуваалцахад урь
Исаиа 40–49-ийг судалж байхад Сүнс танд юу заасан бэ? гэсэнтэй адилхан асуултыг самбарт бичих талаар бодож үзээрэй. Ангийн гишүүд энэ асуултыг тунгаан бодож, хариултаа бичин, тэдний дундаас хэдэн хүн санал бодлоо хуваалцаж болно.
Сургаалыг заах
Есүс Христ биднийг тайвшруулж, итгэл найдвар өгч чадна.
-
Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав гарын авлагын энэ долоо хоногийн тоймд Исаиа 40–49-өөс тайтгарал, найдварын захиасыг хайж, зарим хэсгийг жагсаан бичиж эхлүүлж болно. Та ангийн гишүүдээс олсон ямар нэг захиасаа хуваалцахыг хүсэж магад. Яагаад эдгээр захиас боолчлогдож байсан иудейчүүдэд тусалсан байж болохыг мөн энэ нь өнөөдөр бидэнд хэрхэн тусалж болох талаар ярилцахад тэднийг урамшуулан дэмж. Та мөн хувиараа суралцахдаа олсон хэсгүүд рүү тэдний анхаарлыг хандуулж болно. Их Эзэн биднээс Өөрийнх нь талаар юу мэдээсэй хэмээн хүсдэг вэ? Тэр биднийг хэрхэн тайтгаруулдаг вэ? Та Хуучин Гэрээн дээрх “Эзэн” гэдэг нь Иеховаг эсвэл Есүс Христийг хэлж байгааг ангийн гишүүдэд сануулж болно.
-
“Бат бөх суурь” (Сүмийн дуулал болон хүүхдийн дуу, ду. 6) дуулал нь Исаиа 41:10; 43:2–5; 46:4 дэх Исаиагийн үгсээс авсан байдаг. Ангийн гишүүд эдгээр судрыг уншиж, дууллын холбогдох бадгуудыг дуулсныхаа дараа Их Эзэн тэдэнтэй хамт байсныг мэдэрсэн үеэ мөн тэдний энэ туршлага хэрхэн тэдэнд “айхгүй байхад” тусалсан талаар ярилцаж болно.
Исаиа 40:1–3, 9–11; 43:8–13; 48:20–21; 49:1–9
“Та нар миний гэрч.”
-
Их Эзэний “гэрч” байх гэдэг нь юу гэсэн утгатай вэ? Ангийн гишүүд дараах судрын хэсгээс нэгийг, аль эсвэл хэд хэдийг уншихдаа энэ асуултыг тунгаан бодож болно. Үүнд: Исаиа 40:1–3, 9–11; 48:20–21; 49:1–9. Түүнчлэн “Нэмэлт эх сурвалж” дахь мэдэгдэл зарим хариултыг өгч болох юм. Их Эзэний гэрчийн хувиар бидний хуваалцдаг “сайн мэдээ” юу вэ? Эдгээр шүлгийн юу нь бидэнд гэрчлэлээ хуваалцахаас “айхгүй байхад” тусалдаг вэ? (Исаиа 40:9). Ангийн гишүүд Их Эзэний гэрч болох боломжийн тухай мөн тэдний гэрчлэл бусдыг хэрхэн адисалж чадах талаар ярилцаж болно.
-
Та Исаиа 43:8–13 дахь сургаалуудыг амьдралдаа хэрэгжүүлэхэд нь ангийн гишүүдэд туслахын тулд тэднийг шүүх хуралдаанд гэрчээр оролцоход дуудагдсан гэж төсөөлөхөд урьж болно. Уг шүүх хуралдаанд Есүс Христийг Исаиа 43:11-д цэдэглэсэн зүйлийг хэлснээс болж буруутгажээ. Хэрэв бид Есүсийн хэлсэн зүйлийг дэмжиж, гэрчээр дуудагдсан бол (10-р шүлгийг үзнэ үү), юуг гэрчлэх байсан бэ? Бид өөрсдийн амьдрал дээр үндэслэсэн ямар нотолгоог өгөх вэ?
Их Эзэн зовлон зүдгүүрээр маань дамжуулан биднийг цэвэршүүлдэг.
-
Ахлагч Квинтин Л. Күкийн хэлсэн дараах үгс Исаиа 48:10-ыг ойлгоход бидэнд хэрхэн тусалдаг талаар ангийн гишүүд ярилцаж болох юм. Тэрээр “Зовлон зүдгүүрийн зуухаар дамжин үүссэн зөв шударга байдал, сайн сайхан зан чанар нь биднийг цэвэршүүлж, төгөлдөржүүлдэг” гэж хэлжээ (“Тэдний дуулж чадаагүй дуунууд,” 2011 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 124). Мөн тэд өөрсдийн “зовлон зүдгүүрийн зуухаар” дамжуулан тэднийг хэрхэн сүнслэгээр цэвэршүүлэхэд тусалсан тухайгаа ярилцаж болно. Биднийг зовж байхад Исаиа 49:13–16 хэрхэн тусалдаг вэ? Мөн “Цэвэршүүлэгчийн гал” (ChurchofJesusChrist.org) видеог үзнэ үү.
Нэмэлт эх сурвалж
Гэрч болон зогсох.
Ерөнхийлөгч Маргарэт Д. Надаулд “Ямар ч цагт мөн бүх зүйлд мөн хаана ч гэсэн Бурханы гэрчлэгч болж зогсох” (Мозая 18:9) гэдэг нь ямар учир утгатай үг болохыг ийн тайлбарласан.
“Бид ямар ч цагт гэрчлэгч болж зогсохдоо Их Эзэнийг хайрлаж, өдөр, шөнө, зун, өвөл, сайн, муу гээд ямар ч цагт Түүнийг эрхэмлэн дээдэлж, хайрлаж, тэрхүү хайраа амьдралынхаа хэв маягаар харуулах болно гэдгээ амладаг.…
Бүх зүйлд гэрчлэгч болж зогсох гэдэг нь бүх яриа, хошигнол, тоглодог тоглоом, уншдаг ном, сонсдог хөгжим, дэмждэг үйл хэрэг, үзүүлдэг үйлчилгээ, өмсдөг хувцас, үүсгэсэн найз нөхдийн харилцааны том, жижиг бүх зүйлд гэрчлэгч байхыг хэлнэ.…
Эцэст нь бид хаана ч гэрчлэгч болж зогсоно хэмээн хэлдэг. Энэ нь зөвхөн олон нийтийн газар төдийгүй ганцаараа, нууцлаг, харанхуй эсвэл гэрэлтэй газар; сүм, сургууль, гэр орондоо эсвэл машинд; уулархаг газарт юм уу далайн эрэгт; гудамжинд эсвэл цэцэрлэгт хүрээлэнд гэрчлэгч болж зогсоно гэсэн үг юм.…
Бид [Аврагчийн] бидэнд өгсөн сүр жавхлант бэлгийн тухай бодох үедээ Түүний төлөө, Түүнийг илгээсэн Тэнгэрлэг Эцэгийнхээ төлөө өчүүхэн жижиг ч болов ямар зүйлийг хийж чадах вэ? Бид ямар ч цагт, бүх зүйлд, мөн хаана ч гэсэн Тэдний хайр, сургаалын гэрчлэгч болон зогсож чадна” (“Stand as a Witness,” Ensign, May 2000, 93, 95).