“7. Ёслолууд ба гэрээнүүд,” Төгс эзэмших сургаалыг судлах үндсэн материал (2018)
7. Ёслолууд ба гэрээнүүд
Ёслолууд
7.1. Ёслол гэж санваарын эрх мэдлээр гүйцэтгэдэг ариун нандин зан үйлийг хэлнэ. Бурхан Сүнсний үнэнийг заахаар, ихэвчлэн бэлгэдлээр дамжуулан заах зорилгоор ёслол бүрийг бий болгосон байна.
7.2. Зарим ёслол нь өргөмжлөлд зайлшгүй чухал бөгөөд тэдгээрийг авралын ёслол хэмээн нэрлэдэг. Бид зөвхөн авралын ёслолыг хүлээн авч, холбогдох гэрээг сахиснаар Есүс Христийн Цагаатгалаар дамжуулан авах боломжтой бүх адислалаас хүртэж чадна. Бид эдгээр авралын ёслолыг хүлээн авалгүйгээр Тэнгэрлэг Эцэгтэйгээ адилхан болох эсвэл Түүний оршихуйд мөнх амьдрахаар эргэн очих боломжгүй. Авралын ёслолыг санваарын түлхүүрийг атгадаг хүмүүсийн удирдлаган доор гүйцэтгэдэг.
7.3. Сайн мэдээний хамгийн анхны авралын ёслол бол эрх мэдэлтэй нэгнээр усанд умбуулан хүртэх баптисм юм. Баптисм болон Ариун Сүнсний бэлэг нь хувь хүний хувьд Есүс Христийн Сүмийн гишүүн болж, селестиел хаант улсад ороход зайлшгүй хэрэгтэй.
7.4. Хувь хүнийг баптисм хүртсэний дараа нэг эсвэл түүнээс олон Мелкизедек санваартан толгой дээр нь гар тавьж, Сүмийн гишүүнээр баталж, Ариун Сүнсний бэлэг өгдөг. Ариун Сүнсний бэлэг нь Ариун Сүнсний нөлөөнөөс ялгаатай. Хүн баптисмын өмнө Ариун Сүнсний нөлөөг мэдэрч, үнэний тухай гэрчлэл хүлээн авах боломжтой. Тэгвэл Ариун Сүнсний бэлгийг хүлээн авсныхаа дараа гэрээгээ сахиж чадсан хувь хүн Ариун Сүнстэй байнга нөхөрлөх эрхтэй болдог.
7.5. Авралын бусад ёслолд Мелкизедек санваарт томилох (эрэгтэйчүүд), ариун сүмийн хишиг хүртээх, гэрлэлтийг лацдан холбох зэрэг ёслолууд багтдаг. Түүнчлэн ариун сүмд эдгээр авралын ёслолыг нас барагсдын өмнөөс төлөөлөн гүйцэтгэж болно. Төлөөлөн хийх ёслолууд нь гагцхүү нас барсан хүн сүнсний дэлхийд тэдгээрийг хүлээн авч, холбогдох гэрээнүүдийг сахиснаар хүчин төгөлдөр болдог.
7.6. Баптисмынхаа гэрээг шинэчлэхээр ариун ёслолоос хүртэх, өвчтөнийг адислах, хүүхдийг нэрлэх, адислах зэрэг бусад ёслол нь бидний сүнслэг өсөлт хөгжилд мөн адил чухал ач холбогдолтой.
Холбогдох эшлэлүүд: Малахи 4:5–6; Матай 16:15–19; 1 Петр 4:6; Сургаал ба Гэрээ 131:1–4
Холбогдох сэдвүүд: Бурхан Тэргүүтэн: Ариун Сүнс; Авралын төлөвлөгөө: Үхлийн дараах амьдрал; Есүс Христийн Цагаатгал; Санваар ба санваарын түлхүүрүүд
Гэрээнүүд
7.7. Гэрээ нь Бурхан, хүн хоёрын хоорондын ариун нандин тохиролцоо юм. Бурхан гэрээний нөхцөлүүдийг өгдөг. Харин бид Бурханы биднээс хийхийг хүсдэг зүйлсийг хийхээр зөвшөөрдөг. Бидний дуулгавартай байдлын хариуд Бурхан бидэнд тодорхой адислалуудыг амладаг. Хэрэв бид гэрээгээ сахихгүй бол амлагдсан адислалыг хүлээн авахгүй.
7.8. Санваарын бүх авралын ёслолыг гэрээ дагалддаг. Жишээлбэл, бид баптисмаар дамжуулан Их Эзэнтэй гэрээ байгуулдаг. Мелкизедек санваар хүлээн авсан эрэгтэйчүүд санваарын тангараг өргөж, гэрээ байгуулдаг. Бид ариун ёслолоос хүртсэнээр гэрээгээ шинэчилдэг.
7.9. Бид ариун сүмд хишиг хүртэн, гэрлэлтийн лацдан холбох авралын ёслолыг хийлгэснээр дахин өөр гэрээ байгуулдаг. Бид Их Эзэний тогтоосон зохистой байдлын жишгийн дагуу амьдарснаар өөрийн биеийг ариун сүмийн ёслолд оролцон, гэрээ байгуулахад бэлддэг. Ариун сүм нь үнэхээр Их Эзэний өргөө тул бид ариун сүмд орохуйц зохистой байх нь нэн чухал. Энэ бол дэлхий дээрх шүтэн бишрэх хамгийн ариун газар юм.