Семинар
2 Коринт 11–12


2 Коринт 11–12

Христэд итгэх итгэлээр сорилт бэрхшээлийг даван гарах

Зураг
Сууж буй залуу эмэгтэй. Нэгэн эмэгтэй (түүний ээж нь бололтой) охины мөрөн дээр гараа тавьсан байв. Охины царай гунигт автсан байна.

Есүс Христийн хамгийн үнэнч шавь нарын амьдралд ч гай зовлон тохиолдож болно. Паул өөрийн туулсан зовлон шаналлын заримаас мөн Аврагчийн тусламжтайгаар тэдгээр үйл явдлаас баяр баясгаланг хэрхэн олж авч чадсанаа хуваалцсан. Энэ хичээл танд өөрт тулгарсан сорилт бэрхшээлээ итгэлтэйгээр даван гарахдаа Их Эзэнд тулгуурлахад тусална.

Амьдралын сорилт бэрхшээл

Зураг
Хаврын сарнайн бутны өргөс.
  • Та яагаад сарнайн бутанд өргөс байдаг гэж бодож байна вэ?

Амьдрал дээр сарнайтай зүйрлэж болохуйц олон гайхамшигт үйл явдал бидэнд тохиодог. Гэсэн ч бид өргөстэй зүйрлэж болохуйц сорилт, бэрхшээлтэй бас тулгардаг.

  • Хүмүүсийн амьдралд ямар ямар сорилт, бэрхшээл тулгарч болох вэ?

  • Сорилт бэрхшээлтэй тулгарах үед хүмүүст ямар бодол санаа төрж мөн тэд Бурханд ямар ямар асуулт тавьж болох вэ? Тэд өөрсдийнхөө талаар юу гэж бодож байж болох вэ?

Өнөөдөр судалж байхдаа та Бурхан Өөрийн хайр, мэргэн ухаанаар танаас холдуулалгүй үлдээсэн сорилт бэрхшээлийг итгэлээр даван гарахад танд туслах үнэнүүдийг олж мэд. Тэдгээрийг даван гарахад яагаад Бурханы тусламж танд хэрэгтэй болохыг тунгаан бод.

Паулд тулгарсан сорилт бэрхшээлүүд

2 Коринт 11:24–28-ыг уншаад, тохинуулж байх үеэр нь Паулд тулгарсан зарим сорилт бэрхшээлийг олж мэд.

  • Зөв шударга хүнд ч гэсэн зовлон бэрхшээл тохиолддогийг харуулсан өөр ямар жишээ сударт юм уу Сүмийн түүхэд байдаг вэ? Аврагчийн амьдрал хэрхэн үүний нотолгоо болдог вэ?

  • Тэнгэрлэг Эцэг Есүс Христийн үнэнч шавь нарыг ийм их зовлон бэрхшээл туулахыг яагаад зөвшөөрсөн гэж та бодож байна вэ?

Бурхан Паулыг селестиел хаант улсын талаарх үзэгдэл зэрэг гайхамшигтай илчлэлтээр адисалсан ч (2 Коринт 12:1–4-ийг үзнэ үү) тэрээр сорилт бэрхшээлүүдийг даван гарч, итгэлээрээ соригдох ёстой байсан. 2 Коринт 12:7-г уншаад, Паул нэг сорилт бэрхшээлээ юутай харьцуулсныг олж мэд.

  • “Махбодод минь өргөс” гэдэг нь зарим сорилт бэрхшээлийг хэрхэн оновчтой сайн дүрсэлсэн байж болох вэ?

  • Та өөртөө эсвэл өөрийн хайртай хэн нэгэнд тулгарсан тодорхой нэг сорилт бэрхшээлийг дүрслэхдээ юутай харьцуулж болох вэ? Яагаад?

2 Коринт 12:8–10-ыг уншаад, “махбодод байгаа өргөс”-өө авахын тулд залбирсан Паулын туршлагыг олж мэд. Уншихдаа ач ивээл гэдэг үг нь “Бурханы нигүүлсэл хийгээд хайраар дамжин өгөгддөг … бурханлаг тусламж буюу хүч чадал” гэсэн утгатай болохыг бүү мартаарай (Судруудын удирдамж, “Ач ивээл,” scriptures.ChurchofJesusChrist.org; мөн Ифер 12:27-г үзнэ үү).

Паулын туршлагаас бид Их Эзэн бидэнд тулгарах сорилт бэрхшээлийг холдуулахгүй байж болох ч тэдгээрийг итгэлээр даван туулахдаа бид Түүний ач ивээлээр хүчирхэгждэг гэсэн үнэнийг сурч мэдэж чадна.

  • Та энэ үнэнийг Аврагчийн амьдралаас хэрхэн олж хардаг вэ? (Лук 22:41–44-ийг үзнэ үү).

Их Эзэн Өөрт нь итгэх итгэлээр сорилт бэрхшээлийг даван гарсан хүмүүсийг хэрхэн адисалдгийг харуулсан дор хаяж нэг судрын түүхийг олж унш. (Сонгох түүхүүдийг доор санал болгов.)

  • Сургаал ба Гэрээ 121:1–8; 122:7–9. (Либерти шоронд зовж тарчилж байхдаа Иосеф Смит залбирсан.)

  • Moзая 24:8–15. (Алмагийн хүмүүс леменчүүдэд боолчлогдож байсан бөгөөд хорон санаат Амюлоны пристүүдэд захирагддаг байсан.)

1. Дараах асуултуудын дор хаяж гуравт нь судлах тэмдэглэл дээрээ хариулж бич.

  • Та Их Эзэний тухай мөн сорилт бэрхшээлийг итгэлээр даван гардаг хүмүүст Тэрээр юу санал болгодог талаар юу олж мэдсэн бэ?

  • Сорилт бэрхшээлээ даван туулахад Түүний ямар ямар адислал танд хамгийн их хэрэгтэй вэ? Яагаад?

  • Та зовлон бэрхшээлийг итгэлтэйгээр даван гарч чадсан ямар хүнийг мэдэх вэ? Итгэлтэйгээр даван туулахын тулд тэд юу хийсэн бэ? Та Их Эзэний ач ивээл тэдэнд хэрхэн тусалдгийг олж харсан уу?

  • Аврагч танаас сорилт бэрхшээлээ итгэлтэйгээр даван гарахын тулд юуг хийгээсэй хэмээн хүсдэг гэж та бодож байна вэ?

 

  • Та Есүс Христэд итгэх итгэлээр сорилт бэрхшээлийг даван туулах талаар юу олж мэдсэн бэ?

2. Судлах тэмдэглэлдээ дараах үйл ажиллагааг хийж гүйцэтгэ.

Та өнөөдөр 2 Коринт 12-ыг судлахдаа олж мэдсэн, мэдэрсэн зүйл дээрээ тулгуурлан, дараах мэдэгдэл дээр нэмж эсвэл өөрчлөн бичиж, илүү үнэн зөв болго.

“Хэрэв бид Есүс Христэд итгэх хангалттай итгэлээр залбирвал, Тэнгэрлэг Эцэг тулгарч байгаа аливаа сорилт бэрхшээлийг биднээс холдуулах болно.”

Нэмэлт: Нэмэлт мэдээлэл авахыг хүсэж байна уу?

Аврагч хэрхэн энэ хичээлээр заасан үнэний үлгэр жишээ байсан бэ?

Тэргүүн зөвлөлийн ерөнхийлөгч Даллин Х.Өүкс Лук 22:41–44-ийн талаар ийн хуваалцжээ.

Зураг
Ерөнхийлөгч Даллин Х.Өүксийн 2018 оны 3-р сард авхуулсан албан ёсны хөрөг зураг.

Эндээс бид Аврагч Эцэгтээ бүрэн итгэж, найддаг болохыг олж харж болно. Тэр “Гэсэн хэдий ч Миний хүслээр бус, харин Таныхаар болог” хэмээн хэлсэн. Эцэг хариуд нь Өөрийн Төрсөн Ганц Хүүгийн гуйлтыг биелүүлэхээс татгалзжээ. Цагаатгалыг тэрхүү хир толбогүй хурга үйлдэх ёстой байв. Хэдийгээр Тэр Хүүгийнхээ гуйлтыг биелүүлэхээс татгалзсан ч залбиралд нь хариулсан. Сударт “Тэгтэл тэнгэр элч Түүнд тэнгэрээс үзэгдэн, Түүнийг тэнхрүүлж байлаа” гэж өгүүлдэг (ИСО, Лук 22:43).

(Dallin H. Oaks, “Faith in the Lord Jesus Christ,” Ensign, May 1994, 100)

Аврагч сорилт бэрхшээл тулгарах үед бидэнд юу санал болгодог вэ?

Тэргүүн зөвлөлийн ерөнхийлөгч Даллин Х.Өүкс ийн хуваалцсан.

Зураг
Ерөнхийлөгч Даллин Х.Өүксийн 2018 оны 3-р сард авхуулсан албан ёсны хөрөг зураг.

Их Эзэн Есүс Христийн эдгээх хүч бидний ачааг авч хаях эсвэл тэвчээртэй байж, төлөөлөгч Паулын адил, зовлон бэрхшээл дунд амьдрахад маань биднийг хүчирхэгжүүлэх аль нь ч бай мөнх бус байдлын бүхий л зовлон бэрхшээлтэй үед эдгээх боломжтой.

(Dallin H. Oaks, “He Heals the Heavy Laden,” Liahona, Nov. 2006, 8)

Зовлон бэрхшээл маань эргэн тойронд байгаа хүмүүсээ адислахад бидэнд хэрхэн туслах вэ?

Халамжийн нийгэмлэгийн ерөнхий ерөнхийлөгчийн зөвлөлийн хоёрдугаар зөвлөх Рэйна И.Абурто эгч ийн заасан.

Зураг
Рэйна И.Абурто эгчийн авхуулсан албан ёсны хөрөг зураг. Гэрэл зургийг 2017 онд авсан болно.

Зовлон бэрхшээл тань таны хэн болохыг тодорхойлохгүй, харин таныг цэвэршүүлж чадна. “Махбодод байгаа өргөснөөсөө” болж та бусдын зовлонг илүү сайн ойлгох чадвартай болсон байж болох юм.

(Рэйна И.Абурто, “Үүлтэйд ч, нартайд ч, Их Эзэн надтай хамт үлдээч!,” 2019 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 65)

Санваар атгадаг хүмүүс эдгэрнэ гэдэгт итгэдэг бүх хүнийг эдгээж чадах уу?

Тэргүүн зөвлөлийн ерөнхийлөгч Даллин Х.Өүкс ийн тайлбарласан.

Зураг
Ерөнхийлөгч Даллин Х.Өүксийн 2018 оны 3-р сард авхуулсан албан ёсны хөрөг зураг.

Хэдийгээр Аврагч эдгээх хүмүүсээ бүгдийг нь эдгээж чадах байсан ч Түүний санваарын эрх мэдлийг атгадаг хүмүүс ийн чадна гэсэн үг биш юм. Уг эрх мэдлийг мөнх бус амьдралд хэрэгжүүлэх чадал нь санваарын эзэмшигч болох Түүний хүслээр хязгаарлагдсан байдаг. Тиймээс ахлагчдын адисалдаг зарим хүн “үхэлд оноогдсон” [Сургаал ба Гэрээ 42:48] байдаг тул эдгэрэхгүй хэмээн бидэнд хэлсэн байдаг. Үүний нэгэн адил төлөөлөгч Паулыг өөрт нь зовлон болж байсан “махбодод [нь] өгөгдсөн] өргөснөөс” (2 Коринт 12:7) эргэхийг эрэлхийлэхэд Их Эзэн түүнийг эдгээхээс татгалзжээ.

(Даллин Х.Өүкс, “Тэрээр хүнд ачааг эдгээдэг,” 2006 оны 11-р сарын Ерөнхий чуулган)

Хэвлэх