“9-р сарын 12–18. Исаиа 13–14; 24–30; 35: ‘Ер бусын гайхамшигт, гайхалтай зүйл,’” Ирээд, Намайг дага—Ням гаргийн ангид зориулав: Хуучин Гэрээ 2022 (2021)
“9-р сарын 12–18. Исаиа 13–14; 24–30; 35,” Ирээд, Намайг дага—Ням гаргийн ангид зориулав: 2022
9-р сарын 12–18
Исаиа 13–14; 24–30;35
“Ер бусын гайхамшигт, гайхалтай зүйл”
Та Исаиа номоос үнэнүүдийг олж мэдэхэд бусдад туслахынхаа өмнө өөрөө эхэлж олж мэдэх хэрэгтэй. Та энэ долоо хоногт уншихдаа, ангид ямар үнэнийг онцлохоо бодоорой.
Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ
Хуваалцахад урь
Та ангийн гишүүдийг Исаиагаас сурч мэдэж байгаа зүйлээ хуваалцахад урамшуулан дэмжихийн тулд, “Исаиа номыг ойлгоход хэтэрхий хүнд” гэж хэлсэн хүнд юу гэж хариулахыг тэднээс асууж болно. Исаиагийн сургаалын утга агуулгыг олоход бидэнд юу тусалсан бэ? Судрын ямар хэсэг биднийг сүнслэгээр өдөөсөн бэ?
Сургаалыг заах
Исаиа 24:21–23; 25:6–8; 26:19; 28:16
Исаиагийн бичээсүүд биднийг Есүс Христ рүү чиглүүлдэг.
-
Танай ангийн гишүүд Нифайтай адил Есүс Христийн талаарх Исаиагийн гэрчлэлд баяссан байх (2 Нифай 11:2-ыг үзнэ үү). Энэ долоо хоногт уншиж байхдаа олсон, Аврагчийн талаар заасан аль нэг шүлгээ хуваалцахыг тэднээс хүсэж болно. Эсвэл та Исаиа 24:21–23; 25:6–8; 26:19; 28:16-аас, аль эсвэл судалж байсан өөр шүлгээсээ Есүс Христийн талаар сурч мэдсэн зүйлээ хуваалцахад ангийн гишүүдээ урьж болно. Яагаад бидэнд эдгээр үнэн чухал вэ?
Исаиа 24:1–5; 28:1–8; 29:7–10; 30:8–14
Их урвалт гэдэг нь Их Эзэн, Түүний бошиглогчдоос нүүрээ буруулахыг хэлнэ.
-
Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав гарын авлагын энэ долоо хоногийн тоймд Их Эзэнээс нүүр буруулж, Түүний бошиглогчдоос татгалзахын үр дагаврыг дүрслэхдээ Исаиагийн ашигласан зарим зүйрлэлийг тунгаан бодохыг санал болгосон байгаа. Ангийн гишүүдийг олж мэдсэн зүйлээ хуваалцахад урина уу. Эсвэл та тэднийг Исаиа 24:1–5; 28:7–8; 29:7–10; 30:8–14 зэрэг судрын хэсгүүдийн аль нэгийг уншихад урьж болно. Тэд уншсан зүйл дээрээ үндэслэн, “Хэрэв бид Их Эзэнээс нүүрээ буруулбал … болно” гэсэн өгүүлбэрийг гүйцээж болох юм. Их Эзэнд үнэнч хэвээр үлдэж, урвалтаас зайлсхийхийн тулд бид юу хийж чадах вэ? (Зарим санааг “Нэмэлт эх сурвалж”-аас үзнэ үү.) Их Эзэн Өөрт нь итгэлтэй хэвээр үлдсэн хүмүүсийг хэрхэн адисалдаг вэ?
-
Биднийг урвахад хүргэж болзошгүй хандлага, зан авирын талаар хэлэлцүүлэг эхлүүлэхийн тулд та ангийн гишүүдийг Исаиа 24:1–5; 28:1–8; 29:7–10; 30:8–14-ийг судлахад урьж болно. Исаиагийн цаг үед амьдарч байсан хүмүүсийн бодож, хийж байсан зүйлийг олж мэдэхийг тэднээс хүс. Самбарт Анхааруулга: Дараах хандлага, зан авир урвахад хүргэж болзошгүй гэсэн анхааруулах гарчгийг байрлуулаарай. Ангийн гишүүд шүлгүүдээс олж мэдсэн зүйлээ самбарт жагсаан бичиж болно. Тэдэнд өөрсдийгөө болон гэр бүлийнхнээ урвалтаас хэрхэн хамгаалдгаа хуваалцах боломжийг олго.
Их Эзэн алдсан эсвэл эвдэрсэн зүйлийг сэргээж чадна.
-
Ангийн гишүүдэд Исаиа 29-ийг тунгаан бодоход туслах Исаиагийн бичвэрүүд бидний цаг үед сайн мэдээний Сэргээлттэй хэрхэн холбогддог вэ? гэсэн асуултыг самбарт бичиж болно. Исаиа 29:13–24-ийг дотроо уншиж байхдаа энэ асуултыг бодоход тэднийг урамшуул. Хэрэв тусламж хэрэгтэй бол тэд 2 Нифай 27:6–26; Иосеф Смит—Түүх 1:17–19, 63–65 зэрэг судрын хэсгүүдийг уншиж болно. Самбар дахь асуултын талаар ярилцсаныхаа дараа тэд яагаад “ер бусын гайхамшигт,” “гайхалтай зүйл” (Исаиа 29:14) гэсэн үгс сайн мэдээний Сэргээлтийг дүрслэхэд тохирсон үгс болохыг ярилцаж болно. Бид “Есүс Христийн сайн мэдээний бүрэн байдлын сэргээлт: Дэлхий дахинд өргөх хоёр зуун жилийн ойн тунхаг”-аас Сэргээлтийн талаар юу сурч мэдсэн бэ? (ChurchofJesusChrist.org).
-
Исаиа номын 30, 35-р бүлэг Өөрт нь хандах хүмүүсийг адислах Их Эзэний хүч чадалд итгэх итгэлийг нэмэгдүүлэх хэд хэдэн судрын хэсгийг агуулдаг. Эдгээр хэсгийг олоход нь ангийн гишүүдэд туслахын тулд та тэднийг Исаиа 30:18–26, Исаиа 35-ын аль нэгийг судлахад урьж болно. Хэн нэгнийг гэтэлгэлийнхээ төлөө Их Эзэнд хандахад тусалж болох олсон үг, хэллэгээ хуваалцахыг тэднээс хүс.
Нэмэлт эх сурвалж
Их Эзэнд болон Түүний Сүмд итгэлтэй хэвээр үлдэх.
Ерөнхийлөгч М.Рассэлл Баллард Их Эзэнд болон Түүний Сүмд итгэлтэй хэвээр үлдэхэд бидэнд туслах дараах зөвлөгөөг өгсөн.
“Бид Есүс Христэд итгэх итгэлээ нэмэгдүүлж, Түүний сайн мэдээнд амьдралынхаа туршид итгэлтэй байснаар байнгын хөрвөлтийг мэдрэх хэрэгтэй бөгөөд үүнийг зөвхөн нэг удаа хийх биш, тогтмол хийх хэрэгтэй [Алма 5:26-г үзнэ үү].…
… Их Эзэний үг судруудад болон төлөөлөгч, бошиглогчдын сургаалд байдаг. Хэрэв бид эдгээрийг дагавал, тэд бидэнд зөвлөмж, чиглэл өгч, сүнслэг аврах хантааз болж өгдөг бөгөөд хоёр гараараа хэрхэн чанга зууран барихыг мэдэхэд бидэнд тусалдаг.…
Мөн бид хувиараа судар уншихаа хэвшил болгож, Мозаягийн хөвгүүдийн адил өөрсдийгөө ‘их залбирал, мөн мацаг барилтад зориулах хэрэгтэй’ [Алма 17:3]” (“Завиндаа үлдэж, чанга зууран барь!” 2014 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 101–104).