Семинар
Иаков 1


Иаков 1

”Бурханаас гуй”

A young woman prays by her bedside.

Танд хариулт авч чадаагүй асуулт байвал эсвэл чухал шийдвэр гаргахад Бурханы мэргэн ухаан хэрэгтэй бол Түүнээс тусламж хүсэж болно гэж бодогддог уу? Иаков та нарын хэн нэг нь мэргэн ухаанаар дутвал “бүх хүнд өгөөмрөөр, буруушаалгүй өгөгч Бурханаас гуйг. Тэгээд түүнд өгөгдөх болно” (Иаков 1:5) гэж тунхагласан. Энэ хичээл нь Тэнгэрлэг Эцэг таны залбирлын хариуд мэргэн ухаан өгөх болно хэмээх гэрчлэлийг тань бэхжүүлэх зорилготой.

Судруудыг болон бошиглогчдын үгийг итгэл үнэмшил, зорилготой заах. “Та нарын хамгийн гол сонирхол, амин чухал цорын ганц үүрэг бол Их Эзэн Есүс Христийн сайн мэдээг хожмын энэ үед илчлэгдсэн байдлаар нь заах явдал юм. Та нар энэхүү сайн мэдээг Сүмийн жишиг бүтээлүүдээс мөн хожмын энэ өдрүүдэд Түүний хүүхдүүдийг удирдахаар Бурханаар дуудагдсан хүмүүсийн үгсээс ашиглан заана” (J. Reuben Clark Jr., The Charted Course of the Church in Education, rev. ed. [1994; address to Church Educational System religious educators, Aug. 8, 1938], 10, ChurchofJesusChrist.org).

Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг Иаков 1:5–6 -г уншаад, амьдралынхаа аль хэсэгт Бурханаас удирдамж, мэргэн ухаан авах хэрэгтэй байгаагаа бодоход урь.

Боломжит суралцах үйл ажиллагаа

Чухал хариулт

Дараах сонголт, асуултуудыг үзүүлэхийг бод. Цааш үргэлжлүүлэхийн өмнө хариултуудаа тунгаан бодох цагийг суралцагчдад гаргаж өг.

Дараах асуултуудыг нэг бүрчлэн хараад, асуулт тус бүр дээр дараах зүйлсийг тунгаан бод. (1) Би Бурханаас хариулт хүлээн авч байсан уу? (2) Би хараахан хүлээн аваагүй байгаа хариултаа Бурханаас авахыг эрэлхийлж байгаа юу? (3) Би хариултаа авахыг эрэлхийлэх сонирхолгүй байна уу?

  • Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм үнэн Сүм мөн үү?

  • Есүс Христ үнэхээр миний Аврагч уу?

  • Би Есүс Христийн илүү сайн дагагч байхын тулд юунд төвлөрөх ёстой вэ?

Өөрсдөд нь болон эргэн тойрных нь хүмүүст байгаа, хариулт авахыг эрэлхийлж байж болох зарим чухал асуултаа хуваалцахыг суралцагчдаас хүсэж болно.

Та Иаков 1 дэх төлөөлөгч Иаковын үгийг судлахдаа, амьдралынхаа чухал асуултуудад хариулт олоход тань туслах зарчмуудыг олж мэд.

Иаковын талаарх зарим мэдээллээс гадна түүний захидлын хам сэдвийг хуваалц. Дараах мэдээллүүдийн зарим нь тустай байж болох юм. Эсвэл суралцагчдыг Иаковын болон түүний захидлын талаар мэддэг зүйлээ хуваалцахад урьж болно.

Иаковын талаарх дараах мэдээллийг унш. Амьдралынхаа туршид тэр ямар асуултуудад хариулт авахыг эрэлхийлсэн байж болохыг бодоорой.

  1. Тэр Есүс Христийн эх эсвэл эцэг нэгтэй ах байсан байх магадлалтай (Судруудын удирдамж дахь “ Иаков, Их Эзэний ах ”-ыг ChurchofJesusChrist.org-оос үзнэ үү).

  2. Их Эзэний эх эсвэл эцэг нэгтэй өөр бусад ах дүүгийнх нь нэгэн адил тэр эхэндээ Есүс бол Христ байсан гэдэгт итгээгүй байж болох юм ( Иаков 7:3–5 -ыг үзнэ үү).

  3. Хожим нь Иаков төлөөлөгч болсон бөгөөд эртний Христийн шашны түүхчдийн бичсэнээр, Иерусалим дахь Сүмийн анхны бишоп байжээ ( Үйлс 12:16–17 ; 21:17–18 ; Галат 1:18–19 ; 2:9 -ийг үзнэ үү).

Иаков 1:1 -ийг уншаад, Иаков хэнд захиа бичсэнийг тодорхойл.

Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Брүс Р.Макконки (1915–1985) “Иаков … хараахан цуглараагүй, хараахан сайн мэдээ хүлээн аваагүй, Христийн сүрэгт хараахан ирээгүй байсан хүмүүст зориулж бичсэн” хэмээн тайлбарласан (Doctrinal New Testament Commentary [1973], 3:243).

  • Сайн мэдээг хараахан хүлээн аваагүй байгаа хүмүүст ямар ямар асуулт байж болох вэ?

Иаков 1:5–6 -г уншаад, бидэнд чухал асуулт гарч ирэхэд мөн сайн мэдээний үнэнийг эрэлхийлж буй хүмүүст туслах Иаковын заасан үнэнүүдийг олж мэд. (Буруушаах гэдэг нь алдааг олох эсвэл загнах гэсэн утгатай гэдгийг мэдэх нь тустай байж болох юм.)

  • Та юу олж мэдсэн бэ?

Суралцагчдын хариултыг анхааралтай сонс. Олж мэдсэн зүйл нь яагаад чухал мөн энэ талаар юу гэж бодож байгааг суралцагчдаас асуух нь тустай байж болно. Хэрэв тэд доорх зарчимтай ижил төстэй ямар нэг зүйл хуваалцаагүй бол дараах асуултыг тавь.

  • Та судрын энэ хэсгээс Тэнгэрлэг Эцэгийн талаар юу олж мэдсэн бэ?

Суралцагчдын хариултуудыг самбарт бичиж болно.

Судрын энэ хэсгээс Хэрэв бид Бурханаас итгэлээр гуйвал Тэрээр биднийг мэргэн ухаанаар адислах болно гэх үнэнийг мэдэж авч болно.

  • “Ямар ч эргэлзээгүйгээр итгэлээрээ гуй” гэдэг нь юу гэсэн утгатай гэж та бодож байна вэ? ( Иаков 1:6).

  • Яагаад Тэнгэрлэг Эцэг Өөрт нь хандан хариултаа аваасай хэмээн хүсдэг гэж та бодож байна вэ?

Үргэлжлүүлэн суралцахдаа, Бурханаас мэргэн ухаан эсвэл асуултынхаа хариултыг авахыг эрэлхийлж байсан туршлага, бодол, мэдрэмжийнхээ талаар бод.

Хичээлийн дараагийн хэсгийг эхлүүлэхийн өмнө удахгүй заах “Төгс эзэмших сургаал: Иаков 1:5–6” хичээлээр суралцагчдыг Иосеф Смит—Түүх 1:8–17 -г судлахад урина гэдгийг мэдэх нь тус болж болох юм.

Иосеф Смитийн жишээ

Joseph Smith, Jr. depicted kneeling in the Sacred Grove during the First Vision. A ray of light can be seen coming from the sky down through the trees toward Joseph.

Хэрэв бид Бурханаас итгэлээр гуйвал Тэрээр биднийг мэргэн ухаанаар адисална гэсэн зарчмын жишээг тунгаан бодох нь тустай байж болно. Бурханаас мэргэн ухаан эрэлхийлэх нь Иосеф Смитэд гүн гүнзгий нөлөөлсөн.

 

62:4
  • Иосеф Смитийн туршлагаас юу нь танд онцгой санагдсан бэ?

  • Анхны үзэгдлээр ирсэн Бурханы хариулт Иосефын амьдралд хэрхэн нөлөөлсөн бэ? Энэ нь дэлхийд хэрхэн нөлөөлсөн бэ? Энэ нь танд хэрхэн нөлөөлсөн бэ?

Таны туршлага

Дараахыг судлах тэмдэглэлдээ хийж гүйцэтгэх цагийг суралцагчдад гаргаж өг.

Бурханаас мэргэн ухаан эрэлхийлэх явцад төрсөн бодол, мэдрэмж, туршлагуудаа бич. Доорх санаануудын заримыг багтаахыг бод.

  • Таны асуултад хариулахад бэлэн байдаг Бурханы талаарх таны мэдрэмж болон бодол ( Иаков 1:5–6 -г үзнэ үү)

  • Бурханаас мэргэн ухаан гуйсан Иосеф Смитийн туршлагын талаарх таны мэдрэмж болон бодол

  • Бурханаас мэргэн ухаан эрэлхийлж байсан буюу эрэлхийлж байгаа мөн хариултаа хүлээн авч байгаатай холбоотой таны туршлага (Эдгээр туршлагад хичээлийн эхэнд байгаа асуултуудад хариулт авахыг эрэлхийлэх багтаж болно)

  • Одоо эсвэл ирээдүйд Бурханаас мэргэн ухаан эрэлхийлэхийг хүсэж буй арга зам

  • Энэ хичээлийн үеэр Ариун Сүнснээс хүлээн авсан танд тус болж болох ойлголт

Хэдэн суралцагчийг бодол санаагаа хуваалцахыг урина уу. Нээлттэй байхыг хичээж, тэдний хуваалцахыг хүсэж буй зүйлсийг сонс. Хариулсанд нь таларх. Дараахын заримыг нь дагалдах асуулт маягаар ашиглаж болох юм.

  • Эдгээр бодол, мэдрэмж эсвэл туршлага таны амьдралд ямар өөрчлөлтийг авчирсан бэ?

  • Үүнтэй ижил төстэй туршлагаа хуваалцах өөр хүн ангид байна уу?

Хэрэв суралцагчдад Бурханаас мэргэн ухаан эрэлхийлэх талаар асуух зүйл байвал тэд сүнслэг мэдлэг олж авах зарчмууд хэрхэн мэргэн ухаан эрэлхийлэхэд туслах талаар авч үзэх “Төгс эзэмших сургаал: Иаков 1:5–6” гэх хичээлээр тэдгээр асуултаа санаж болох юм.

 

Залбирч, Бурханаас мэргэн ухаан, хариулт авахыг хүсэхтэй холбоотой дадал хэвшлийнхээ талаар бод. Та хэзээ хамгийн сүүлд Тэнгэрлэг Эцэгээс мэргэн ухаан эсвэл асуултынхаа хариултыг авахыг хүссэн бэ? Та илүү чин сэтгэлээсээ, тогтмол гуйж эхлэхийн тулд өнөөдөр юу хийж чадах вэ? Өнөөдөр суралцсан зүйлс дээр тань үндэслэн Тэнгэрлэг Эцэг танаас юуг хийхийг хүсэж байна гэж бодож байгаагаа тэмдэглэлдээ бич.

Дараагийн хичээлээр (“Суралцахуйгаа үнэлэх нь 11”) суралцагчдад Иаков 1 -ийн талаарх энэхүү хичээлийн ачаар хийхээр шийдсэн зүйлсээ эргэцүүлэн бодох боломж олдоно гэдгийг мэдэх нь тустай байж болох юм.

Суралцагч бүрийг гэсэн Бурханы хайрыг мөн хүн нэг бүрийг мэргэн ухаанаар адислах Түүний хүслийг гэрчил. Түүнээс мэргэн ухаан эрэлхийлснээр тэдний амьдрал адислагдах болно гэдгийг гэрчил.

Тайлбар ба нөхцөл байдлын талаарх мэдээлэл

Яагаад Бурханаас мэргэн ухаан хүлээн авч, өөрийн гэсэн гэрчлэлтэй болох нь чухал вэ?

 

4:57

Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон ийн заасан.

Official portrait of President Russell M. Nelson taken January 2018

Бурхан тантай ярихыг үнэхээр хүсдэг үү? Тийм ээ! …

Та юу үнэн болох талаар эргэлзэх шаардлагагүй [Моронай 10:5-ыг үзнэ үү]. Та хэнд баталгаатай найдаж болох вэ гэдэгт эргэлзэх шаардлагагүй. Та хувийн илчлэлтээр дамжуулан Мормоны Ном бол Бурханы үг, Иосеф Смит бол бошиглогч, энэ бол Их Эзэний Сүм юм гэсэн өөрийн гэрчлэлийг хүлээн авч чадна. Бусад хүний юу хэлэх, хийхээс үл хамааран таны оюунд мөн зүрх сэтгэлд хүргэгдсэн юу үнэн болох талаарх гэрчлэлийг хэн ч авч чадахгүй. …

Бид Есүс Христийн дагалдагчид. Ариун Сүнсний танд байнга гэрчлэх хамгийн чухал үнэн бол Есүс бол Христ, амьд Бурханы Хүү гэсэн үнэн юм. Тэр амьд!

(Рассэлл М.Нэлсон, “Сүмд болон бидний амьдралд зориулсан илчлэлт,” Ensign, May 2018, 95–96 эсвэл 2018 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 119)

Иаков 1:6 . “Итгэлээрээ гуйх” гэдэг нь ямар утгатай вэ?

Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Дэвид А.Бэднар Иаков 1:5–6 -аас эш татаад, ийн тайлбарлажээ.

Elder David A. Bednar, Quorum of the Twelve Apostles official portrait. 2020.

Итгэлээрээ гуйх гэдэг нь миний ойлголтоор бол зөвхөн асуух биш үйлдэл болгох хэрэгцээг, гуйх мөн гүйцэтгэх давхар үүрэг хариуцлагыг, ярих мөн үйлдэх шаардлагыг хэлдэг болохыг анхаар. …

Иосефын асуултууд дан ганц түүний мэдэх хэрэгтэй зүйлс дээр бус, бас юу хийх ёстой вэ гэдэг дээр төвлөрсөн байв. Тэрээр зүгээр л “Аль сүм нь зөв бэ?” гээгүй харин “Аль сүмд би нэгдэх ёстой вэ?” гэж асуусан байлаа. Иосеф төгөл руу итгэлээр асуухаар очсон бөгөөд бас итгэлээр үйлдэх шийдвэр төгс байв.

Жинхэнэ итгэл Есүс Христэд төвлөрч, Түүн рүү чиглэсэн байдаг бөгөөд үргэлж зөв шударга үйлдэл рүү хөтөлдөг. … Бид “амен” гэж хэлснийхээ дараа, Тэнгэрлэг Эцэгт илэрхийлсэн зүйлсийнхээ дагуу үйлдсэнээр залбирлаар хүссэн зүйлээ ажил хэрэг болгохын төлөө шамдан, тууштай шаргуу ажилладаг билээ.

Итгэлээр гуйхад шударга байдал, хүчин чармайлт, үүрэг амлалт, шаргуу зан чанар шаардагддаг.

(David A. Bednar, “Ask in Faith,” Ensign or Liahona, May 2008, 94–95)

Нэмэлт суралцах үйл ажиллагаа

Эцэг эхийн гэрчлэл

Залбирлын талаарх суралцагчдын гэрчлэлийг бэхжүүлэхийн тулд тэдний зарим эцэг эхээс эсвэл Сүмийн удирдагчдаас хичээлээс нэг, хоёр хоногийн өмнө залбирлынхаа хариултад Бурханаас мэргэн ухаан хүлээн авч байсан түүхээ жагсаан бичихийг хүсэж болно. Түүх бүрийг ангийнхандаа уншиж өгнө үү. Тухайн түүх эцэг эх, Сүмийн удирдагчийнх нь түүх бол зарим тохиолдолд суралцагчдад хуулбарыг өгөх нь тустай байж болох юм.

Бурханаас мэргэн ухаан эрэлхийлэх тухай бошиглогчдын мэдэгдэл

Хэрэв суралцагчид Бурханаас мэргэн ухаан эрэлхийлэх талаар судлах хэрэгтэй гэж үзвэл, тэднийг ашиглах боломжтой эх сурвалжуудаас цаг гарган хайхад урь. Тэд Судруудын удирдамж, Topical Guide, Bible Dictionary эсвэл Gospel Library аппликэйшн дээрх “Залбирал,” “Илчлэл” эсвэл “Гэрчлэл” зэрэг нэр томьёонуудыг хайж болно. Суралцах үйл явцынхаа хүрээнд тэд дараах төгс эзэмших сургаалын хэсгүүдийг сонгож болно. Үүнд: Сургаалт үгс 3:5–6 ; 2 Тимот 3:15–17 ; 2 Нифай 28:30 ; Мозая 4:9 ; Моронай 10:4–5 ; Сургаал ба Гэрээ 1:37–38 ; 8:2–3 .

Уруу таталтыг эсэргүүцэх

Дараах санаа нь дараа дараагийн хичээлд хэрэг болж болох юм.

Суралцагчдыг өсвөр насныханд түгээмэл тулгардаг уруу таталтуудыг самбарт жагсаан бичихэд уриьж болно.

Суралцагчдыг Иаков 1:12–16 -г уншаад, уруу таталтын талаар Иаковын заасан үнэнүүдийг олж мэдэхэд урь. Иаков 1:12 -ын Иосеф Смитийн орчуулгад “сорилтыг хүлцдэг” гэдгийг “сорилтыг тэсвэрлэдэг” (Иаков 1:12, зүүлт тайлбар b-г үзнэ үү) гэж өөрчилсөн байдгийг хэлэх нь тустай байж болно.

Дараахтай адил асуултуудыг тавьж болох юм.

  • Бурхан хэзээ ч уруу таталтын эх үүсвэр байдаггүйг мэдэх нь яагаад чухал вэ?

  • Уруу таталтыг сөрөн зогсоход танд юу тус болж байсан бэ?

  • Бид хэрхэн уруу таталтыг даван гарахдаа Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрт хандан тусламж авч болох вэ?