Илчлэл 6–7
“Хэн тэсэж чадах вэ?”
Иохан илчлэлтээрээ, лацадсан номын эхний зургаан лацыг нээж буй Бурханы Хургыг үзэгдлээр харсан. Зургаа дахь лацыг нээх үед, Иохан үлэмж их зовлонгийн дараа Аврагчийн цагаатгагч цусаар дамжуулан цэвэр болсон Бурханы үйлчлэгчид Бурханы сэнтийний өмнө шүтэн биширч байгаа үзэгдлийг харжээ ( Илчлэл 7:9–15 -ыг үзнэ үү). Энэ хичээл нь эцсийн өдрүүдэд тохиох үлэмж их зовлонгийн үед цэвэр ариун болж, итгэлдээ үнэнч хэвээр үлдэхийн тулд Есүс Христэд итгэж найдахын ач холбогдлыг мэдрэхэд танд тусална.
Зургаа дахь лацыг нээх
Судлах тэмдэглэлдээ дараах асуултуудад хариулж бич.
-
Эцсийн өдрүүдэд амьдрахад юу нь танд хэцүү санагдаж байна вэ? Яагаад?
-
Эцсийн өдрүүдэд амьдрахад юу нь танд таалагддаг вэ? Яагаад?
Илчлэл 5 -д Иохан Есүс Христ л нээж чадахуйц долоон лацтай нэгэн номыг харсан гэдгийг эргэн сана. Лац тус бүр дэлхийн зуурдын түүхийн 1000 жилийн мөчлөгийг илэрхийлж байсан ( Сургаал ба Гэрээ 77:7). Илчлэл 6:12 -ын эхэн хэсэгт, Иохан зургаа дахь лацыг эвдэхийг харсан. Зургаа дахь лац нь Есүс Христийн Хоёр дахь ирэлтийн өмнөх мянган жилийг төлөөлдөг бөгөөд үүнд бидний амьдарч буй энэ цаг үе орж байгаа.
Зургаа дахь лацын талаар Иоханы дүрсэлсэн бэлгэдлүүдийн ( Илчлэл 6:1–11 -ийг үзнэ үү) талаарх мэдээлэл, тайлбарыг 2014 оны Шинэ Гэрээний суралцагчийн гарын авлагын х. 542–543 дахь “Илчлэл 6. Эхний зургаан лац” хэсгээс авна уу.
Илчлэл 6:12–16 -г уншаад, зургаа дахь лацыг нээх үед Иоханы харсан зарим үйл явдлыг хайж ол.
-
Эдгээр шүлгээс юу нь танд онцгой санагдсан бэ?
-
Та зургаа дахь лацыг нээх үед амьдарч байсан олон хүний сүнслэг нөхцөл байдлын талаар 15–16-р шүлгээс юу сурч мэдсэн бэ?
Илчлэл 6:17 -г уншаад, уг шүлэг дээрх асуултыг тэмдэглэ.
-
Та Иоханы асуултыг өөрийн үгээр хэрхэн илэрхийлэх вэ?
-
Иоханы асуултын хариулт юу байна гэж та бодож байна вэ?
Эцсийн өдрүүдэд сүйрэл, ёсон бус үйл явдлууд болохыг бошиглосон байдаг ч Их Эзэн дэлхий дээр эргэн ирэхдээ Өөрийн гэгээнтнүүдийг бэлдэхийн тулд хийсэн болон хийж байгаа бүх зүйлийг нь бодож үз.
-
Аврагч гэгээнтнүүдээ бэлдэж, хамгаалахын тулд юу хийсэн мөн одоо юу хийж байна вэ?
Үргэлжлүүлэн судлахдаа та Илчлэл 6:17 дээрх асуултад хариулахад туслах сургаалуудыг олж мэд. Есүс Христэд найдах нь хожмын өдрүүд дэх сүнслэг болон бие махбодын сорилтуудыг тэсэн тэвчихэд тань хэрхэн амар амгалан, баяр баясгаланг мэдрэхэд туслах талаар бодож үз.
Иохан Хоёр дахь ирэлтийн бэлтгэл болон селестиел хаант улсын талаар үзэгдэл хардаг
Илчлэл 7 -д өгүүлснээр, Иохан дэлхий дээрх амьдралыг хамгаалах бас устгах хүчийг өгөгч Бурханаас илгээгдсэн дөрвөн тэнгэр элчийг харсан ( Илчлэл 7:1 ; Сургаал ба Гэрээ 77:8 -ыг үзнэ үү). Иохан энэ дөрвөн тэнгэр элч Аврагчийн Хоёр дахь ирэлтэд бэлдэж, газар дэлхий дээр сүйрэл авчрахаар бэлтгэж байгааг зөгнөн харжээ. Тэр мөн Израилын овгуудын гишүүдэд хамгаалалт өгөхийг харсан ( Илчлэл 7:1–8 ; 9:3–4 -ийг үзнэ үү). Тэр дараа нь селестиел хаант улсын талаар үзэгдэл харсан.
Илчлэл 7:9–12 -ыг уншаад, Иохан селестиел хаант улс дахь хүмүүсийг хэрхэн дүрсэлснийг олж мэд.
-
Иохан хэдэн хүн харсан бэ, энэ нь яагаад чухал вэ?
-
Эдгээр хүний хэлсэн үгс, хийсэн үйлдлийн юу нь танд онцгой санагдсан бэ?
Дараа нь Илчлэл 7:13–1 -ийг уншаад, итгэлдээ үнэнч хүмүүсийг ирээдүйд хүлээж буй адислалууд болон тэдэнд Бурханы оршихуйд орох боломж олгосон зүйлсийг олж мэд.
-
Эдгээр шүлэг нь Илчлэл 6:17 дээрх асуултад хариулахад хэрхэн тусалж байна вэ?
-
Өмсгөлүүд Хурганы цусаар угаагдан цагаан болсон гэснийг юу гэсэн утгатай гэж та бодож байна вэ?
Хэрэв бид зовлон шаналлыг итгэлдээ үнэнч байснаар тэвчиж, Есүс Христээр дамжин цэвэр ариун болбол Бурхантай хамт селестиел алдар сууг хүртэх болно гэсэн зарчмыг эдгээр шүлгээс тодорхойлж болох юм.
Өмсгөлүүдээ Хурганы цусаар угаан цагаан болгох гэдэг нь юу гэсэн утгатай болохыг мөн энэхүү адислалыг хэрхэн хүлээн авах талаар илүү сайн ойлгохын тулд дараах судрын эшлэлүүдийн заримыг эсвэл бүгдийг судал. Үүнд:
-
Та Аврагч болон Түүний Цагаатгалын тухай юу сурч мэдсэн бэ?
-
Та яг одоо Есүс Христийн ариусгагч хүчийг ямар ямар арга замаар хүлээн авах боломжтой вэ?
Бурхантай хамт амар амгалан, амралт мэдрэх
1. Дараах үйл ажиллагааг хийж гүйцэтгээд, судлах тэмдэглэлдээ асуултуудад хариулж бич.
Илчлэл 7:15–17 -г уншаад, зөв шударга хүмүүс селестиел хаант улсад юу хүртэх талаар Иоханы харсан өөр олон адислалыг хайж ол.
-
Эдгээр адислалын аль нь таны хувьд хамгийн утга учиртай санагдаж байна вэ? Яагаад?
-
Эдгээр ирээдүйд хүлээн авах адислалын талаар ойлгох нь таны өнөөгийн гаргаж байгаа зан байдалд хэрхэн нөлөөлж байна вэ?
Нэмэлт: Илүү ихийг судлахыг хүсэж байна уу?
Илчлэл 7:1 . Дөрвөн тэнгэр элчийн зорилго, бэлгэдэл юу вэ?
Илчлэл 7:1 -д дөрвөн тэнгэр элч, дэлхийн дөрвөн өнцөг, дөрвөн салхины тухай гардаг. Судруудад дөрөв гэх тоо нь ихэвчлэн луужингийн дөрвөн чиглэл буюу газар зүйн зүг чигийг илэрхийлдэг. Эдгээр тэнгэр элч үүрдийн сайн мэдээг “бүх үндэстэн, ястан, хэлтэн болон хүмүүст” ( Сургаал ба Гэрээ 77:8) итгэмжлэх үүрэгтэй.
Илчлэл 7:2–8 . Израилын овгуудын 144000 хүн гэж хэн болох мөн тэдний духан дээр юу тамгалсан байх вэ?
Сургаал ба Гэрээ 77:11 -д Илчлэл 7:4–8 -д дурдсан 144000 гэх тоо нь өргөмжлөгдөхийн төлөөх эрэлд нь бусдад туслахаар томилогдох Израилын арван хоёр овгийн төлөөлөгчдийн тоо гэдгийг Их Эзэн Иосеф Смитэд тайлбарлажээ. Энэ нь зарим хүний итгэдгээр, өргөмжлөгдөх хүмүүсийн нийт тоо биш юм.
Иосеф Смит “Бурханыхаа зарц нарын духан дээр” тамга дарахтай ( Илчлэл 7:3) холбон, энэ нь “толгой дээр нь адислал тамгалах буюу мөнхөд үргэлжлэх гэрээг илэрхийлдэг” болохыг заасан (History, 1838–1856 [Manuscript History of the Church], volume E-1, 1690, josephsmithpapers.org-д).
Би дээлээ “Хурганы цусаар угааж цагаан” болгох үйл явцаа хэрхэн эхлүүлэх вэ? ( Илчлэл 7:14)
Далын ахлагч Линн А.Микэлсэн ийн заасан.
Бидний үүрэг бол наманчлалын ажлыг хийх явдал юм. Бид ариусгалыг эхлүүлэхийн тулд гэм нүглээсээ ангижрах ёстой. Их Эзэн бидний дээлийг Өөрийн цусаар ариусгах болно хэмээн амласан [ Илчлэл 7:14 -ийг үзнэ үү]. Тэр бидний бүх гэм нүглийн төлөө Өөрийн амийг золиосолж, зовж шаналсан. Тэр бидний хувийн уналтаас биднийг гэтэлгэж чадна. Аврагч Цагаатгалаараа дамжуулан бидний гэм нүглийн төлөөсийг төлж, биднийг галан баптисмаар ариусгах эрхийг Ариун Сүнсэнд олгосон.
(Lynn A. Mickelsen, “The Atonement, Repentance, and Dirty Linen,” Ensign or Liahona, Nov. 2003, 12)
Би эцсийн өдрүүдэд Аврагчийн гэгээнтнүүддээ өгөх хүч чадал, хамгаалалтыг хэрхэн авч чадах вэ?
1 Нифай 14:12–17 -д Нифай эцсийн өдрүүдийн ёсон бус явдал, сүйрлийг мөн “ялгуусан алдар суунд зөв шударга байдал хийгээд Бурханы хүчээр зэвсэглэсэн” ( 14-р шүлэг) гэгээнтнүүдийг харсан. Бид өөрсдийгөө тэдгээр адислалаар хэрхэн зэвсэглэж болохыг Тэргүүн зөвлөлийн ерөнхийлөгч Хэнри Б.Айринг ийн тайлбарлажээ.
Бид өөрсдийгөө зөв шударга байдал хийгээд хүчээр хэрхэн зэвсэглэх вэ? Бид Хүндэтгэлийн өдрийг сахиж, санваарыг хүндэтгэн дээдэлдэг. Бид ариун нандин гэрээнүүдийг байгуулан, сахиж, гэр бүлийн түүх дээрээ ажиллаж, ариун сүмд ордог. Бид зогсолтгүй наманчилж, Их Эзэнээс “нүглүүддээ өршөөлийг хүлээж авч болохын тулд Христийн цагаатгагч цусыг нөлөөлүүлээч” ( Мозая 4:2) хэмээн гуйдаг. Бид залбирч, үйлчлэн, гэрчилж, Есүс Христэд итгэх итгэлээр үйлддэг.
(Хэнри Б.Айринг, “Зөв шударга байдлаар зэвсэглэх нь,” Тэргүүн зөвлөлийн захиас бичиг, 2017 оны 3-р сар, 1)