Сүнслэг мэдлэг олж авах, 1-р хэсэг
Итгэлээр үйлд
Төгс эзэмших сургаалын нэг зорилго нь Есүс Христтэй илүү адил болохын тулд сүнслэг мэдлэг олж авах зарчмуудыг судалж, хэрэгжүүлэхэд туслах явдал юм. Энэ хичээл нь хэцүү сорилт бэрхшээл, асуултууд гарсан үед Есүс Христэд итгэх итгэлээр үйлдэх тодорхой зарчмуудыг ойлгож, хэрэгжүүлэхэд тань туслах зорилготой.
Хэцүү сорилт бэрхшээл, асуултууд гарч ирэх үед
Мөнх бус амьдралын явцад бид бүгдээрээ шийдвэрлэхэд амархан биш хэцүү сорилт бэрхшээл, асуултуудтай тулгардаг. Танд эсвэл таны мэддэг хэн нэгэнд тулгарсантай ижил төстэй туршлагуудын талаар бодох зуураа дараах жишээг уншина уу.
Нэгэн залуу эрэгтэйд Сүмийн бодлогын талаар асуумаар маш олон зүйл байгаа бөгөөд Сүм үнэхээр үнэн эсэхэд тэр эргэлзэж эхэлжээ.
Нэгэн залуу эмэгтэй Сүмийн сургаалыг шүүмжилсэн нийтлэлийг сошиал медиагаас олж харжээ. Одоо тэр өөрөө сургаалд эргэлзэж эхэлсэн байна.
Нэгэн залуу эмэгтэй ахыгаа эдгэршгүй өвчнөөс болж зовж шаналж байгаад нас барсны дараа, түүний төлөөх бүх залбирал, адислал үнэхээр тус болсон эсэхэд эргэлзэж эхэлжээ.
-
Хүмүүс эдгээртэй адил хэцүү сорилт бэрхшээл эсвэл асуултуудтай тулгарах үедээ ямар өөр төрлийн арга замуудаар хариу үйлдэл үзүүлдэг вэ?
Хэцүү сорилт бэрхшээл, асуултуудтай тулгарсан туршлагынхаа талаар эргэн санахад ганц хором зарцуул. Дараах асуултуудын талаар бодох нь тустай байж болох юм. Та хариултаа амжилттай олж чадсан уу? Амар амгаланг олоход танд юу тус болж байсан бэ? Юу тус болоогүй вэ?
-
Танд (эсвэл таны мэддэг зарим хүнд) шийдвэрлэхэд амаргүй ямар ямар асуулт, сорилт байгаа вэ?
-
Тэнгэрлэг Эцэг бидэнд хариулт өгөхөөсөө илүү яагаад шийдвэрлэгдээгүй асуултууд үлдээдэг гэж та бодож байна вэ?
Асуултууд урган гарахад Их Эзэн биднийг асуулт тавьж, хариулт эрэлхийлэхэд уриалдаг гэдгийг санаж байх нь чухал (Матай 7:7–8; Иаков 1:5–6; Сургаал ба Гэрээ 42:61-ийг үзнэ үү). Аврагч, Тэнгэрлэг Эцэг хоёртой илүү адил болохыг эрэлхийлэх явцад суралцсан зүйлсээ амьдралдаа хэрэгжүүлэхийн зэрэгцээ асуулт тавьж, хариулт эрэлхийлэх нь үнэнийг судлах бидний хүчин чармайлтын амин чухал хэсэг юм.
Асуулт эсвэл асуудлуудыг шийдвэрлэхийг эрэлхийлэх үед биднийг чиглүүлж, мөнхийн үнэний тухай ойлголтыг маань нэмэгдүүлдэг гурван зарчим бий. Үүнд:
-
Итгэлээр үйлд.
-
Утга санаа, асуултыг мөнхийн талаас нь шинжлэн судал.
-
Тэнгэрээс томилогдсон эх сурвалжуудаар дамжуулан илүү гүн ойлголттой болохыг эрэлхийл.
Та хялбархан шийдвэрлэх боломжгүй асуулт, асуудлуудтай тулгарах үедээ эсвэл сорилтуудыг туулах үедээ энэ гурван зарчмыг бүгдийг нь дагах нь чухал.
Итгэлээр үйлдэх
Энэ хичээл нь Итгэлийнхээ дагуу үйлдсэнээр өөрсдийн асуулт, асуудлуудад хариулт эрэлхийлэхэд Их Эзэн бидэнд амар амгалан болон хүчийг өгдөг гэсэн зарчмыг ойлгоход танд туслах зорилготой.
Доорх суралцах үйл ажиллагааг гүйцэтгэх замаар итгэлээр үйлдэх гэдэг нь ямар утгатай талаарх ойлголтоо гүнзгийрүүлээрэй. Хэн нэгэнтэй хамт суралцсанаар та ойлгож мэдсэн зүйлээ тайлбарлах дадлага хийж, бусдаас суралцах боломжтой болно.
Итгэлээр үйлдэх гэдэг нь ямар утгатай вэ?
Та Төгс эзэмших сургаалыг судлах үндсэн материал (2022) дахь “Сүнслэг мэдлэг олж авах” хэсгийн 1–2, 5–7-р догол мөрийг мөн Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Нийл Л.Андэрсэны хэлсэн дараах мэдэгдлийг уншаарай. Суралцах явцдаа та итгэлээр үйлдэх гэдэг нь ямар утгатай үг болохыг мөн асуултууд тулгарсан үед энэ зарчмыг мөрдөхөд юу тус болохыг олж мэд.
Итгэл нь тохиолдлоор бидэн дээр ирдэггүй бөгөөд гарал үүслээс шалтгаалан бидэнтэй хамт байдаггүй. … Есүс Христэд итгэх итгэл нь биднийг зөв зохистой байж, үүнийг эрэлхийлж, хамгаалах үед тэнгэрээс ирдэг бэлэг юм. … Та нарын ирээдүйдээ хэр их итгэлтэй байх нь тохиолдлоор бус, харин сонголтоос шалтгаалдаг. …
Итгэл нь хэзээ ч асуулт бүрд хариулт шаарддаггүй бөгөөд заримдаа “би бүх зүйлийг мэдэхгүй ч гэсэн дагалдагчийн амьдралаар амьдрахад хангалттай зүйлийг мэднэ” гэсэн хандлагатайгаар урагш тэмүүлэх баталгаа, урам зоригийг эрэлхийлж байдаг.
Байнга итгэлдээ эргэлзэж; итгэлгүй, итгэл багатай хүмүүсийн үгийг сонсох нь Есүс Христэд болон Сэргээлтэд итгэх итгэлийг сулруулдаг. “Төрөлх хүн Бурханы Сүнсний зүйлсийг хүлээж авдаггүй. Ийм хүнд эдгээр нь мунхаглал …” [1 Коринт 2:14].
Та нарын итгэл бага байж болох ч зөв шударга сонголтууд Бурханд итгэх итгэл найдварыг авчирснаар итгэл тань өсдөг.
(Нийл Л.Андэрсэн, “Итгэлийг тохиолдлоор бус, сонголтоор олж авдаг,” 2015 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 54–56)
-
Бидэнд асуулт, асуудлууд тулгарсан үед итгэлээр үйлдэх нь яагаад чухал гэж та бодож байна вэ?
-
Итгэлээр үйлдэх гэдэг нь юу гэсэн утгатай талаар та эдгээр уншсан зүйлээсээ юу сурч мэдсэн бэ?
Өөрт тулгарч буй хэцүү асуулт, сорилтуудаа сэргээн санаж эсвэл хичээлийн эхэнд гарсан жишээг дахин авч үзнэ үү. Эдгээрийн аль нэгийг бодож үзээд, дараах асуултуудад аль болох дэлгэрэнгүй хариулах замаар итгэлээр үйлдэх тухай сурч мэдсэн зүйлээрээ дадлага хий.
Нэмэлт: Илүү ихийг судлахыг хүсэж байна уу?
Сайн мэдээний талаар асуух зүйлтэй байх нь буруу юу?
Тэргүүн зөвлөлийн ерөнхийлөгч Дийтр Ф.Угдорф шударга асуултуудын үнэ цэнийн талаар ингэж заасан.
Асуух зүйл байна гэдэг нь хэвийн зүйл юм. Чин сэтгэлийн асуултын жижиг үр ихэнхдээ соёолж, ойлголтын агуу том мод болон ургадаг. Ноцтой эсвэл эмзэг асуултуудын талаар хэзээ ч юм эргэлзэж байгаагүй Сүмийн гишүүд цөөхөн байдаг. Сүмийн зорилгуудын нэг бол зарим үед итгэлийн үрийг бүр эргэлзээ бүхий, итгэлгүй байдлын элсэрхэг хөрсөнд тарьж, арчилж ургуулах явдал байдаг. Итгэл бол үнэн хийгээд үл харагдах зүйлүүдэд найдах юм.
Тиймийн тул, хайрт ах, эгч, эрхэм найз нөхөд минь, итгэлдээ эргэлзэхээсээ өмнө эргэлзээндээ эргэлз. Эргэлзээ биднийг олзлон авч, Их Эзэн Есүс Христэд итгэх итгэлээр дамжин ирдэг хайр, амар амгалан, бэлгүүдээс маань холдуулахыг бид хэзээ ч зөвшөөрч болохгүй.
(Дийтр Ф.Угдорф, “Ирж, бидэнтэй нэгд,” 2013 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 26)
Би итгэлээр үйлдэх чадвараа хэрхэн сайжруулах вэ?
Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон итгэлээ өсгөхийн тулд бидний авч болох арга хэмжээний талаар ингэж заасан.
Биднийг Түүнд итгэх итгэлээ хөгжүүлэх бүрд итгэл маань өсөн нэмэгдэж байдаг. Итгэлээр суралцах гэдэг ийм л утгатай.
Жишээлбэл: Олны үзэл бодол биднийг дорд үзсэн ч гэсэн Бурханы хуулийг дуулгавартай дагахад итгэлтэй байх бүрдээ эсвэл гэрээгээ цуцлахыг дэмждэг зугаа цэнгэл эсвэл үзэл суртлыг сөрөн зогсох бүрдээ бид итгэлээ хөгжүүлж байдаг ба энэ нь улмаар бидний итгэлийг өсгөн нэмэгдүүлдэг юм.
(Рассэлл М.Нэлсон, “Ирээдүйгээ итгэлээр хүлээн ав,” 2020 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 79)
Итгэлээр үйлдэж буй хүмүүсийн тухай бодит амьдрал дээрх жишээнүүд
Дараах видеонуудын аль нэгийг эсвэл хоёуланг үзээд, танд хэцүү асуулт эсвэл сорилтууд тулгарсан үед итгэлийнхээ дагуу үйлдэхэд тань тус болох, эдгээр хүнээс суралцаж болох юу байж болохыг олж мэд.