“152-р хичээл—Сургаал ба Гэрээнүүд 138, 1-р хэсэг: Сүнсний дэлхий дэх Аврагчийн айлчлалын тухай үзэгдэл,” Сургаал ба Гэрээнүүдийн семинарын багшийн гарын авлага (2025)
“Сургаал ба Гэрээнүүд 138, 1-р хэсэг,” Сургаал ба Гэрээнүүдийн семинарын багшийн гарын авлага
Ерөнхийлөгч Жозэф Ф.Смит гэр бүлийнхээ хайртай гишүүдийг нас барсанд гашуудахын зэрэгцээ Дэлхийн I дайн болон дэлхий нийтийг хамарсан томуугийн цар тахлын улмаас учирсан сүйрэлд шаналж, судруудаас тайтгарал эрэлхийлжээ. Тэрээр 1 Петр 3–4-р хэсгийг эргэцүүлэн бодохдоо Аврагчийн үхэл, Амилалтын хоорондох хугацаандаа сүнсний дэлхий дээр хийсэн тохинууллын хичээл зүтгэлийн талаар алдар суут үзэгдэл хүлээн авчээ. Ерөнхийлөгч Смитийн үзэгдэл бол одоогийн Сургаал ба Гэрээнүүд 138 юм. Энэ хичээл нь Аврагч сүнсний дэлхий дээрх Тэнгэрлэг Эцэгийн хүүхдүүдэд авралыг хэрхэн санал болгодгийг ойлгоход суралцагчдад тусална.
Боломжит суралцах үйл ажиллагаа
Бид нас барсныхаа дараа хаашаа явдаг вэ?
Эмээ Робэртсоо оршуулсны дараа Жюли та нарт эмээ, өвөө Робэртс нь Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмд баптисм хүртэлгүй нас барсан тухай ярив. Түүний нөгөө өвөө, эмээ нь (эмээ, өвөө Жөүнс) насан туршдаа Сүмийн итгэлтэй гишүүд байсаар нас баржээ. “Баптисм хүртээгүй өвөө, эмээ хоёрт маань юу тохиолдох бол?” гэж Жюли та нараас асуув.
Сүнсний дэлхийн талаар юу мэддэгээ эргэцүүлэн бод.
Нас барагсдын гэтэлгэлийн тухай үзэгдэл
Ерөнхийлөгч Жозэф Ф.Смитийн жич хүү, Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ерөнхийлөгч М.Рассэлл Баллард одоо Сургаал ба Гэрээнүүд 138 болсон үзэгдлийн талаар дараах зүйлийг хуваалцжээ.
2:3
Дайн болон өвчний улмаас нас барсан хэдэн сая хүн болон гэр бүлийнхнийхээ нас барсан хэд хэдэн хүний төлөө маш их гашуудаж байсан ерөнхийлөгч Смит “нас барагсдын гэтэлгэлийн үзэгдэл” хэмээн нэрлэгдсэн тэнгэрлэг илчлэлийг 1918 оны 10-р сарын 3-нд хүлээн авав. …
10-р сарын 3-нд хүлээн авсан илчлэл түүний зүрх сэтгэлийг тайвшруулсан төдийгүй олон асуултад нь хариулт өгчээ. Бид мөн энэхүү илчлэлийг судлан, өдөр бүрийн амьдралынхаа арга замд үүний ач холбогдлыг тунгаан бодсоноор, бид, бидний хайртай хүмүүс нас бараад, сүнсний дэлхий рүү явах үед нь ирээдүйн талаар илүү ихийг мэдэж авч, тайвширч болно. (M.Рассэлл Баллард, “Нас барагсдын гэтэлгэлийн тухай үзэгдэл,” 2018 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 63)
Сургаал ба Гэрээнүүд 138:1–4-ийг уншаад, ерөнхийлөгч Смитийн энэ үзэгдлийг хүлээн авахдаа тунгаан бодож байсан үнэнүүдийг олж мэд.
-
Ерөнхийлөгч Смит судалж байхдаа юун тухай эргэцүүлэн бодож байсан нь та нарт юугаараа онцгой санагдаж байна вэ?
-
Ерөнхийлөгч Смит Есүс Христ, Түүний цагаатгагч золиослолын талаар юу мэддэг байсан бэ?
-
Есүс Христ авралыг Тэнгэрлэг Эцэгийн бүх хүүхдэд хэрхэн боломжтой болгодог талаар та нар юу мэдэх вэ?
Сүнсний дэлхийд Аврагч үзэгдсэн нь
Сүнсний дэлхий дэх Тэнгэрлэг Эцэгийн бүх хүүхдэд зориулсан авралын ажлын тухай Тэргүүн зөвлөлийн ерөнхийлөгч Даллин Х.Өүксийн хэлсэн дараах мэдэгдлийг унш.
Сүнсний дэлхий дэх авралын ажил нь сударт “боолчлол” хэмээн дүрсэлсэн нөхцөлөөс сүнснүүдийг чөлөөлөх ажлыг багтаасан байна. Сүнсний дэлхийд бүгд зарим нэг хэлбэрийн боолчлолд байдаг. (Даллин Х.Өүкс, “Эзэнд итгэ,” 2019 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 28)
Та нар Сургаал ба Гэрээнүүд 138-д цэдэглэгдсэн үзэгдлийг судалж байхдаа Тэнгэрлэг Эцэгийн сүнсэн хүүхдүүд хэрхэн боолчлолд байдгийг мөн тэд хэрхэн Аврагчаар болон Түүний цагаатгагч золиослолоор чөлөөлөгддөгийг олж мэд.
-
Та нар юу олж мэдсэн бэ?
-
Сүнснүүд мөнх бус амьдралд Аврагчийн сайн мэдээнд хэрхэн хандсан бэ?
-
Эдгээр сүнс хэрхэн боолчлогдсон бэ? Аврагч тэднийг хэрхэн чөлөөлсөн бэ?
-
Аврагч диваажин дахь болон шорон дахь сүнснүүдэд ямар боломж олгосон бэ?
-
Бид Аврагчийн ажилд туслахын тулд юу хийж болох вэ?
-
Аврагч диваажин дахь сүнснүүдийг чөлөөлдөг.
Сургаал ба Гэрээнүүд 138:11–19, 23–24, 50–52-ыг уншаад, Аврагч сүнсний диваажинд байгаа хүмүүсийг хэрхэн чөлөөлснийг олж мэд.
-
Аврагч шоронд байгаа сүнснүүдийг чөлөөлдөг.
Сургаал ба Гэрээнүүд 138:20–22, 29–37, 57–59-ийг уншаад, Аврагч сүнсний шоронд байгаа хүмүүсийг хэрхэн чөлөөлснийг олж мэд.
-
Аврагч сүнсний дэлхийд сайн мэдээг номлох ажлыг зохион байгуулдаг.
Сургаал ба Гэрээнүүд 138:30–37, 57–59-ийг уншаад, Аврагч сүнсний шоронд байгаа хүмүүст сайн мэдээг номлох ажлыг хэрхэн зохион байгуулсныг олж мэд.