Үйлчлэлийн номлогч
1. Номлогч таны туршлага


“1. Номлогч таны туршлага,” Есүс Христийн шавь нарт зориулсан номлогчийн жишгүүд—Үйлчлэлийн номлол (2021)

“1. Номлогч таны туршлага,” Есүс Христийн шавь нарт зориулсан номлогчийн жишгүүд—Үйлчлэлийн номлол

Христ ба загасчин, Ж.Көрк Ричардс

1

Номлогч таны туршлага

1.0

Оршил

Таны номлол яг үнэндээ таныг онцгойлон адисалсан тэр өдөр эхлээгүй бөгөөд номлолоосоо чөлөөлөгдөх өдөр ч дуусахгүй. Үйлчлэлийн номлол нь өглөө дүрэмт хувцас өмсөөд, өдрийн төгсгөлд тайлахаас хавьгүй илүү зүйл юм.

Таны үйлчлэлийн номлолын туршлага Есүс Христэд амлалт өгч, Түүний нэрээр бусдад үйлчлэх хүсэл эрмэлзлийг тань харуулдаг. Баптисм хүртсэн цагаасаа хойш та мөнхийн аз жаргал, баяр баясал, амар амгалан руу хөтөлдөг гэрээний замаар явж ирсэн. Таны номлолын туршлага таныг өөрчлөх хүчтэй ба эдгээр өөрчлөлтийг та үлдсэн амьдралынхаа туршид хэрэгжүүлэх хэрэгтэй.

Мөнхийн талаас нь харвал, таны номлол бол хийх зүйлсийн жагсаалт бөглөхөөс илүү утга учиртай зүйл юм. Энэ нь таны амьдралын турш Есүс Христийн шавь болох эрэл хайгуулд туслах арга зам. Ерөнхийлөгч Марион Ж.Ромни “Үйлчлэл нь селестиел хаант улсад амьдрах эрхийг олж авахын тулд хийх ёстой зүйл биш юм. Үйлчлэл бол селестиел хаант улсад өргөмжлөгдсөн амьдрал үүссэн үндсэн шалтгаан, мөн чанар юм” гэж хэлсэн (“The Celestial Nature of Self-Reliance,” Ensign, 1982 оны 11-р сар, 93).

“Бурханд үйлчлэх хүсэлтэй аваас та нар уг ажилд дуудагдсан болой” (Сургаал ба Гэрээ 4:3) гэж Их Эзэн хэлжээ. Та үйлчлэлийн номлогчоор анх удаа дуудагдсан, үйлчлэлийн номлогч болж шилжсэн, үйлчлэлийн номлогчоор дахин дуудагдсан эсэхээс үл хамааран танд амьдралынхаа энэ цаг хугацааг Их Эзэний нэрээр бусдад үйлчлэх замаар Түүнд зориулах онцгой боломж бий. Энэ дуудлагаараа дамжуулан та бусдыг болон өөрийнхөө амьдралыг мөн гэр бүл, Сүм болон үйлчилж буй бүлгүүдээ адислах үйлчлэлийг үзүүлэх боломжтой байх болно.

Бидний хүн нэг бүр өөр өөр авьяас, чадвартай дэлхий рүү илгээгдсэн. Та өөрийн өвөрмөц авьяас, чадвараар дэлхий дээрх Бурханы ажилд чухал хувь нэмэр оруулж чадна. Номлогчийн хувьд таны итгэлтэй үйлчлэл бол Их Эзэнд хүлээн зөвшөөрөгдөхүйц өргөл юм.

Бурханаа мөн хөршөө хайрлах замаар номлолын ажлын баяр баясгаланг мэдэр. Энэ бол Есүс Христээр дамжуулан үүрдийн аз жаргал, амар амгаланг мэдэрч, баясах цаг үе юм.

1.1

Дуулгавартай байдал

Есүс Христийн үнэн шавь нар дуулгавартай байдаг. Аврагч “Та нар Намайг хайрладаг бол тушаалуудыг минь сахь” (Иохан 14:15) хэмээн заасан. Тушаалуудыг сахих гэдэг нь та Их Эзэнийг хайрладаг учраас Түүний хүссэн зүйлийг өөрийн хүслээр, итгэлтэй гүйцэтгэх гэсэн утгатай. Дуулгавартай байх гэдэг нь бас тушаалуудыг “баяр хөөртэйгөөр” (Колоссай 1:11), “талархал хийгээд өгөөмөр зүрхээр” (Үйлс 2:46) сахих гэсэн утгатай.

Есүс Христ бол төгс дуулгавартай байдлын үлгэр жишээ мөн. Түүний хийсэн бүхэн Эцэгийн таалал байсан. Түүний бүх тушаалыг сахин, үйлчлэлийн номлогчийн жишгээр амьдрахын төлөө чадах бүхнээ хийж, Түүнийг дага. Итгэлтэй, дуулгавартай байх гэдэг нь та суралцаж, өсөж хөгжин, сайжрахаар хичээдэг гэсэн утгатай. Алдаагаа хурдан зас. Өөрийн үйлдэлд хувийн хариуцлага хүлээх замаар итгэлтэй, дуулгавартай байдлаа харуул.

Та тушаалуудыг болон номлолын жишгүүдийг дагаж, ухаалаг байснаар адислагдах болно. Гэхдээ тушаалуудыг сахидаг байлаа ч гэсэн танд зовлон бэрхшээл, өвчин эмгэг, сорилт тулгарч болно гэдгийг ухаараарай (Иохан 16:33-ыг үзнэ үү). Аврагч энэ бүхнийг амссан (Алма 7:11–12; Сургаал ба Гэрээ 122:8-ыг үзнэ үү) бөгөөд “Би та нарыг өнчрүүлж орхихгүй. Би та нар уруу ирнэ” (Иoхан 14:18) гэж амласан.

Бурхан танд хайртай. Та Бурханд хайртай учраас тушаалуудыг сахихыг сонгоорой. Их Эзэнтэй тохиролцох гэж бүү оролд мөн дуулгавартай байхыг тодорхой адислалуудыг авахын тулд хийсэн хэлцэл гэж бүү хар.

1.2

Сонгох эрх

Сонгох эрх буюу өөрийнхөө төлөө сонгож, үйлдэх чадвар нь Бурханы хүүхдүүддээ өгсөн агуу бэлгүүдийн нэг юм. Бидний мөнхийн өсөлт хөгжил бид энэхүү бэлгээ хэрхэн ашиглахаас шалтгаалдаг. Бид Есүс Христ болон Түүний сургаалыг дагах эсэхээ сонгох ёстой. Сонголт нь танд суралцаж, өсөж хөгжин, Аврагчийг дагах боломжийг олгодог. Үүний тусламжтайгаар бид “бүх хүмүүний агуу их Зуучлагчаар дамжуулан эрх чөлөө болон мөнх амьдралыг сонгох эрхтэй” (2 Нифай 2:27).

Та гаргаж буй шийдвэрүүддээ өөрөө хариуцлага хүлээдэг. Та агуу хүч чадалтай Бурханы хүүхэд мөн. Нөхцөл байдал ямар байгаагаас үл шалтгаалан танд шударга ёс, аз жаргалыг сонгох чадвар бий.

Та Бурханы өгсөн авьяас, чадваруудыг хөгжүүлэх үүрэгтэй. Таны номлол бол чадвараа юунд ашигласан, цаг хугацаагаа хэрхэн зарцуулсны төлөө Түүний өмнө хариуцлага хүлээж сурах цаг юм. Залхуу байдалд цагаа бүү үр. Шаргуу хөдөлмөрлөх хүсэлтэй бай. Тууштай, найдвартай байхыг сонгож, өөрийн хүслээр олон сайн зүйл хий.

1.3

Үйлчлэлийн номлогчийн зорилго

Аврагчийн тохинуулал нь “Чи Бурхан Эзэнээ бүх зүрх, бүх сэтгэл, бүх оюун ухаанаараа хайрла” мөн “Чи хөршөө өөрийн адил хайрла” (Maтай 22:37, 39) гэсэн агуу хоёр тушаалын жишээ болдог. Бид хөршүүддээ үйлчилж байхдаа тэдэнд хайраа илэрхийлдэг. “Та нар бусдадаа үйлчилж байгаа нь та нар зөвхөн Бурхандаа үйлчилж байгаа” (Мозая 2:17) хэрэг бөгөөд бид бусад хүнд үйлчилснээр Бурханд хайртайгаа харуулдаг.

Тэргүүн Зөвлөлөөс таны үйлчлэх ариун нандин дуудлагад чиглүүлэг өгөх үйлчлэлийн номлогчийн зорилгыг ийнхүү тодорхойлжээ.

“Бидний зорилго бол бусдад Аврагчийн адил үйлчилснээр тэднийг Христэд ирэхэд нь туслах явдал юм. Бид энэрлийн байгууллага, Сүмийн бүтэц дэх нэгжид болон олон нийтэд сайн дурын үндсэн дээр үйлчилдэг. Бид Аврагчийн нэрээр, хүмүүнд Түүний адил, хайр, сайхан сэтгэлээр тохинуулах болно.”

Аврагчид хэрхэн үйлчлэх нь хаана үйлчлэх, юу хийхээс илүү чухал гэдгийг сана. Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон “Энэ Сүмд би бүхий л амьдралынхаа турш үйлчилснээр хүн хаана үйлчилж байгаа нь үнэхээр хамаагүй юм байна гэдгийг сурсан. Хүн хэрхэн үйлчилж байгаа нь л Их Эзэнд чухал байдаг (“Бурханы хүч, эрх мэдлээр тохинуулах нь,” 2018 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 87) гэж тунхагласан. Таны үйлчлэл Их Эзэнд зориулагдсан бөгөөд таныг Түүн шиг үйлчлэхийг урьж байна!

1.4

Номлогчийн зорилт

Түүнчлэн Тэргүүн Зөвлөл үйлчлэлийн номлолын зорилтыг ийн тодорхойлжээ.

  • Хүсэлтэй бүх залуу эмэгтэй, залуу эрэгтэйд Их Эзэнд үйлчлэх, Түүний тухай гэрчлэлээ өсгөх боломжийг олго.

  • Үйлчлэлийн номлогч бүрийг насан туршдаа үйлчлэхээр бэлтгэхэд нь тусал.

  • Сүмд болон олон нийтийн байгууллагуудад үйлчлэх замаар Их Эзэнд хэрэгтэй төдийгүй үнэ цэнтэй үйлчлэлийг үзүүл.

Та номлолдоо болон дараа нь Аврагчид Түүний нэр, арга замаар итгэлтэйгээр үйлчилснээр Христтэй адил зан чанарыг өөртөө хөгжүүлэх болно. Эдгээр зан чанар буюу зан төлөв нь номлолын зорилтоо биелүүлэхэд тань туслах болно.

Амьдралын тань бүхий л талбарт таныг адисалж, нөлөөлөх сүнслэг болон нийгэм, бие махбод, оюун санааны шинэ ур чадваруудыг эзэмших боломж танд байна.

1.5

Амьдралын жишгүүд

Бурхан таныг амьдралынхаа турш өөрийгөө Түүнд зориулахад урьдаг. Хувийн сургалт, зорилго тавих, технологийг зөв ашиглах зэрэг номлолын жишгүүд номлолд байхад тань төдийгүй номлолын тань дараа ч таныг адислах болно.

Судрууд дээрх тушаалууд болон номлолын эдгээр жишгийг насан туршийнхаа удирдамж болго. Та Бурханы зарлиг, жишгүүдийг дагавал Тэрээр таныг бүх амьдралын тань туршид удирдан, адисалж, чиглүүлэх болно.