Хүүхэд, өсвөр үеийнхэнд зориулсан тусламж
Оршил


“Оршил,” Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн хүүхэд, өсвөр үеийнхэн: Эцэг эх, удирдагчдад зориулсан ерөнхий удирдамж (2019)

“Оршил”

Оршил

Эцэг эх, удирдагчид хамтран ажилласнаар хүүхэд, өсвөр үеийнхэнд хөрвөлтөө гүнзгийрүүлэн, Их Эзэн Есүс Христийн зохистой шавь нар болж, дараах зарчмуудаар дамжуулан үнэнч шударга эрэгтэй, эмэгтэйчүүд болоход тусалдаг. Үүнд:

  • Хувийн үүрэг хариуцлагад сүнслэгээр нөлөөлдөг сайн мэдээнээс суралцах зарчим

  • Бие махбод, сүнсийг сэргээн сайжруулах үйлчлэл хийж, үйл ажиллагаа явуулах зарчим.

  • Сэтгэлд нийцсэн өсөлтийг бий болгох хувийн өсөлт хөгжлийг хангах зарчим орно.

Энэхүү товхимолд байгаа удирдах зарчмууд, ерөнхий үүрэг хариуцлагуудыг тохируулан өөрчилж болно. Тэдгээрийг хэрэгжүүлэх ганцхан зөв арга зам гэж үгүй. Зарим санаа болон жишээ онлайнаар ChildrenandYouth.ChurchofJesusChrist.org дээр бий. Хувь хүн бүрд юу хамгийн сайн тохирохыг мэдэхийн тулд сүнслэг өдөөлт эрэлхийл (“Тохируулж өөрчил” гэдгийг үзнэ үү).

Өсөж буй үеийнхэн

Инээмсэглэж буй өсвөр үеийнхэн

Бошиглогчид энэ үеийн хүүхэд, өсвөр үеийнхнийг Их Эзэний энэ дэлхий рүү илгээж байсан хүмүүсээс хамгийн шилдэг хүмүүсийн нэг хэсэг хэмээн хэлсэн байдаг (Рассэлл М.Нэлсон, “Израилын итгэл найдвар,” Өсвөр үеийнхэнд зориулсан дэлхий даяарх онцгой цугларалт, 2018 оны 6-р сарын 3). Тэд дэлхийд агуу нөлөө үзүүлэх чадавхтай. Тэд хөшигний хоёр талд Израилыг цуглуулахад туслахаар уригдсан билээ. Тэднийг анхааран халамжилж, тохинуулахад илүү дээд түвшний, илүү ариун арга зам шаардлагатай юм. Энэхүү арга зам нь хүүхэд, өсвөр үеийнхнийг:

  • Мөнхийн мөн чанар, зорилгоо мэдэж авахад

  • Есүс Христэд илүү гүн гүнзгий хөрвөгдөж, Түүний сайн мэдээг зүрх сэтгэлдээ хүлээн авч, Түүнийг дагахыг сонгоход сүнслэгээр нөлөөлөхөд

  • Аароны санваарын үүргүүдээ биелүүлэхэд

  • Авралын ажилд хамт оролцоход

  • Шаардлагатай үед эцэг эхийн дэмжлэг, удирдагчийн туслалцаатайгаар өөрийгөө хөгжүүлэхэд

  • Ариун сүмд орохуйц зохистой байж, гэрээний замаа баяр баясалтайгаар туулахад тусална.

Хүүхэд, өсвөр үеийнхэн өөрсдийн амьдралд илчлэлт хүлээн авч, сайн мэдээнд төвлөрсөн харилцааг үүсгэж, өсөж том болох үедээ сонгох эрхээ ашигласнаар эдгээр зорилгыг амжилттай биелүүлэх болно.

Аврагчийг дагахаар хичээх

Өсвөр насандаа Есүс Бурханы хүүхэд бүрийн заавал хийх ёстой зүйлүүдийн нэгэн адил тэнгэрлэг мөн чанар, зорилгоо олж мэдэх хэрэгтэй болсон. Есүсийн “мэргэн ухаан, бие хаа өссөөр байсан агаад Бурханы хийгээд хүмүүсийн таалал Түүнд байлаа” (Лук 2:52). Тэрээр тэнцвэртэй арга замаар өсөж том болсон бөгөөд бүх хүүхэд, өсвөр үеийнхэн ч бас тэгж чадна.

Хүүхэд, өсвөр үеийнхэнд Аврагчийг зөвхөн Хүндэтгэлийн өдөрт биш, харин амьдралынхаа бүхий л талд авчрахад тусал. Тэднийг Есүс Христийг амьдралынхаа гол төв болгохыг хичээхэд Тэрээр Ариун Сүнсийг тэдний тайтгаруулагч, чиглүүлэгч байхаар илгээхээ амласан.

Чухамдаа, Аврагчийг дагах нь гэр оронд эхэлдэг билээ. Сүмийн удирдагчид хувь хүн, гэр бүлүүдэд чухал дэмжлэг үзүүлж чадна.

Гэр оронд төвлөрсөн

Вандан сандал дээр сууж буй гэр бүл

Эцэг эхчүүд гэр бүлийн туршлага мөн харилцан яриаг Есүс Христийн сайн мэдээг зааж, хүүхэд бүрийн онцгой хэрэгцээг хангахаар төлөвлөдөг. Энэ нь гэр бүлүүд үндсэн чухал ур чадваруудыг зааж, зан чанарыг хүчирхэгжүүлж, өсөж хөгжих боломжоор хангах арга замуудаар хамт ажиллаж, цагийг сайхан өнгөрүүлснээр бий болдог.

Өсөлт хөгжлийг дэмжих

  • Удирдамж хүсэн залбир. Тэнгэрлэг Эцэг таны хүүхдүүдийг мэддэг бөгөөд тэдэнд зааж сургахад тань туслах болно.

  • Хүүхдүүддээ Ариун Сүнсний нөлөөг эрэлхийлж, таньж мэддэг болоход нь тусал.

  • Хайраа илэрхийлж, хүүхдүүдийнхээ сайн байхын төлөө гаргаж буй хичээл зүтгэлийг болон тэднээс олж харж буй Христийнхтэй адил чанаруудыг ойр ойрхон сайшаан магт.

  • Гэр бүлээрээ бусдад үйлчлэх боломжийг эрж хай.

Удирдамжаар хангах

  • Амьдралынхаа бүхий л хэсэгт сайн мэдээг хэрхэн хэрэгжүүлэхээ ойлгоход нь хүүхдүүддээ тусал.

  • Хүүхдүүдээ өөрсдийн гэсэн зорилго, төлөвлөгөөнүүдийг гаргахад чиглүүлж, урамшуулан дэмж.

  • Тэдэнд асуудлын шийдлийг өөрсдөө олоход тусал.

  • Үүнийг хийх явцад нь дэмжлэг туслалцаа үзүүлж, урам хайрла.

Удирдагчидтай ярилцах

Багш, удирдагчид хүүхдүүдийг тань хэрхэн хамгийн сайнаар дэмжиж болохыг тодорхойлон шийдэхийн тулд тэдэнтэй ярилц. Аливаа нууц мэдээллийг хүүхдүүддээ илчлэхгүй эсвэл тэднийг эвгүй байдалд оруулахгүй байхад анхаар.

Сүмээс дэмжсэн

Гэр оронд төвлөрсөн (Гэр бүл)

сайн мэдээнээс суралцах шигтгээ зураг
үйлчлэл ба үйл ажиллагаа шигтгээ зураг
хувийн өсөлт хөгжилт шигтгээ зураг

Сүмээс дэмжсэн (Удирдагчид)

Сүмийн үүрэгт Есүс Христийн сайн мэдээг заах, ёслолуудыг үйлдэх, гэр орныг дэмжих зэрэг нь багтдаг. Удирдагч, багш нар үйлчилж байгаа хүүхэд, өсвөр үеийнхэнтэйгээ бат бөх, сурган хүмүүжүүлэх харилцааг тогтоосноор эцэг эхчүүдэд дэмжлэг үзүүлдэг.

Эцэг эхчүүдтэй ярилцах

  • Хүүхдүүдэд нь хэрхэн дэмжлэг үзүүлэхээ олж мэдэхийн тулд эцэг эхчүүдтэй нь албан бусаар харилц. Анзаарсан сайн талуудыг хуваалц.

  • Хүүхдүүд нь Аароны санваарын чуулга, Залуу эмэгтэйчүүдийн анги, үйл ажиллагаанууд дээр юу мэдэрч мөн юуг сурч мэдээсэй гэж найддаг болохыг тэднээс асуу.

Эцэг эх нь Сүмийн идэвхтэй гишүүд биш бол:

  • Эцэг эхчүүдэд хүүхэд, өсвөр үеийнхнийг дэмжих энэ хичээл зүтгэлийг тайлбарлаж, хүүхдүүдээ оролцуулахыг хүсэж байгаа эсэхийг, хүсэж байвал хэрхэн оролцуулахыг нь лавлаж асуу.

  • Хүүхдүүд эсвэл өсвөр үеийнхнээс ямар төрлийн дэмжлэг авмаар байгааг нь асуу.

  • Эцэг эхийг хэрхэн аль болох их оролцуулах талаар тойргийн зөвлөлтэй ярилц.

Хүүхэд, өсвөр үеийнхнийг дэмжих

  • Ариун Сүнсний нөлөөг таньж мэдэхэд нь хүүхэд, өсвөр үеийнхэнд тусал.

  • Тэднээс чуулга, ангидаа болон үйл ажиллагаанууд дээр юу сурч мэдэх, бас юу мэдрэхийг хүсэж байгааг асуу.

  • Үйл ажиллагааг төлөвлөж, удирдан явуулахад нь тэднийг урамшуулан дэмж.

  • Аароны санваартнуудыг чуулгын үүрэг хариуцлагуудаа биелүүлэхэд нь дэмж.

Сайн мэдээнээс суралцах

Хамт суралцаж буй гэр бүл

Гэрт

Хувиараа болон гэр бүлээрээ судар судалж, залбирах нь хүүхэд, өсвөр үеийнхэнд Ариун Сүнсний нөлөөг мэдэрч, таньдаг болж, Аврагчийг хайрлаж сурахад тусална. Хувь хүн, гэр бүлүүдийг Есүс Христийн сайн мэдээнээс суралцахдаа Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав гарын авлага болон амьд бошиглогчдын үгсийг ашиглахад урамшуулан дэмж.

Сүмд

Хүүхдүүд болон өсвөр үеийнхэн Есүс Христийн сайн мэдээнээс суралцахаар хамт цуглардаг. Хүүхдүүд ангийн хичээл болон Хүүхдийн хэсгийн дууны цаг дээр сайн мэдээнээс суралцдаг. Өсвөр үеийнхэн анги, чуулгууддаа сургаалаас суралцдаг. Хүүхэд, өсвөр үеийнхнийг гэртээ сурсан зүйлээ хуваалцаж, сайн мэдээг амьдралдаа хэрэгжүүлэхэд урьдаг.

Үйлчлэл ба үйл ажиллагаа

Мормон тусламжийн гарын сайн дурынхан

Гэрт

Үйлчлэл, үйл ажиллагаа нь өдөр тутмын зөв шударга дадал зуршлийг үүсгэж, гэр бүлийн харилцаа холбоог тогтоон, амьдралд хэрэгтэй ур чадваруудыг зааж, Христийнхтэй адил зан чанарыг хөгжүүлж, хүүхэд, өсвөр үеийнхэнд өсөж хөгжихөд нь тусалдаг. Гэр бүлийн үйлчлэл, үйл ажиллагаа нь хувь хүнд болон гэр бүлийн хэрэгцээнд төвлөрч, өдөр тутмын амьдралдаа сайн мэдээний зарчмуудыг хэрэгжүүлэх боломжоор хангадаг.

Сүмд

Аароны санваартнуудын ариун ёслолын ёслолыг гүйцэтгэх зэрэг үйлчлэл, тогтмол явагддаг үйл ажиллагаанууд нь цугларах, шинэ ур чадварт суралцах, хэцүү үүрэг даалгаврыг биелүүлэх, сайн мэдээнд төвлөрсөн харилцааг үе тэнгийнхэнтэйгээ болон удирдагчидтайгаа тогтоох боломжуудаар хангадаг. Эдгээр боломж нь хүүхэд, өсвөр үеийнхэнд сүнслэг болон нийгмийн байдал, бие махбод, оюун ухааны хувьд өсөж хөгжин, бусдад үр өгөөжтэй үйлчлэхэд нь туслах ёстой. JustServe (JustServe.org) нь олон нийтэд үйлчлэх боломжуудад зориулагдсан чухал эх сурвалж юм.

Өсвөр үеийнхэнд зориулсан олон өдрийн үйл ажиллагаанд Залуучуудын бат бөх байдлын төлөө (ЗБББТ) чуулган, өсвөр үеийнхний чуулган, аялал зугаалга болон бусад цугларалт багтдаг. Эдгээр үйл ажиллагаа нь өсвөр үеийнхэнд Аврагчийг дагах хүслийг нь гүнзгийрүүлж, тэднийг тогтмол хийдэг зүйлсээс нь түр холдуулж, өөрсдийгөө зөв шударга зорилго нэгтэй өсвөр үеийнхний томоохон бүлгийн нэг хэсэг болохоо ойлгоход тусална.

ЗБББТ чуулган, Бразил 2016

Хувийн өсөлт хөгжил

Гэртээ

Хүүхэд, өсвөр үеийнхэн өсөж хөгжин, Аврагчийг дагахад суралцахын тулд юу хийж болохоо сонгодог. Эцэг эхчүүд тэдэнд хэрхэн өсөж хөгжиж байгаагаа болон юугаа сайжруулах хэрэгтэйгээ ухаарч ойлгоход тусалж чадна. Сүм, сургууль, нөхөрлөл, спорт, урлаг, ажил, бусад сонирхол зэрэг бүх үйл ажиллагаа нь хүүхэд, өсвөр үеийнхэнд Есүс Христийг дагахад тусална.

Сүмд

Удирдагчид хүүхэд, өсвөр үеийнхэн нэг бүрийг хайрлаж, тэдэнд үйлчилж, хэрэгцээ, сонирхлыг нь мэддэг болно. Удирдагчид хайраар дүүрэн харилцаагаар дамжуулан хүүхэд, өсвөр үеийнхнийг хувь хувьдаа өсөж хөгжихөд нь дэмжиж, урамшуулахад онцгой бөгөөд хүчирхэг нөлөө үзүүлж чадна.

Өөрчлөн тааруулах

Инээмсэглэж буй хоёр залуу эмэгтэй

Хувь хүн, гэр бүл, цугларагсад бүр өөр билээ. Нэгэнд нь хамгийн сайн тохирсон зүйл нөгөөд нь тохирохгүй байж болно. Танай гэр бүл, анги, чуулгад эсвэл тойрогт тохирох зүйлийг хий. Боломж болон санаа зовоож буй зүйлсээ ярьж, хүүхэд, өсвөр үеийнхэн бүрд тэнгэрлэг чадавхдаа хүрэхэд нь туслахын тулд энэхүү хөтөлбөрийг хэрхэн нийцүүлэх талаар илчлэлт эрэлхийл.

Жишээлбэл, хүүхэд, өсвөр үеийнхэн хувийн өсөлт хөгжилдөө хэрхэн ханддагаараа янз бүр байдаг. Зорилгын төрөл, тоо хэмжээ, давтамж мөн хэр зэрэг дэмжлэг тэдэнд хэрэгтэй болохыг хүн бүрийн хувьд тодорхойлох ёстой. Анги, чуулгууд бас хэрэгцээнд нийцүүлэн өөрчлөгддөг. Түүнчлэн үйл ажиллагааны төрөл, давтамж нь орон нутгийн нөхцөл байдлаас хамааран янз бүр байдаг.

Энгийн байлга. Тохирох зүйлүүдийг хий.

Урам зориг ба магтаал сайшаал

Ангид зогсож буй залуу хөвгүүн

Урам зориг

Хүүхэд, өсвөр үеийнхэн хайрлагдсанаа мэдэрч, өсөж хөгжин, сайжирч, Ариун Сүнсийг амьдралдаа мэдэрснээр өөрийн эрхгүй урам зоригтой болно. Өөрчлөлт, өсөлт тэдний хувьд хэцүү болох үед, тэднийг сорилт бэрхшээлүүдээ даван туулах эсвэл төлөвлөгөөгөө тохируулж өөрчлөх аргуудыг хайж олоход урамшуул. Эцэг эх, удирдагчтайгаа болон үе тэнгийнхэнтэйгээ бат бөх, итгэлцлээр дүүрэн харилцаатай байх нь тэдэнд үргэлжлүүлэн хичээн зүтгэсээр байх хүчийг өгнө.

Магтаал сайшаал

Хүүхэд, өсвөр үеийнхнийг хөгжиж дэвшихэд тэдний хичээл зүтгэлийг магтан сайшааж, урамшуул. Сурсан зүйлсээ хуваалцах боломжийг тэдэнд олго. Тэдний өсөлт хөгжлийг тэмдэглэ. Үүнээс гадна, бүх хүүхэд, өсвөр үеийнхэнд Есүс Христийг дагахаар хичээж байгаа дэлхий дахины бүлгийн нэгээхэн хэсэг гэдгийг нь сануулах бөгж эсвэл медаль зэрэг зүйлсийг өгч болно. Хүүхдүүд болон өсвөр үеийнхэн сүнслэг, нийгмийн, бие махбодын болон оюун ухааны зорилгуудаа биелүүлснээр нэмэлт тэмдгүүдийг хүлээн авч болох юм.