Матай 20:1–16
Усан үзмийн талбайд ажиллагсдын сургаалт зүйрлэл
Петр “Бид бүхнийг орхиод Таныг дагасан. Тэгээд бид юу хүртэх вэ?” (Матай 19:27) хэмээн асуусан. Аврагч энэ асуултад усан үзмийн талбайд ажиллагсдын сургаалт зүйрлэлээр хариулжээ. Энэ сургаалт зүйрлэл нь амьдралаа Түүнд зориулахыг сонгосон бүх хүн гэрээний замаар хэзээ алхаж эхэлснээс үл хамааран амлагдсан шагналыг хүлээн авахыг заадаг. Энэ хичээл нь Есүс Христийн Цагаатгалаараа дамжуулан өгдөг адислалуудыг хүлээн авах итгэл найдварыг мэдрэхэд тусална.
Боломжит суралцах үйл ажиллагаа
Дараах жишээг төсөөл.
Мэрисол ээж, эмээ, өвөө нартайгаа хамт саяхан Сүмд нэгджээ. Үүнээс хойш удалгүй өвөө нь нас барав. Өвөө нь сайн мэдээг амьдралдаа хожуу хүлээн авсан ч өөрийнхтэй нь адил адислалуудыг авах болов уу гэж Мэрисол бодох болжээ.
-
Та Мэрисолд юу гэж хэлэх вэ?
Аврагч төлөөлөгчдөдөө Өөрийг нь дагахаар сонгосон бүх хүнд санаа тавьдаг болохоо харуулсан сургаалт зүйрлэлийг заасан. Энэ хичээлийн туршид, Аврагч бидэнд юу өгөхийг хүсдэгийг илүү сайн ойлгоход туслах үнэнүүдийг хайхдаа Ариун Сүнсний өдөөлтийг эрэлхийл.
Усан үзмийн талбайд ажиллагсад
Та энэ сургаалт зүйрлэлийг судлахдаа, Шинэ Гэрээний цаг үед ажлын энгийн өдөр өглөө эрт эхлээд, орой дуусдаг буюу ойролцоогоор 12 цаг үргэлжилдэг байсныг мэдвэл зохино. Эдгээр шүлэгт орсон зоос гэдэг үг нь ажилчдад бүтэн өдрийн ажлын хөлсийг өгөхдөө голчлон ашигладаг байсан Ромын мөнгөний нэгж буюу денарыг хэлж байгаа юм.
Матай 20:1–7 -г уншаад, усан үзмийн талбайн эзэн ажилчдаа хэрхэн хөлсөлдөг байсныг олж мэд.Та ChurchofJesusChrist.org дээрх “Laborers in the Vineyard” видеоны цагийн код 00:00-1:33 хүртэл үзэж болох юм.
Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Жэффри Р. Холланд ийн тайлбарласан.
Аврагчийн амьдарч байсан цаг үед, дундаж нэг гэр бүл нэг өдрийн цалингаараа хоол хүнс авахаас өөр юу ч авч хүрдэггүй байв. Хэрвээ тэд ажиллаагүй, загас бариагүй, мал хариулаагүй эсвэл худалдаа хийж чадаагүй бол идэх хоолгүй байна гэсэн үг.
(Жэффри Р.Холланд, “Талбайд хөдөлмөрлөгсөд,” Ensign, May 2012, 31 эсвэл 2012 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 32)
-
Усан үзмийн талбайн эзэн болон ажилчид хэнийг төлөөлж байна гэж та бодож байна вэ?
-
Тухайн өдөр хөлслөгдсөн анхны ажилчдын нэг байсан бол танд ямар санагдах байсан гэж та бодож байна вэ?
-
Цаг явах тусам хөлслөгдөхөө хүлээж буй ажилчдад ямар бодол, мэдрэмж төрж байсан гэж та бодож байна вэ?
Матай 20:8–16 -г уншаад, бүх ажилчны хувьд энэ өдөр хэрхэн дууссан болохыг олж мэд.Та ChurchofJesusChrist.org дээрх “Laborers in the Vineyard” видеоны цагийн код 1:34-өөс 3:00 хүртэл үзэж болох юм.
Энэ сургаалт зүйрлэлд өгүүлснээр, усан үзмийн талбайн эзэнд хөлслөгдөх гэдэг нь Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёртой байгуулсан гэрээг бэлгэдсэн байж болохыг мэдэх нь тустай байж болно. Ажлын хөлс гэдгээр мөнх амийн адислалуудыг бэлгэдэж байж болно.
-
Та хамгийн эхэнд эсвэл хамгийн сүүлд хөлслөгдсөн хүмүүсийн нэг байсан бол усан үзмийн талбайн эзний талаар юу гэж бодох байсан бэ?
-
Усан үзмийн талбайн эзэн бүх ажилчинд хайр, халамжаа ямар арга замаар харуулсан бэ?
-
Усан үзмийн талбайн эзэн Тэнгэрлэг Эцэг эсвэл Есүс Христийг төлөөлж байгааг ойлгосноор та түүнээс ямар тэнгэрлэг зан чанаруудыг олж харсан бэ?
-
Та энэ сургаалт зүйрлэлээс ямар сургамж олж авч болох вэ?
Их Эзэний нигүүлсэл
Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Жэффри Р. Холланд энэ сургаалт зүйрлэлээс Их Эзэний талаар олж мэдэж болох чухал үнэнүүдийг хуваалцсан. Та ChurchofJesusChrist.org дээрх “Талбайд хөдөлмөрлөгсөд” видеоны цагийн код 10:02-оос 11:42 хүртэл үзэж эсвэл дараах бичвэрийг уншиж болох юм.
Бусад сургаалт зүйрлэлийн адил энэхүү [талбайд хөдөлмөрлөгсдийн] сургаалт зүйрлэл яг үнэндээ ажилчид эсвэл ажлын хөлсний тухай биш бөгөөд бусад сургаалт зүйрлэл ч гэсэн хонь, ямааны тухай биш байдаг. Энэ нь Бурханы сайн сайхан, Түүний тэвчээр, уучлал, Их Эзэн Есүс Христийн Цагаатгалын тухай түүх юм. Энэ нь өгөөмөр байдал, нинжин сэтгэлийн тухай түүх. Энэ нь ач ивээлийн тухай түүх юм. Бурханы хувьд хамгийн их таалагддаг нэг зүйл бол ач ивээлийг үзүүлэх явдал бөгөөд ялангуяа үүнийг хүлээн авах эрхгүй хэмээн өөрсдийгөө голж байгаа хүмүүст ач ивээл үзүүлэх явдал гэж миний олон жилийн өмнө сонсож байсан нэгэн бодлыг энэ нь бататгадаг.
Энэхүү сургаалт зүйрлэлийн нэг хэсэг болох уучлан өршөө гэсэн зааврыг энэхүү цуглаанд ирсэн олон хүнээс хэн нь сонсох хэрэгтэй байсныг би мэдэхгүй, гэхдээ дэндүү оройтчихсон гэж бодож байсан ч, өчнөөн олон боломжоо алдсан гэж бодож байсан ч, би чинь олон алдаа гаргасан шүү дээ гэж бодож байсан ч, ямар нэг авьяас чадваргүй эсвэл гэр орон, гэр бүл, Бурханаасаа хэчнээн их холдчихсон мэт санагдаж байсан ч тэнгэрлэг хайрын хүрэх хязгаарын цаад талд та нар гараагүй шүү гэдгийг би та нарт гэрчилж байна. Христийн Цагаатгалын хязгааргүй гэрэл гэрэлтүүлж чадахааргүй тийм гүнзгий ангал руу та нар орно гэж байхгүй юм шүү.
(Жэффри Р.Холланд “Талбайд хөдөлмөрлөгсөд,” Ensign, May 2012, 32–33 эсвэл 2012 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 34)
-
Ахлагч Холланд Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрын талаар таны аль хэдийн үнэн гэдгийг нь мэдэх юуг заасан талаар бод. Энэ нь үнэн болохыг та хэрхэн олж мэдсэн бэ?
-
Өнөөдөр олж мэдсэн зүйлийнхээ ачаар, танд Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрын талаар өөр ямар бодол эсвэл мэдрэмж нэмж төрж байна вэ?
-
Таны олж мэдсэн зүйл өдөр тутмын амьдралд тань хэрхэн нөлөөлөх вэ?
Тайлбар ба нөхцөл байдлын талаарх мэдээлэл
Их Эзэний талбайд ажиллахын зорилго юу вэ?
Тэргүүн Зөвлөлийн ерөнхийлөгч Даллин Х. Өүкс ийн заасан.
Эцсийн шүүлтээр өгөх Эзэний шагнал нь бид хэр удаан талбайд ажилласан гэдэгт үндэслэхгүй. Бид цаг харж ажилласнаар тэнгэрлэг шагналыг хүртэхгүй. Юу чухал вэ гэвэл, Их Эзэний ажлын байранд ажилласан хөдөлмөр биднийг өөр хүн болгодогт оршино. Бидний заримын хувьд үүнд бусдаас илүү их цаг зарцуулах шаардлага гардаг. Эцэст нь хөдөлмөрлөснөөр хэн болсон гэдэг нь чухал юм.
(Dallin H. Oaks, “The Challenge to Become,” Ensign, Nov. 2000, 34)
Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Жэффри Р. Холланд ийн заасан.
Би Бурханы хайрын шинэчлэх хүч, Түүний ач ивээлийн гайхамшгийг гэрчилж байна. Тэрээр олж авах итгэлд тань санаа зовдог, харин итгэлийг олж авах цаг хугацааны төлөө санаа зовдоггүй.
Хэрэв та нар гэрээ байгуулсан бол түүнийгээ сахь. Хэрвээ гэрээ байгуулаагүй байгаа бол гэрээ байгуул. Хэрвээ чи гэрээ байгуулчхаад, сахиж чадаагүй бол наманчлаад, залруул. Талбайн Эзэн цаг хугацаа байна гэж хэлж байгаа цагт хэзээ ч оройтохгүй гэсэн үг юм шүү. … Бүү хойшлуул. Оройтох нь байна.
(Жэффри Р.Холланд, “Талбайд хөдөлмөрлөгсөд,” Ensign May 2012, 33 эсвэл 2012 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 34)