8. Гэрлэлт ба гэр бүл, Төгс эзэмших сургаалыг судлах үндсэн материал (2018)
8. Гэрлэлт ба гэр бүл
8.1. Эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн гэрлэлтийг Бурхан заяасан бөгөөд гэр бүл нь Түүний авралын ба аз жаргалын төлөвлөгөөний төвд байдаг (Эхлэл 2:24; С ба Г 49:15-17-г үзнэ үү). Зөвхөн селестиел гэрлэлтийн гэрээ байгуулж, гэрээгээ тууштай сахиснаар эрэгтэй, эмэгтэй хүн өөрсдийн бурханлаг хийгээд мөнхийн чадавхыг гүйцэлдүүлж чадна (1 Коринт 11:11; С ба Г 131:1–4-ийг үзнэ үү).
8.2. Бурхан хүүхдүүддээ өсөн нэмэгдэж, өнөр өтгөн болж, газар дэлхийг дүүргэ хэмээн зарлигласан байдаг (Эхлэл 1:28-ыг үзнэ үү). Үр удмаа үлдээх ариун нандин хүч нь зөвхөн хууль ёсоор гэрлэж, эхнэр нөхөр болсон эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хооронд байх ёстой (Эхлэл 39:9; Алма 39:9-ийг үзнэ үү). Эхнэр, нөхөр хоёр нь бие биеэ болон үр хүүхдээ хайрлан халамжлах хариуцлага хүлээнэ. Эцэг эхчүүд үр хүүхдээ хайрлан халамжилж, зөв шударгаар өсгөн хүмүүжүүлэх, бие бялдар, оюун санааных нь хэрэгцээг хангах үүрэгтэй.
8.3. Гэр бүлийн амьдрал Их Эзэн Есүс Христийн сургаал дээр үндэслэсэн байвал аз жаргалтай байх нь гарцаагүй. Эцэг хүн тэнгэрлэг загварын дагуу өрх гэрээ энэрэл хайр, зөв шударгаар тэргүүлэн, ахуй амьдралын хэрэгцээт зүйлсээр хангах үүрэгтэй. Эхийн үндсэн үүрэг бол хүүхдүүдээ хайраар өсгөн хүмүүжүүлэх явдал юм. Эцэг эхчүүд энэхүү эрхэм нандин үүргээ биелүүлэхдээ харилцан бие биедээ адил тэгш туслах ёстой.
8.4. Аз жаргалын тэнгэрлэг төлөвлөгөөний дагуу гэр бүл харилцаа холбоогоо насан эцэслэснийхээ дараа ч үргэлжлүүлэх боломжтой. Гэр бүлүүдийг үүсгэж, лацдан холбож, үүрд мөнхөд өргөмжлөхийн тулд дэлхийг бүтээж, сайн мэдээг илчилсэн юм. Бид гэр бүлийн түүх болон ариун сүмийн ёслолоор дамжуулан сайн мэдээний ёслол, гэрээнүүдийг өвөг дээдсийнхээ өмнөөс хийх боломжтой (Малахи 4:5–6-г үзнэ үү).
(Гэр бүл: Дэлхий дахинаа өргөх тунхаг,” Ensign, 2010 оны 11-р сар, 129 эсвэл 2010 оны 10-р сарын Ерөнхий чуулган-аас тохируулан авав.)
Холбогдох эшлэлүүд: Мосе 1:39; Эхлэл 1:26–27; Египетээс гарсан нь 20:3–17; Матай 16:15–19; Иохан 17:3; 1 Коринт 6:19–20; 2 Нифай 2:22–25; Мозая 2:41; Алма 41:10; С ба Г 84:20–22
Холбогдох сэдвүүд: Авралын төлөвлөгөө; Зарлигууд