“12-р сарын 12–18. Малахи: ‘Би та нарыг хайрласан гэж Эзэн айлдаж байна,’” Ирээд, Намайг дага—Ням гаргийн ангид зориулав: Хуучин Гэрээ 2022 (2021)
“12-р сарын 12–18. Малахи,” Ирээд, Намайг дага—Ням гаргийн ангид зориулав: 2022
12-р сарын 12–18
Малахи
“Би та нарыг хайрласан гэж Эзэн айлдаж байна”
Малахи дахь зарим захиасаас суралцах нь ангийнханд тань онцгой чухал байж болох юм. Та суралцах явцдаа тэдгээр захиас юу байж болохыг олж мэдэхийн тулд залбир. Мөн ийн үйлдэх нь таны заадаг хүмүүсийг хайрлах Их Эзэний хайрыг мэдрэхэд танд тусална.
Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ
Хуваалцахад урь
Та Малахи номын тухай хэлэлцүүлгийг эхлүүлэхдээ, Захиас гэсэн үгийг самбарт бичиж болно. Малахи номын бүлэг бүрээс олж мэдсэн чухал захиасуудаа хуваалцахад ангийн гишүүдийг урамшуулан дэмж. Хуваалцсан зүйлээ санаж, тунгаан бодоход нь ангийн гишүүдэд туслахын тулд та тэдгээр захиасыг самбарт бичиж болно.
Сургаалыг заах
Их Эзэн “цэвэр өргөл”-ийг хүсдэг.
-
Ангийн гишүүдийг Малахи 1:6–14-өөс өргөлийн талаар сурч мэдсэн зүйлээ хуваалцахад урамшуулан дэмжихийн тулд та тэднийг эдгээр шүлгийг дотроо уншаад, Израилын санваартнуудын өргөлийн талаар ойлгоогүй зүйлийг ангийнхаа өөр гишүүнтэй ярилцахад урьж болно. Яагаад Их Эзэн биднээс хамгийн сайнаа өгөхийг хүсдэг вэ? Ангийн гишүүд өнөө үед бидний Их Эзэнд өгдөг өргөл эсвэл гаргадаг золиосын жагсаалтыг гаргаж болно. Жагсаалтад орсон зүйл бүрийг “бохир” эсвэл “цэвэр” өргөл болгож болох юмсын талаар ярилцаж болно (Малахи 1:7, 11).
Малахийн бошиглолууд хожмын өдрүүдэд гүйцэлдэж байна.
-
Та Малахи 3–4-ийн тухай хэлэлцүүлгийг эхлүүлэхдээ, Моронайн Иосеф Смитэд үзэгдэхдээ эдгээр бүлгээс хуваалцсан шүлгүүдийг онцолж болно (Иосеф Смит—Түүх 1:36–39-ийг үзнэ үү). Ангийн гишүүдийн хувьд эдгээр бүлэгт буй ямар үнэн Иосефт болон нэн ялангуяа бидэнд чухал гэж бодож байна вэ? Ангийн гишүүд жижиг бүлгүүдэд хуваагдаад, аль болох олон үнэнийг жагсааж болно. Бүлгүүдийг жагсаалтаа хуваалцаад, эдгээр үнэн яагаад хожмын өдрүүдэд чухал болохыг ярилцахад урамшуул.
Биднийг аравны нэгээ өгөхөд Их Эзэн тэнгэрийн цонхыг нээдэг.
-
Аравны нэгийн хуулийн талаар гэрчлэлээ хуваалцахад ангийн гишүүдийг урамшуулахын тулд та тэднийг Малахи 3:8–12 дахь зарчмуудыг олоод, эдгээр зарчим үнэн болохыг хэрхэн олж мэдсэнээ хуваалцахад урьж болно. Аравны нэгээ өгснийх нь хариуд Их Эзэн тэднийг сүнслэг болон материаллаг байдлаар хэрхэн адисалсныг тэд ярьж болно. Эсвэл тэд ахлагч Дэвид А. Бэднарын “Тэнгэрийн цонхнууд” (2013 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 19–22) захиастаа аравны нэгийн талаар хуваалцсан сургамжуудыг ярилцаад, энэ хуулийн дагуу амьдрахыг хичээснээр сурч мэдсэн зүйлээ хуваалцаж болно.
-
Их Эзэн яагаад аравны нэгийг өгөхийг биднээс хүсдэг талаар хэн нэгэнд хэрхэн зааж болохоо тунгаан бодох зуур Малахи 3:8–12-ыг дотроо уншихыг тэднээс хүс. Тэд мөн ерөнхийлөгч Гордон Б. Хинклигийн “Нэмэлт эх сурвалж” дахь мэдэгдлийг уншиж болно. Бид аравны нэгийн талаар бусдад юу ойлгуулахыг хүсдэг вэ? Жишээлбэл, аравны нэгээ өгөх гэдэг нь ямар утгатай вэ? Яагаад Их Эзэн үүнийг хийхийг биднээс хүсдэг вэ? Аравны нэгээ өгөхөд “тэнгэрийн цонх” (шүлэг 10) бидэнд хэрхэн нээгддэг вэ? Хэн нэгэнд аравны нэгийг өгөхтэй холбоотой ямар асуудал үүсэж болох вэ мөн бид энэ асуудалд хэрхэн хариулах вэ? Энэ зарлигийг сахих нь Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрт итгэх итгэлийг нь хэрхэн хүчирхэгжүүлсэн талаар хуваалцахыг ангийн гишүүдээс хүс.
“Би та нарт бошиглогч Елиаг илгээх болно.”
-
Ангийн гишүүд эдгээр шүлгийг Моронайн Иосеф Смит—Түүх 1:38–39-д Иосеф Смитэд эш татсан байдалтай харьцуулснаар Малахи 4:5–6-ийн талаар ойлгоход тус болох ойлголтыг олж авч болох юм. (Хэн нэгнээр хоёр хувилбарыг самбарт зэрэгцүүлэн бичүүлэх нь тус болж болох юм.) Моронайн үг Малахи дахь шүлгүүдийн талаарх бидний ойлголтод юу нэмсэн бэ? Та нар мөн дараах асуултуудын талаар ярилцаж болно. Үүнд: “Эцгүүд” гэдэг нь хэн бэ? (Дэд хууль 29:13-ыг үзнэ үү). Бидний зүрх сэтгэл эцгүүд рүүгээ, харин тэдний зүрх сэтгэл бидэн рүү хэрхэн эргэдэг вэ? Малахийн бошиглолууд хэрхэн биелж байгааг ойлгоход нь ангийнхандаа туслахын тулд Елиа Иосеф Смитэд лацдан холбох түлхүүрүүдийг даатгасан талаар уншуулж болно (Сургаал ба Гэрээ 110:13–16-г үзнэ үү). Эдгээр түлхүүрийг сэргээсэнд ангийн гишүүд яагаад талархдаг вэ?
-
Малахи 4:5–6 нь ариун сүм, гэр бүлийн түүхийн ажлын талаар ярих гайхалтай боломжийг олгодог. Ангийн гишүүд энэ ажлыг хийж байхдаа хуримтлуулсан туршлагаа мөн тэдгээр туршлага нь хэрхэн тэдэнд зүрх сэтгэлээ эцгүүд рүүгээ хандуулахад тусалсан талаар хуваалцаж болох юм. Зүрх сэтгэлээ бидэн рүү хандуулахад нь хойч үеийнхэндээ туслахын тулд бид юу хийж болох вэ?
Нэмэлт эх сурвалж
Аравны нэгийн өргөл бол итгэлтэй холбоотой асуудал мөн.
Ерөнхийлөгч Гордон Б. Хинкли “Бид аравны нэгээ өгч чадна. Энэ нь мөнгөний гэхээс илүү, итгэлийн асуудал юм. Тэнгэрийн цонх шууд утгаараа, гайхамшигтай нээгдэж, адислалуудаар цутгахыг өөрийн биеэр мэдрээгүй итгэлтэй аравны нэг төлөгч надтай хараахан тааралдаагүй байна” (“Let Us Move This Work Forward,” Ensign, Nov. 1985, 85).