2 Коринт 2
“Та нар уучлах нь дээр юм”
Бусдыг уучлах хэцүү байж болно. Паул амьдарч байгаа газрынхаа зөрчил үйлдэгчдийг уучлах талаар Коринтын гэгээнтнүүдэд хандан бичжээ. Паул тэднийг уучилж буй хүнийхээ ч мөн өөрийнхөө ч тусын тулд бусдыг уучлахад урьсан. Судалж байхдаа, уучлалын ач холбогдлын талаарх ойлголтоо мөн бусдыг уучлах хүслээ нэмэгдүүлэхийг эрэлхийл.
Та ямар хариу үйлдэл үзүүлэх байсан бэ?
Та болон бусад хүн дараах нөхцөл байдалд ямар хариу үйлдэл үзүүлэх байсныг төсөөлөн бод.
-
Танай тойрог, салбарын гишүүн ариун явдлын хуулийг зөрчиж, ноцтой гэм нүгэл үйлдсэн нь ил болжээ.
-
Танай тойрог, салбарын нэг хүн Сүмийн удирдагчдыг олны өмнө эсэргүүцжээ.
Дараах асуултуудад хариулна уу.
-
Эдгээр жишээн дээр гарч буй хүмүүс Сүмийн удирдагчидтай уулзаж, наманчлахыг хичээсэн ч бусад хүн тэдний талаар юу гэж ярьж, тэдэнд хэрхэн хандах бол?
-
Зарим хүний хувьд хайрлаж, уучлах нь яагаад хэцүү байдаг вэ?
2 Коринт 2-т Паул үүнтэй адил үйл явдал Коринтод болсон талаар бичжээ. Тэнд нэг хүнийг зөрчил үйлдэхэд нь Сүмийн гишүүд залхааж цээрлүүлсэн байж.
Өөрийн эргэн тойронд байгаа зөрчил үйлдсэн хүмүүст хэрхэн ханддагаа тунгаан бод. Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Жэффри Р.Холландын хэлсэн дараах асуултуудыг бодож үз:
Уучлал хэрэгтэй байж болох хэн нэгэн амьдралд тань байна уу? Гэрт тань, хамаатан садан дотор тань, хөрш зэргэлдээ айлд тань шударга бус эсвэл муу муухай буюу Христэд итгэгч хүнд байж боломгүй зүйл үйлдсэн хүн байна уу? Бид бүгд ийм зөрчил үйлдсэн гэм буруутай. Тиймээс таны уучлал хэрэгтэй хэн нэгэн байж л байгаа.
(Jeffrey R. Holland, “I Stand All Amazed,” Ensign, Aug. 1986, 72)
Энэ хичээлийг судлахдаа, Христийнхтэй адил бусдыг уучлахын ач холбогдлын тухай болон бусдыг хэрхэн уучлах талаарх ойлголтоо нэмэгдүүлэхийн тулд Ариун Сүнсний тусламжийг эрэлхийл.
Паул уучлалын талаар заасан
1. Дараах хүснэгтийг судлах тэмдэглэлдээ хуулж зураад, бөглө.
2 Коринт 2:5–11-ийг уншаад, дараах ангиллуудын доор ямар үнэнүүдийг тодорхойлж болохоо үзнэ үү.
Бидэнд зовлон шаналал авчирсан хүнд бид хэрхэн хандах ёстой вэ? |
Бид яагаад хүмүүст ингэж хандах ёстой вэ? |
---|---|
-
Та судрын энэ хэсгийг судалснаар юу олж мэдсэн бэ?
Та Аврагч Есүс Христээр дамжуулан бид бусдыг уучилж, хайраар тусламжийн гараа сунгаж чадна, хэрэв бид бусдыг уучлахгүй бол Сатан бидний дээгүүр давамгай байдлыг олж авах болно гэсэн хоёр зарчмыг тодорхойлсон байж болох юм.
-
Танд ямар нэгэн байдлаар зөрчил гаргасан эсвэл муу зүйл үйлдсэн хэн нэгнийг уучилж, тайтгаруулах эсвэл хайраа батлах жишээ байна уу?
-
Аврагч Есүс Христийн талаар мэддэг зүйл дээрээ тулгуурлахад, Тэр яагаад биднээс нэг нэгнээ уучилж, хайраа харуулахыг хүссэн юм бол? Тэр бидэнд үүнийг хийхэд хэрхэн тусалж чадах вэ?
Далын ахлагч Массимо дэ Фэо ийн заасан.
Үнэнч шавь нар бусдыг уучлах дуртай. Тэд Аврагчийн Цагаатгал бидний хүн нэг бүрийн үйлдсэн бүх алдаа, гэм нүглийг хамруулсан байдаг гэдгийг мэддэг. Тэд Түүний төлөөсийг “бүх зүйлийг оруулсан үнэ” болохыг мэднэ. Гэм нүгэл, алдаа дутагдал, буруу зүйл үйлдсэнтэй холбогдох сүнслэг татвар, төлбөр, хөлс, хураамж бүгд үүнд хамрагдсан байна. Жинхэнэ шавь нар уучлахдаа ч хурдан, уучлал гуйхдаа ч түргэн байдаг.
Хайрт ах, эгч нар минь, хэрвээ та нар хэн нэгнийг уучлах сэтгэлийн хүч олохын төлөө тэмцэж байгаа бол бусад хүн танд юу хийснийг бүү сана. Харин Их Эзэн таны төлөө юу хийснийг л бод. Тэгвэл та бүгд Түүний Цагаатгалын гэтэлгэгч адислалуудыг болон амар амгаланг олж авах болно.
(Массимо дэ Фэо, “Цэвэр хайр бол Есүс Христийн үнэнч шавь бүрийн бодит шинж тэмдэг юм,” 2018 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 101)
-
Та хэн нэгэн өөр хүнийг уучлаад, дараа нь хайраар тусламжийн гараа сунгасан жишээг хэзээ харж байсан бэ?
-
Уучлахаас татгалзах нь “биднийг Сатан мэхэлж далимдуулахад” хэрхэн хүргэдэг вэ? ( 2 Коринт 2:11)
Уучлалын талаарх сургаалууд
Далын ахлагч Кэвин Р.Дункан ийн хэлсэн.
Бидний ихэнх нь уучлахыг хүсдэг боловч уучлахад маш хэцүү гэж боддог гэдэгт би итгэл дүүрэн байна. Бидэнд шударга бус явдал тохиолдох үед тэр даруй “Тэр хүн буруу зүйл хийсэн. Тэр шийтгэлээ хүртэх ёстой. Шударга ёс хаана байна вэ?” гэж хэлж ч магадгүй. Хэрэв уучлах юм бол шударга ёсны хууль үйлчлэхгүй, шийтгэл оногдохгүй гэж бид бас буруу боддог.
Энэ бол буруу юм. Нигүүлсэл шударга ёсыг дээрэмдэж чадахгүй учраас Бурхан тохирох шийтгэлийг оноох болно (Алма 42:25-ыг үзнэ үү). Бурхан та бидэнд хайраар “Шүүлтийг зөвхөн надад үлдээгтүн, учир нь энэ нь минийх бөгөөд би хариуг нь төлөх болно. Амар амгалан та нарт байг” [Сургаал ба Гэрээ 82:23] хэмээн амласан билээ.
(Кэвин Р.Дункан, “Өршөөлийн эдгээх тос,” 2016 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 17)
-
Уучлалын талаар илүү сайн ойлгож, бусдыг уучлахад нь танай тойргийн гишүүдэд туслах юуг та олж мэдсэн бэ?
-
Бусдыг уучлах нь хэрхэн тэднийг Есүс Христэд ойртуулж болох вэ?
Зөрчил үйлдсэн хүмүүст та хэрхэн ханддагаа эргэцүүлэн бод. “Уучилж … тэдний … төлөө хайраа бататгахын” (2 Коринт 2:7–8) тулд юу хийх талаар Тэнгэрлэг Эцэгээс сүнслэг удирдамж эрэлхийл. Өөрт төрсөн сэтгэгдэл, бодол санаагаа судлах тэмдэглэлдээ бичих талаар бод. Үүнд үйлдэхэд сүнслэгээр өдөөсөн аливаа үйлдлээ багтаа.
Нэмэлт: Нэмэлт мэдээлэл авахыг хүсэж байна уу?
Уучлал нь хувь хүний тань хувьд хэрхэн таныг адисалж болох вэ?
Тэргүүн зөвлөлийн ерөнхийлөгч Жэймс Э.Фауст (1920–2007) ийн заасан.
Хэрэв бид биднийг зовоож, шархлуулсан хүмүүсийг зүрх сэтгэлдээ уучилбал өөртөө итгэх итгэл, сайн сайхан байдлын хувьд илүү дээд түвшинд хүрэх болно.
(James E. Faust, “The Healing Power of Forgiveness,” Liahona, May 2007, 68)
Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Жэффри Р.Холланд ийн заасан.
Хэрвээ бид даруу байж мөн хангалттай зоригтойгоор Бурхантай болон бие биетэйгээ эвлэрэх юм бол бидний бодгальд амар амгаланг авчирдаг гэдгийг би дэлхийн Аврагчийн надад олгосон төлөөлөгчийн эрх мэдлээр гэрчилж байна.
(Жэффри Р.Холланд, “Эвлэрлийн тохинуулал,” 2018 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 73)
Есүс Христ бусдыг уучлахад танд хэрхэн туслах вэ?
Далын ахлагч Кэвин Р.Дункан ийн заасан.
Өршөөл бол Бурхан Өөрийн Хүүг илгээх болсон шалтгаан учраас бүгдээрээ эдгээнэ гэсэн Түүний өргөлд баярлацгаая. Аврагчийн Цагаатгал нь зөвхөн наманчлах шаардлагатай хүмүүст төдийгүй бусдыг уучилж чадахгүй байгаа хүмүүст ч гэсэн зориулагдсан юм. Хэрэв та нарт хэн нэгнийг уучлахад хэцүү байгаа бол Бурханаас тусламж хүс. Уучлал нь гайхамшигтай, эдгээх чадвартай зарчим юм. Бид хоёр дахь удаагаа золиос болох шаардлагагүй. Бид уучилж чадна.
(Кэвин Р.Дункан, “Өршөөлийн эдгээх тос,” 2016 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 19)
Уучлал гэж юу болохыг би хэрхэн илүү сайн ойлгож болох вэ?
Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Жэффри Р.Холланд ийн заасан.
“Та нарт бусдаас болж тохиолдсон тэрхүү гомдмоор явдлаас үүссэн жинхэнэ шаналал эсвэл бодит зовлонг та нар мэдэрч болохгүй” гэж Тэр хэлээгүй. “Бүрэн уучлахын тулд та нар хор хөнөөлтэй харилцаагаа үргэлжлүүлэх эсвэл хүч хэрэглэсэн, хөнөөлтэй нөхцөл байдал руу эргэн очих хэрэгтэй” гэж Тэр хэлээгүй. Голоо тасартал гомдоох зүйл тохиолдсон ч гэсэн, хэрвээ бид хөлөө жинхэнэ эдгэрлийн зам дээр тавих юм бол зовлон шаналлаа даван гарч чадна.
(Жэффри Р.Холланд, “Эвлэрлийн тохинуулал,” 2018 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 73)