Семинар
151-р хичээл—Сургаал ба Гэрээнүүд 137: Селестиел хаант улсыг өвлөн авах хүмүүс


“151-р хичээл—Сургаал ба Гэрээнүүд 137: Селестиел хаант улсыг өвлөн авах хүмүүс,” Сургаал ба Гэрээнүүдийн семинарын багшийн гарын авлага (2025)

“Сургаал ба Гэрээнүүд 137,” Сургаал ба Гэрээнүүдийн семинарын багшийн гарын авлага

151-р хичээл: Сургаал ба Гэрээнүүд 137–138

Сургаал ба Гэрээнүүд 137

Селестиел хаант улсыг өвлөн авах хүмүүс

Селестиел хаант улс

1836 оны 1-р сард бошиглогч Иосеф Смит баригдаж дуусаагүй Көртландын ариун сүмд байхдаа селестиел хаант улсын тухай үзэгдэл үзжээ. Эдүгээ Сургаал ба Гэрээнүүд 137 болсон энэ үзэгдэлд Аврагч Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөөний тухай үнэнүүдийг илчилсэн юм. Энэ хичээл Тэнгэрлэг Эцэгийн авралын төлөвлөгөөнд илүү их талархахад нь суралцагчдад тусална.

Боломжит суралцах үйл ажиллагаа

Тэнгэрлэг Эцэгийн бүх хүүхдэдээ зориулсан төлөвлөгөө

Түүхүүд нь суралцагчдыг суралцах үйл явцад татан оролцуулах нэг арга зам юм. Дараах догол мөрийг унших юм уу тоймло. Та мөн ChurchofJesusChrist.org дээрх “Joseph Smith: The Prophet of the Restoration” видеог цагийн код 2:05-аас 4:21 хүртэл эсвэл 11:57-оос 15:22 хүртэл үз, эсвэл хоёуланг нь үзэж болно.

62:4
62:4

1823 онд ууган хүү Алвин нь гэнэт нас барсан нь Смитийн гэр бүлд хүнд гарз болов. Гэр бүл нь орон нутгийн нэгэн шашны номлогчоос Алвины оршуулгын ёслолыг үйлдэхийг хүссэн аж. Алвин энэ номлогчийн цугларалтын баптисм хүртсэн гишүүн биш байсан тул тэрээр Алвиныг аврагдах боломжгүй гэж мэдэгдсэн байв. Иосефын дүү Виллям хожим нь “Нөгөөх [номлогч]… [Алвин] сүмийн гишүүн байгаагүй учраас тамд очсоныг ихэд итгэлтэйгээр дотночлон хэлэв” ( Сүмийн ерөнхийлөгчдийн сургаалаас: Иосеф Смит [2007 он], 401–403) хэмээн дурсжээ. Иосеф амьдралынхаа турш эхнэр Эмматайгаа бүр ч их хагацал үзэж, зургаан нялх хүүхдийнхээ дөрвийг нь оршуулжээ.

  • Иосеф Смитэд болон түүний гэр бүлд хайртай хүмүүсээ алдсантай холбоотой ямар асуулт байсан байж болох вэ?

Селестиел хаант улсын тухай үзэгдэл

1836 оны 1-р сард Иосеф Сүмийн бусад удирдагчтай хамт баригдаж дуусаагүй Көртландын ариун сүмийн нэгэн өрөөнд цуглаан явуулав. Тэнд Иосеф ирээдүйн селестиел хаант улсын тухай үзэгдлийг хүлээн авчээ. Эдүгээ Сургаал ба Гэрээнүүд 137 болсон энэ үзэгдэлд Иосефт нялх хүүхдүүд, түүний ах Алвин зэрэг Тэнгэрлэг Эцэгийн хүүхдүүд аврагдах тухай мөнхийн үнэнийг заасан.

Суралцагчдыг энэ хэсгийг уншиж байх үед та 1–6-р шүлгийг судалсны дараа түр завсарлаж болно. Селестиел хаант улсын тухай Иосефын дүрслэлээс тэдэнд юу нь онцгой санагдаж байгааг хуваалцахад тэднийг урь.

Сургаал ба Гэрээнүүд 137:1–10-ыг уншаад, Тэнгэрлэг Эцэгийн аз жаргалын төлөвлөгөөний тухай Аврагчийн заасан үнэнүүдийг олж мэд.

  • Иосеф Смитийг болон түүний гэр бүлийг тайтгаруулсан байж болох юуг Аврагч эдгээр шүлэгт заасан бэ? Энэ нь яагаад тайтгаруулсан байж болох вэ?

    7–10-р шүлэг нь сайн мэдээний үнэнүүдийг олж тогтоон, өөрсдийн үгээр илэрхийлэх дадлага хийх сайхан боломжийг суралцагчдад олгоно. Эдгээр шүлэгт байгаа үнэний мэдэгдлүүдийг олж тогтоон, хуваалцахад суралцагчдад тусал. Үүнд:

    • Хэрэв боломж байсан бол сайн мэдээг хүлээн авах байсан бүх хүн селестиел хаант улсад орох болно (7–8-р шүлэг-ийг үзнэ үү).

    • Их Эзэн бидний хүн нэг бүрийг ажлуудаар нь болон зүрх сэтгэлийн маань хүслийн дагуу шүүх болно (9-р шүлэг-ийг үзнэ үү).

    • Хариуцлага хүлээхээсээ өмнө нас барсан бүх хүүхэд селестиел хаант улсад аврагдах болно (10-р шүлэг-ийг үзнэ үү).

    Эдгээр зарчмыг самбарт жагсаан бич.

  • Эдгээр шүлэг дэх Аврагчийн заасан үнэнүүдийн талаар Смитийн гэр бүлд ямар сэтгэгдэл төрсөн байж болох вэ?

  • Та нарт эдгээр үнэний талаар ямар сэтгэгдэл төрж байна вэ? Эдгээр үнэн та нарын Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрт талархах талархалд хэрхэн нөлөөлж байна вэ?

Эргэцүүлэн бодоход тохиромжтой хугацаа зарцуулсны дараа илүү гүнзгий судлахыг хүсэж байгаа үнэнээ сонгоход суралцагчдыг урь. Тэд ангиараа, ганцаараа эсвэл жижиг бүлгээр судалж болно. Суралцагчид жишээг жүжигчлэн тоглож үзүүлж болно.

Аврагчийн сайн мэдээг хүлээн авсан бүх хүн селестиел хаант улсад тэнцэнэ (7–8-р шүлгийг үзнэ үү)

Тэнгэрлэг Эцэгийн авралын ёслолуудыг хүлээн авалгүй нас барсан хүмүүсийн талаар асуух асуултуудыг нь тусгасан дараах жишээг эсвэл үүнтэй төстэй зүйлийг бодож үзэхэд суралцагчдыг урь.

Жишээ: Та бүгд өөрсдийгөө Алвины нас барах үеийн Смитийн гэр бүлийнх шиг нөхцөл байдалд байгаа гэр бүлтэй ярилцаж байгаагаар төсөөл.

Судлах эх сурвалж: Сургаал ба Гэрээнүүд 137:7–8; 1 Петр 4:6; Moзая 15:24-ийг болон ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсоны дараах мэдэгдлийг унш.

Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон

Нигүүлсэнгүйгээр, Бурханы аз жаргалын агуу төлөвлөгөө болон үүний мөнхийн адислалууд нь мөнх бус амьдралдаа сайн мэдээг сонсох боломжгүй байсан тэдэнд нөлөөлж чаддаг. Ариун сүмийн ёслолуудыг тэдний төлөө, өөр амьд байгаа хүнээр төлөөлүүлэн гүйцэтгэж болно. (Рассэлл M.Нэлсон, “Селестиел гэрлэлт,” 2008 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 109)

Ярилцах асуулт:

  • Эдгээр судар болон ерөнхийлөгч Нэлсоны заавар Тэнгэрлэг Эцэгийн хүүхдүүддээ зориулсан төлөвлөгөөг ойлгоход нь гэр бүлд хэрхэн тусалж болох вэ?

  • Энэ үнэн Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ, авралын төлөвлөгөөний талаарх та нарын мэдрэмжид ямар арга замаар нөлөөлж байна вэ?

Бидний ажлуудаар болон зүрх сэтгэлийн маань хүслийн дагуу шүүх (9-р шүлгийг үзнэ үү)

Суралцагчдад энэ үнэний ач холбогдлыг мэдрэхэд туслах хоёр жишээг өгсөн. Суралцагчид нэг жишээг нь ярилцахаар сонгож эсвэл асуух асуултуудаа тусгасан өөрсдийн жишээг зохиож болох юм. Энэ үйл ажиллагаа нь биелээгүй зөв шударга хүсэл эрмэлзэл дээр төвлөрнө. Хэрэв та Их Эзэн биднийг хэрхэн шүүх талаар судлах нь суралцагчдад ашиг тустай гэж бодож байвал Алма 41:3–7-г уншихад тэднийг урь.

Жишээ:

  • Лорензо мөнхийн ханиа олж, ариун сүмд гэрлэх боломж өөрт нь хэзээ ч олдохгүй байх вий хэмээн зовнидог.

  • Эми гэр бүлийнхээ цорын ганц Сүмийн гишүүн байв. Тэрээр эцэг эхтэйгээ лацдан холбогдоогүй байгаа талаараа санаа зовж байлаа.

Судлах эх сурвалж: Сургаал ба Гэрээнүүд 137:9-ийг болон ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсоны дараах мэдэгдэл.

Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон

Энэ амьдралд гэрлэх боломжгүй байсан мөн энэ амьдралд эцэг эхтэйгээ холбогдож чадаагүй хүмүүс хэрхэх вэ? Их Эзэн биднийг ажлуудын минь дагуу, зүрх сэтгэлийн минь хүслийн дагуу шүүх бөгөөд зөв зохистой хүн бүхэнд өргөмжлөлийн адислал өгөгдөх болно. (Russell M. Nelson, “Salvation and Exaltation,” Liahona, May 2008, 10)

Ярилцах асуулт:.

  • Их Эзэн бидний ажлуудаар болон зүрх сэтгэлийн маань хүслээр биднийг шүүх болно гэдэг нь та нарын хувьд юу гэсэн утгатай вэ?

  • 9-р шүлэг-т заасан үнэн нь Тэнгэрлэг Эцэгийн хүүхэд бүрдээ зориулсан төлөвлөгөөг илүү сайн ойлгоход Лорензо, Эми хоёрт хэрхэн тусалж болох вэ?

  • Энэ үнэн Тэнгэрлэг Эцэгийн хайр, Түүний авралын төлөвлөгөөний талаарх та нарын мэдрэмжид ямар арга замаар нөлөөлж байна вэ?

Бага насны хүүхдүүд селестиел хаант улсад аврагддаг (10-р шүлгийг үзнэ үү)

Дараах жишээг хуваалц эсвэл Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ерөнхийлөгч Боид К.Пакэрын (1924–2015) “Бяцхан хүү тэднийг удирдах болно” видеонд өгүүлсэн түүхийг үзүүл. Энэ видеог ChurchofJesusChrist.org дээрээс үзэх боломжтой ба уг түүх цагийн код 4:40-өөс 6:00 хүртэл үргэлжилнэ. Өөрсдийгөө уг жишээнд дүрслэгдсэн дүр зурагтай таарсан номлогчид гэж төсөөлөн бодоход суралцагчдыг урь.

16:55

Жишээ: Номлогчийн хувьд та усанд живсэн хоёр настай хүүгийн гашуудаж буй эцэг эхтэй танилцав. Бяцхан хүү хэзээ ч баптисм хүртээгүй учраас тэнгэрт очиж чадахгүй байх вий хэмээн эцэг эх нь санаа зовж байлаа.

Судлах эх сурвалж: Моронай 8:8, 11–12; Сургаал ба Гэрээнүүд 29:46; 137:10-ыг унш.

Ярилцах асуулт:

  • Та нар энэ эцэг эхтэй Тэнгэрлэг Эцэгийн авралын төлөвлөгөөний ямар талуудыг хуваалцах вэ?

  • Энэ жишээн дээрх эцэг эхийг та нар хэрхэн илүү тайвшруулж болох вэ?

  • Энэ үнэн нь Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ, авралын төлөвлөгөөнд талархах та нарын талархалд хэрхэн нөлөөлж байна вэ?

Мэдрэмжээ хуваалц

Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрын тухай болон өнөөдөр судалсан үнэнүүдийнхээ тухай өөрсдийн мэдрэмж, гэрчлэлийг хуваалцах боломжийг суралцагчдад олго. Хувийн гэрчлэлээ илэрхийлэхэд нь суралцагчдад туслахын тулд та дараах асуултуудад өгсөн хариултаа хуваалцахад тэднийг урьж болно.

  • Та нарын өнөөдөр сурч мэдсэн үнэнүүд одоогийн нөхцөл байдал, санаа зовоосон асуудалд тань хэрхэн хамаарч болох вэ?

  • Та нарын сурч мэдсэн эсвэл мэдэрсэн зүйл Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ, аз жаргалын төлөвлөгөөний төлөө талархах та нарын талархалд хэрхэн нөлөөлсөн бэ?