“5. Бошиглогчид ба илчлэлт,” Төгс эзэмших сургаалыг судлах үндсэн материал (2018)
5. Бошиглогчид ба илчлэлт
5.1. Бошиглогч бол Бурханаар дуудагдаж, Түүний өмнөөс ярьдаг хүн болой. Бошиглогчид Есүс Христийн тухай гэрчилж, Түүний сайн мэдээг заадаг. Тэд Бурханы хүсэл, үнэн мөн чанарыг танилцуулдаг. Тэд нүглийг илчилж, үүний үр дагавруудаас сэрэмжлүүлж, хууран мэхлэгдэхээс зайлсхийхэд бидэнд тусалдаг. Бошиглогчид заримдаа ирээдүйн үйл явдлыг бошиглодог. Бошиглогчид эрх мэдэл, илчлэлтээ Бурханаас хүлээн авдаг тул эдгээр үүрэг хариуцлагаа биелүүлдэг.
5.2. Илчлэлт бол Бурханы хүүхдүүдтэйгээ харилцдаг харилцаа юм. Ихэнх илчлэлт нь бодол, санаа, Ариун Сүнсний мэдрэмжээр дамжин ирдэг. Илчлэлт мөн үзэгдэл, зүүд, тэнгэр элчийн айлчлалаар ирдэг.
5.3. Их Эзэн мөнх бус амьдрал дахь тохинууллынхаа үеэр мөн өнөө үед бошиглогч, төлөөлөгч дээр үндэслэн Өөрийн Сүмийг дахин зохион байгуулсан. Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн ерөнхийлөгч бол өнөө үед дэлхий дээр амьдарч байгаа бүх хүний Бурханы бошиглогч мөн. Бид Сүмийн ерөнхийлөгчийг бошиглогч, үзмэрч, илчлэгчийнх нь хувьд дэмжин баталдаг бөгөөд тэр бол Сүмийг бүхэлд нь удирдах илчлэлт хүлээж авдаг дэлхий дээрх цорын ганц хүн юм. Хэрэв бид Сүмийн ерөнхийлөгчийн сургаалыг итгэлтэй хүлээн авч, дуулгавартай дагавал Бурхан биднийг худал хуурмаг болон хилэнцийг ялан дийлэхэд тусалж адисална. Бид бас Тэргүүн Зөвлөлийн зөвлөхүүд ба Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын гишүүдийг бошиглогч, үзмэрч, илчлэгч хэмээн дэмжин баталдаг билээ.
5.4. Ариун Библи, Мормоны Ном, Сургаал ба Гэрээ, Агуу Үнэт Сувд хэмээх судрууд нь эртний болон хожмын үеийн бошиглогчдоор дамжуулан өгөгдсөн илчлэлтийг агуулдаг. Бид бошиглогчдын үгсийг судалснаар үнэнээс суралцаж, удирдамж хүлээн авдаг.
5.5. Бурхан Өөрийн бүх хүүхдийг удирдан залахын тулд бошиглогчдоор дамжуулан илчлэлт өгдөг ч хувь хүмүүс өөрийн онцгой хэрэгцээ, үүрэг хариуцлага болон асуултад туслах, гэрчлэлээ хүчирхэгжүүлэх илчлэлтийг хүлээн авч чадна. Гэхдээ Их Эзэнээс хүлээн авсан сүнслэг өдөөлт нь Бурханы бошиглогчдоороо дамжуулан өгсөн илчлэлттэй хэзээ ч зөрдөггүй.
Холбогдох эшлэлүүд: Абрахам 3:22–23; Матай 16:15–19; 2 Тимот 3:15–17; 2 Нифай 32:3; Сургаал ба Гэрээ 8:2–3; Сургаал ба Гэрээ 76:22–24
Холбогдох сэдвүүд: Сүнслэг мэдлэг олж авах нь; Санваар ба санваарын түлхүүрүүд