1 Иохан 2–4; 2 Иохан
Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрт хайраа харуулах
Хүн хайрыг мэдэрч эсвэл өөр хэн нэгнийг хайрладаг болохоороо үйлдэл нь ихэвчлэн өөрчлөгддөг. Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрыг гэх бидний хайр Тэдний зарлигуудыг сахих сэдлийг бидэнд төрүүлдэг хэмээн Иохан заасан. Энэ хичээл нь зарлигуудыг сахих замаар Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрт хайраа хэрхэн харуулж болох талаар ойлгоход танд туслах зорилготой.
Боломжит суралцах үйл ажиллагаа
Бурханы хайраар дүүрэн хамгаалалтууд
Далын ахлагч Вон Г.Кийч (1960–2018) Австралийн далайн эрэг дээр байхдаа амьдралд цор ганц тохиох аялалд гаран тэнд очсон серферүүдтэй тааралджээ. Тэд том давалгаанд серфинг хийхэд нь саад болж байсан усанд тавьсан хүнд торон хаалтуудын талаар гомдоллож байв.
Юу болсныг олж мэдэхийн тулд “Бурханы зарлигуудыг сахидаг хүмүүс адислагдаж, аз жаргалтай байдаг” (5:41) видеог цагийн код 0:00-оос 2:34 хүртэл үзнэ үү. Энэ видео ChurchofJesusChrist.org дээр байгаа. Эсвэл дараах түүхийг уншина уу.
Америк серферүүд улам их гомдоллож эхлэх үед, ойрхон байсан, нутгийн, ахимаг насны нэг серфер анхаарлыг минь татав. Тэр тавигдсан хаалтын талаар гомдоллосон яриа нэмэгдэхийг сонсох тусам тэвчээр нь алдагдаж буй мэт харагдаж байв.
Эцэст нь тэрээр босоод, уг бүлэг хүн рүү дөхөн ирсэн юм. Тэр юу ч хэлэлгүй, үүргэвчнээсээ дуран гаргаж ирээд, серферүүдийн нэгэнд өгөн, далайд тавигдсан хаалтын зүг заав. Серфер бүр дурангаар ээлжлэн харлаа. Тэгээд миний ээлж ирж, би томруулах дурангийн тусламжтайгаар, өмнө нь харж чадахгүй байсан нэгэн зүйлийг харсан юм. Хаалтын нөгөө талд, усан доторх хадны ойролцоо хооллож буй аварга загаснуудын нурууны сэрвээг олж харав.
Тэд тэр даруй таг чимээгүй болов. Уг настай серфер дурангаа буцааж аваад, биднээс холдон одохдоо хэлсэн үгийг нь би хэзээ ч мартахгүй. Тэр “Хаалт хориг тавьсанд битгий шүүмжлэлтэй ханд. Энэ нь та нарыг аварга загасанд идүүлэхээс хамгаалж байгаа цорын ганц зүйл нь юм шүү” гэж хэлж билээ.
Бид тэр үзэсгэлэнт далайн эрэг дээр зогсох үед бидний бодол гэнэт өөрчлөгдсөн байв. Том давлагаанууд дээр гулгах баяр хөөр, таашаалыг үгүй болгосон уг хориг нь хязгаарлалт, саад мэт санагдаж байсан бол одоо огт өөр санагдаж байв. Усны мандлын доохно нүүрлэсэн аюулыг ойлгосон болохоор уг хориг одоо аюулгүй байдал, хамгаалалт, амар амгаланг өгч байгаа мэт санагдаж байлаа.
(Вон Г.Кийч, “Бурханы зарлигуудыг сахидаг хүмүүс адислагдаж, аз жаргалтай байдаг,” 2015 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 110–111)
-
Бурханы зарлигуудыг сахих тал дээр хүмүүс ямар ямар хандлагатай байж болох вэ?
Судлах тэмдэглэлдээ дараах асуултуудад хариулж бичих талаар бодож үз.
-
Би Бурханы зарлигуудын талаар ямар үзэл бодолтой байдаг вэ? Би яагаад тэдгээрийг сахидаг эсвэл сахидаггүй вэ?
Бурханы зарлигуудыг сахих
Бурханы зарлигуудыг сахих эсэхэд нөлөөлдөг өөрсдийн гэсэн учир шалтгаан бидэнд байдаг. Дараах шүлгүүдийг уншаад, тэдгээрийг сахих сэдлийг юу бидэнд төрүүлж болох талаар төлөөлөгч Иохан юу гэж заасныг олж мэд. Иохан хуурамч сургаалтай нүүр тулсан итгэгчдэд зориулж захиагаа бичсэнийг санах нь тустай байж болох юм.
(Мөн Иохан 14:15, 23–24 дээрх Аврагчийн сургаалуудыг унших нь мөн тустай байж болно.)
-
Та ямар ямар үнэнийг олсон бэ?
-
Эдгээр үнэнийг мэдэх нь хэн нэгний зарлигуудыг сахих хүслийг хэрхэн нэмэгдүүлж болох вэ?
Иохан эдгээр шүлэгт янз бүрийн үнэнийг заасан. Та бид Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрын талаар хэдий чинээ сайн мэдэж, хайрлана Тэдний зарлигуудыг сахих хүсэл маань төдий чинээ их байх болно гэсэн үнэнийг тодорхойлсон байж болох юм ( 1 Иохан 1:5–7 ; 2:3–6 ; 2 Иохан 1:6–9 -ийг үзнэ үү).
-
Яагаад зарлигуудыг сахих нь Есүс Христ, Тэнгэрлэг Эцэг хоёрт хайраа харуулах арга зам бэ?
-
Та Есүс Христ, Тэнгэрлэг Эцэг хоёрын зарлигуудыг сахих сэдлийг төрүүлдэг юуг Тэдний талаар мэдэх вэ? Үүнийг мэдэх нь яагаад танд зарлигуудыг сахих сэдлийг төрүүлдэг вэ?
-
Та Тэдний зарлигуудыг сахиснаар Тэдний талаар юуг олж мэдсэн бэ?
Та Тэнгэрлэг Эцэгт хайраа хэрхэн харуулах вэ?
Энэ зургийг хараад, Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрын талаар мэддэг зүйлээ мөн Тэд таны талаар юу гэж боддог талаар бодож үз. Та мөн Тэдний талаарх бодол санаагаа бодож болох юм.
Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёр бидэнтэй биеэрээ хамт байхгүй тул Тэдэнд хайраа харуулах амаргүй мэт санагдаж болох ч бид Тэдний зарлигуудыг сахих замаар хайраа харуулах боломжтой. Цаг гарган энэ хичээлийг авснаар та юуг санахыг эсвэл юуг хийхийг хүсэж байгаагаа тунгаан бод. Та үүнийг дараах арга замаар хийж болох юм. Үүнд:
-
Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрыг таньж мэдэн, хайрлахыг хүсэж байгаа нэг арга замаа бич.
-
Яг одоо сахиж байгаа зарлигуудаа мөн яагаад тэдгээрийг сахиж байгаагаа бод. Та Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрыг хайрладаг учраас ийм сэдэл төрж байна уу аль эсвэл энэ тал дээр ажиллах хэрэгтэй байна уу гэдгээ бодож үз.
-
Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрт хайраа харуулахын тулд илүү бүрэн дүүрэн сахих боломжтой нэг эсвэл хэдэн зарлигийг тодорхойл. Эдгээр зарлигийг хэрхэн илүү бүрэн дүүрэн сахих төлөвлөгөө гарга.
Тайлбар ба нөхцөл байдлын талаарх мэдээлэл
Зарлигууд нь хэрхэн бидний Бурханыг гэсэн хайрын илрэл вэ?
Ерөнхийлөгч Томас С.Монсон (1927–2018) ийн хэлсэн.
Бурханы зарлигууд нь биднийг хааж боох эсвэл бидний аз жаргалд саад болохын тулд өгөгдөөгүй. Харин ч үүний эсрэг зорилгоор өгөгдсөн. Биднийг бүтээж, төгс хайрладаг Бурхан бидний хамгийн эрхэм аз жаргалыг олж авахын тулд хэрхэн амьдрах хэрэгтэйг сайн мэднэ. Тэр бидэнд заавар өгсөн бөгөөд хэрэв бид түүнийг дагаж чадвал ихэнхдээ аюултай байдаг энэхүү мөнх бус аяллын турш хамгаалагдах болно. …
… Бид зарлигуудыг сахивал амьдрал маань илүү аз жаргалтай, утга учиртай, ээдрээ багатай болно гэдгийг Тэр мэддэг. Бидний бэрхшээл, асуудлуудаа давж гарахад илүү амар болж, бид Түүний амласан адислалыг хүлээн авах болно.
(Томас С.Монсон “Зарлигуудыг сахь,” 2015 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 69)
Зарлигуудыг сахих нь хэрхэн миний Бурханыг гэх хайрыг харуулдаг вэ?
Далын ахлагч Вон Г.Кийч (1960–2018) ийн хэлсэн.
Бид Бурханы бидэнд зориулан тавьсан замыг өдөр бүр дагаж, Түүний бидэнд өгсөн зарлигуудыг хамгийн сайнаараа сахиснаар Түүнийг хайрлах хайр, Түүнд итгэх итгэлээ харуулдаг. Ялангуяа бид Бурханы зарлигуудыг яагаад дагах ёстойгоо ойлгоогүй эсвэл биднээр хийлгэхийг хүссэн тодорхой нэг зүйлийг нь бүрэн ухаараагүй үедээ итгэл ба хайраа илүү үзүүлдэг.
(Вон Г.Кийч, “Бурханы зарлигуудыг сахидаг хүмүүс адислагдаж, аз жаргалтай байдаг,” 2015 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 111)
Би Бурханыг гэх хайраа хэрхэн өсгөн нэмэгдүүлж чадах вэ?
Тэргүүн Зөвлөлийн ерөнхийлөгч асан Дийтр Ф.Угдорф ийн тайлбарласан.
Бид бодол санаа, үйл хэргээ Бурханы үгтэй нийцүүлснээр Тэнгэрлэг Эцэгийг хайрлах хайрыг өсгөн нэмэгдүүлж, хайраа харуулдаг. Түүний цэвэр ариун хайр биднийг илүү цэвэр ариун болоход чиглүүлж, урамшуулан дэмжиж байдаг билээ. Энэхүү хайр үүрэг хүлээхээс айж эмээх бус харин зөв шударгаар амьдрах, Түүнтэй илүү адилхан болох бидний чинхүү хүсэлд сүнслэгээр нөлөөлдөг.
(Дийтр Ф.Угдорф, “Бурханы хайр,” 2009 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 24)