Лук 3:7–14
Наманчлалын баяр баясгалан
Баптисч Иоханы Есүс Христийг хүлээн авахын тулд өөрсдийгөө бэлдэхэд нь хүмүүст тусалж байсан нэг арга зам бол тэднийг наманчлахад урих явдал байв. Энэ хичээл наманчлалыг болон тогтмол наманчилснаар хүлээн авдаг баяр баясгаланг илүү сайн ойлгоход туслах зорилготой.
Юу танд баяр баясгалан авчирдаг вэ?
Өөрт баяр баясгалан авчирдаг зүйлсээ эргэн хар. 30 секундэд аль болох олон жишээ жагсаан бичихийг бод.
Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон амьдралдаа хэрхэн баяр баясгаланг хүлээн авч болох тухай ийн заасан.
Бид наманчлахыг сонгохдоо өөрчлөгдөхийг сонгож байна гэсэн үг! Бид өөрсдийгөө хамгийн сайн хувилбараар нь өөрчлөх боломжийг Аврагчид олгодог. Бид сүнслэг байдлын хувьд өсөж хөгжин, баяр баясгаланг хүлээн авах буюу Түүнд байдаг гэтэлгэлийн баяр баяслыг мэдрэх сонголтыг хийдэг.
(Рассэлл М.Нэлсон, “Бид илүү сайн үйлдэж, илүү сайн байж чадна,” Ensign, May 2019, 67 эсвэл 2019 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 77)
Наманчлал нь хүн нүгэл хилэнц үйлдэхээ больж, Есүс Христийн Цагаатгалаар дамжуулан Бурханд илүү ойртох замаар өөрчлөгдөхийг хэлнэ (Судруудын удирдамж, “ Наманчлал, Наманчлах ,” scriptures.ChurchofJesusChrist.org-ийг үзнэ үү).
-
Та баяр баясгалан авчирдаг зүйлсийнхээ жагсаалтад наманчлалыг оруулсан уу? Яагаад оруулсан эсвэл яагаад оруулаагүй вэ?
-
Хэрэв та наманчлалыг баяр баясгалан авчирдаг зүйл гэж боддоггүй бол наманчлалын тухай бодох үед тань ямар мэдрэмж эсвэл сэтгэгдэл төрдөг вэ? Яагаад?
-
Яагаад хэн нэгэн наманчлахдаа баяр баясгаланг тэр даруй мэдэрдэггүй вэ?
Наманчлалын тухай өөрт байгаа аливаа асуултаа тунгаан бод. Энэ хичээлийн сүүлээр танд эдгээр асуултын хариултыг эрэлхийлэх боломж олдоно.
“Гэмшицгээ та нар. … Эзэний замыг бэлтгэгтүн та нар”
Хүмүүсийг Есүс Христийг хүлээн авахад бэлтгэхийн тулд Баптисч Иохан тэднийг наманчлахад урьсан ( Матай 3:1–3 -ыг үзнэ үү).
Өмнөх хичээлээр та Баптисч Иоханы тухай Марк, Матай хоёр юу цэдэглэснийг судалсан. Лук Иоханы тухай нэмэлт мэдээллүүдийг өгчээ. Лук 3:10–14 -ийг уншаад, Иохан хүмүүст наманчлахад нь хэрхэн тусалсан тухай олж мэд.
-
Иохан юуг өөрчлөхөд хүмүүсийг урьсан бэ?
-
Эдгээр өөрчлөлт нь хүмүүсийг нүглээс нүүр буруулж, Есүс Христийг хүлээн авч, дагахад хэрхэн тусалж болох вэ?
Ерөнхийлөгч Рассэлл М. Нэлсоны дараах мэдэгдлийг судал. Судлахдаа та Ариун Сүнс танд наманчлалын тухай болон Аврагч Есүс Христийн тухай юу зааж байгаад анхаарлаа хандуул.
Маш олон хүн наманчлалыг шийтгэл буюу хамгийн ноцтой нөхцөлөөс бусад үед аль болох зайлсхийх ёстой зүйл гэж үздэг. Гэхдээ шийтгэгдэнэ гэсэн мэдрэмж Сатанаас ирдэг. Тэр биднийг эдгээж, өршөөж, цэвэршүүлж бас хүчирхэгжүүлэн, ариусгахыг хүсэж, найдаж мутраа дэлгэн байдаг Есүс Христийг харах харааг маань халхлах гэж оролддог.
Грек Шинэ Гэрээнд наманчлал гэдэг үгийг metanoeo гэдэг. Үгийн угтвар meta- гэдэг нь “өөрчлөх” гэсэн утгатай. Харин дагавар -noeo нь “оюун санаа,” “мэдлэг,” “сүнс,” “амьсгал” гэсэн утгатай грек үгтэй холбоотой юм.
Иймээс Есүс танаас мөн надаас “наманчлахыг” [ Лук 13:3, 5 ] хүсэхдээ биднийг оюун санаа, мэдлэг, сүнс, тэр бүү хэл амьсгалах арга замаа хүртэл өөрчлөхөд урьдаг. Тэрээр биднээс хайрлах, бодох, үйлчлэх, цаг заваа зарцуулах, эхнэртэйгээ харилцах, хүүхдүүддээ заах, тэр бүү хэл бие махбоддоо санаа тавих арга замаа өөрчлөхийг хүсэж байна гэсэн үг.
Наманчлалд өдөр тутам, тогтмол анхаарлаа төвлөрүүлэхээс өөр юу ч бидний хувийн өсөлт хөгжилд нөлөөлж чадах тийм чөлөөлөгч, үлгэр жишээ болгогч, чухал зүйл гэж үгүй. Наманчлал бол нэг удаа болоод өнгөрдөг үйл явдал биш; харин үйл явц юм. Энэ нь сэтгэл санааны хувьд аз жаргал, амар амгаланг мэдрэх гол түлхүүр билээ. Наманчлал итгэлтэй нийлснээр Есүс Христийн Цагаатгалын хүчийг хүлээн авах боломжийг бидэнд нээж өгдөг.
Гэрээний замаараа хичээнгүйлэн алхаж байгаа, аль эсвэл гэрээний замаасаа хазайн гарсан эсвээс одоо байгаа газраасаа замаа олж харж чадахгүй байгаа гэдгээс тань үл хамааран би таныг наманчлахад урьж байна. Өдөр бүр арай илүү сайныг үйлдэж, сайн байснаар өдөр тутмын наманчлалын хүчирхэгжүүлэгч хүчийг мэдэр.
(Рассэлл М.Нэлсон, “Бид илүү сайн үйлдэж, илүү сайн байж чадна,” Ensign, May 2019, 67 эсвэл 2019 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 77)
-
Наманчлал ба Есүс Христийн тухай ерөнхийлөгч Нэлсоны сургаалаас юу таны анхаарлыг татсан бэ?
-
Та наманчлалын адислалыг өөрөө эсвэл өөр хэн нэгэн хүртсэнийг хэзээ гэрчилсэн бэ?
-
Яагаад Аврагч биднийг наманчилна хэмээн итгэж найдан, өршөөхөд бэлэн байдаг гэж та бодож байна вэ?
Дараагийн хэдэн минутын турш та Есүс Христэд илүү ойртож, Түүнтэй илүү адил болж, Түүний хүч, амар амгалангаас хүртэх илүү их боломж олгож, илүү агуу баяр баясгаланг мэдрэхэд тань туслах наманчлалын тодорхой нэгэн бүрэлдэхүүн хэсгийг сонгож, судлах болно. Наманчлалын талаар судалбал зохих тодорхой бүрэлдэхүүн хэсгүүдийг өгөв. Эдгээрээс нэгийг нь сонгон судал эсвэл наманчлалын сэдвийн талаарх аль нэг асуултаа судал.
-
Би хэрхэн наманчлах вэ?
-
Би наманчлалаас хэрхэн илүү их баяр баясгаланг олж болох вэ?
-
Би наманчлахаас айх айдсыг хэрхэн ялан дийлж чадах вэ?
-
Тогтмол, өдөр тутам наманчлахад юу хэрэгтэй байж болох вэ эсвэл энэ нь амьдрал дээр ямар харагдах вэ?
Дараах нь наманчлалын тухай ойлголтоо гүнзгийрүүлэхэд танд туслах зарим тодорхой эх сурвалж юм. Эдгээр нь ChurchofJesusChrist.org эсвэл Gospel Library аппликэйшн дээр байгаа. Та сонгосон наманчлалын бүрэлдэхүүн хэсгийг судлахдаа эдгээр болон өөр бусад эх сурвалжийг удирдамж болгон ашиглах болно. Хамгийн чухал гэж бодсон зүйлээ тэмдэглэж эсвэл тодруулан зурж болох юм.
-
Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө [товхимол, 2011], “Наманчлал,” 133–138
-
Gospel Topics, “Repentance,” “Forgiveness,” topics.ChurchofJesusChrist.org
-
Topical Guide, “ Repent, Repentance ,” scriptures.ChurchofJesusChrist.org
-
Судруудын удирдамж, “ Наманчлал, Наманчлах ,” scriptures.ChurchofJesusChrist.org
-
Ерөнхий чуулган дээр хэлсэн үгнүүд. Үүнд: Рассэлл М. Нэлсон, “Бид илүү сайн үйлдэж, илүү сайн байж чадна,” Ensign, May 2019, 67–69 эсвэл 2019 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 77–80
-
Дэйл Г. Рэнланд, “Наманчлал: Баяр хөөр авчрах сонголт,” Ensign , Nov. 2016, 121–124 эсвэл 2016 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 120–124
1.
-
Та суралцсанаар юу олж мэдсэн бэ?
-
Яагаад наманчлах ёстойг сайн ойлгохгүй байгаа хүнд та ямар зөвлөгөө өгөх вэ? Та тэднийг Есүс Христийн талаар юуг мэдэж, ойлгоосой гэж хүсэж байна вэ?
-
Есүс Христээр дамжуулан наманчлалын баяр баясгалангийн талаарх гэрчлэлээ хөгжүүлж эсвэл хүчирхэгжүүлэхэд танд юу тусалсан бэ?
Нэмэлт: Илүү ихийг судлахыг хүсэж байна уу?
Лук 3:7 . Яагаад Иохан хүмүүсийг “хорт могойн удам” гэсэн бэ?
Палестины хорт могой Израилд хамгийн элбэг тохиолддог хортой могой юм. Хорт могойнууд шөнө ангуучилдаг бөгөөд ихэнхдээ нуугдаж байгаад, идэш рүүгээ сэм чимээгүй дайрдаг. Хорт могойнууд сүрдсэн үедээ биеэ цагираглан бөөгнөрүүлж, исгэрэн, дайсан руугаа дайрдаг. Үүнтэй адил Иохан олон хүнийг буруу ташаа номлолоос татаж гаргасан тул фарисайчууд болон садукайчууд түүнээс сүрдэж байв.
Лук 3:8 . “Гэмшилд зохистой үр жимснүүд” гэж юу вэ?
Судруудад заримдаа хүмүүсийг сайн эсвэл муу үр жимс гаргадаг модтой зүйрлэсэн байдаг. “Гэмшилд … зохистой үр жимснүүд гаргах” гэдэг нь Бурханы сургаалыг дагахын тулд өөрсдийн хүсэл, үйлдлийг өөрчлөх гэсэн утгатай.
Лук 3:12 . Татвар хураагчид гэж хэн бэ?
Эртний Ромд Ромын засгийн газрын татвар цуглуулагчдыг татвар хураагч гэдэг байв. Иудейчүүд татвар хураагчдыг үзэн яддаг байжээ. Учир нь татвар хураагчид ихэвчлэн шаардлагатайгаас илүү их хэмжээний мөнгийг татварт хураан авдаг байсан тул хүмүүс тэднийг үндэс угсаанаасаа урвагчид гэж үздэг байв (Joseph Smith Translation, Luke 3:19–20 [Bible appendix]; Лук 3:12–13 -ыг үзнэ үү). Зарим татвар хураагч сайн мэдээг дуртайяа хүлээж авсан байсан ( Матай 9:9–10 ; Лук 19:1–10 ; Судруудын удирдамж, “ Татвар хураагч ,” scriptures.ChurchofJesusChrist.org-ийг үзнэ үү).
Наманчлал биднийг авардаг уу?
Хүн төрөлхтнийг дан ганц наманчлал авардаггүй. Харин Есүс Христийн цус биднийг авардаг. Зөвхөн чин сэтгэл, үнэн зүрхнээсээ өөрчлөгдсөнөөр аврагддаггүй. Харин “ач ивээлээр л, бидний хийж чадах бүхний дараа” ( 2 Нифай 25:23) бид аврагддаг. Гэхдээ жинхэнэ наманчлал бол Бурханы өршөөл уучлалыг амьдралдаа авчрахад тавигддаг нөхцөл юм. Жинхэнэ наманчлал “харанхуй шөнүүдээс гэрэлтэй өдрүүдийг [бий] болгодог” (Spencer W. Kimball, The Miracle of Forgiveness [1969], 362).
(Dieter F. Uchtdorf, “Point of Safe Return,” Ensign эсвэл Liahona, May 2007, 100)