Ефес 1
“Бүх юмсыг Христ дотор нэгтгэ”
Та хэзээ нэгэн цагт Есүс Христийн сэргээгдсэн Сүмгүйгээр амьдралаа төсөөлж байсан уу? Ефесчүүдэд бичсэн захидлынхаа нэгэн хэсэгт Паул Есүс Христийн сайн мэдээ Аврагчийн Хоёр дахь ирэлтийн өмнө сэргээгдэнэ гэж заажээ. Энэ хичээл нь Есүс Христ хожмын өдрүүдэд сайн мэдээгээ дэлхийд сэргээсний ачаар хүртэх боломжтой болсон адислалуудыг ялган танихад танд туслах зорилготой.
Шинэ хөрвөгчдийг хүчирхэгжүүлэх
Сүмд саяхан нэгдсэн нэг найз танд байдаг гэж төсөөл.
-
Та тэр найзынхаа талаар юу бодож, юунд санаа зовох байсан бэ?
-
Та найзыгаа сайн мэдээний мэдлэгээ өргөжүүлж, гэрээндээ үнэнч хэвээр үлдэхэд нь туслахын тулд юу хийж чадах вэ?
Төлөөлөгч Паул ефесчүүдэд зориулсан захидлаа Ефес болон ойролцоох газар нутгийн гэгээнтнүүдэд хандан бичсэн. Түүний зорилго бол аль хэдийн Сүмийн гишүүн болчихсон хүмүүсийг хүчирхэгжүүлэх, шинэхэн хөрвөгчдөд сүнслэг мэдлэгтээ өсөж хөгжин, гэрээндээ үнэнч үлдэхэд нь туслах явдал байсан юм. Энэ захидалд заасан зарим сургаалд урьдчилан томилох (Ефес 1:4–6-г үзнэ үү); Ариун Сүнсний лацдан холбох хүч (Ефес 1:13–14-ийг үзнэ үү); бошиглогч, төлөөлөгчдийн ач холбогдол (Ефес 2:19–22-ыг үзнэ үү); цорын ганц жинхэнэ бөгөөд нэгдмэл Сүмийн талаарх санаа (Ефес 4:1–7-г үзнэ үү); Сүмийн зохион байгуулалт доторх янз бүрийн албан тушаал, дуудлага, үйл ажиллагаа (Ефес 4:11–14-ийг үзнэ үү) зэргийг багтаасан байдаг.
Паулын тухайн цаг үед амьдарч байсан гишүүдийг хүчирхэгжүүлэхийн тулд заасан өөр нэгэн сургаал бол хожмын үеийн сайн мэдээний Сэргээлтийн тухай байв.
-
Сайн мэдээ хожмын үед сэргээгдсэн талаар суралцах нь Паулын цаг үед амьдарч байсан гэгээнтнүүдийг яагаад хүчирхэгжүүлэх байсан гэж та бодож байна вэ?
Та Паул болон бусад хүн Сэргээлтийн талаар юу заасныг энэ хичээлийн туршид судлахдаа, энэ сургаал нь Есүс Христэд итгэх таны итгэлийг хэрхэн бататгах талаар бодож үзээрэй.
Цаг хугацааны бүрэн байдлын эрин үе
Их Эзэний Өөрийн үнэн, санваарын эрх мэдэл, ёслолуудыг дэлхий дээрх хүмүүст илчилдэг цаг үеийг эрин үе гэдэг. Дэлхийн түүхийн туршид сайн мэдээний олон эрин үе тохиосон байдаг.
Ефесчүүдэд бичсэн захидалдаа Паул тодорхой нэг эрин үеийн талаар бошиглосон. Ефес 1:10-ыг уншаад, Паулын бошиглосон тодорхой нэгэн эрин үеийн талаар мөн уг эрин үед тохиох үйл явдлуудын талаар олж мэд.
-
Ефес 1:10-д Паул ирээдүйн ямар цаг үеийг хэлсэн бэ?
-
“Цаг хугацааны бүрэн байдлын эрин” үед юу тохионо гэж Паул бошиглосон бэ?
Цаг хугацааны бүрэн байдалд амьдрах
Их Эзэн өмнөх эрин үеүдэд Өөрийн бошиглосончлон үнэн, судар, гэрээ, хүч зэргийг илчилсэн. Ефес 1:10-аас бид цаг хугацааны бүрэн байдлын эрин үеэр өмнөх эрин үеүдийн бүх зүйл сэргээгдэнэ гэсэн үнэнийг мэдэж авч болно.
Дараах зураг дээрх гол мөрөн бүр сайн мэдээний эрин үеийг илэрхийлж байна гэж төсөөл.
-
Цаг хугацааны бүрэн байдлын эрин үе нь олон гол мөрөн цутгадаг далай тэнгис, нууртай хэрхэн адилхан байж болох вэ?
Далын ахлагч Б.Х.Робэртс (1857–1933) цаг хугацааны бүрэн байдлын эрин үеийн нэгэн хэсэг болж юу тохиох талаар гэрчилсэн.
Энэ бол цаг хугацааны бүрэн байдлын эрин үе бөгөөд далайд гол мөрнүүд цутгадгийн адил бид үүн рүү урсаж байгааг үзнэ үү. Өмнөх бүх эрин үе биднийг холбохын зэрэгцээ Бурхан анхнаасаа л ганц агуу зорилготой байсан ба энэ нь Өөрийнхөө хүүхдүүдийг аврах аврал байсан гэдгийг бид мэддэг. Одоо эцсийн мөч буюу сүүлийн эрин үе ирсэн. Энэ нь үнэн, гэрэл, зөв шударга байдал дэлхийг үерлүүлэх ёстой цаг үе юм.
(B. H. Roberts, in Conference Report, Oct. 1904, 73)
-
Өмнөх эрин үеүдийн ямар ямар үнэн, судар, гэрээ болон хүч цаг хугацааны бүрэн байдлын эрин үед сэргээгдэж эсвэл урагш гарч ирсэн бэ?
Сэргээлтийн тухай тунхаг
Хожмын өдрүүдэд Есүс Христийн сайн мэдээний Сэргээлт эхэлсний 200 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлсэн түүхэн үйл явдал буюу 2020 оны 4-р сарын Ерөнхий чуулган дээр ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон “Есүс Христийн сайн мэдээний бүрэн байдлын Сэргээлт: Дэлхий дахинаа өргөх хоёр зуун жилийн ойн тунхаг” (ChurchofJesusChrist.org)-ийг танилцуулсан. Хэдэн минут гарган энэ тунхгийг уншаад, Есүс Христийн сэргээгдсэн сайн мэдээний ачаар амьдрал тань ямар ямар арга замаар адислагдсан талаар бодож үз.
-
Сэргээлтийн тунхгийн аль хэсэг танд онцгой санагдсан бэ?
-
Сэргээлтэд итгэдэг эсэхдээ эргэлздэг эсвэл үүнийг чухал гэж үздэггүй Сүмийн гишүүнтэй та юу хуваалцах байсан бэ?
Сэргээгдсэн сайн мэдээгээрээ дамжуулан Есүс Христ таны амьдралыг адисалсан бүх арга замын талаар хэдэн хором бод.
Нэмэлт: Илүү ихийг судлахыг хүсэж байна уу?
Яагаад Сэргээлтийн ажил тийм чухал вэ?
Бошиглогч Иосеф Смит (1805–1844) ийн заасан.
“Цагийн дүүрнийг гүйцэлдүүлэхийн тулд Бурхан тэнгэр дэх юмс ба газар дээрх бүх юмсыг нэгтгэхэд” [Ефес 1:10-ыг үз] эрин үе, Хожмын үеийн алдар сууг тохиолгон авчрахыг харж, үүнд оролцон, туслах хувь тавилан бидэнд оногдсон юм. … [Энэ бол] Бурхан болон тэнгэр элчүүд баяр баясгалантайгаар бясалган бодож байсан, эртний патриархууд хийгээд бошиглогчдын бодгальд сүнслэгээр нөлөөлсөн өнгөрсөн үеийнхний ажил, харанхуйн хүчнүүдийн устгалыг тохиолгон авчрах хувь тохиолтой ажил, газар дэлхийн шинэчлэл, Бурханы алдар суу болон хүн төрөлхтний гэр бүлийн авралыг тэд танин мэдэх болно.”
(Иосеф Смит, Сүмийн ерөнхийлөгчдийн сургаалаас: Иосеф Смит [2007], 582)
Эрин үе гэж юу вэ?
Сэргээлт гэж яг юу вэ?
Сэргээлтийн талаарх гэрчлэлтэй байх нь миний амьдралд хэрхэн нөлөөлөх вэ?
Сэргээлтийн эргэн тойронд өрнөсөн үйл явдлууд өдөр тутмын амьдралд нь хэрхэн бодитоор нөлөөлдөг талаар залуу эмэгтэйчүүд болон залуу эрэгтэйчүүд хуваалцана.
2019 оны 10-р сарын Ерөнхий чуулганаар ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон “Танд Есүс Христийн сайн мэдээний Сэргээлтийн талаар гэрчлэл бий юү?” гэх асуулт орсон, ариун сүмийн зөвшөөрлийн бичиг олгох ярилцлагын асуултуудыг хуваалцсан (“Хаалтын үг,” 2019 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 139).
Энэ асуултыг Их Эзэний өргөөнд ороход тавигдах шаардлагад яагаад оруулсныг тунгаан бод. Одоо ч үргэлжилсээр буй Сэргээлтийн талаар ойлгож, үүнд оролцож, итгэх нь таны Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёртой тогтоосон харилцаанд хэрхэн нөлөөлөх вэ?
Сэргээлт одоо ч явагдсаар байна гэдэг нь ямар утгатай вэ?
Тэргүүн зөвлөлийн ерөнхийлөгч асан Дийтр Ф.Угдорф Сэргээлт үргэлжилсээр байгаа талаар ийн ярьсан.
Заримдаа бид Иосеф Смит Мормоны Номыг орчуулж, санваарын түлхүүрүүдийг хүлээн авсан мөн Сүм зохион байгуулагдсан зэргээр сайн мэдээний Сэргээлтийг бүрэн гүйцэлдсэн мэт боддог. Гэвч үнэндээ Сэргээлтийн ажил үргэлжилсээр байгаа бөгөөд бид Сэргээлтийн цаг үед амьдарч байна. “Бурханы илчилсэн бүгдэд, эдүгээ түүний илчилж буй бүгдэд” мөн “Түүний илчлэх” “олон агуу хийгээд чухал зүйл” үүнд хамаарагдана (Итгэлийн тунхаг 1:9). Ах нар аа, өнөөдрийн сэтгэл татам хөгжил дэвшил нь бидний Аврагч Есүс Христийн алдар суут Хоёр дахь ирэлтээр төгсгөл болох ба эрт дээр үеэс дурдагдсаар ирсэн бэлтгэл ажлын нэг хэсэг билээ.
(Дийтр Ф.Угдорф,“ Та Сэргээлтийн ажлын үеэр унтаж байна уу?,” 2014 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 78)