Үйлчлэлийн номлогч
5. Санваарын эрх мэдэл ба ёслолууд


“5. Санваарын эрх мэдэл ба ёслолууд,” Есүс Христийн шавь нарт зориулсан номлогчийн жишгүүд—Үйлчлэлийн номлол (2021)

“5. Санваарын эрх мэдэл ба ёслолууд,” Есүс Христийн шавь нарт зориулсан номлогчийн жишгүүд—Үйлчлэлийн номлол

Гарыг өргө, Ж.Көрк Ричардс

5

Санваарын эрх мэдэл ба ёслолууд

5.0

Оршил

Санваар нь бүгдэд аврал авчрахын тулд Бурханы хүүхдүүддээ өгсөн эрх мэдэл юм. Санваарын түлхүүрүүдийг хүлээн авч, хэрэгжүүлдэг санваарын удирдагчид санваарын эрх мэдэлтэй бөгөөд санваарын эрх мэдлийг бусдад өгч чадна. “Сүм дэх бусад эрх мэдэл буюу албан тушаалууд нь энэ [Мелкизедек] санваарын хавсралтууд байдаг” (Сургаал ба Гэрээ 107:5) учраас тэдгээр санваарын түлхүүрийн удирдлаган доор гүйцэтгэсэн бүх зүйл санваарын эрх мэдлээр үйлдэгддэг юм.

Эмэгтэй хүн номлогчоор онцгойлон адислагдсанаар санваарын эрх мэдлийн доор санваарын үүргийг гүйцэтгэхээр томилогддог. Санваарын түлхүүрүүдийг атгагч нэгнээс дуудлага хүлээн авсан хэн бүхэн томилогдсон үүргүүдээ биелүүлэхдээ санваарын эрх мэдлийг ашигладаг.

Хэрэв та Мелкизедек санваар атгагч бол санваарын ёслол, адислалуудад оролцох боломж танд олдоно.

Санваарын ёслол, адислалуудыг гүйцэтгэхдээ дараах ерөнхий удирдамжийг ашигла. Энэ хэсгийн мэдээллийг Ерөнхий гарын авлага: Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмд үйлчлэх нь гарын авлагын 18-р бүлгээс хураангуйлсан болно.

Тайлбар: Дараах хэсгүүдэд тайлбарласнаар, зарим ёслолыг зохих санваарын түлхүүрийг атгадаг тэргүүлэх эрх мэдэлтэн зөвшөөрсөн байх ёстой.

5.1

Санваараар удирдах: Мелкизедек санваартанд зориулсан ерөнхий удирдамж

Мелкизедек санваартнууд үргэлж Ариун Сүнстэй байхуйц зохистой байж мөн Түүгээр удирдуулахыг ямагт хичээх ёстой. Тэд ёслол, адислал бүр дараах шаардлагуудыг хангах ёстойг анхаарч, хүндэтгэлтэйгээр гүйцэтгэх ёстой. Үүнд:

  1. Есүс Христийн нэрээр гүйцэтгэх ёстой.

  2. Санваарын эрх мэдлээр гүйцэтгэх ёстой.

  3. Тусгайлан заасан үг хэллэг, ариулан адисалсан тос зэргийг хэрэглэн, зохих аргачлалаар гүйцэтгэх ёстой.

  4. Шаардлагатай бол энэ бүлэгт буй заавруудын дагуу зохих түлхүүрүүдийг эзэмшдэг тэргүүлэх эрх мэдэлтэн (ихэвчлэн бишоп, гадасны ерөнхийлөгч эсвэл номлолын ерөнхийлөгч) үүнд зөвшөөрөл олгох ёстой.

Санваарын адислал өгч байгаа хүмүүс залбирлын үгсийг (“Би [эсвэл бид] таныг …адисалж байна”) гэхчлэн хэлэхээс биш, (“Тэнгэрлэг Эцэг минь ээ, энэ хүнийг … адислаач”) гэх мэтээр хэлэхгүй.

Ёслол, адислалд нэлээд хэдэн эрэгтэй оролцож байгаа үед хүн бүр баруун гараа тухайн хүний толгой дээр зөөлхөн тавьж (эсвэл адислал авч байгаа нялх хүүхдийн доогуур), зүүн гараа зүүн талдаа байгаа ахын мөрөн дээр тавина.

Зохих санваартай, зохистой хүмүүс л ёслол, адислалыг гүйцэтгэж болно. Бишоп болон гадасны ерөнхийлөгч Сүнсээр удирдуулан, ариун сүмд орохуйц бүрэн зохистой биш санваартнуудыг зарим ёслол, адислалыг гүйцэтгэх эсвэл үүнд оролцоход урьж болно (Ерөнхий гарын авлага: Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмд үйлчлэх нь, 18.3, ChurchofJesusChrist.org-ыг үзнэ үү).

Зарим хүнд эвгүй санагдаж болох учраас гэр бүл, найз нөхөд, удирдагчид гээд олон хүнийг ёслол, адислалд туслуулахаар урих ёсгүй. Хэт олон хүн байх нь ёслол гүйцэтгэхэд тухгүй байдал үүсгэх магадлалтай.

5.2

Баптисм хүртээх

Тэргүүлэх эрх мэдэлтний удирдлаган доор зохистой прист эсвэл Мелкизедек санваартан баптисмын ёслолыг гүйцэтгэж болно. Үүний тулд тэрээр дараах алхмыг дагах ёстой. Үүнд:

  1. Тэр баптисм хүртэж байгаа хүнтэй хамт усан дотор зогсоно.

  2. Тэр уг хүний баруун бугуйг зүүн гараараа барина (эвтэйхэн бөгөөд аюулгүй байлгах үүднээс). Баптисм хүртэж байгаа хүн санваартны зүүн бугуйг зүүн гараараа барина.

  3. Санваартан баруун гараа тэгш өнцөг гарган өргөнө.

  4. Тэр тухайн хүний овог нэрийг бүтнээр нь хэлээд, “Есүс Христийн итгэмжилснээр би танд Эцэг, мөн Хүү, мөн Ариун Сүнсний нэрээр баптисм хүртээж байна. Амен” (Сургаал ба Гэрээ 20:73) гэж хэлнэ.

  5. Тэр тухайн хүнд хамраа баруун гараараа чимхэх (эвтэйхэн байлгахын тулд) боломж олгоно. Санваартан баруун гараа тухайн хүний нуруун дээр тавьж, уг хүнийг төдийгүй хувцсыг нь ч бас усанд бүрэн умбуулна.

  6. Уснаас гарч ирэхэд нь тэрээр тухайн хүнд тусална.

Ерөнхий гарын авлагын 18.7.6-д тодорхойлсноор, хоёр гэрч баптисм бүрийг зөв гүйцэтгэж байгаа эсэхийг бататгана. Хэрэв үгсийг яг Сургаал ба Гэрээ 20:73-т бичсэнээр хэлээгүй бол уг хүнд дахин баптисм хүртээх ёстой. Түүнчлэн хүний биеийн хэсэг эсвэл хувцас усан дотор бүрэн ороогүй тохиолдолд баптисмыг дахин хүртээх ёстой.

5.3

Гишүүнээр батлах

Нэг эсвэл түүнээс олон Мелкизедек санваартан гишүүнээр батлахад оролцож болно. Тэд гараа тухайн хүний толгой дээр зөөлөн тавина. Тэгээд ёслолыг гүйцэтгэж байгаа хүн:

  1. Тухайн хүний овог нэрийг хэлнэ.

  2. Уг ёслолыг Мелкизедек санваарын эрх мэдлээр гүйцэтгэж байгаагаа хэлнэ.

  3. Тухайн хүнийг Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн гишүүнээр батална.

  4. Ариун Сүнсийг хүлээн авна уу” гэж хэлнэ (“Ариун Сүнсний бэлгийг хүлээн авна уу” гэхгүй).

  5. Сүнсний удирдамжаар адислалын үгсийг нэмж хэлнэ.

  6. Есүс Христийн нэрээр төгсгөнө.

5.4

Тосыг ариулан адислах

Нэг юм уу түүнээс дээш Мелкизедек санваартан өвчтэй эсвэл зовж шаналсан хүмүүст чидун тосыг түрхэж хэрэглэхээсээ өмнө ариулан адислах ёстой. Өөр тос ашиглаж болохгүй. Тосыг ариулан адислахын тулд санваартан дараах алхмыг дагана. Үүнд:

  1. Чидуны тостой савыг онгойлгоод, гартаа барина.

  2. Тэнгэрлэг Эцэгт хандана.

  3. Тэрээр Мелкизедек санваарын эрх мэдлээр үйлдэж байгаагаа хэлнэ.

  4. Тосыг ариулан адисална (савыг биш), тэгээд үүнийг өвчтэй болон зовж шаналсан хүмүүст түрхэж, адислахын тулд онцгойлон адисална.

  5. Есүс Христийн нэрээр төгсгөнө.

5.5

Өвчтэй, зовлонтой хүмүүсийг адислах

Есүс Өөрийн төлөөлөгчдөд “чөтгөрүүдийг зайлуулах, өвчнийг эдгээх” (Марк 3:15) эрх мэдлийг өгсөн. Мелкизедек санваартнууд үүнтэй адил эрх мэдэлтэй. Энэ бэлгийг зөв зохистойгоор, шаардлагатай бол ойр ойрхон ашигла.

Зөвхөн Мелкизедек санваартнууд өвчтэй болон зовж шаналсан хүмүүсийг адисалж болно. Ерөнхийдөө хоёр эсвэл түүнээс олон санваартан хамтдаа өвчтэй хүнийг адисалдаг боловч шаардлага гарвал нэг хүн тослох, лацдахын аль алиныг ганцаараа гүйцэтгэж болно.

Хэрэв ариулан адисалсан тос байхгүй бол тос түрхэлгүйгээр санваарын эрх мэдлээр адислал өгч болно.

Ер нь Мелкизедек санваартай зохистой нөхөр эсвэл эцэг нь гэр бүлийнхээ өвчтэй гишүүдийг адислах ёстой.

Санваартнууд өвчтэй хүний хүсэлтээр эсвэл уг хүнд маш ойр дотно хүмүүсийн хүсэлтээр өвчтөнийг адислах ёстой бөгөөд тийн үйлдсэнээр адислал нь тэдний өөрсдийн итгэлийн дагуу биелэх болно. Эмнэлэгт очиж байгаа Мелкизедек санваартнууд өвчтэй хүмүүсийг адислах боломжийг гуйх ёсгүй.

Хэрэв хүн өвдсөн үедээ тухайн өвчиндөө нэгээс илүү адислал хүсвэл, санваартан эхний адислалаас хойш тос түрхэх хэрэггүй. Үүний оронд тэрээр гар тавилтаар, Мелкизедек санваарын эрх мэдлээр адислал өгнө.

Өвчтөнийг адислах нь (1) ариулсан тосоор тослох, (2) түрхсэн тосоо лацдах гэсэн хоёр хэсгээс бүрддэг.

Ариулсан тосоор тослох

Мелкизедек санваартан тос түрхэнэ.

  1. Тэрээр уг хүний толгой дээр ариулан адисалсан тос дусаана.

  2. Уг хүний толгой дээр гараа зөөлөн тавьж, түүнийг овог нэрээр нь дуудна.

  3. Тэрээр Мелкизедек санваарын эрх мэдлээр үйлдэж байгаагаа хэлнэ.

  4. Тэр өвдсөн эсвэл зовж шаналсан хүмүүст түрхэж, адислахын тулд ариулан адисалсан тос түрхэж байгаагаа хэлнэ.

  5. Есүс Христийн нэрээр төгсгөнө.

Тосолгоог лацдах

Ерөнхийдөө хоёр эсвэл түүнээс олон Мелкизедек санваартан тухайн хүний толгой дээр гараа зөөлөн тавьж, тосолгоог лацадна. Гэсэн хэдий ч шаардлага гарвал нэг Мелкизедек санваартан ганцаараа гүйцэтгэж болно. Тосолгоог лацдахдаа, Мелкизедек санваартан дараах алхмыг дагана.

  1. Тэрээр уг хүнийг овог нэрээр нь дуудна.

  2. Тэр Мелкизедек санваарын эрх мэдлээр тосолгоог лацдаж байгаагаа хэлнэ.

  3. Сүнсний удирдамжийн дагуу адисална.

  4. Есүс Христийн нэрээр төгсгөнө.

5.6

Тайтгаруулах болон зөвлөгөө өгөх адислал

Мелкизедек санваартнууд хүссэн хүмүүст тайтгаруулах, зөвлөгөө өгөх адислал өгч болно. Ийм адислал өгөхдөө нэг эсвэл түүнээс олон санваартан уг хүний толгой дээр гараа зөөлөн тавина. Тэгээд адислал өгч буй санваартан дараах алхмыг дагана.

  1. Тэрээр уг хүнийг бүтэн овог нэрээр нь дуудна.

  2. Тэрээр уг адислалыг Мелкизедек санваарын эрх мэдлээр гүйцэтгэж байгаагаа хэлнэ.

  3. Сүнсний удирдамжийн дагуу адисална.

  4. Есүс Христийн нэрээр төгсгөнө.

Гишүүдийг адисалж байгаа номлогчид уг адислалын талаар тухайн гишүүний бишопт биеэр мэдүүлж эсвэл ахлагчдын чуулгын ерөнхийлөгч юм уу тойргийн номлолын удирдагчаар дамжуулан бишопт мэдэгдэнэ.