Maтай 15:1–9
“Яагаад та нар ёс заншлынхаа төлөө Бурханы зарлигуудыг зөрчинө” вэ?
Фарисайчууд болон хуулийн багш нар Есүсийн шавь нар яагаад ёс заншлыг дагахгүй байгаа талаар асуухад, Аврагч ёс заншлыг Бурханы зарлигуудыг зөрчих шалтаг болгож ашигладаг хүмүүсийг зэмлэн буруушааж хариулжээ. Энэ хичээл танд танай ямар ёс заншлууд Есүс Христтэй илүү адил болоход тусалж байгааг болон ямар нь таныг Түүнээс холдуулж буйг тодорхойлоход тусална.
Ёс заншил
Дараах жишээнүүдийг унш.
-
Нэгэн залуу эмэгтэйн гэр бүлийнхэн боловсролыг маш чухалд тооцдог ёс заншилтай ажээ. Түүнээс даалгавар, шалгалтууд дээрээ маш сайн гүйцэтгэлтэй байхыг хүсэн хүлээдэг байв.
-
Нэгэн залуу эрийн гэр бүлийнхэн өглөө, орой бүр залбирахыг үеэс үед эн тэргүүний зорилгоо болгосон байлаа.
-
Олон охидыг зохисгүй хувцаслахыг шаардсан томоохон хэмжээний олон нийтийн арга хэмжээ болох гэж байна. Нэгэн залуу эмэгтэй энэ арга хэмжээнд хэрхэн хувцаслах ёстойгоо шийдэх ёстой болоод байна.
-
Нэгэн тойргийн олон өсвөр үеийнхэн хэдэн жилийн турш Ням гаргийн хичээлдээ чин сэтгэлээсээ оролцохгүй байлаа. Тэд хоцорч, анхаарлаа хандуулахгүй байж мөн хичээлийн үеэр гар утсан дээрээ зурвас бичиж эсвэл тоглоом тоглодог байв.
-
Нэг сургууль дээр ахмад суралцагчид нь залуу суралцагчдаа шоглодог уламжлал тогтоод байлаа.
Өмнөх жишээнд хамааруулан, дараах асуултуудад хариулна уу.
-
Яагаад бидний ёс заншил чухал гэж та бодож байна?
-
Бидний ёс заншил Есүс Христтэй адил болох чадварт маань хэрхэн нөлөөлөх вэ?
-
Ёс заншлаа үнэлэх эсвэл зохисгүй ёс заншлаа өөрчлөх нь хэн нэгэнд яагаад хэцүү байдаг вэ?
Энэ хичээлийг судлах зуураа та ёс заншлын талаарх Есүс Христийн сургаалуудаас заримыг судлах болно. Ёс заншил гэдэг нь “нэг үеэс нөгөө үед уламжлан ирсэн итгэл үнэмшил, зан үйлүүд” юм (Судруудын удирдамж, “ Ёс заншлууд ,” ChurchofJesusChrist.org). Таны амьдралын нэг хэсэг болсон зарим ёс заншлыг судлах тэмдэглэлдээ жагсаан бич.
Ёс заншлын талаарх Аврагчийн сургаалууд
Аврагчийн заасан зүйлийг ойлгохын тулд Матай 15 -ын хам сэдэв эсвэл түүхийг мэдэж байх нь тустай.
Эхлээд Матай 15:1–9 -ийг унш. Дараа нь доорх хам сэдвийн тусламжийг уншаад, хам сэдвийг ойлгохын ялгааг ажиглаж, нэг ижил судрын хэсгийг дахин унш.
Матай 15-ын хам сэдвийн тусламж: Аврагчийн цаг үед еврей удирдагчид Мосегийн бичгэн хуулийг болон Бурханаас өгөгдөөгүй боловч хүмүүсийн дунд ёс заншил болсон аман хуулийг заадаг байсан. Үүнд Хүндэтгэлийн өдөр алхсан алхмаа тоолох, хоолны өмнө гараа сайтар угаах зэрэг хүний сүнслэг цэвэр ариун байдлын илэрхийлэл болсон заншлууд багтаж байв. Ёс заншлын хуулийн зарим хэсгийг амин хувийн шалтгаанаар ашиглах явдал ч байлаа. Жишээлбэл, эцэг эхээ хүндлэх нь Мосегийн хуулиар зарлиг байсан ( Гэтлэл 20:12 -ыг үзнэ үү) боловч зарим хүн өөрсдийн олсон мөнгө эсвэл баялгийг “Бурханд өргөх бэлэг” ( Матай 15:5) тул хөгшин эцэг эхээ асрахад ашиглах боломжгүй гээд энэхүү зарлигийг зөрчиж буйгаа цагаатгахдаа аман хуулийг ашигладаг байсан байна. Эдгээр өөрчлөлт нь уг хууль, зарлигийн жинхэнэ зорилгын нэг хэсэг биш байсан бөгөөд Бурханы таашаалд нийцдэггүй байжээ.
Матай 15:1–9 -ийг уншаад, Аврагч ёс заншлын талаар юу гэж заасныг олж мэд.
-
Эдгээр шүлэгт Аврагч юу зааж байна гэж та бодож байна вэ? Өөрийн олж мэдсэн нэг эсвэл хоёр үнэнийг тодорхойл.
Нэмэлт: Илүү ихийг судлахыг хүсэж байна уу?
Миний амьдралаасаа авч хаях хэрэгтэй байгаа дэлхийн ямар ёс заншлууд байдаг вэ?
“Наманчлал ба өөрчлөлт” хэмээх үгэндээ (Ensign эсвэл Liahona, Nov. 2003, 39) Тэргүүн Зөвлөлийн ерөнхийлөгч Даллин Х. Өүкс “сайн мэдээний зарлиг, гэрээ, соёлтой зөрчилдөж [байж болзошгүй] зан чанарын элементүүдийн … талаар” олон жишээ дурджээ. Ариун явдал, порнограф, сүмд оролцох оролцоо, шударга байдал, нийгмийн статус эсвэл зэрэглэл зэрэг зүйлсийн хүрээнд авч үзэхэд, бидний зан чанар дэлхий ертөнц дээрх ёс заншлуудаас өөр байж болно. ChurchofJesusChrist.org дээрх ерөнхийлөгч Өүксийн илтгэлийг бүхэлд нь эсвэл зарим хэсгийг үзэх юм уу унших талаар бодож үз.
“Христийн соёл” (Ensign ,Nov. 2020, 48–50 эсвэл 2020 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 52) хэмээх илтгэлдээ Далын ахлагч Виллиам К. Жэксон Христийн соёлыг дэлхий ертөнцийн соёлтой харьцуулжээ. ChurchofJesusChrist.org дээрх түүний үгийг бүхэлд нь эсвэл зарим хэсгийг нь үзэх юм уу унших талаар бодож үз.
Өөрийн соёлын ёс заншлуудыг хадгалж үлдэхийн хажуугаар Аврагчийг дагах боломжтой юу?
Дараах видео бичлэгээр хэрхэн соёлын ёс заншлуудыг хадгалж үлдэхийн хажуугаар Аврагчийг дагаж болох тухай нэгэн жишээг харуулжээ.