Үйлчлэлийн номлогч
2. Үйлчлэлийн номлогчийн зохион байгуулалт ба үйл ажиллагаа


“2. Үйлчлэлийн номлогчийн зохион байгуулалт ба үйл ажиллагаа,” Есүс Христийн шавь нарт зориулсан номлогчийн жишгүүд—Үйлчлэлийн номлол (2021)

“2. Үйлчлэлийн номлогчийн зохион байгуулалт ба үйл ажиллагаа,” Есүс Христийн шавь нарт зориулсан номлогчийн жишгүүд—Үйлчлэлийн номлол

Гэр бүлийнхээ тусламж хэрэгтэй хүмүүсийг халамжлах

2

Үйлчлэлийн номлогчийн зохион байгуулалт ба үйл ажиллагаа

2.0

Оршил

“Та нар өөрсдийгөө зохион байгуулж мөн хүн болгоныг ажил үүрэгт нь томил” (Сургаал ба Гэрээ 104:11) гэж Их Эзэн хэлсэн байдаг. Номлогчийн жишгийн тухай энэ хэсэгт үйлчлэлийн номлолын зохион байгуулалтыг тодорхойлох болно. Энэ нь мөн таныг үйлчлэлийн номлолын үүрэг даалгавар, үйл ажиллагаанд оролцохдоо Христийн цэвэр хайраар бусдад хэрхэн хамгийн сайнаараа үйлчилж болохыг тайлбарлана (Моронай 7:44–47-г үзнэ үү).

Удирдах номлогчид гэдэг нэр томьёог дүүргийн удирдагчид, удирдагч эгч нар зэрэг удирдах үүрэг даалгаварт томилогдсон номлогчдыг нэрлэхэд ашиглана. Үйлчлэлийн номлолын удирдагчид гэдэг нэр томьёог таны томилогдсон бүсэд таны болон бусад номлогчийн төлөө өдөр тутмын үүрэг хариуцлага хүлээдэг удирдагчдыг нэрлэхэд ашиглана (2.1.1-ийг үзнэ үү).

Энэхүү гарын авлага дахь гадасны ерөнхийлөгч, бишоп, гадас болон тойрог гэсэн нэр томьёонд дүүрэг, салбарын ерөнхийлөгч болон дүүрэг, салбаруудыг тус тус хамааруулж ойлгоно.

2.1

Үйлчлэлийн номлолын удирдлага

Ямар ч удирдах ажилд томилогдсон бай, таны хамгийн чухал үүрэг бол итгэлтэй, бүхнээ зориулсан номлогч байх явдал юм. Та удирдагчдынхаа зөвлөгөөг дагаж, тэдэнтэй нөхөрсөг харилцааг хөгжүүлснээр адислагдах болно.

2.1.1

Үйлчлэлийн номлолын удирдагч

Их Эзэн номлогчдоо удирдан чиглүүлэхийн тулд үйлчлэлийн номлолын хосыг дуудаж, номлогчдоо адисалдаг. Орон нутгийн санваарын удирдагчдын удирдлаган доор танай үйлчлэлийн номлолын удирдагчид хамтарсан удирдагчаар үйлчилдэг. Тэд Бурханаас дуудагдсан бөгөөд таны томилогдсон бүсийн үйлчлэлийн номлогчдыг удирдахаар онцгойлон адислагдсан. Тэд таныг хайрлаж, танд үйлчилж, номлогчийн зорилгоо биелүүлэхэд тань тусална. Танд зориулсан үйлчлэх боломжуудыг тодорхойлоход туслахын тулд тэд гадасны ерөнхийлөгчтэй тань нягт хамтран ажилладаг. Тэд танд зориулсан номлолын хуваарь болон үүрэг даалгаврыг боловсруулахад тусална. Түүнчлэн тэд:

  • Тантай тогтмол уулзаж, ярилцана.

  • Таны ахиц дэвшлийг үнэлж, дэмжлэг үзүүлнэ.

  • Таныг дэмжиж, урамшуулна.

  • Санааг тань зовоож буй асуудлуудыг сонсож, асуултуудад тань хариулж, зөвлөгөө өгнө.

  • Номлогчийн хувьд амжилттай байхад тань туслахын тулд сүнслэг нөлөө, илчлэлтийг ашиглана.

Дүгнэж хэлэхэд, тэд тантай хамтран ажиллах өдөр тутмын үүрэг хариуцлага хүлээдэг бөгөөд үр дүнд нь та амьдралыг тань өөрчлөх номлолын туршлагыг хуримтлуулах болно.

Та үйлчлэлийн номлолын удирдагчидтай ярилцах үедээ эцэг эхээ эсвэл тухайн газарт үйлчилж байгаа үйлчлэлийг дэмжих номлогчийг урьж оролцуулж болно. Хэн нэгнийг урих таны шийдвэр үйлчлэлийн номлолын удирдагчдын таныг гэх хайр, анхаарал халамж эсвэл бахдалыг бууруулахгүй.

2.2.1

Гадасны ерөнхийлөгч

Та гадасны гишүүн учраас гадасны ерөнхийлөгч тань таны төлөө санваарын үүрэг хариуцлага хүлээдэг. Үйлчлэлийн номлолын удирдагчид таны номлолд үйлчлэхдээ дагах сүнслэг байдлын болон биеэ авч явах хэм хэмжээг тодорхойлж, номлогчийн туршлага олж авахад тань туслахаар тантай нягт хамтран ажиллана.

Таны гадасны ерөнхийлөгч зохистой байдлын талаар тантай ярилцах үүрэгтэй. Тэрээр үйлчлэлийн номлолын жишгийг дагаж байгаа эсэхийг тань баталгаажуулна. Үйлчлэлийн номлолын удирдагчидтай зөвлөлдсөний үндсэн дээр тэрээр таны хуваарь болон ажлыг хянаж үзнэ. Номлолын тань төгсгөлд тэр таныг чөлөөлж, номлолын үйлчлэлд тань талархал илэрхийлнэ.

Хол зайтайн улмаас зарим тохиолдолд гадасны ерөнхийлөгч тань тантай тогтмол уулзаж чадахгүй байж болох юм. Энэ тохиолдолд тэр үйлчлэлийн номлолын удирдагчидтай нягт хамтран ажиллах гадасны мэргэжилтэн юм уу өөр санваарын удирдагчийг томилж, тэднээр дамжуулан, амьдралдаа өөрчлөлт авчрах номлолын туршлагуудыг мэдэрч байгаа эсэхэд тань анхаарч мөн дэмжлэг үзүүлнэ.

2.1.3

Үйлчлэлийн номлолын удирдлагын зохион байгуулалт

Үйлчлэлийн номлолын удирдагч тань ажлаа зохион байгуулахдаа илчлэлт болон сүнслэг өдөөлтийг ашигладаг. Тэд номлогчдыг үйлчлэлийн номлолын бүс дэх удирдагчаар томилж болно (дүүргийн удирдагчид эсвэл удирдагч эгч нар гэх мэт). Мөн танаас үйл ажиллагаа эсвэл олон нийтийн ажлыг удирдан чиглүүлэхийг эсвэл сургалт явуулахыг хүсэж болох юм.

2.1.4

Удирдах номлогчийн үүрэг хариуцлага

Удирдах номлогчид бүх номлогчийн адил “[тэд] бүхий л зүрх сэтгэл, хүчин чадал, оюун хийгээд чадлаараа [Бурханд] үйлчилж,” “итгэл, ариун журам, мэдлэг, өөрийгөө захирах, тэвчээр, ах дүүсэг ёсны нинжин сэтгэл, бурханлаг чанар, энэрэл, даруу байдал, хичээл зүтгэлийг санагтун” (Сургаал ба Гэрээ 4:2, 6) гэх Есүс Христийн зөвлөгөөг дагадаг. Удирдлагын үүрэг хариуцлага нь тусгай сайшаал, амжилт, аль эсвэл тухайн номлогчийн үнэ цэнгийн тусгалыг илэрхийлдэггүй.

Удирдах номлогчийн хүлээх үүрэг хариуцлага:

  • Биеэ авч явах байдлын талаарх номлогчийн жишгийн дагуу үлгэр жишээ үзүүлэх (3-р бүлгийг үзнэ үү)

  • Үйлчлэлийн номлолын удирдагчдын чиглүүлсний дагуу бусад номлогчийг сургахад туслах

  • Бусад номлогчийг хайрлах, тэдэнтэй нөхөрлөх

  • Хичээл зүтгэлийнхээ үнэ цэнийг мэдэхэд нь бусад номлогчид туслах

  • Бусад номлогчийн санааг зовоож буй асуудлуудыг сонсож, тэдний хэрэгцээний талаар үйлчлэлийн номлолын удирдагчидтай ярилцах

  • Удирдах үүргийнхээ талаар үйлчлэлийн номлолын удирдагчдад тайлагнах

  • Үйлчлэлийн номлолын удирдагчдын удирдлаган доор чуулган, хурал, үйл ажиллагаануудыг зохион байгуулж, удирдахад туслах

Удирдахаар томилогдсон ахлагч болон эгч нар бүх номлогчтой адил Христийнх шиг манлайлал үзүүлэх ёстой. Аливаа номлогчийн, тэр дундаа удирдах номлогчийн биеэ авч явах байдал зарлигуудтай болон номлогчийн жишигтэй нийцэхгүй мэт санагдвал энэ асуудлын талаар бусад номлогч, эцэг эх, найз нөхөдтэйгөө биш зөвхөн үйлчлэлийн номлолын удирдагчидтайгаа ярилц.

2.1.5

Хувийн үүрэг хариуцлага

Их Эзэнд найдаж, Сүнсийг дагаснаар “Их Эзэнд [өөрсдийн] албан тушаалд хичээнгүйлэн зүтгэж” (Иаков 1:19), сүнслэг байдлын хувьд бие дааж, “[өөрийнхөө] төлөө үйлд” (2 Нифай 2:16).

Танд асуух эсвэл санаа зовоосон зүйл байвал:

  • “…үүнийг оюундаа тунгаан бод…; дараа нь энэ нь зөв үү гэдгийг … надаас асуу…” (Сургаал ба Гэрээ 9:8) гэдэг сургаалыг хэрэгжүүл.

  • Хувийн илчлэлт, залбирал, судрууд (ялангуяа Мормоны Ном), амьд бошиглогчдын сургаал болон үйлчлэлийн номлогчийн жишгүүдээр дамжуулан удирдамж эрэлхийл.

Зохистой байдлын асуудлаар бишоп эсвэл гадасны ерөнхийлөгчтэйгөө ярилц. Халдлага, хүчирхийлэл зэрэг аюулгүй байдлын талаарх санаа зовоосон яаралтай асуудлаа үйлчлэлийн номлолын удирдагчидтайгаа ярилц.

Номлолын тань явцад тулгарч буй сорилт бэрхшээл, хувийн болон гэр бүлийн асуудлаас эсвэл бүр өнгөрсөн явдлаас хүртэл болж үйлчлэлийн үүрэг даалгавартаа төвлөрөхөд хэцүү үе танд тохиож мэднэ. Санааг тань зовоож буй асуудлуудынхаа талаар үйлчлэлийн номлолын удирдагчидтайгаа ярилцахаас бүү эмээ.

Аврагчийн урилгыг сана. “Санаа бодол болгондоо над уруу харагтун; бүү эргэлз, бүү ай. Миний хажуу талыг цоо хатгасан шархыг, мөн түүнчлэн миний гар мөн хөлөн дэх хадаасны ормуудыг болгоогтун; итгэлтэй байгтун, миний зарлигуудыг сахигтун, мөн та нар тэнгэрийн хаант улсыг өвлөх болно. Амен” (Сургаал ба Гэрээ 6:36–37).

2.2

Хамт үйлчлэх

Та үе үе бусад үйлчлэлийн номлогчтой нэг газар хуваарилагдан үйлчилж болох юм. Хамт үйлчилж буй номлогчдын хувьд та дараах зүйлсийг дагах ёстой. Үүнд:

  • Ажилдаа нэгдмэл байж, Аврагчийн адил үйлчлэх

  • Бие биеийнхээ сүнслэг байдал, сэтгэл санаа, бие махбодын сайн сайхан байдлыг дэмжих

  • Хамт үйлчлэхдээ бие биеийнхээ аюулгүй байдлыг анхаарах

  • Үйлчлэлийн номлогчийн жишгийг сахих тал дээр бие биедээ хариуцлага хүлээлгэх зэрэг юм.

2.2.1

Хамтрагчид

Сайн мэдээнээс төлөвлөгөөтэй суралцах төдийгүй бусадтай харилцах харилцааны чадварыг тань сайжруулах зорилгоор номлолын тань дундуур үйлчлэлийн номлолын удирдагчид танд хамтрагч томилж өгч болно. Хамтрагчдыг үйлчлэлийн номлолын өөр бүсээс, үйлчлэх газруудад эсвэл тусгай үйлчлэлийн үйл ажиллагаанд зориулан томилж болно.

Үйлчлэлийн бусад номлогчтой харилцахдаа дараах зүйлийг үргэлж санаарай. Үүнд:

  • Бусад номлогчийг хайрлаж, хүндэлж, хүчирхэгжүүлэх

  • Даруу байж, нэг нэгнийхээ давуу талыг таньж мэдэх

  • Өөрт чинь хэрхэн хандахыг хүсдэг шигээ бие биедээ тийнхүү хандах

  • Шүүмжлэл, зөрчилдөөнөөс зайлсхийж, бусад номлогчийн сайн талыг таньж мэдэх

  • Үйлчлэлийн бусад номлогч, Сүмийн гишүүд, гэр бүл, найз нөхдөдөө бие биеийнхээ талаар сөрөг зүйл хэлэхээс зайлсхийх зэрэг юм.

Та ямар нэгэн зохисгүй зан авир, нөхцөл байдлыг анзаарвал энэ талаар үйлчлэлийн номлолын удирдагчидтайгаа ярилцаарай.

2.3

Хурал, чуулган, зөвлөлүүд

Номлогчид сургалт өгөх, авах болон үйлчлэлээ төлөвлөж, зохицуулахын тулд хамтдаа зөвлөлддөг. Хурал, чуулган, зөвлөл дээр Их Эзэний Сүнсийг урих ёстой бөгөөд эдгээр нь илчлэлт, сүнслэг өдөөлт авах цаг байх ёстой (Сургаал ба Гэрээ 6:32-ыг үзнэ үү). Номлогчдын цугларалт нь мөн танд бие биеэ дэмжиж, хамтдаа баясах боломжийг олгодог (Сургаал ба Гэрээ 43:8; 50:22-ыг үзнэ үү).

Үйлчлэлийн номлолын удирдагчдын удирдлаган доор удирдах номлогчдын зохион байгуулдаг хурлуудад:

  • Дүүргийн ээлжит хурал

  • Долоо хоног эсвэл сар тутмын хурал

  • Чуулган

  • Удирдлагын зөвлөл орно.

2.4

Үүрэг даалгавар ба хуваарь

Номлогчийн үүрэг даалгавар, хуваарийг дагахдаа итгэлтэй мөн хичээнгүй бай.

2.4.1

Тусгай үүрэг даалгаврууд

Их Эзэн таныг номлогчоор дуудсан билээ. Таны авьяас, ур чадвар, бэлэгт зориулж онцгойлон сонгосон тусгай номлолд та үйлчлэхээр томилогдсон. Номлолынхоо туршид та энэрлийн байгууллага, Сүмийн үйл ажиллагаа, ариун сүм болон гадаснаас хуваарилсан үйлчлэлийн боломжууд зэрэг зөвшөөрөгдсөн олон үүрэг даалгаварт үйлчилж болно.

Та долоо хоногт нэгээс олон газарт үйлчилж магадгүй. Үйлчлэх газар бүрдээ та удирдагчид тайлагнах ба тэрээр үүрэг хариуцлага биелүүлэхэд шаардлагатай сургалт, багаж хэрэгсэл, дэмжлэг туслалцааг үзүүлнэ. Үйлчлэх газраа цагтаа ирж, сайн үйлчлэхэд бэлтгэлтэй бай. Найдвартай, итгэл даахуйц бай. Удирдлагынхаа зааврыг анхааралтай, бүрэн дагаж мөрд. Тухайн ажилд бодитой хувь нэмэр оруулахын тулд чадах бүхнээ хий. Үйлчилж мөн харилцаж байгаа хүмүүстээ эерэг нөлөө үзүүлж, урам зориг өг. Аюулгүй ажиллаж, үргэлж сайжруулахыг хичээ.

2.4.2

Үүрэг даалгаврыг шилжүүлэх

Танай гадасны ерөнхийлөгч болон үйлчлэлийн номлолын удирдагчид нягт хамтран ажилласны үндсэн дээр үйлчлэлийн үүрэг даалгавруудыг номлолын тань явцад өөрчилж болно.

2.4.3

Өдөр тутмын цагийн хуваарь

Үйлчлэлийн номлолын удирдагчид тань нягт хамтран ажилласны үндсэн дээр таны саналыг оролцуулан номлолын өдөр тутмын хуваарийг гаргах болно. Танай гадасны ерөнхийлөгч хуваарийг батална. Энэхүү хуваарьт өсөлт хөгжлийн дараах талуудад хамаарах даалгавар, үйл ажиллагааг багтааж болно. Эдгээр нь:

  • Сүнслэг

  • Нийгмийн

  • Бие махбодын

  • Оюун санааны талууд юм.

Номлолын өдөр тутмын хуваариа тууштай, хичээнгүйлэн дагаж мөрд. Ингэснээр та номлолд үйлчлэх явцдаа илүү их өсөж хөгжин, баяр баясгалантай байж, сүнслэгээр адислагдах болно.

Таны өдөр тутмын хуваарь дараахыг агуулж болно. Үүнд:

  • Үйлчлэлийн номлолын зорилгоо тодорхойлж, бататгах

  • Өдөр бүр хийх ажлаа бэлтгэх, хийж дуусгах

  • Судруудыг (ялангуяа Мормоны Ном) болон амьд бошиглогч, төлөөлөгчдийн сургаалыг мөн Миний сайн мэдээг номло гарын авлагын Үйлчлэлийн номлогчийн амьдралд дасан зохицох нь зэрэг холбогдох хэсгүүд болон зөвшөөрөгдсөн бусад эх сурвалжийг судлах зэрэг юм. (2.4.5-ыг үзнэ үү.)

2.4.4

Өдөр тутмын цагийн хуваарийн жишээ

Удирдагч, эцэг эх, асран хамгаалагчидтайгаа хамтран бичгээр ерөнхий хуваарь гарга. Та хэрхэн үйлчлэх, сайжруулах, өсөж хөгжихөө тодорхойлохын тулд үүрэг даалгавраа гүйцэтгэх цаг, сонгох эрхээ хэрэгжүүлэх тоог (“сонголтын цаг” гэж нэрлэдэг) хуваарьтаа оруул. Өдөр бүр төлөвлөгөөгөө харан, дагаж мөрд.

Танай номлолын өдөр бүрийн цагийн хуваарь доорх жишээтэй төстэй байж магадгүй.

Өглөө:

[Эхлэх цаг]

Босох мөн залбирах

[Эхлэх цаг]

30 минут дасгал хийх (Таны биеийн эрүүл мэнд, нөхцөл байдалд юу хамгийн сайн болохыг эрүүл мэндийн мэргэжилтэнтэйгээ зөвлөлд.)

[Эхлэх цаг]

Шүршүүрт орж, өглөөний унд уун, тухайн өдөртөө бэлдэж дуусгах

[Эхлэх цаг]

Онцгой цугларалт эсвэл сайн мэдээний сургалтад оролцох

[Эхлэх цаг]

Үүрэг даалгавраа цаг тухайд нь тайлагнах (Төлөвлөсөн бол үйлчлэлийнхээ өмнө залбирлын цуглаан эсвэл онцгой цугларалтад оролцох)

Үдээс хойш:

[Эхлэх цаг]

Үдийн хоолоо идэх

[Эхлэх цаг]

Таны үүрэг даалгавар дуусах хүртэл үйлчлэх

Орой:

[Эхлэх цаг]

Оройн хоол идэх

[Эхлэх цаг]

Өдөр бүрийн хуваарь дахь хувийн үйл ажиллагааны төлөвлөгөөгөө дагаж мөрдөх. Үүнд хувиараа сайн мэдээг судлах нэг цаг багтах ёстой. Мөн ариун сүмд орох, институтийн ангиуд, ГБЗ-ын үйл ажиллагаа, гэрийн ажил зэрэг нь багтаж болно.

[Эхлэх цаг]

Тэмдэглэлдээ мэдрэмж болон туршлагаа бичих

[Эхлэх цаг]

Унтахад бэлдэх мөн залбираад, орондоо орох

Та томилогдсон газартаа үйлчлээгүй байлаа ч номлогч хэвээрээ байгаа. Таны биеэ авч явах байдал, бодол санаа, үйлдэл номлогчийн статусыг тань илэрхийлэх ёстой.

2.4.5

Үйлчлэлийн бусад номлогчтой хамт суралцах сургалтууд

Боломжтой бол үйлчлэлийн өөр номлогчтой хамт суралц. Үйлчлэлийн номлолын удирдагчид танд хэн нэгнийг томилж өгч магадгүй. Энэхүү хамтын сургалтыг биечлэн эсвэл онлайнаар явуулж болно.

Судрууд (ялангуяа Мормоны Ном), амьд бошиглогчдын сургаал болон Миний сайн мэдээг номло гарын авлагын Үйлчлэлийн номлогчийн амьдралд дасан зохицох нь зэрэг холбогдох хэсэг, үйлчлэлийн номлолын жишгүүд дээр анхаарлаа төвлөрүүл. Эдгээр зөвшөөрөгдсөн материал нь таны Есүс Христийн сэргээгдсэн сайн мэдээний мэдлэг, гэрчлэлийг хүчирхэгжүүлж, үйлчилж байгаа хүмүүсийн тань хэрэгцээг хангахад бэлтгэж чадна.

2.5

Үйлчлэлийн үүрэг даалгавраас гадуурх үйл явдал, үйл ажиллагаа, бэлтгэл ажил

Таны номлогчийн хуваарьт гэрийн ажил, эмчийн үзлэг, гэр бүлийн цаг, амралт зэрэг хувийн хэрэгцээ, бэлтгэлээ хангах цаг багтаж болно. Энэ нь бүтэн өдөр эсвэл өдрийн нэг хэсэгт үргэлжилж болно. “Өөрсдийгөө зохион байгуул; хэрэгтэй юм болгоныг бэлтгэ, мөн өргөө, бүр … дэг жаягийн өргөөг байгуул” (Сургаал ба Гэрээ 109:8).

Их Эзэний “Өөртөө байгаа хүч чадал хийгээд аргаас илүү хурдан гүйх буюу илүүгээр бүү хөдөлмөрлө” (Сургаал ба Гэрээ 10:4) мөн “та нар ядрахгүй байхын тулд; эрт босч бай, та нарын бие хийгээд оюун чинь амарч болохын тулд орондоо эрт орж бай” (Сургаал ба Гэрээ 88:124) зэрэг цагаа олсон сэрэмжлүүлгийг сана. Амрах, өөрийгөө бэлтгэхийн тулд завсарлага авах нь бусдад үйлчлэх чадвараа хадгалахад тусална.

2.6

Хүндэтгэлийн өдрийн үйл ажиллагаа

Аврагчийн адил бусдад үйлчилж, тэднийг Христэд ирэхэд нь туслах номлолын зорилгоо биелүүлэхэд тань дэмжлэг үзүүлэх үйл ажиллагаануудыг Хүндэтгэлийн өдөр төлөвлө. Сургаал ба Гэрээ 59:13–19 дэх Хүндэтгэлийн өдрийн тухай Их Эзэний сургаалыг сана.

Танай орон нутгийн санваарын удирдагчид үйлчлэлийн номлолын удирдагчидтай зөвлөлдсөний үндсэн дээр номлолын хуваарь эсвэл үүрэг даалгаварт тань саад болохгүй байх тойрог эсвэл гадасны дуудлага өгч болно. Та мөн тохинуулагч ах, эгчээр үйлчилж болно.

2.7

Олон нийтэд үйлчлэх

Есүс Христийн шавь болох нэг арга зам нь Түүний адил бусдад үйлчлэх явдал юм. “Та нар бусдадаа үйлчилж байгаа нь та нар зөвхөн Бурхандаа үйлчилж байгаа гэдгээ мэдэж болохын тулд” (Moзая 2:17) бөгөөд олон нийтэд үйлчлэх боломжуудыг олоход танай үйлчлэлийн номлолын удирдагчид тусална.

Та ямар ч ашиг харалгүй бусдад туслах чин хүсэлтэйгээр үйлчлэх ёстой. Та үгээрээ сайн мэдээг заахаар дуудаагүй гэдгээ санаарай. Христийнхтэй адил үйлчлэлийн үлгэр жишээгээрээ дамжуулан та Бурханыг хайрладаг гэдгээ харуулдаг. Энэрлийн байгууллагад үйлчилж байх хугацаандаа сургаалыг бүү тунхагла.

Зарим үүрэг даалгавар нэмэлт сургалт эсвэл чиглүүлэг шаарддаг. Таны үйлчилж буй энэрлийн байгууллагаас үйлчлэлийн номлолын удирдагчдад сургалтын тусгай төлөвлөгөө ирүүлээгүй тохиолдолд та дараах хориглогдсон үйл ажиллагаануудын аль нэгд оролцох ёсгүй. Үүнд:

  • Хүүхэд эсвэл эмзэг бүлгийн насанд хүрэгчидтэй харилцах

  • Машин, тоног төхөөрөмж, тээврийн хэрэгсэл ажиллуулах

  • Аливаа бэлэн мөнгө, үнэт зүйлтэй харьцах

  • Мэргэжлийн дүгнэлт өгөх зэрэг юм.