“Үүрэг,” Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн хүүхэд, өсвөр үеийнхэн: Эцэг эх, удирдагчдад зориулсан ерөнхий удирдамж (2019)
“Үүрэг”
Үүрэг
Гэр орон ба эцэг эхчүүд
Би ямар үүрэгтэй вэ?
Хүүхдүүддээ зөв шударга үлгэр дуурайл үзүүл. Тэдэнд амьдралынхаа бүхий л тал дээр хэрхэн өсөж хөгжихийг заа. Гэрээнүүдээ сахихын баяр баясгаланг олж мэдэн, шинэ авьяас чадвараа нээн илрүүлж, хүнд хэцүү зүйлсийг хийхэд нь тэдэнд туслах арга замуудыг хайж ол. Гэр бүлээ Тэнгэрлэг Эцэгт болон Есүс Христэд илүү ойртуулж, өдөр бүр сайн мэдээний дагуу амьдрахад тусал.
Би юу хийх вэ?
Та хүүхдүүддээ ямар их хайртайгаа тэдэнд мэдрүүл. Тэдний амьдралд оролц. Тэдний хүн нэг бүрийн хэрэгцээг залбиран байж олж тогтоон, тэдгээр хэрэгцээг хангахын тулд сайн мэдээнээс суралцахаар болон үйл ажиллагаануудыг явуулахаар төлөвлө. Тэдэнтэй гэрчлэлээ тогтмол хуваалц. Танай хүүхдүүдэд хэрхэн дэмжлэг үзүүлж, тусалж чадах талаар удирдагчидтай ярилц.
Би юунаас эхлэх вэ?
Хүүхдүүдтэйгээ ярилцаж, тэднийг үргэлжлүүлэн сонс. Та тэднийг хэрхэн дэмжих талаараа залбир. Суралцах тал дээр сонирхсон зүйлээ олж мэдэн, ажиллаж эхлэхэд нь тэдэнд тусал. Гэр бүлийн залбирал, сайн мэдээг судлах, үйлчлэлийн боломжууд мөн хүүхдүүдэд тань өсөж хөгжихөд туслах үйл ажиллагаануудыг явуулж эхэл эсвэл үргэлжлүүлэн хий.
Хүүхдийн хэсгийн удирдагчид ба багш нар
Би ямар үүрэгтэй вэ?
Хүүхдүүдийг хайрлаж, хүчирхэгжүүл. Тэнгэрлэг Эцэгийн хайрыг мэдэрч, Есүс Христийн сайн мэдээг ойлгож, Ариун Сүнсний нөлөөг мэдэрч, таньдаг болж мөн ариун нандин гэрээнүүдийг байгуулж, сахихад хүүхдүүдээ бэлтгэхэд нь эцэг эхчүүдэд тусал.
Би юу хийх вэ?
Хүүхдийн хэсгийн ангиуд болон дууны цаг нь хүүхдүүдэд Сүнсийг мэдэрч, итгэлээ нэмэгдүүлэн, Есүс Христийн сайн мэдээний баяр хөөрийг амьдралдаа мэдрэхэд нь тусалдаг байхад анхаар. Лук 2:52 дээр зөвлөсөн өсөлтийн талуудыг удирдамжаа болгон, гэрчлэлтэй болгож, гэр бүлүүдийг бэхжүүлэн, эв нэгдэл, хувийн өсөлт хөгжлийг дэмждэг, хөгжилтэй, сонирхолтой үйлчлэл, үйл ажиллагаануудыг төлөвлө.
Би юунаас эхлэх вэ?
Хүүхдүүдийг болон тэдний гэр бүлийг мэдэж ав. Тэдэнд хэрэгцээнийх нь дагуу тохинуул. Хүүхдийн хэсгийн ерөнхийлөгчийн зөвлөлийн хувьд та нар хүүхдүүдэд Аврагчийг дагахад туслахад нь багш, хөгжмийн удирдагчид болон үйл ажиллагааны удирдагчдадаа хэрхэн тусалж болохоо залбиран асуу.
Залуу эмэгтэйчүүдийн бүлгийн удирдагчид
Би ямар үүрэгтэй вэ?
Залуу эмэгтэйчүүдийг Бурханы охидын хувьд мөн чанараа ойлгож, ариун сүмийн гэрээнүүдэд бэлдэж, тэнгэрлэг зорилгуудаа биелүүлэхэд нь удирдан чиглүүлж, урамшуулахад эцэг эхчүүдэд болон бишопын зөвлөлд тусал. Ангийн ерөнхийлөгчийн зөвлөлийнхнийг тус тусын ангийн гишүүдээ удирдаж, тохинуулж, үйлчлэхэд нь удирдан чиглүүл.
Би юу хийх вэ?
Есүс Христийн шавийн хувьд үлгэр жишээ үзүүл. Ангийн ерөнхийлөгчийн зөвлөл Ирээд, Намайг дага—Залуу эмэгтэйчүүдэд зориулав гарын авлагаас заах хичээлийг залбирч байгаад төлөвлөж, заахад туслахад нь удирдан чиглүүл. Тэднийг залуу эмэгтэйчүүдэд амьдралынхаа бүх хэсэгт өсөж хөгжихөд нь туслах үйлчлэл, үйл ажиллагаануудыг төлөвлөж, явуулахад нь удирдан чиглүүлэхэд урамшуул. Тусламж хэрэгтэй байгаа залуу эмэгтэйчүүдэд нэмэлт тусламж санал болго.
Би юунаас эхлэх вэ?
Залуу эмэгтэйчүүдээ нэг бүрчлэн мэддэг бол. Залуу эмэгтэйчүүдийн өсөлт хөгжилд та хэрхэн дэмжлэг үзүүлж болох талаар залуу эмэгтэйчүүд, тэдний эцэг эх, бишопын зөвлөлтэй ярилц. Ангийн ерөнхийлөгчийн зөвлөлийнхөндөө дуудлагаа амжилттай гүйцэтгэхэд нь хэрхэн туслахаа мэдэхийн төлөө залбир.
Аароны санваарын удирдагчид
Би ямар үүрэгтэй вэ?
Залуу эрэгтэйчүүдийг санваарын албуудад томилогдох, ариун сүмийн гэрээ, номлол, тэнгэрлэг үүргүүдэд бэлдэхэд нь эцэг эхчүүд болон бишопын зөвлөлд туслах үүрэгтэй. Бурханы хүүгийн хувьд өөрсдийн зорилго, мөн чанарыг ойлгоход нь тэднийг урамшуулан дэмж. Чуулгын ерөнхийлөгчийн зөвлөлийнхнийг тус тусын чуулгын гишүүдээ удирдаж, тэдэнд тохинуулж, үйлчлэхэд нь мөн ариун ёслолын үйл ажиллагааг гүйцэтгэхэд нь удирдан чиглүүл.
Би юу хийх вэ?
Есүс Христийн шавийн хувьд үлгэр жишээ үзүүл. Чуулгын ерөнхийлөгчийн зөвлөлийнхнийг түлхүүрээ ашиглан, ариун ёслолын үйл ажиллагааг гүйцэтгэж, Ирээд, Намайг дага—Залуу эрэгтэйчүүдэд зориулав гарын авлагаас заах хичээлийг залбиран байж төлөвлөж, заахад туслахад нь удирдан чиглүүл. Тэднийг залуу эрэгтэйчүүдэд амьдралынхаа бүх хэсэгт өсөж хөгжихөд нь туслах үйлчлэл, үйл ажиллагаануудыг төлөвлөж, явуулахад тусал. Тэдэнд удирдахыг зөвшөөр. Тусламж хэрэгтэй байгаа залуу эрэгтэйчүүдэд нэмэлт тусламж санал болго.
Би юунаас эхлэх вэ?
Залуу эрэгтэйчүүдтэй цагийг хамт өнгөрүүл. Тэднийг нэг бүрчлэн мэддэг болж, хайрла. Та тэднийг Аврагчтай илүү адилхан болж өсөж хөгжихөд нь хэрхэн дэмжлэг үзүүлж болох талаар бишопын зөвлөл, залуу эрэгтэйчүүд, тэдний эцэг эхтэй ярилц. Чуулгын ерөнхийлөгчийн зөвлөлийнхөндөө түлхүүрээ ашиглан, дуудлагаа амжилттай гүйцэтгэхэд нь хэрхэн туслахаа мэдэхийн төлөө залбир.
Ням гаргийн ангийн багш нар
Би ямар үүрэгтэй вэ?
Түүний сургаалыг судалж, дагаснаар Христэд ирэхэд нь өсвөр үеийнхэнд туслахыг хичээ. Өсвөр үеийнхэнд Есүс Христийн сайн мэдээг ойлгож, хуваалцаж, үүний дагуу амьдрахыг заа.
Би юу хийх вэ?
Есүс Христийн шавийн хувьд үлгэр жишээ үзүүлж, өсвөр үеийнхэнд итгэлээ хөгжүүлэхэд нь тусал. Тэднийг судруудыг гэртээ, хувиараа болон гэр бүлээрээ судлахад урамшуулан дэмж. Тэдэнд сургаалын зарчмуудыг бэлдэж, заахад нь тусал. Тэднийг мэдэж авсан зүйлээ хувийн хөгжил дэвшилдээ хэрэгжүүлэхэд урь.
Би юунаас эхлэх вэ?
Аврагчийн заасан аргаар заахыг хичээ. Өсвөр үеийнхнийг нэг бүрчлэн таньдаг бол. Тэдэнд Аврагчтай илүү адилхан болж, өсөж хөгжихөд нь хэрхэн туслахаа мэдэхийн төлөө залбир. Сүмд болон гэр орондоо сайн мэдээнээс суралцаж, заах хичээл зүтгэлд нь ангийн гишүүд болон тэдний эцэг эхийг хүчирхэгжүүл.
Бишопын зөвлөл, анги болон чуулгын ерөнхийлөгчийн зөвлөл
Тэд ямар үүрэгтэй вэ?
Бишопын зөвлөл нь уг тойргийн Аароны санваарын ерөнхийлөгчийн зөвлөл бөгөөд залуу эрэгтэйчүүд, залуу эмэгтэйчүүдийг хариуцдаг. Аароны санваарын чуулгын ерөнхийлөгчийн зөвлөл нь чуулгын ерөнхийлөгч онцгойлон адислагдах үед өгөгдсөн түлхүүрүүдийн дагуу үйл ажиллагаагаа явуулдаг. Залуу эмэгтэйчүүдийн ангийн ерөнхийлөгчийн зөвлөл нь бишопын зөвлөлийн гишүүнээр онцгойлон адислагдсаныхаа дараа санваарын эрх мэдлийн доор үйл ажиллагаагаа явуулдаг.
Тэд юу хийдэг вэ?
Ерөнхийлөгчийн зөвлөлийнхөн анги эсвэл чуулгын гишүүн бүрд хайрыг мэдрүүлж, сайн мэдээний дагуу амьдрахын баяр баяслыг олж мэдэхэд нь тусалж байхдаа Есүс Христийн жинхэнэ шавь нар байхыг хичээх ёстой. Бишопын зөвлөлийн удирдлаган доор чуулгын ерөнхийлөгчийн зөвлөл нь ариун ёслолыг гүйцэтгэж, түгээхдээ Аароны санваартнуудыг удирддаг. Чуулга болон ангийн ерөнхийлөгчийн зөвлөл нь хөшигний хоёр талд Израилыг цуглуулах, тусламж хэрэгтэй хүмүүсийг анхаарч халамжлахад удирддаг.
Тэд юунаас эхлэх вэ?
Ерөнхийлөгчийн зөвлөлийнхөн үүрэг даалгавраа Их Эзэнээс болон удирдагчдаасаа сурч мэддэг. Тэд анги эсвэл чуулгынхаа гишүүдийн төлөө болон тэдний хэрэгцээг олж мэдэхийн төлөө залбирдаг бөгөөд Есүс Христийн шавь нар болоход нь дэмжлэг үзүүлдэг. Тэд ямар хичээл, үйл ажиллагаа, үйлчлэл өсвөр үеийнхнийг адисалж, хүчирхэгжүүлэх талаар болон анги, чуулгынхнаа хэрхэн эв нэгдэлтэй болгох талаар хамтран зөвлөлддөг.