Лук 1:39–79
Баясаж, Бурханыг магтагтун
Мариа Есүсийг тээж байхдаа өөрийн үеэл Элизабет дээр зочилж, түүнтэй хамт Бурханы сайн сайханд баясжээ. Энэ хичээл танд Бурханы сайн сайхныг танин мэдэж, магтан дуулах боломж олгоно.
-
Бид Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрыг шүтэн бишрэхдээ яагаад Тэдний тухай дууллыг дуулдаг гэж та бодож байна вэ?
-
Тэдний сайн сайхныг тодотгодог ямар ямар дуулал эсвэл дууллын мөр байдаг вэ?
Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрын талаар мэдэрдэг зүйлээ нэг минут эргэцүүлэн бод. Тэднийг магтан дуулах шалтгаануудыг мөн Тэдний талаарх бодол санаагаа ямар нэгэн байдлаар хэр ойрхон илэрхийлдгээ тунгаан бодоорой.
Энэ хичээлээр танд яагаад, хэрхэн Бурханыг магтан дуулж, Есүс Христийн амьдрал, үйл хэрэгт баясаж болохоо эргэцүүлэн бодох боломж олдоно.
Мариа, Элизабет хоёр хамтдаа Бурханы сайн сайханд баясав
Мариа Есүсийг тээж байхдаа өөрийн үеэл эгч болох Элизабет дээр зочилсон бөгөөд тэрээр мөн л гайхамшигтай тохиолоор жирэмсэлсэн байв. Мариаг ирсний дараа, хожим нь Баптисч Иохан болох Элизабетын хүү ”[Элизабетын] хэвлийд баярлан хөдлөв” ( Лук 1:44). Үүнээс үүдэн Мариа, Элизабет хоёрын хооронд яриа өрнөж, Мариа Бурханд баясаж, Түүнийг магтан дуулжээ.
Лук 1:46–55 -ыг унш. Мариагийн хэлсэн үгийг судлахдаа тодорхой үг, хэллэг дээр түр зогсож, утгыг тунгаан бод. Түр зогсож, тунгаан бодох нь судрыг илүү гүн гүнзгий ойлгоход туслах Ариун Сүнсний өдөөлтийг урин авчрах болно. Жишээлбэл, та 48-р шүлэг дэх “даруу” эсвэл “шивэгчин” зэрэг үг дээр түр зогсож болох юм. Эдгээр үг нь Мариагийн даруу байдал, Бурханд үзүүлдэг хүндлэлийн талаар ойлголт өгнө. Энэ шүлэг дэх үгс нь нөхцөл байдлаас үл хамааран Бурхан Өөрийн хүүхдүүдийн хэн болохыг мэддэг бөгөөд хайрладаг болохыг олж харахад тусална. Хэрэв тустай гэж үзвэл ойлгохгүй байгаа үгийнхээ утгыг толь бичиг эсвэл ChurchofJesusChrist.org дээрх Судруудын удирдамжийг ашиглан олж мэдэх талаар бодож үз.
-
Та аль үгэн дээр түр зогсож, бодсон бэ? Та юу сурч мэдсэн бэ?
-
Та Мариагийн гэрчлэлээс Бурханы тухай ямар үнэнийг мэдэж авсан бэ?
Бид Бурханы сайн сайханд баясаж чадна
Бид Мариагийн туршлагаас Бид Бурханы бидний амьдралд үзүүлдэг нөлөөг эргэцүүлэн бодсоноор баясаж чадна гэсэн нэг үнэнийг мэдэж авч болно.
-
Бурханы адислалыг өөрийн амьдралаас танин мэдэх нь яагаад баяр баясгаланг мэдрэхэд танд тусалдаг гэж та бодож байна вэ?
Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Дэйл Г.Рэнланд Бурханы сайн сайхныг санах нь хэрхэн түүнийг адисалсан тухай ийн хуваалцсан.
Би Тэнгэрлэг Эцэгээс болон Есүс Христээс ирсэн бэлгүүдээ эргэцүүлэн бодох үедээ Тэнгэрлэг Эцэгийн бүх хүүхдийн төлөөх Тэдний хэмжээлшгүй хайр, төсөөлшгүй нигүүлслийг ухаарч ойлгодог [ 2 Нифай 26:33 -ыг үзнэ үү]. Энэ мэдлэг намайг өөрчилсөн шиг таныг ч бас өөрчлөх болно.
(Дэйл Г.Рэнланд, “Бурханы сайн сайхан мөн агуу ихийг эргэцүүл,” Ensign, May 2020, 44 эсвэл 2020 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 51)
Тэнгэрлэг Эцэгийн адислалуудыг таньж мэдэн, Түүний сайн сайхныг магтан дуулахад туслах дараах алхмуудын дагуу хийж гүйцэтгэ.
1-р алхам:
Дараах асуултуудад өгөх хариултаа тунгаан бод.
-
Та Тэнгэрлэг Эцэгийн ямар ямар адислалд талархдаг вэ?
-
Эдгээр адислал нь Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрын талаар юуг ойлгоход танд тусалдаг вэ?
-
Та хэзээ танд эсвэл таны мэддэг хэн нэгэнд өгсөн Бурханы адислалыг танин мэдсэнээр баясаж байсан бэ?
-
Судрын ямар түүх эсвэл шүлэг Бурханыг магтан дуулах хүслийг танд төрүүлдэг вэ?
2-р алхам:Бурханыг хэрхэн магтан дуулахаа сонго. Сонгож болох зарим санааг өгөв. Үүнд:
-
Шүлэг эсвэл дуу бичих
-
Зураг зурах
-
Талархан залбирах
-
Гэрчлэлээ хэн нэгэнтэй хуваалцах
-
Хувийн тэмдэглэл дээрээ бичих
-
Бурханы талаарх бодол санаагаа олон нийтийн медиа дээр хуваалцах зэрэг юм.
Та мөн өөр санаа гаргаж болно. Сонгосон бол үйлдэж эхлээрэй. Яг одоо хийж эхлэх боломжгүй бол юу хийх талаараа дэлгэрэнгүй төлөвлөгөө бич. Жишээлбэл, хэрэв та талархан залбирахыг хүсэж байвал хэзээ, хаана залбирахаа мөн юунд талархдагаа жагсаан бичээрэй. Та төлөвлөгөөгөө хэрэгжүүлэхийг сануулах эцэг эх, Сүмийн удирдагчтайгаа санаануудаа хуваалцаж болох юм.
1. Бурханыг магтан дуулахын тулд юу хийснээ мөн яагаад энэ аргыг сонгосон тайлбараа судлах тэмдэглэлдээ бич.
Нэмэлт: Илүү ихийг судлахыг хүсэж байна уу?
Лук 1:46–55 . Яагаад Мариа Их Эзэнийг магтан дуулж байна вэ?
Лук 1-ийн 46–55-р шүлгийг Мариагийн дуу гэдгээр нь хүмүүс мэддэг. Эдгээр магтаал нь Есүс Христийн төрөлтийг Израилын ариун дагшин түүхтэй холбодог. Эдгээр үг нь Өөрийн хүмүүсийг—ялангуяа “даруу байгсдыг” ( Лук 1:52) өршөөж, адисалж, өргөмжлөхөөр Их Эзэн дахин нэг удаа мутраа сунгасанд талархсан үгс байдаг.
Лук 1:53 . Их Эзэн хэрхэн “өлссөн хүмүүсийг сайнаар” бялхуулдаг вэ?
Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Жэффри Р. Холланд Аврагч дээр ирж, бялхуулахад урих Түүний урилгын талаар ийн заасан.
Би энэ өглөө өлсөн, цангаж, заримдаа хэрэн хэсүүчилж буй бүх хүн Амийн Талх, Амийн Усны Ундарга, бүгдийн Сайн Хоньчин, Бурханы Хүү болох Түүний “Зүдэж зүтгэгсэд хийгээд хүнд ачаа үүрсэн бүгд ээ, Над дээр ир, … би та нарын сүнсийг амраая” [ Матай 11:28–29 ] хэмээх урилгыг сонсоосой гэж залбирч байна. Тэрээр үнэхээр Түүний эх Мариагийн гэрчилснээр “өлссөн хүмүүсийг сайнаар” [ Лук 1:53 ] бялхуулдаг. Их Эзэний үнэн бөгөөд амьд бошиглогчоор удирдуулсан Түүний үнэн бөгөөд амьд Сүм хэмээн гэрчилж буй энэ Сүмд Түүний зоогийн ширээн дээр ирж, найрла.
(Jeffrey R. Holland, “He Hath Filled the Hungry with Good Things,” Ensign, Nov. 1997, 66)
Бурханы сайн сайхныг дурсан санах үед юу болдог вэ?
Далын ахлагч Дийн М.Дэйвийс Бурханы биднийг хэрхэн адисалж байгааг танин мэдэх үед юу болдог тухай ийн заасан.
Бид өдөр бүр, нэн ялангуяа хүндэтгэлийн өдөр тэнгэрийн гайхамшиг, сүсэг бишрэлийг өөрийн биеэр мэдэрч; адисалсан сайн сайхан, хэмжээлшгүй их нигүүлсэлд нь Бурханд талархлаа илэрхийлэх гайхалтай боломжтой болдог. …
Бид шүтэн биширснээр адислагч Бурхандаа өглөө, өдөр, орой болгон зүрх сэтгэлээсээ талархах болно.
Бид цуглааны байр, гэр орон, ариун сүмд болон өөрсдийн бүх ажил үйлсийг гүйцэтгэхдээ Түүнийг үргэлжлүүлэн шүтэж, дээдлэн хүндэлнэ.
Бид шүтэн биширснээр Есүс Христийн эдгээгч хүчинд зүрх сэтгэлээ нээдэг.
Бидний амьдрал шүтлэг бишрэлийн маань бэлгэ тэмдэг, илэрхийлэл болох болно.
(Дийн М.Дэйвийс, “Шүтлэг бишрэлийн адислал,”Ensign, Nov. 2016, 94–95 эсвэл 2016 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 85–88)