Матай 25:1–13
Арван охины тухай сургаалт зүйрлэл
Мөнх бус амьдрал дахь тохинууллынхаа төгсгөлд Есүс Христ арван охины тухай сургаалт зүйрлэлийг ярих замаар Өөрийн шавь нарт Хоёр дахь ирэлтэд бэлтгэхийн ач холбогдлыг заажээ. Энэ хичээл таныг Их Эзэнийг дахин ирэх үед уулзахад өөрийгөө бэлтгэхийн ач холбогдлыг ойлгоход тусална.
Бэлэн үү, бэлэн биш үү?
Маш их бэлтгэл шаардсан зүйлд бэлтгэлгүй байсан үеийнхээ талаар бод.
-
Ингэх нь ямар санагдсан бэ?
-
Бидэнд зарим нэг зүйлд бэлтгэхээс татгалздаг ямар ямар шалтгаан байдаг вэ?
Дараах мэдэгдэл дээр өөрийгөө 1-ээс 10 хүртэлх хэмжүүрээр (1 гэдэг нь хүлээн зөвшөөрөхгүй; 10 гэдэг нь хүлээн зөвшөөрнө гэсэн утгатай) үнэл.
Би Есүс Христийн Хоёр дахь ирэлтэд бэлтгэгдсэн.
Матай 25:1–13 нь Есүс Христийн Өөрийн Хоёр дахь ирэлтэд бэлтгэхэд нь дагалдагчдадаа туслахын тулд заасан арван охины тухай сургаалт зүйрлэлийг агуулдаг. Суралцаж байхдаа өөрийн бэлтгэгдсэн аргууд болон сайжруулалт хийх арга замуудын талаар мэдэж авахын тулд Ариун Сүнсний удирдамжийг эрэлхийл. “Би энэ сургаалт зүйрлэлд хэн болох вэ?” гэх зэрэг асуултуудыг эргэцүүл.
Уг сургаалт зүйрлэлийг судлахын өмнө Аврагчийн амьдарч байсан цаг үе дэх иудейчүүдийн хуримын ёс заншлын талаар ойлгож мэдэх нь чухал юм. Дотно найзуудаа дагуулсан сүйт залуу хуримын ёслолд оролцохоор сүйт бүсгүйн гэр лүү шөнө дөлөөр явдаг. Уг ёслолын дараа хуримын бүлгийнхэн найрлахаар сүйт залуугийн гэр лүү явдаг байв. Уг үйл явдалд оролцож буй бүсгүйчүүд эсвэл сүйт бүсгүйн найзууд гэх зэрэг хуримын зочид өөрсдийгөө хуримын бүлгийн нэг хэсэг гэдгээ мэдүүлэхээр мөн энэ үйл явдалд гэрэл гэгээ, гоё сайхныг нэмэхээр өөрсдийн дэнлүү эсвэл бамбарыг барьж явах ёстой байлаа.
Матай 25:1–4 -ийг уншаад, хүмүүс эсвэл эд зүйлс зэрэг Аврагчийн сургаалт зүйрлэл дээр гардаг чухал элементүүдийн жагсаалтыг гарга. Элемент тус бүрийн хажууд энэ нь хэнийг эсвэл юуг илэрхийлж байна гэж бодож байгаагаа бич.
Арван охины тухай сургаалт зүйрлэлийн элементүүд юуг илэрхийлж байна вэ?
Орчин үеийн илчлэлт болон бошиглогчдын сургаалууд танд уг сургаалт зүйрлэл дээрх бэлгэдлийн шинжтэй утга санааг ойлгоход тусална.
-
Сүйт залуу нь Аврагчийг бэлгэдэж байгаа бол сүйт залуу орж ирсэн нь Хоёр дахь ирэлтийг илэрхийлж байна ( Сургаал ба Гэрээ 33:17 ; 88:92 ; 133:10 -ыг үзнэ үү).
-
Тэргүүн Зөвлөлийн ерөнхийлөгч Даллин Х. Өүкс “Арван охиноор мэдээж Христийн Сүмийн гишүүдийг төлөөлүүлдэг. Тэд бүгд хуримын зоогт уригдсан ба хүргэнийг ирэхэд орохын тулд юу шаардлагатайг бүгд мэдэж байсан” гэж заасан (Даллин Х. Oaks, “Preparation for the Second Coming,” Ensign эсвэл Liahona, May 2004, 8).
-
Дэнлүү нь бидний гэрчлэлүүдийг бэлгэдэж байж болно (Дэвид А. Бэднар, “Их Эзэнд хөрвүүлэгдэв,” Ensign, Nov. 2012, 109 эсвэл 2012 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 133). Арван охин бүгд дэнлүүтэй байсныг анхаар.
-
Тос нь Их Эзэн Есүс Христэд хөрвүүлэгдэх бидний хөрвүүлэлтийг бэлгэдэж байж болно (Дэвид А. Бэднар, “Их Эзэнд хөрвүүлэгдэв,” Ensign, Nov. 2012, 109 эсвэл 2012 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 133). Энэ нь Ариун Сүнсний удирдамжийг дагах, Аврагчид болон Түүний сайн мэдээний дагуу дуулгавартай амьдрах бидний хүчин чармайлтыг багтааж байж болно ( Сургаал ба Гэрээ 45:56–58 ; Spencer W. Kimball, Faith Precedes the Miracle [1972], 256).
1. Судлах тэмдэглэл дээрээ дараах асуултуудад хариул.
-
Эдгээр бэлгэдлийн шинж чанар бүхий утга санааны аль нь таны хувьд хамгийн чухал вэ? Яагаад?
-
Та мунхаг болон ухаалаг охидын хоорондох ялгааг өөрийн үгээр хэрхэн тайлбарлах вэ?
-
Бэлгэдлийн шинж чанартай тосыг дэнлүүндээ хийхийн тулд бидний хийж чадах зүйлсийн зарим жишээ юу вэ?
Матай 25:5–13 дээрх сургаалт зүйрлэлийн үлдсэн хэсгийг унш. Ингэхдээ өөрийгөө охидын нэг гэж төсөөл. Та ChurchofJesusChrist.org эсвэл Gospel Library аппликэйшн дээрх судрын хүүрнэлийг сонсох боломжтой. Та мөн Библийн видео болох “Арван охин” (1:40) эсвэл “Тэд ухаалаг болох нь” видеог цагийн код 0:00-оос 5:41 хүртэл үзэж болох юм.
Матай 25:12 дээрх, шаардлагатай байсан тосгүйгээр хуримын найранд оройтож орохоор оролдсон мунхаг охидод өгсөн сүйт залуугийн хариултыг ажигла. Иосеф Смитийн Орчуулгын Maтай 25:11 нь сүйт залуугийн “Би та нарыг танихгүй” ( Матай 25:12 , тайлбар зүүлт a) гэж хэлснийг тодорхой болгож өгдөг.
-
Тос юуг илэрхийлдэг болохыг санаад, Аврагчийн талаар үнэхээр мэдэхийн тулд болон Түүнтэй уулзахад бэлэн болоход тос яагаад чухал талаар хариулт өг.
-
Ухаалаг охид тосыг мунхаг охидод яагаад өгөөгүй байж болох вэ?
Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Дэвид А. Бэднар ийн заасан.
Мөнх бус амьдралын нэгэн чухал зорилго бол зөвхөн Эцэгийн Төрсөн Ганцын талаар суралцах биш, Түүнийг таньж мэдэхээр чармайх явдал билээ. … Бид Аврагчийн хаа дуудсан газар луу явж, хэл гэснийг нь хэлж, Түүний хүссэн хүн болохоор хамгийн сайнаараа хичээх үедээ Түүнийг таньж мэддэг.
(Дэвид А.Бэднар, “Хэрэв та нар Намайг мэдсэн бол,” Ensign, Nov. 2016, 103, 104 эсвэл 2016 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 97, 99)
Би зөв амьдралын талаарх Түүний жишээг дагахыг хичээх замаар Аврагчийн тухай мэдэж авч, Түүний ирэхэд бэлтгэх боломжтой гэсэн үнэнийг бичиж тэмдэглэх талаар бодож үз.Энэ сургаалт зүйрлэлийн орчин үеийн хувилбарыг бичихэд цөөн минутыг зарцуул. Ухаалаг охид өнөө үед яаж амьдрах байсан бэ? Та тэднийг Их Эзэнийг мэддэг бас Түүнд хөрвүүлэгдсэн гэдгийг хэрхэн хэлэх вэ? Мунхаг охид яаж амьдрах байсан бол? Тэдэнд Их Эзэний талаар мэдэж авахын тулд хүлээх байсан ямар шалтгаан байна вэ?
-
Таны хувьд Аврагчийн тухай мэдэж авч, Түүнийг дахин ирэх үед Түүнтэй уулзахаар бэлтгэхийн тулд хичээж чармайх нь яагаад зөв зүйтэй вэ?
-
Аврагчтай адилхан амьдрах гэж оролдох нь Түүний талаар илүү сайн мэдэж авахад бидэнд хэрхэн туслах вэ?
-
Ямар туршлага болон зөв зүйтэй үйлдлүүд таныг Есүс Христийн талаар мэдэж авахад тусалсан бэ?
2. Судлах тэмдэглэлдээ дараах үйл ажиллагааг хийж гүйцэтгэ.
Судлах тэмдэглэл дээрээ энгийн дэнлүүний зураг зур. Аврагчийн талаар мэдэж авахын тулд хийсэн зүйлсийнхээ жишээг болон Түүний ирэхэд бэлтгэгдэх аргуудын талаар мэдэж авахын тулд Ариун Сүнсний удирдамжийг эрэлхийл. Тосоо бэлгэдэхийн тулд эдгээрийг дэнлүүний дотор бичихийг бодож үз. Түүнчлэн Их Эзэн Өөрийнх нь талаар илүү сайн мэдэж авч, Өөрийг нь ирэхэд илүү бэлтгэлтэй байхын тулд таны одоо юу хийж болохыг мэдэхээр өдөөлт эрэлхийл. Олж авах ёстой байгаа тосоо бэлгэдэж, эдгээрийн нэг эсвэл хоёрыг дэнлүүний гадна талд бич.
Та Түүнийг илүү сайн таньж мэдэхийг хичээж, Түүнтэй уулзахаар бэлтгэхдээ Их Эзэний тусламжийг эрэлхийлээрэй.
Нэмэлт: Илүү ихийг судлахыг хүсэж байна уу?
Maтай 25:6 . Сүйт залуу шөнө дунд ирсэн нь ямар ач холбогдолтой вэ?
Иудейчүүдийн ихэнх хуримын ёслол үдэш орой болдог байжээ. Судрын хэд хэдэн хэсэг Аврагчийг шөнө дөлөөр хулгайч шиг ирсэн болохыг илэрхийлдэг ( Иосеф Смитийн Орчуулга, Лук 12:44 [Библийн хавсралт дээрх]; 1 Тесалоник 5:2 ; 2 Петр 3:10 ; Сургаал ба Гэрээ 45:19 ; 106:4 -ийг үзнэ үү). Сүйт залуу шөнө дунд ирсэн нь Аврагч санаандгүй цагаар дахин ирсэн болохыг илэрхийлж байна. Ерөнхийлөгч Спэнсэр В. Кимбалл (1895–1985) ийн тайлбарласан.
Мунхаг охид тос худалдаж авахад дургүй биш байсан. Тэд тостой байх ёстой гэдгээ мэдэж байсан. Тэд хүргэнийг хэзээ ирэхийг мэдэхгүй байсан болохоор бага зэрэг л хойшлуулсан байв. … Шөнө дунд бол хойшлуулсан хүмүүст хэтэрхий орой байв.
(Spencer W. Kimball, Faith Precedes the Miracle [1972], 256)
Хэрэв Түүний ирэх өдөр маргааш байсан бол яах байсан бэ?
Тэргүүн Зөвлөлийн ерөнхийлөгч Даллин Х. Өүкс ийн заасан.
Хэрэв бид маргааш зуурдаар нас нөгчих эсвэл Түүнийг гэнэт ирэхэд Их Эзэнтэй уулзана гэдгээ мэдэж байгаа бол өнөөдөр юу хийх вэ? Бид ямар нүглээ наманчлах вэ? Бид ямар зуршлаа хаях вэ? Бид ямар асуудлаа шийдэх вэ? Бид ямар уучлалыг үзүүлэх вэ? Бид ямар гэрчлэл хуваалцах вэ?
Хэрэв бид эдгээрийг хийх ёстой юм бол яагаад одоо хийж болохгүй гэж? Амар амгаланг олох боломжтой үед яагаад үүнийг эрэлхийлж болохгүй гэж? Хэрэв бидний бэлтгэлийн дэнлүүнүүд бөхөж дуусвал, бидэнд тэдгээрийг нэн даруй сэргээх боломжийг олго.
(Dallin H. Oaks, “Preparation for the Second Coming,” Ensign эсвэл Liahona, May 2004, 9)
Ухаалаг охид яагаад тосоо хуваалцах дургүй байсан юм бол?
Өөрсдийнхөө тосыг мунхаг охидтой хуваалцаагүй ухаалаг охидын талаар ерөнхийлөгч Спэнсэр В. Кимбалл (1895–1985) ийн заасан.
Энэ нь хувиа бодсон эсвэл найрсаг бус байдал биш байв. Замыг гэрэлтүүлж, харанхуйг гэгээрүүлэхэд хэрэглэдэг тосыг хуваалцах боломжгүй юм. Аравны нэгийн зарчмыг дуулгавартай дагаснаа хүмүүн хэрхэн хуваалцаж чадах билээ … ? … Түүнчлэн хандлага, ариун явдал эсвэл номлолын туршлагаа хэрхэн хуваалцаж чадах билээ? Ариун сүмд орох эрхээ хэрхэн хуваалцах вэ? Хүн бүр өөртөө зориулж тийм тосыг олж авах ёстой. …
Бидний амьдралд, бэлтгэлийн тос нь шударга ёсны амьдралд дусал дуслаар нэмэгддэг. … Дуулгавартай байж, үнэнч шударгаар үйлдэх нь дэнлүүнд маань дусал дуслаар тос нэмсээр байдаг.
(Spencer W. Kimball, Faith Precedes the Miracle [1972], 255–256)