Марк 5:24–34; Матай 9:20–22
Есүс Христийн хүчийг татах нь
Есүс Иаирын охиныг эдгээхээр явах замдаа цус алддаг өвчтэй эмэгтэйг эдгээсэн. Энэ хичээл нь Түүнд итгэх итгэлээ хөгжүүлэх замаар амьдралдаа Аврагчийн хүчийг хэрхэн татан авах тухай ойлгоход тань тусална.
Боломжит суралцах үйл ажиллагаа
Сүнслэгээр урагш тэмүүлэх
-
Таны биед ямар нэгэн өөрчлөлт мэдрэгдсэн үү?
-
Та сунгалтын дасгалыг тогтмол хийх нь биед ямар ашиг тустай гэж бодож байна вэ?
Сунгалтын дасгал хийх нь төрөл бүрийн ашиг тустай. Тамирчид сунгалт хийх үедээ илүү сайн бэлтгэгддэг бөгөөд гэмтэл авах магадлал нь буурдаг. Үүнтэй адилаар суралцагчид оюун санаагаа тэлж, ердийн суралцах зуршлаа сайжруулснаар суралцахуйгаа сайжруулдаг.
-
Сүнслэгээр урагш тэмүүлэх гэдгийг та юу гэж ойлгодог вэ?
Биеийн сунгалт үр ашигтай байдгийн адилаар биднийг Аврагчид итгэх итгэлээ хөгжүүлж, Түүний хүчийг татах явцад бидний сүнслэг байдал нэмэгддэг. Өнөөдрийн хичээлээр, та Есүс Христэд ер бусын ихээр итгэж, Аврагчид гараа сунган, Түүний эдгээх хүчийг өөртөө татан авсан нэгэн эмэгтэйн тухай судлах болно.Иаир гэдэг хүний охиныг эдгээхээр явах замд нь Есүс Христийг үй олон хүн бүчин, шахжээ ( Марк 5:22–24). Үй олон хүний дунд нэгэн өвчтэй эмэгтэй байв.
Марк 5:25–26 -г уншаад, тэрхүү эмэгтэйн нөхцөл байдлыг болон түүнд хэрэгтэй байгаа зүйлийг олж мэд.
Судруудад тухайн эмэгтэйн “цус алддаг өвчний” мөн чанарыг тодорхойлоогүй байдаг ( Марк 5:25). Энэ өвчин нь түүний амьдралыг олон аргаар сүйтгэж байсныг бид мэддэг. Тэр эдгэрэхийн тулд эмч нарт “өөрт байсан бүхнээ зарцуулсан” ( Марк 5:26). Мосегийн хуулиар цус алдах өвчтэй хүнийг цэвэр бус гэж үздэг байв ( Леви 15:19–33 -ыг үзнэ үү). Энэ нь тухайн эмэгтэй 12 жилийн турш уг өвчнөөр шаналахдаа нийгмээс ямар нэг байдлаар гадуурхагдсан байсныг харуулж байна.
-
Таны амьдралд Аврагчийн ямар тусламж хэрэгтэй санагдаж байна вэ?
Матай 5:27–29 -ийг уншаад, энэ эмэгтэй Аврагчийн тусламжийг хүлээн авахын тулд юу хийсэн болохыг олж мэд (мөн Матай 9:20–22 -ыг үзнэ үү). “Ард нь очоод” гэдэг үг нь тэр эмэгтэй Есүсийн хувцсанд хүрэхийн тулд хурсан олны дундуур зүтгэснийг харуулж байна ( Марк 5:27).
Та ChurchofJesusChrist.org дээрх “Jesus Heals a Woman of Faith (Есүс итгэлт эмэгтэйг эдгээв)” (1:38) видео бичлэгийг үзэж, судруудаа ч мөн хамт харахыг хүсэж болох юм.
-
Аврагчийн хүчийг татан авахын тулд энэ эмэгтэйн хийсэн юу танд сэтгэгдэл төрүүлсэн бэ?
-
Энэ түүхэд уг эмэгтэй Аврагчид хүрэхийн тулд гараа сунгасан гэж гардаг. Аврагчид хүрэхийн тулд та ямар аргаар өөрийгөө “сунгаж” чадах вэ?
-
Хэдийгээр та түүнд бодитоор хүрээгүй ч гэсэн Аврагчийг өөрийг тань эдгээж чадна гэдэгт итгэж байна уу? Яагаад?
Марк 5:30–34 -ийг уншаад, энэхүү эмэгтэйн итгэлээр үйлдсэнд Аврагчийн үзүүлсэн хариу үйлдлийг олж мэд. 30-р шүлэг дээрх хүч гэдэг үг “хүч чадал” эсвэл “эрч хүч” гэсэн утгатай ( Марк 5:30 , зүүлт тайлбар a).
-
Та эдгээр шүлгээс Аврагчийн тухай юуг ажигласан бэ?
Хэдийгээр Иаир охиноо эдгээхийн тулд Есүсийг гэртээ нэн даруй авчрах хэрэгтэй байсан ч Есүс түр саатаад, энэ эмэгтэйг эдгээсэн.
-
Энэ нь танд Аврагчийн тухай юу зааж байна вэ?
-
Энэ нь хэрэгцээтэй байгаа зүйлдээ тусламж авахын тулд Түүнд хандах хүсэлд тань ямар арга замаар нөлөөлж байна вэ?
Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон энэ түүхийг бидний амьдралд хамаатуулж өгсөн байдаг. Та “Drawing the Power of Jesus Christ into Our Lives (Есүс Христийн хүчийг амьдралдаа татан авах нь)” видео бичлэгийг 11:30-13:20 цагийн кодоор үзэх юм уу дараах бичвэрийг унших боломжтой. Ингэхдээ Аврагчийн хүчийг татан авах талаар ерөнхийлөгч Нэлсоны заасан зарчмуудыг олж мэд.
12 жилийн турш хүч тамираа барсан асуудлаар зовж шаналсан нэгэн эмэгтэйн тухай библийн түүхийг санаж байна уу? [ Лук 8:43–44 -ийг үзнэ үү]. Тэрээр Аврагчид туйлын их итгэж байсан бөгөөд “Хэрэв би зөвхөн Түүний хувцсанд нь хүрвэл эдгэрнэ” [ Марк 5:28 ] гэжээ.
Энэ итгэлтэй, төвлөрч чаддаг эмэгтэй Аврагчийн хүчийг хүлээн авахын тулд урагшаа аль болох сайн тэмүүлэх ёстой байлаа. Түүний бие махбодын энэ тэмүүлэл сүнслэг тэмүүллийнх нь бэлгэдэл юм. …
Усанд живж буй хүн гараа сунган, амьсгаа авах гэж тэмүүлж, хүч гаргадаг шиг та нарыг Их Эзэний хүчийг амьдралдаа хүлээн авахаар тэмүүлэх үед Есүс Христийн хүч та нарынх байх болно. Аврагч Өөр лүү нь үнэхээр тэмүүлээсэй гэж хүсэж байгааг буюу Түүний хүч чадлыг амьдралдаа татан авах нь зүрх сэтгэлийн тань хамгийн агуу хүсэл гэдгийг мэдэрсэн үед та яг юу хийх хэрэгтэйгээ Ариун Сүнсний удирдамжаар мэдэж авах болно [ Сургаал ба Гэрээ 88:63 -ыг үзнэ үү].
Та сүнслэг байдлаараа урьд урьдынхаасаа ч илүү урагш тэмүүлбэл Аврагчийн хүч чадал танд ирэх болно.
(Рассэлл М.Нэлсон, “Есүс Христийн хүчийг амьдралдаа татан авах нь,” Ensign эсвэл 2017 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 27)
-
Та ерөнхийлөгч Нэлсоны үгээс ямар зарчмуудыг тодорхойлсон бэ?
-
Эдгээр зарчим Аврагчийн хүчийг татан авахын тулд сүнслэг байдлаар урагш тэмүүлэхэд тань ямар арга замаар тусална гэж та бодож байна вэ?
-
Хэзээ та эдгээр зарчмын нэгийг амьдралдаа хэрэгжүүлсэн бэ?
-
Аврагчийн тусламжийг хүлээн авах нь таны хамгийн агуу хүсэл гэдгийг харуулахын тулд та юу хийж чадах вэ?
-
Хэрэв та Есүс Христийн хүчийг байнга татан авч байсан бол таны амьдрал хэр өөр байх байсан бэ?
-
Та Аврагчид итгэлтэйгээр хүрэх үедээ ямар ямар саад бэрхшээлийг даван туулах хэрэгтэй болох вэ?
-
Аврагчид хүрэхээр Ариун Сүнснээс зааварчилгаа олж авахын тулд та юу хийж чадах вэ?
Тайлбар ба нөхцөл байдлын талаарх мэдээлэл
Матай 9:20. Тухайн эмэгтэй Аврагчийн дээлийн хормойд гар хүрсний ач холбогдол юу байсан бэ?
“Дээлийн хормой” гэдэг нь “израилчуудын хувцасны чухал хэсэг” байсан. Хормой нь “дээл эсвэл нөмрөгийн ‘мөр’ эсвэл өнцөг бүр дээрх цацаг ( Мат. 14:36)” байжээ (Bible Dictionary, “ Hem of garment ”). Цацгууд дээр хөх уяа оруулан, тэнгэрийг бэлгэддэг байв ( Тооллого 15:38–40 -ийг үзнэ үү). Тухайн эмэгтэй мөр дагаж арагш унжсан цацагт хүрсэн байжээ. Цацагт хүрэхээр урагш сунасан тэрхүү эмэгтэйн үйлдэл Аврагчийн тэнгэрлэг хүчинд хүрэх гэснийг илтгэж байна. Бошиглогч Малахи Аврагч “эдгээх туяагаар гийгүүлэх” ( Малахи 4:2) болно хэмээн бошиглосон.
Би Аврагчийн эдгээх хүчийг хэрхэн хүлээж авах вэ?
Халамжийн нийгэмлэгийн ерөнхий ерөнхийлөгчийн зөвлөлийн ерөнхийлөгч Жийн Б.Бингам ийнхүү өгүүлжээ.
Та Христийн амьдрал, сургаалыг олон арга замаар судалснаар Түүнд итгэх итгэл тань өснө. Тэрээр таныг хувь хүний тань хувьд хайрлаж, төгс ойлгодог гэдгийг та мэдэх болно. …
Бид ямар ч зовлон амссан бай, Тэрээр эдгэрлийн эх булаг билээ. Аливаа төрлийн хүчирхийлэл, хайртай нэгнээ алдсан цочирдом мэдээ, архаг өвчин, хөгжлийн бэрхшээл, хилс хэрэг, харгис хэрцгий хавчлагыг туулж эсвэл нүгэл хилэнц, буруу ойлголтоос болж сүнслэг бэртэл авсан хэнийг ч дэлхийн Гэтэлгэгч эдгээж чадна. Гэвч Тэр урилгагүйгээр орж чадахгүй. Бид Түүн рүү ирж, гайхамшгуудаа үйлдэх боломжийг Түүнд олгох хэрэгтэй.
(Жийн Б.Бингам, “Та нарын баяр баясгалан дүүрэн болохын тулд,” Ensign эсвэл 2017 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 81)
Халамжийн нийгэмлэгийн ерөнхий ерөнхийлөгчийн зөвлөлийн 2-р зөвлөх Рэйна И.Абурто эгч ийн заасан.
Мөнх бус амьдрал дахь тохинууллынхаа үеэр Есүс Христ өвдөж, зовсон хүмүүсийг эдгээж байсан ч хүн бүр эдгэрэхийн тулд Түүнд итгэх итгэлээ хөгжүүлэн, үйлдэл хийсэн байх ёстой байсан. Эдгэрэхийн тулд зарим нь алс холоос алхан ирсэн байхад зарим нь гараа сунган хувцсанд нь хүрч, зарим нь бусдаар өргүүлэн Түүн дээр ирж байв. Эдгэрэхэд маань Тэр бидэнд юу юунаас ч илүү хэрэгтэй биш гэж үү?
(Рэйна И.Абурто, “Үүлтэйд ч, нартайд ч, Их Эзэн надтай хамт үлдээч!,” Ensign эсвэл 2019 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 64)