“4. Бие махбодын болон сэтгэл санааны эрүүл мэнд,” Есүс Христийн шавь нарт зориулсан номлогчийн жишиг—Үйлчлэлийн номлол (2021)
“4. Бие махбодын болон сэтгэл санааны эрүүл мэнд,” Есүс Христийн шавь нарт зориулсан номлогчийн жишиг—Үйлчлэлийн номлол
4
Бие махбодын болон сэтгэл санааны эрүүл мэнд
4.0
Оршил
Номлолд баяр баясгалан, сэтгэлийн дарамтын аль аль нь тохиолдож болно. Энэ хэсэг болон Үйлчлэлийн номлогчийн амьдралд дасан зохицох нь гарын авлага дахь жишгүүд нь Их Эзэнд илүү сайн үйлчлэхэд оюун санаа, бие махбодоо бэлдэхэд тань туслах болно. Номлолынхоо турш эдгээр жишгийг байнга эргэн харж бай.
4.1
Бие махбодын эрүүл мэнд
Таны эрүүл мэнд, аюулгүй байдал чухал юм. Бүхий л зүрх сэтгэл, хүч чадал, оюун хийгээд чадлаараа үйлчлэхийн тулд эрүүл мэндээ сахин хамгаал.
Та өөрөө болон танай гэр бүлийнхэн таны эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хэрэгцээг хариуцна. Эмч эсвэл бусад эрүүл мэндийн мэргэжилтэнтэй уулзахдаа удирдагчдаа урьдчилан хэлж, тохиролцсон байх ёстой.
4.1.1
Хүнс тэжээлийн ерөнхий удирдамж
Дараах хүнс тэжээлийн ерөнхий удирдамжийг ашиглаж, шаардлагатай бол өөрийн хэрэгцээнд тохируулан өөрчил.
-
Өдөр бүр хангалттай хэмжээний ус уу. Хэрэв өдрийн турш эсвэл дасгал хийхдээ их хөлөрдөг бол танд илүү их ус болон давс хэрэгтэй байж магадгүй.
-
Хүнсний ногоо, жимс, бүхэл үр тариа, эрүүл өөх тос, уураг бүхий тэнцвэртэй хоол хүнс ид.
-
Чанаргүй, боловсруулсан хоол хүнс, хийжүүлсэн ундаа, түргэн хоолны хэрэглээгээ хязгаарла.
-
Тусгай хоолны дэглэм баримтлах, эм уух эсвэл таны хэрэгцээнд нийцсэн эрүүл мэндийн бусад арга хэмжээний талаар эмч мэргэжилтнүүдийнхээ өгсөн зөвлөгөөг дагаж мөрд.
4.2
Дасгал хөдөлгөөн
Дасгал хөдөлгөөн нь таныг эрүүл байлгаж, стрессээ тайлахад тусалдаг. Нөхцөл байдалд тань тохирч байвал дасгал хөдөлгөөнийг өдөр тутмын хэв маягаа болго.
4.3
Сэтгэл санааны эрүүл мэнд
Номлолын ажилд өндөр шаардлага тавьдаг. Стрессийг үе үе мэдрэх нь хэвийн үзэгдэл юм. Та гэр бүлийнхнийхээ дэмжлэгтэйгээр стрессийг илүү сайн даван туулахад бие, сэтгэлээ бэлдэж болно. Та мөн эрүүл хооллолт, тогтмол дасгал, нойр, амралт, сүнслэг үйл ажиллагаа (залбирах, тунгаан бодох, суралцах гэх мэт) зэрэг дадал зуршлуудыг бий болгох замаар өөрийгөө бэлтгэж болно.
Та стрессээ зохицуулахын тулд Үйлчлэлийн номлогчийн амьдралд дасан зохицох гарын авлагыг номлолынхоо туршид ашигла. Танд стрессийг зохицуулахад бэрхшээлтэй эсвэл сэтгэцийн болон сэтгэл санааны эрүүл мэндийн яаралтай тусламж хэрэгтэй байгаа бол үйлчлэлийн номлолын удирдагчидтайгаа холбоо барь.
Танд сэтгэлийн түгшүүр болон бусад нөхцөл байдал, өвчний улмаас эм бичиж өгсөн бол эмийн жор, эмчийн зааврыг дага.
4.4
Эрүүл мэндийн тусламж
Бие махбодын болон сэтгэл санааны эрүүл мэнддээ нухацтай ханд. Аливаа эрүүл мэндийн асуудал (хэрэглэж буй эм, харшил, зайлсхийх ёстой үйл ажиллагаа гэх мэт) дээрээ эцэг эх, асран хамгаалагчаасаа шаардлагатай тусламж авдаг бай. Мөн шаардлагатай бол үйлчлэлийн номлолын удирдагчид эсвэл үйл ажиллагааны удирдагчидтайгаа эрүүл мэндийнхээ талаар тодорхой мэдээллийг хуваалцаж болно.
Хэрэв танд эрүүл мэндийн яаралтай асуудал гарвал өөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын төлөө шаардлагатай арга хэмжээг ав. Танд өөр зааварчилгаа өгөөгүй бол орон нутгийн түргэн тусламжийг дууд (АНУ-д 911 гэх мэт). Аль болох хурдан хугацаанд үйлчлэлийн номлолын удирдагчидтай холбоо барь.
Үйлчлэлийн тань үед танд яаралтай бус эмнэлгийн тусламж хэрэгтэй болбол өөрийн эцэг эх эсвэл асран хамгаалагч руу нэн даруй залга. Тэд танд юу хийхийг хэлэх болно. Таны үйлчлэлийн үүрэг даалгавар, хуваарьт саад учруулахгүйн тулд яаралтай бус тусламж үйлчилгээг урьдчилан төлөвлөхийг хичээгээрэй.
4.5
Аюултай нөхцөл байдал ба сүрдүүлэг
Ухаалаг байж, номлогчийн жишгийг сахиснаар, учирч болох олон аюулаас зайлсхийж чадна. Таныг аюулгүй байхыг хичээсээр байхад ч гэсэн хүмүүс танд хор хөнөөл учруулахаар оролдож мэднэ. Хэрэв асуудал гарвал, үйлчлэлийн номлолынхоо удирдагчдад нэн даруй мэдэгд.
Хэрэв танд аливаа байршил, хүн эсвэл нөхцөл байдал эвгүй санагдвал, тэндээс нэн даруй гарч яв. Сүнслэг өдөөлтийг сонс.
4.6
Орон байр
Амьдардаг орон байраа цэвэрлэхэд тусалж, өөрт ноогдсон гэрийн ажлыг хий. Өрөөгөө цэгцтэй, цэвэрхэн байлга. Хувийн эд зүйл, тэр дундаа электрон төхөөрөмжөө зааврын дагуу арчилж торд.
4.7
Унаа тээвэр
Аялахдаа орон нутгийн замын хөдөлгөөний хууль, дүрэм, нийтлэг хэм хэмжээг үргэлж дагаж мөрд. Хэрэв та жолоо барьдаг бол болгоомжтой жолоод.
Нийтийн тээвэр нь машинаар явахаас хамаагүй хямд байдаг. Номлолын үүрэг даалгавраа гүйцэтгэхээр явах мөн буцахдаа нийтийн тээврээр зорчих талаар бодож үз.
Ухаалаг байж, хүрээлэн буй орчноо анхаарч, байгаа нутаг дэвсгэртэйгээ танилц. Энэхүү гарын авлага дахь аюулгүй байдлын ерөнхий жишгийг дагаж мөрд.
4.7.1
Жолоо барих
Хэрэв гэр бүлийн нөхцөл байдалд тань хүндрэл учруулахгүй бол номлолын үүрэг даалгавраа гүйцэтгэхээр явахдаа хувийн болон гэр бүлийн автомашиныг жолоодож болно. Үйлчлэлийн номлогчид түлш, машины засвар үйлчилгээ, даатгал зэрэг автомашин жолоодохтой холбоотой бүх зардлыг өөрсдөө хариуцна.
Үйлчлэлийн номлогчид болон тэдний гэр бүлийнхэн автомашин жолоодохтой холбоотой хувийн болон эд хөрөнгийн бүх эрсдэлийг өөрсдөө хариуцна. Үйлчлэлийн номлогчид үйлчилж байхдаа Сүмийн эзэмшлийн автомашиныг жолооддоггүй. Хэрэв та үйлчлэлийнхээ үеэр олон нийтийн болон энэрлийн байгууллагын тээврийн хэрэгслийг жолоодох шаардлагатай болбол төлөвлөгөөний дагуу сургалтад хамрагдана.
4.8
Хувийн сан эсвэл хадгаламж
Танд хувийн хөрөнгөө болгоомжтой төсөвлөж, зарцуулахыг зөвлөж байна. Аравны нэг болон өргөлүүдээ төлөх мөн хувийн хадгаламжтай холбоотой зарчмуудыг үргэлж сана.
Номлолынхоо үеэр ашиглах мөнгө тань таны болон танай гэр бүлийн мөн бусдын гаргаж буй золиосыг илэрхийлдэг. Үйлчилдэг байгууллагуудаасаа санхүүгийн хувийн дэмжлэг хүсэн мөнгө гуйж болохгүй.
4.9
Осол
Хэрэв та үйлчлэх газар, хурал, чуулган руу явах эсвэл буцахаар машин жолоодож байхдаа осолд орсон бол цагдаа эсвэл түргэн тусламжийн аль шаардлагатайг дууд. Гэр бүлтэйгээ аль болох хурдан холбоо барь. Дараа нь үйлчлэлийн номлолын удирдагчид болон үйлчлэл хариуцсан удирдлагатайгаа холбогд.
Хэрэв та номлолын үүрэг даалгавраа гүйцэтгэх үеэрээ осолд орсон бол үйлчилж буй газрынхаа удирдлагад хэл. Тухайн удирдлага цагдаа эсвэл яаралтай тусламжийн аль шаардлагатайг дуудах болно. Боломж гармагц үйлчлэлийн номлолын удирдагчид болон гэр бүлийнхэнтэйгээ холбоо барь. Танай гадасны ерөнхийлөгч гэр бүлтэй тань бас холбогдоно.
4.10
Үйлчлэлийн номлогчийн гадаад төрх байдал
Өөрийгөө номлогч гэж илэрхийлэх таны төрх байдал хүмүүсийн таны талаарх болон Их Эзэний Сүмийн талаарх бодолд нөлөөлдөг бөгөөд энэ нь таныг аюулаас хамгаалахад тусалж мэднэ. Таны гадаад төрх байдал ихэвчлэн таны талаарх анхны сэтгэгдлийг бусдад төрүүлдэг төдийгүй энэ нь хэлж, үйлдэж буй зүйлсийг тань дэмждэг байх ёстой.
Зохистой хувцаслаж, үсээ цэвэрхэн засдаг байх нь номлолын дараа танд туслах амьдралын чухал чадвар юм. Үйлчлэлийн даалгавартаа тохирсон, ариун дуудлагадаа нийцсэн зохистой хувцас өмс.
4.10.1
Бүх номлогчид зориулав
Цэвэр, цэмцгэр бай. Өдөр бүр шүршүүрт эсвэл ваннд ор. Шүдээ тогтмол угаа. Үнэртүүлэгч ашигла. Гараа тогтмол угаа, ялангуяа бие засах газар орсны дараа гараа заавал угаа. Хувцсаа цэвэрхэн өмсөж, оёж янзлан, цэгцтэй бай. Таны гадаад төрх эсвэл биеэ авч яваа байдал бусдын анхаарлыг дуудлагаас тань хэзээ ч сарниулж болохгүй.
Даруу байдлын өндөр жишгийг сахь. Дараах хувцсыг өмсөхөөс зайлсхий. Үүнд:
-
Хэт бариу эсвэл хэтэрхий нэлмэгэр
-
Ил задгай эсвэл аль нэг хэсгээрээ гэрэлтсэн
-
Биеийн аль нэг хэсэг рүү анхаарал татсан
-
Хааш яаш эсвэл этгээд хувцас
Сүмийн цуглаан, ялангуяа ариун ёслолын цуглаан болон үйл ажиллагаануудад зөв зохистой хувцаслаж, Их Эзэнийг болон өөрийгөө хүндэлдэг болохоо харуул.
4.10.2
Ахлагчдад зориулав
-
Үс. Үсээ тогтмол угаа. Үсээ харьцангуй богино, жигд тайруулах хэрэгтэй. Үсээ босгох, арзайлгах, цайруулах гэх мэт этгээд, сонин содон загвар тохиромжгүй. Хууз нь чихний дунд хэсгээс доошгүй урттай байх ёстой. Эрүүл мэндийн шалтгаантай биш бол та өдөр бүр сахлаа хусах ёстой.
-
Үнэт эдлэл. Ээмэг, хүзүүний зүүлт зүүж болохгүй. Хамартаа ээмэг зүүх, биеэ цоолохыг зөвшөөрөхгүй. Хэрэв та шивээстэй бол аль болох далдал.
4.10.3
Эгч нарт зориулав
-
Үс. Үсээ тогтмол угаа. Таны үсний засалт, өнгө болон урт бусдын анхаарлыг татахааргүй байвал зохино.
-
Гоёл чимэглэл. Үнэт эдлэл болон бусад гоёл чимэглэл нь энгийн бөгөөд даруухан байх ёстой. Нэг чихэндээ нэгээс олон ээмэг зүүж болохгүй. Хамартаа ээмэг зүүх, биеэ цоолохыг зөвшөөрөхгүй. Хэрэв та шивээстэй бол аль болох далдал. Нүүр будалт, үсний гоёл чимэглэл, хумсны будаг тань даруухан байх ёстой.