Цуглааны байрыг төлөвлөх зарчим ба удирдамж
“Дараах зүйлсийг хийх бүх хүнд хүртээмжтэй байх үүднээс Сүм цуглааны байруудаар хангадаг. Үүнд:
-
Ариун нандин ёслолуудаар дамжуулан гэрээнүүд байгуулах, шинэчлэх (Сургаал ба Гэрээ 20:75; 59:9–12-ыг үзнэ үү)
-
Хамтдаа цуглах (3 Нифай 18:22–23-ыг үзнэ үү)
-
Хамтдаа залбирч, шүтэн бишрэх (Moзая 18:25; Моронай 6:9-ийг үзнэ үү)
-
Бие биедээ зааж, тохинуулах (Моронай 6:4–5-ыг үзнэ үү)
-
Ерөнхий гарын авлагын 35-р бүлэг дээр тодорхойлсон зөвшөөрөгдсөн бусад үйл ажиллагаанд оролцох
Цуглааны байрууд орон нутгийн нөхцөл байдал, хэрэгцээнээс шалтгаалан өөр өөр хэлбэрээр оршиж болно” (Ерөнхий гарын авлага: Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмд үйлчлэх нь, 35.1).
“Сүмийг хүчирхэгжүүлэхийн тулд бүсүүд цуглааны байрыг өргөтгөх эсвэл өөрчлөх шийдвэр гаргахаасаа өмнө урт хугацааны ерөнхий төлөвлөлт хийдэг” (Цуглааны байраар хангах зарчим ба удирдамж [2021], ChurchofJesusChrist.org). Дараах зарчим болон удирдамж нь бүс хариуцсан ажилтнуудад бүс, гадасны санваарын удирдагчдыг энэхүү зорилгыг биелүүлэхэд дэмжлэг үзүүлэхэд тусална.
Зарчим
Нэгжийг хүчирхэгжүүлэх
Бүсийн ерөнхийлөгчийн зөвлөлийн чиглүүлгэн доор санваарын удирдагчид нэгжийн хэмжээ, хил хязгаарт өөрчлөлт оруулснаар Сүмийг хүчирхэгжүүлэх үүрэг хариуцлага хүлээдэг. Нэгжийн хил хязгаарыг өөрчлөх нь цуглааны байрны ашиглалтыг сайжруулах боломжийг мөн олгож болно.
Үйл ажиллагаа явуулах
“Нэмэлт цуглааны байраар хангахын өмнө зорчин очиход бага цаг зарцуулдаг цуглааны байруудыг дээд хүчин чадлаар ашиглаж байгаа эсэхийг удирдагчид нягталдаг” (Цуглааны байраар хангах зарчим ба удирдамж). Цуглааны байрны хүчин чадалд цуглааны байранд цуглаж болох гишүүдийн тоо (ирцийн тоо) болон нэгжүүдийн тоог (нэгжийн багтаамж) оруулан тооцно. Гишүүнчлэлийн тоо өөрчлөгдөж байгаа бүсүүдэд дутуу ашиглаж байгаа цуглааны байр, үл хөдлөх хөрөнгийг өөрчлөх (үгүй болгох эсвэл ашиглалтыг өөрчлөх) асуудлыг авч үзэж болно.
Зохистой урьдчилан төлөвлөлт
Гишүүнчлэл болон ирцийн өсөлтийг урьдчилан төлөвлөх нь үр ашигтай бас тохирох цуглааны байрны ерөнхий төлөвлөгөөг боловсруулахад нэн шаардлагатай. Гишүүнчлэл болон ирцийн төлөвлөлтийг зөвшөөрөгдсөн арга барилын дагуу тооцоолон гаргана.
Стратегийн байршил
Аливаа цуглааны байрыг аль болох олон гишүүн хамрагдаж болохуйц, хангалттай багтаамжтай байхаар, хамгийн тохиромжтой байршилд гадасны хил хязгаарыг үл харгалзан байгуулах ёстой. Цуглааны байруудыг стратегийн байршилд байгуулахад гишүүдийн өсөлт, шилжилт хөдөлгөөний хэв загвар, тээврийн хэрэгслийн хүртээмжтэй байдлыг харгалзан үзэх нь нэн шаардлагатай.
Худалдан авах чадвар
“Бүс, орон нутгийн удирдагчид цуглааны байрны хэрэгцээнд эдийн засгийн хувьд тохиромжтой, урт хугацааны, ирээдүйтэй шийдлүүдийг эрэлхийлдэг” (Цуглааны байраар хангах зарчим ба удирдамж).
Бүсийн удирдагчид орон нутгийн нөхцөл байдалд тохирсон бүх боломжит хувилбарыг авч үзэх шаардлагатай. Зохих шийдэлд гишүүний гэр орон, орон нутгийн сургууль эсвэл нийгэмлэгийн төв, түрээсийн байр, Сүмийн барьсан, худалдаж авсан, эсвэл засаж өөрчилсөн газар мөн өөр бусад хувилбар орж болно.
Удирдамж
Санваарын удирдагчид цуглааны байрыг хэдэн тойрог ашиглахыг тодорхойлохдоо дараах зүйлсийг анхаарвал зохино. Үүнд:
-
Ням гаргийн хуваарь боломжтой цагт эхэлж, гэр бүлүүдэд гэртээ сайн мэдээг судлах боломж олгохын тулд үд дунд гэхэд тардаг байх
-
Гишүүд цуглааны байр луу явахад замдаа хэт их цаг зарцуулдаггүй байх
-
Шаардлагатай тохиолдолд цуглааны байранд хийгдэх өөрчлөлт нь хялбар бөгөөд бага өртөгтэй байх зэрэг юм.
Бүсийн удирдлагууд цуглааны байрны багтаамжийг нэмэгдүүлэх эсвэл өөрчлөх шийдвэрийг гаргахаасаа өмнө цуглааны байрыг төлөвлөх зарчмыг хэрэгжүүлж, таван жилийн ерөнхий төлөвлөгөө гаргадаг.
Олон гадасны эсвэл зохицуулах зөвлөлийн ерөнхий төлөвлөгөө
Ерөнхий төлөвлөгөөг олон гадасны эсвэл зохицуулах зөвлөлийн түвшинд дараах үед боловсруулж болно. Тухайлбал:
-
Олон гадасны хэмжээнд одоогийн байгаа эсвэл санал болгосон байгууламжуудын боломжийг хуваалцах
-
Хил хязгаарын өөрчлөлт олон гадсанд нөлөөлөх
-
Гишүүдийн өсөлт, хэрэглээ нь шинэ байрны хэрэгцээ байгаа гэдгийг илтгэх
-
Гишүүдийн тоонд гарсан өөрчлөлт цуглааны байранд өөрчлөлт оруулах шаардлагыг бий болгосон зэрэг юм.
Бүсийн төлөвлөлтийн менежерүүд Бүсийн далын гишүүд болон холбогдох гадасны ерөнхийлөгчидтэй хамтран Бүсийн ерөнхийлөгчийн зөвлөлийн зөвшөөрлийг авах хүсэлт бэлтгэнэ.
Гадасны төлөвлөгөө
Олон гадасны эсвэл зохицуулах зөвлөлийн ерөнхий төлөвлөгөөнд ороогүй цуглааны байруудыг өргөтгөх, өөрчлөлт оруулах хэрэгцээг авч үзэхдээ, бүсийн төлөвлөлтийн менежер холбогдох гадасны ерөнхийлөгчтэй хамтарч Бүсийн ерөнхийлөгчийн зөвлөлийн зөвшөөрлийг авах хүсэлт бэлтгэнэ.
Төслийн зөвшөөрөл ба санхүүжилт
Төлөвлөлтийн явцад тодорхойлсон шинэ байр барих эсвэл өөрчлөх төслүүдийг жилийн төлөвлөгөөний нэг хэсэг болгон эсвэл нэмэлт батлах үйл явцад оруулж болно.
Үүрэг ба хариуцлага
Бүсийн ерөнхийлөгчийн зөвлөл
Бүсийн ерөнхийлөгчийн зөвлөл цуглааны байрны төлөвлөлтийн талаар шийдвэр гаргах мөн стратеги боловсруулан зорьсон үр дүнд хүрэх удирдамжаар хангана. Бүсийн ерөнхийлөгчийн зөвлөл санаа зовоосон тодорхой асуудлуудыг ялган таньж, Бүсийн далын гишүүдийг сургаал, зарчмуудаар чиглүүлж, ерөнхий төлөвлөгөөний нэн шаардлагатай хэсгүүдэд болон эцсийн саналд зөвшөөрөл олгодог.
Бүсийн дал ба орон нутгийн санваарын удирдагчид
Бүсийн дал нь гадас, номлолын ерөнхийлөгчдөд сургаал, зарчмуудыг зааж, бүс хариуцсан ажилтнуудтай зөвлөлддөг. Бүсийн дал болон гадас, номлолын ерөнхийлөгчид цуглааны байрны ерөнхий төлөвлөгөөг хянаж, саналаа оруулна. Тэд хил хязгаарын аливаа өөрчлөлтийг Бүсийн ерөнхийлөгчийн зөвлөл рүү хянуулахаар илгээдэг.
Ажлын албаны дарга (ААД) ба бүс хариуцсан ажилтан
Ажлын албаны дарга (ААД) болон бүс хариуцсан ажилтан санваарын удирдагчдыг үнэн зөв мэдээлэл, тайлан, дүн шинжилгээ, зөвлөмжөөр хангадаг. Бүсийн ерөнхийлөгчийн зөвлөлийн удирдамж, бүсийн цуглааны байрны хөтөлбөр хоёрын аль алиныг авч үзсэний үндсэнд бүсийн төлөвлөлтийн менежер зохицуулах зөвлөл, олон гадасны болон гадасны хүрээний төлөвлөгөөг багтаасан таван жилийн ерөнхий төлөвлөгөөг боловсруулан бэлтгэнэ. Төлөвлөлтийн менежер санваарын удирдагчидтай хамтран, мэдээлэлд үндэслэсэн шийдвэр гаргаж, төлөвлөлтийг эцсийн байдлаар боловсруулдаг.
Тайлбар: Гадасны ерөнхийлөгчийн зөвлөл гэдэг нэр томьёонд дүүргийн ерөнхийлөгчийн зөвлөлийг мөн хамааруулж үзнэ.