“3. Есүс Христийн Цагаатгал,” Төгс эзэмших сургаалыг судлах үндсэн материал (2018)
3. Есүс Христийн Цагаатгал
3.1. Мөнх бус байдлын өмнөх дэлхийд болсон зөвлөгөөнөөр Есүс Христ бидний Аврагч, Гэтэлгэгч байхаар урьдчилан томилогдсон. Тэр бүх хүн төрөлхтнийг Уналтын сөрөг үр дагавраас гэтэлгэж, бидний гэм нүглийн төлөөсийг төлөхөөр Өөрийн хүслээр зовж шаналан, амиа өгсөн билээ. Есүс Христ зовж шаналан, үхэж мөн амилсны үр дүнд сүнслэг болон бие махбодын үхлийг ялан дийлсэн энэ үйл явдлыг Цагаатгал хэмээн нэрлэдэг. Түүний золиослол бидний хүн нэг бүрд ач тустай бөгөөд Тэнгэрлэг Эцэгийн хүүхэд бүр юу юунаас ч илүү үнэ цэнтэй гэдгийг харуулдаг.
3.2. Есүс Христ бүх хүн төрөлхтний төлөө хэмжээлшгүй хийгээд мөнхийн золиослолыг хийж чадах цорын ганц хүн байсан учраас бид зөвхөн Түүгээр дамжуулан аврагдах боломжтой. Зөвхөн Түүнд бие махбодын үхлийг ялан дийлэх хүч байсан. Тэрээр мөнх бус эх Мариагаасаа үхэх чадварыг өвлөн авсан бол Өөрийн мөнхийн Эцэг Бурханаас үүрд мөнх амьдрах буюу Өөрийн амийг өгч, дахин хүлээн авах хүчийг өвлөн авсан юм. Тэр л ганцаараа биднийг гэм нүглээс гэтэлгэж чадах байв. Тэрээр төгс, нүгэлгүй амьдралаар амьдарсан учраас шударга ёсны шаардлагаас чөлөөлөгдөж, нүглээ наманчилсан хүмүүсийн өрийг төлөх боломжтой байсан.
3.3. Түүний Цагаатгалд хүн төрөлхтний нүглийн төлөө Гетсеманийн цэцэрлэгт үүрсэн зовлон, урсгасан цус, загалмай дээрх шаналал болон үхэл мөн булшнаас гарч ирсэн зэрэг нь багтдаг. Есүс бол амилуулагдсан анхны хүн байсан. Тэрээр өргөмжлөгдсөн, үхэшгүй мах, ясан биетэйгээр булшнаас боссон. Түүний Цагаатгалын ачаар бүх хүн төрөлхтөн төгс, мөнх бие махбодтойгоор амилуулагдан, Бурханы оршихуйд шүүгдэхээр аваачигдах болно. Есүс Христийн цагаатгагч золиос нь бидэнд гэм нүглээсээ өршөөгдөн, зүрх сэтгэл маань цэвэршигдэж, Бурханы оршихуйд мөнхөд амьдрах цорын ганц арга замыг олгодог.
3.4. Есүс Христ Цагаатгалын нэгэн хэсэг болохын хувьд зөвхөн бидний нүглийн төлөө зовж шаналаад зогсохгүй бүх хүн төрөлхтний өвчин шаналал, уруу таталт, өвчин эмгэг, сул дорой байдлыг Өөр дээрээ авсан. Тэрээр Өөрөө зовлон амссан учраас бидний зовлонг ойлгодог. Бид Аврагчид итгэн, Түүнд ирвэл Тэр биднийг ачаагаа үүрэхэд, мөн өөрсдийн хүчээр хийж чадахгүй зүйлсээ хийхэд хүчирхэгжүүлнэ.
3.5. Есүс Христ бидний нүглийн төлөөсийг төлснөөр хувийн үүрэг хариуцлагаас маань чөлөөлж байна гэсэн үг биш юм. Бид Түүний золиослолыг хүлээн авч, нүглээсээ цэвэршин, мөнх амьдралыг өвлөн авахын тулд Түүнд итгэх итгэлээ хөгжүүлэн, наманчилж, баптисм хүртэж, Ариун Сүнсийг хүлээн авч, амьдралынхаа эцсийн өдрийг хүртэл тэвчвэл зохино.
Холбогдох эшлэлүүд: Иохан 3:5; 1 Коринт 15:20–22; Мозая 3:19; 3 Нифай 11:10–11; 3 Нифай 27:20; Сургаал ба Гэрээ 76:22–24
Холбогдох сэдвүүд: Бурхан Тэргүүтэн: Есүс Христ; Авралын төлөвлөгөө: Уналт; Ёслолууд ба гэрээнүүд
Есүс Христэд итгэх итгэл
3.6. Сайн мэдээний анхны зарчим бол Их Эзэн Есүс Христэд итгэх явдал мөн. Бидний итгэл зөвхөн Есүс Христ дээр төвлөрсөн үед аврал руу хөтөлж чадна.
3.7. Есүс Христэд итгэх итгэлд Түүнийг Бурханы Төрсөн Ганц Хүү, дэлхийн Аврагч гэдэгт бат итгэх итгэл орно. Бид Бурханы Хүүгийн хэмжээлшгүй Цагаатгалд итгэж мөн Есүс Христэд найдаж, Түүний сургаалыг дагах нь Тэнгэрлэг Эцэгтэйгээ эргэн амьдрах цорын ганц боломж гэдгийг мэднэ. Итгэл бол идэвхгүй сүсэг бишрэл биш бөгөөд Есүс Христэд итгэх жинхэнэ итгэл амьдралын маань хэв маягаар илэрдэг. Бид залбирч, судраас судалж, Бурханы зарлигуудад дуулгавартай байснаар итгэлээ хөгжүүлэх боломжтой.
Холбогдох эшлэлүүд: Сургаалт үгс 3:5–6; Ифер 12:6; Сургаал ба Гэрээ 6:36
Холбогдох сэдэв: Сүнслэг мэдлэг олж авах нь
Наманчлал
3.8. Есүс Христэд итгэх итгэл, Түүнийг болон Тэнгэрлэг Эцэгээ хайрлах хайр биднийг наманчлал руу хөтөлдөг. Наманчлал бол сонголтынхоо үр дүнг үүрэх боломжтой бүх хүүхдэдээ зориулсан Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөөний нэгэн хэсэг юм. Энэхүү бэлэг Есүс Христийн Цагаатгалаар боломжтой болсон. Наманчлал бол оюун ухаан, зүрх сэтгэлийн өөрчлөлт. Үүнд нүгэл үйлдэхгүй байх, бодол санаа, үйлдэл, хүслээ Бурханд хандуулах, өөрийн хүслийг Түүний хүсэлтэй нийцүүлэх зэрэг нь орно.
3.9. Наманчлалд нүглээ хүлээн зөвшөөрөх, нүгэл үйлдсэндээ бурханлаг байдлаар харуусах, Тэнгэрлэг Эцэгтээ мөн шаардлагатай бол бусдад нүгэл үйлдсэнээ хүлээх, нүглээ орхих, нүглийн улмаас учруулсан бүх хохирлыг аль болох бүрэн нөхөн төлөхийг хичээх, Бурханы зарлигуудад дуулгавартай амьдрах зэрэг нь багтдаг. Их Эзэн баптисм хүртвэл бидний нүглийг өршөөнө хэмээн амладаг бөгөөд бид Аврагчийг дурсан санаж, Түүний зарлигуудыг дагах чин хүсэлтэйгээр ариун ёслолоос хүртэх бүрдээ уг гэрээг шинэчилдэг.
3.10. Бид чин сэтгэлийн наманчлал ба Есүс Христийн Цагаатгалын ач ивээлээр дамжуулан Бурханы өршөөлийг хүлээн авч, амар амгаланг мэдрэх боломжтой. Бид Сүнсний нөлөөг илүү их мэдэрч, Тэнгэрлэг Эцэгтэй болон Түүний Хүүтэй мөнхөд хамт амьдрахад улам бүр бэлтгэгдэх болно.
Холбогдох эшлэлүүд: Исаиа 1:18; Иохан 14:15; 3 Нифай 27:20; Сургаал ба Гэрээ 19:16–19
Холбогдох сэдэв: Ёслолууд ба гэрээнүүд