Иосеф Смит—Maтай 1:21–37; Лук 21:25–36
Бүү тэвдэн сандар
Есүс Христ шавь нартаа Хоёр дахь ирэлтийн өмнө тохиох гамшиг, гай зовлон, сүйрлийг үл анзааран “тэвдэн сандрахгүй” байхыг тушаажээ (Иосеф Смит—Матай 1:23). Энэ хичээл танд эцсийн өдрүүдийн үйл явдлуудтай холбоотой айдсаа даван туулж, мэхлэлтээс зайлсхийхэд тусална.
Мэхлэлтийг даван туулах
-
Өнөөгийн дэлхийд хамгийн түгээмэл байдаг хоёр, гурван хуурмаг санаа юу вэ?
Аврагч төлөөлөгчидтэйгөө ярилцаж байхдаа Өөрийнх нь Хоёр дахь ирэлтийн өмнө худал хуурмаг санаанууд тараасан хүмүүс гарч ирэх болно хэмээн бошигложээ. Иосеф Смит—Maтай 1:22 -ыг уншаад, Аврагчийн юу гэж бошиглосон болохыг олж мэд.
-
Сонгогдсон хүмүүс хүртэл мэхлэгдэх болно гэдгийг мэдэж авах нь яагаад чухал вэ?
Ерөнхийлөгч Эзра Тафт Бэнсон (1899–1994) хуурамч Христ болон эш үзүүлэгчид зөвхөн хүмүүсээр хязгаарлагдахгүй мөн худал санаа болон сургаал хэлбэрээр гарч ирэх болно гэж заажээ (Teachings of Presidents of the Church: Ezra Taft Benson [2014], 132). Та энэ хичээлийг судалж байхдаа, Их Эзэнд итгэн, ямарваа нэгэн худал санаа эсвэл мэхлэлтийг даван туулах арга замуудыг хайж олохын тулд Сүнсний удирдамжийг эрэлхийлээрэй.
Аврагч Өөрийнх нь ирэх үеийн тэмдгүүд болон бусад хууран мэхлэлтийн талаар заасныхаа дараа (Иосеф Смит—Матай 1:23–36-г үзнэ үү), хууран мэхлэлтийг даван туулах аргыг заажээ. Иосеф Смит—Матай 1:37 -г унш.
Судлах тэмдэглэл дээрээ ямар нэг эрдэнэсийн зүйл эсвэл эрдэнэс хадгалах хайрцаг зур. Ямар нэг зүйлийг нөөцлөх гэдэг нь та үүнийг нандигнан хадгалж, эрхэмлэн дээдэлж, маш ихээр бишрэн шүтэх гэсэн утгатай. Бид Их Эзэний үгийг “нөөцлөх” үедээ үүнийг ариун гэж үзэж, хамгаалдаг (Сургаал ба Гэрээ 43:34-ийг үзнэ үү). Хайрцгийн эргэн тойронд эсвэл дотор нь Их Эзэний үгийг нөөцөлж болох аргуудыг бич.
Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч ерөнхийлөгч М. Рассэлл Баллард Сүмийг шүүмжилж буй мэдээллийг уншиж буй буцаж ирсэн номлогчтой уулзсан уулзалтынхаа талаар ярьжээ. Залуу эрд хариултыг нь олж чадахгүй байгаа маш олон асуулт байсан бөгөөд гэрчлэлээ алдаж байна гэсэн мэдрэмж төржээ. Ерөнхийлөгч Баллард залуу эрийн асуултуудад хариулах хариултыг бэлтгэхийг зөвшөөрсөн хэдий ч уг залууг Мормоны Номыг 10 хоногийн турш өдөр бүр нэг цаг уншихад урьсан байна. Ерөнхийлөгч Баллард ийн өгүүлсэн.
Арав хоногийн дараа түүнийг ажил дээр маань эргэж ирэхэд би бэлэн болсон байлаа. Би түүний асуултуудад хариулж эхлэхийн тулд цаасаа гаргаж ирэхэд, тэр намайг зогсоов.
“Ерөнхийлөгч өө, “энэ одоо хэрэг болохгүй ээ” гэж тэр хэлэв. Тэгээд тэрээр “Би Мормоны Ном үнэн гэдгийг мэднэ. Би Иосеф Смит бол Бурханы бошиглогч гэдгийг мэднэ” гэж тайлбарласан юм.
(M.Russell Ballard, “When Shall These Things Be?,” Ensign, Dec. 1996, 60)
-
Мормоны Номыг өдөр бүр судлах нь энэ залуу эрийн олон асуудлыг шийдвэрлэхэд тусалсан гэж та яагаад бодож байна вэ?
-
Судрууд дээрх Аврагчийн бидэнд зориулсан үгс яагаад бидний амьдралд нөлөөлөх хүчтэй байдаг вэ?
Аврагчийн үг таныг хувь хүний тань хувьд хэрхэн адисалсныг хэсэг хугацаанд тунгаан бод. Түүний үгс Түүн рүү чиглэсэн таны мэдрэмжид хэрхэн нөлөөлсөн бэ? Аврагчийн үгсийг нөөцлөх нь таныг мэхлэгдэхээс хэрхэн сэргийлсэн бэ?
Ерөнхийлөгч Баллард мөн ийнхүү зөвлөжээ.
Нэг удаад цөөхөн минут байсан ч хамаагүй, судруудыг өдөр тутам судлах цаг болон газрыг бий болго. … Сайтар нарийн төлөвлөснөөр, ийм зүйлсэд маш бага цаг зарцуулах боломжтой. Гэхдээ бидэнд болон бидний гэр бүлийнхэнд ирэх урт хугацааны давуу талууд нь хязгааргүй хийгээд мөнхийн байх бөгөөд … тэдгээр нь биднийг ирээдүйн тогтвортой өсөн нэмэгдэж буй сорилтуудад бэлтгэхэд ихээхэн туслах болно.
(M.Russell Ballard, “When Shall These Things Be?,” Ensign, Dec. 1996, 60–61)
Есүс Христийн үгсийг судалж, нөөцлөх хүчин чармайлтаа үнэл. Та өөрийгөө хэр сайн байна гэж бодож байна вэ? Түүнчлэн та амьдралдаа ямар саад бэрхшээлүүдтэй тулгарч байгаа болон Христийн үгсийг нөөцлөх нь танд тэдгээрийг даван туулахад хэрхэн тусалж буй талаар бодож үз.
Судлах тэмдэглэл дээрээ зурсан эрдэнэсийн хайрцгийнхаа хажууд Аврагчийн үгсийг хэрхэн нөөцлөхийг хүсэж буй зорилгоо бичих талаар бодож үз.
Анхаарал сарниулах зүйлс болон айдсаа даван туулах
Лук Аврагчийн Өөрийн Хоёр дахь ирэлтийн талаар хуваалцсан нэмэлт зөвлөгөө, анхааруулгыг бичиж тэмдэглэжээ. Дараах шүлгүүдийг уншаад, тэднийг зөв дүгнэлттэй нь тохируул.
a. Бидний энэ амьдралдаа анхаардаг зүйлс, үйлдсэн гэм нүгэл биднийг Аврагчийн дахин ирэлтэд бэлэн болоход саад болж болно.b. Эцсийн өдрүүдэд олон хүн айдсаа даван туулснаа мэдрэх болно.c. Бид Аврагчийн Хоёр дахь ирэлтийн тэмдгүүдэд хичээнгүйлэн сонор сэрэмж тавьж, залбирч, үнэ цэнтэй байхыг хичээснээр Их Эзэнийг эргэн ирэхэд бэлэн байх болно.
(Жич: Лук 21:36-ийн Иосеф Смитийн Орчуулгын зүүлт тайлбар c-д “миний зарлигуудыг сахь” гэсэн үг хэллэгийг нэмсэн байдаг.)
-
Хоёр дахь ирэлтийн талаарх эдгээр судрыг уншихад танд юу нь онцгой санагдсан бэ?
-
Өнөөдрийн айдсаасаа болж хүмүүсийн ухаан алдаж болох шалтгаануудын зарим нь юу вэ?
-
Энэ амьдралдаа анхаардаг зүйлс, үйлдсэн гэм нүгэл маань биднийг Их Эзэнийг ирэхэд бэлэн байхад хэрхэн саад болж болох вэ? Ингэж саад болох нь яагаад хор хөнөөлтэй вэ?
-
Залбирч, үнэ цэнтэй байхаар хичээх нь биднийг Их Эзэнтэй уулзахаар бэлтгэхэд хэрхэн туслах вэ?
Их Эзэн ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсоноор дамжуулан Өөрийн үгсийн заримыг тодруулсан. Хэрэв боломжтой бол “Хүмүүс айснаасаа ухаан алдана” (3:24) видеог үзнэ үү. Эцсийн өдрүүдэд айдас, эргэлзээгээ хэрхэн даван туулах талаар ерөнхийлөгч Нэлсон юу гэж заасан болохыг сонс. Уг видеог ChurchofJesusChrist.org эсвэл Gospel Library аппликэйшн дээрээс олох боломжтой.
-
Их Эзэн рүү хандах нь эцсийн өдрүүдэд айдас, эргэлзээгээ даван туулахад бидэнд хэрхэн туслах вэ?
Суралцсан зүйлсээ ашиглах
Хоёр дахь ирэлтийн талаарх хичээлийн дараа хоёр найз дараах зүйлсийг хэлсэн гэж төсөөл.
Найз #1: “Би Хоёр дахь ирэлтийг том асуудал гэж үнэхээр бодохгүй байна. Яг үнэндээ манай аав ийм зүйл болно гэж огтхон ч бодохгүй байгаа. Би иймэрхүү юмны талаар санаа зовохыг хүсэхгүй байна.”
Найз #2: “Би Хоёр дахь ирэлтийн талаар бодохыг хүсэхгүй байна. Би сургууль дээрх болон найз нөхдийнхөө асуудлаас болж өдөр бүр айдаст автаж, бухимддаг байхад Хоёр дахь ирэлт бол бүр ч том асуудал юм. Дайн дажин, газар хөдлөлт, хууран мэхлэлтийн тэмдгүүд бүгд аймшигтай сонсогдож байна.”
1. Судлах тэмдэглэлдээ дараах үйл ажиллагааг хийж гүйцэтгэ.
Өмнөх жишээнүүдийн аль нэгийг сонгоно уу. Энэ хичээлээр суралцсан зүйлсээ ашиглан, найздаа туслахын тулд хэлж, хийх зүйлсээ бичиж тэмдэглэхдээ Сүнсний удирдамжийг эрэлхийл. Их Эзэний үгсийг нөөцөлж, Түүнд итгэхэд тэднийг уриалах арга замуудыг хайж ол.
Нэмэлт: Илүү ихийг судлахыг хүсэж байна уу?
Maтай 24:24 . Эцсийн өдрүүд дэх хуурмаг зүйлс болон хууран мэхлэлтийн ямар жишээнүүд байна вэ?
Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Гари И.Стивэнсон өнөөгийн дэлхий ертөнцийг мэхлэхийг эрэлхийлж буй Сатаны аргуудаас заримыг тайлбарласан.
Жишээлбэл, тэр мансууруулах бодис эсвэл архины хөнөөлт үр дагаврын үнэнийг нууж, энэ нь таашаал авчирна хэмээн санал болгодог. Тэр биднийг олон нийтийн сүлжээнд байх боломжтой хор уршиг дагуулсан харьцуулалт, бодит байдлаас илүү сайхан амьдрал зэргийг багтаасан сөрөг зүйлүүдэд живүүлдэг. Үүнээс гадна, тэр порнограф, цахим орчинд бусад руу эрээ цээргүй дайрах явдал, бидний зүрх сэтгэл, оюун санааг эргэлзэхэд хүргэх бусад харанхуй, хор хөнөөлтэй онлайн контентын зүсийг өнгөлөн далдалдаг.
(Гари И.Стивэнсон, “Намайг бүү мэхэл,” Ensign, Nov. 2019, 95 эсвэл 2019 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 107)
Лук 21:26 . Би хэрхэн айдасгүй байж, ирээдүйгээ итгэлээр хүлээн авах вэ?
Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон тодорхойгүй нөхцөл байдалд Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёртой холбоотой хэвээр байхын ач холбогдлын талаар заажээ.
Бид зөвхөн Тэнгэрлэг Эцэгийн болон Есүс Христийн буулгыг үүрснээр жинхэнэ аюулаас ангид байж чадах нь мэдээж. Бурхангүй амьдрал айдсаар дүүрэн байдаг бол Бурхантай амьдрал амар амгалангаар дүүрэн байдаг.
(Рассэлл М.Нэлсон, “Ирээдүйгээ итгэлээр хүлээн ав,” Ensign, Nov. 2020, 75 эсвэл 2020 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 79)