Иаков 2
“Итгэл нь хэрэв үйлсгүй бол өөрөө үхмэл юм”
Есүс Христэд итгэдэг гэж хэлдэг, Түүнд итгэх итгэлээ хэрэгжүүлдэг хоёр хүний хооронд ямар ялгаа байж болох вэ? Иаков Есүс Христэд итгэх жинхэнэ итгэл нь зөвхөн тухайн хүний боддог эсвэл хэлдэг зүйлээр бус харин хийж буй зүйлээс нь харагдахын чухал ялгааг өгсөн юм. Энэ хичээл танд зөв шударга үйлдлээр дамжуулан Есүс Христэд итгэх итгэлээ хэрхэн илүү бүрэн дүүрэн хэрэгжүүлэхээ шалгаж үзэх боломжийг олгоно.
Боломжит суралцах үйл ажиллагаа
Адислал хүлээн авах нь гал асаахтай адил
Та Тэнгэрлэг Эцэгээс адислал авахыг эрэлхийлж байна уу аль эсвэл залбирлынхаа хариултыг авахыг эрэлхийлж байна уу? Адислал авахыг эрэлхийлэх үйл явцыг гэрэл болон дулаан гаргаж авахын тулд гал асаахтай харьцуулах нь тустай байж болох юм.
-
Та гал гаргахын тулд ямар алхмууд хийх вэ?
-
Чүдэнз асаах нь хэр чухал вэ?
Адислал хүлээн авах нь гал асаахтай юугаараа адил болохыг олж мэдэхийн тулд Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Дэйл Г.Рэнландын дараах мэдэгдлийг уншина уу. Та ChurchofJesusChrist.org дээр байгаа “Ерөөл олшрох нь” видеог цагийн код 1:02-аас 3:27 хүртэл үзэж болно.
Тэнгэрийн адислалуудыг их хэмжээний овоолж хураасан модтой зүйрлэцгээе. … Энэ овоолсон мод нэлээн их түлш бөгөөд хэдэн өдрийн турш гэрэл, дулаанаар хангаж чадна. …
Овоолсон модноос илч дулаан гаргахын тулд чүдэнз зурж, гал асаах хэрэгтэй. Зомголд гал хурдан авалцаж, том хэмжээний моднуудыг шатахад хүргэдэг. …
Чүдэнз зурах, зомголд гал асаах зэрэг нь модноос гарч болох энерги, илчийг ялгаруулах боломжтой болгох жижиг үйлдлүүд юм. Хэчнээн их мод овоолсон ч чүдэнз зурахаас нааш яах ч үгүй. …
Үүний адил, Бурханы бидэнд өгөхийг хүсдэг ихэнх адислал Есүс Христэд итгэх итгэл дээрээ суурилан үйлдэхийг биднээс шаарддаг. … Гэсэн ч шаардлагатай үйлдэл нь эцсийн дүнд бидний хүлээн авах адислалуудтай харьцуулахад ямагт өчүүхэн байдаг.
(Дэйл Г.Рэнланд, “Ерөөл олшрох нь,” 2019 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 82)
-
Та ахлагч Рэнландын зүйрлэлээс ямар ямар ойлголтыг олж авах вэ?
-
“Есүс Христэд итгэх итгэл дээрээ суурилан үйлдэх” гэдгийг юу гэсэн утгатай гэж та бодож байна вэ?
Дараах асуултуудыг тунгаан бод.
-
Та ямар арга замуудаар Есүс Христэд итгэдэг вэ? Энэ итгэлийнхээ ачаар та ямар ямар үйлдэл хийх вэ?
-
Та Есүс Христэд итгэх итгэлээ хэрэгжүүлснээр ямар хариулт болон адислалуудыг Бурханаас хүлээн авсан бэ? Өөр ямар ямар арга замаар Их Эзэн таныг итгэлээр үйлдээсэй гэж хүсэж байна гэж та бодож байна вэ? Яагаад?
Суралцах явцдаа та эдгээр асуултын хариултыг эрэлхийлэхдээ, удирдамж заавар өгөхийг Тэнгэрлэг Эцэгээс залбиран гуй.
Есүс Христэд итгэх итгэл
Иаков Есүс Христэд итгэх итгэлээр үйлдэхийн ач холбогдлыг бидэнд өөр нэгэн зүйрлэл ашиглан заасан.
Иаков 2:14–16 -г уншаад, хэрэв энэ нөхцөл байдлыг өөрийн нүдээр харсан бол танд ямар бодол орж ирэх байсныг төсөөлөхийг хичээ. ( 15-р шүлэг дэх “нүцгэн” гэдэг үг нь хувцас муутай гэсэн утгатай.)
-
Та Иаковын зүйрлэлээс юу сурч мэдэж болох вэ?
Иаков 2:17–18, 26 -г уншаад (мөн Иаков 1:22 -ыг үзнэ үү), энэ зүйрлэлээр дамжуулан Иаковын дүрсэлсэн үнэнийг хайж ол.
-
Та Иаковын заасан зүйлийг хэрхэн нэгтгэн дүгнэх вэ?
Иаковын заасан үнэнийг Есүс Христэд итгэх жинхэнэ итгэл нь зөв шударга үйлдлийг шаарддаг гэж илэрхийлж болох юм.
-
Яагаад Есүс Христ биднийг итгэлээ үйлдэл болгоосой хэмээн хүсдэг гэж та бодож байна вэ?
-
Аврагч Есүс Христийг болон Түүний сайн сайхныг санаж байх нь хэрхэн итгэлээр үйлдэх сэдлийг бидэнд төрүүлэх вэ?
Итгэлээр үйлдэхийн жишээ
Есүс Христэд итгэх итгэлээрээ үйлддэг хүмүүсийн жишээг бодох нь сүнслэгээр өдөөж болох юм. Иаков 2:21–25 -ыг уншаад, Хуучин Гэрээнээс итгэлээр үйлдсэн хүмүүсийн жишээг тодорхойл.
-
Амьдрал эсвэл судар дээрх ямар хүн Есүс Христэд итгэх итгэлээ үйлдлээрээ харуулсан гэж та бодож байна вэ? Та энэ жишээнээс юуг ойлгож авсан бэ?
-
Аль талаараа Есүс Христ зөв шударга үйлсийн жишээ вэ? Бидний зөв шударга үйлдэл хэрхэн бидэнд түүнтэй адилхан болоход тусалдаг вэ?
Итгэлээр өдөөгдсөн үйлдлээр дамжуулан адислал хүртэх
Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон бидний итгэл, үйлдэлтэй холбоотой дараах урилгыг өгсөн.
Аливаа зүйлийг сайн хийж сурахад зүтгэл хэрэгтэй байдаг. Есүс Христийн үнэн дагалдагч болоход ч мөн адил юм. Түүнд итгэх итгэл, найдвараа нэмэгдүүлэхэд зүтгэл хэрэгтэй. …
…Хэрэв танд илүү их итгэл байсан бол та яах байсан бэ? Бодоод үз дээ. Энэ талаар бич. Тэгээд илүү их итгэл шаардсан зүйлийг хийснээр илүү их итгэлтэй бол.
(Рассэлл М.Нэлсон, “Христ амилсан бөгөөд Түүнд итгэх итгэлээр уулсыг нүүлгэж чадна,” 2021 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 106)
Дараах асуултуудыг тунгаан бод.
-
Хэрэв танд илүү их итгэл байсан бол та юу хийх байсан бэ?
-
Төрсөн сэтгэгдлийнхээ дагуу үйлдэхийн тулд та ямар ямар алхам хийж чадах вэ?
Цаг гарган төрсөн сэтгэгдлийнхээ дагуу үйлдэж эхэл. Жишээлбэл: Та юу хийх ёстой гэж бодож байгаагаасаа хамааран мессеж илгээж, залбирч, хуанлидаа сануулга тавьж эсвэл дараагийн алхмаа төлөвлөж болно.
Тайлбар ба нөхцөл байдлын талаарх мэдээлэл
Итгэл болон үйлсийн талаарх Иаковын сургаал Паулын сургаалтай зөрчилддөг байсан уу?
Иаков 2:14 дээр Иаков үйлс гэдэг үгийг төлөөлөгч Паулаас арай өөр утгаар ашигласан. Паул үйлс гэсэн нэр томьёог ашиглахдаа Мосегийн хуулийн үйлсийг хэлж байв ( Ром 3:27–31 ба Галат 2:15–16 -г үзнэ үү). Харин Иаков үйлс гэдэг үгийг итгэл үнэмшлийн үйлдэл эсвэл зөв шударга ажил үйлс гэсэн утгаар ашигласан.
Итгэл нь үйлсгүй бол үхмэл юм бол итгэлгүй үйлс нь юу вэ?
Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Дэвид А.Бэднар ийн заажээ.
Жинхэнэ итгэл Есүс Христэд төвлөрч, үргэлж зөв шударга үйлс рүү хөтөлдөг. … Үйлс нь дан ганцаараа Аврагчид итгэх итгэл биш бөгөөд харин зөв зарчмуудын дагуу үйлдэх нь итгэлийн гол бүрэлдэхүүн хэсэг юм.
(David A. Bednar, “Ask in Faith,” Ensign or Liahona, May 2008, 95)