Maтай 3:13–17, 1-р хэсэг
Баптисч Иохан Есүс Христэд баптисм хүртээв
Есүс Христ баптисм хүртэхийн тулд Баптисч Иохан дээр ирсэн. Энэ хичээл нь Есүс Христийн сайн мэдээн дэх баптисмын ач холбогдлыг ойлгож, тайлбарлахад танд тусална.
Боломжит суралцах үйл ажиллагаа
Баптисмын ач холбогдол
Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн гишүүн биш хайрладаг хүмүүсийнхээ тухай бод. Тэдний нэгийг номлогчидтой уулзаж байгаагаар төсөөл. Танд ямар санагдах вэ? Номлогчид баптисм хүртэхийн ач холбогдлыг тайлбарлахыг танаас хүссэн гэж төсөөлье. Хайртай хүндээ энэхүү чухал алхмыг хийхэд нь туслах юуг хэлэхээ бодно уу.
-
Баптисм хүртэхийг хүсэж буй хайртай хүндээ баптисмын ач холбогдлыг тайлбарлахад хэр бэлдсэнээ та 1-ээс 10 гэсэн хэмжүүрээр (1 = бэлтгэгдээгүй; 10 = дээд зэргээр бэлтгэгдсэн) хэрхэн үнэлэх вэ?
-
Баптисмын ач холбогдлыг тайлбарлахад сайтар бэлдэхийн тулд та энэ талаар юуг илүү сайн мэдэхийг хүсэж байна вэ?
Өнөөдрийн хичээлээр та баптисмын талаарх сургаалыг судалж, уг сэдвээр тавигддаг янз бүрийн асуултыг авч үзэх боломжтой. Танд мөн сурч мэдсэн зүйлээ тайлбарлан дадлага хийх боломж олдоно.
Есүс Христ бидэнд замыг харуулахын тулд баптисм хүртсэн
Есүс Баптисч Иоханаар баптисм хүртээлгэхийн тулд Галилаас Бетабара хүртэл явган туулж очжээ ( Матай 3:13 ; Иохан 1:28 ; 1 Нифай 10:9 -ийг үзнэ үү). Иохан Аароны санваарын түлхүүрийг атгаж байсан бөгөөд Иордан голд хүмүүст баптисм хүртээж байв (Судруудын удирдамжаас “ Иохан Баптист ”-ыг үзнэ үү, scriptures.ChurchofJesusChrist.org). Аврагчийн аялсан зайг газрын зураг дээрх хэмжүүрийн аль нэгийг ашиглан тооцоол.
-
Иоханаар баптисм хүртээлгэх гэсэн Аврагчийн оролдлого Түүний талаар болон баптисмын талаар танд юу зааж байна вэ?
Матай 3:13–17 -г уншаад, Аврагчийг баптисмд оролцож байна гэж төсөөл. Аврагч болон баптисмын тухай ой тойндоо мартахгүй үлдээхийг хүссэн зүйлийнхээ талаарх чухал мэдээллийг хайж ол. 15-р шүлэг дээрх “болго” гэдэг үг нь “зөвшөөрөх эсвэл зөвшөөрөл олгох” гэсэн утгатай. Та мөн ChurchofJesusChrist.org дээрх “The Baptism of Jesus” (2:54) видео бичлэгийг үзээд, судраасаа уншиж болох юм.
-
Хэрэв та Аврагчийн баптисмын үеэр тэнд байсан бол тухайн үйл явдлаас юуг ой тойндоо үлдээхийг хүсэх байсан бэ?
-
Та Аврагч мөн баптисмын тухай юу олж мэдэх байсан гэж бодож байна вэ?
Та өөрийн найз эсвэл гэр бүлийн гишүүнд тус болж болох Есүс Христийн баптисмын талаарх ямар зүйлийг хуваалцаж болохоо бодож үз.
Мөн таны найз эсвэл гэр бүлийн гишүүнд баптисмын талаар асуух ямар асуулт байж болохыг эргэцүүлэн бодох нь тустай байж болно. Тэдний зарим асуултын хариултыг Матай 3 -аас олж болно. Нэмж дурдахад, Мормоны Ном бол баптисмын тухай олон үнэнийг тодруулдаг сүнслэг эх сурвалж мөн. Дараах асуултууд нь баптисмын ач холбогдлын талаар ойлгодоггүй хэн нэгэнд байж болох асуултуудын жишээнүүд юм. Таны найз эсвэл гэр бүлийн гишүүнд байж болно гэж бодож буй нэг асуултыг сонго. Дараа нь холбогдох шүлгийг Мормоны Номоос судлаад, энэ нь уг асуултад хариулахад танд хэрхэн туслахыг үз.
Дараах асуулт, судрын эшлэлүүдийг самбарт бичиж болох юм.
-
Хэдийгээр Есүс баптисм хүртсэн ч би бас баптисм хүртэх ёстой юу? Яагаад хүртэх хэрэгтэй эсвэл хүртэх хэрэггүй вэ? ( 2 Нифай 9:21, 23–24 ; 2 Нифай 31:5, 10–11 -ийг үзнэ үү.)
-
Би яагаад баптисм хүртэхийг хүсэх ёстой вэ? Би ямар ямар адислал хүлээн авах вэ? ( 2 Нифай 31:12–13, 17–18 -ыг үзнэ үү.)
-
Есүс баптисм хүртэхээр Баптисч Иохан руу очсон. Хэн надад баптисм хүртээж болох вэ? ( 3 Нифай 11:19–22 -ыг үзнэ үү.)
-
Есүс Иорданд баптисм хүртээд, уснаас гарч иржээ. Би усан доор бүрэн орох ёстой юу эсвэл өөр арга замаар баптисм хүртэх ёстой юу? ( 2 Нифай 31:13 ; 3 Нифай 11:23–26 -г үзнэ үү.)
-
Хэрэв би нүглээс цэвэршигдэхийн тулд баптисм хүртэж байгаа бол яагаад Есүс баптисм хүртсэн бэ? Тэр нүгэлгүй байсан биш үү? ( 2 Нифай 31:5–11 -ийг үзнэ үү.)
Та Матай 3:13–17 , Мормоны Номоос сурч мэдсэн зүйл зэргээ ашиглан, гэр бүлийн гишүүн эсвэл найздаа баптисмын ач холбогдлыг хэрхэн тайлбарлахаа бич.
Хэрэв та сүнслэгээр өдөөгдсөн бол Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн гишүүнээр баптисм хүртээгүй найз эсвэл гэр бүлийн гишүүндээ өөрийн тайлбарыг хуваалцаж болох юм. Аль хэдийн баптисм хүртсэн хэн нэгэнтэй хуваалцах нь мөн тустай байж болно.
Тайлбар, нөхцөл байдлын талаарх мэдээлэл
Maтай 3:13 . Яагаад Есүс баптисм хүртэхийн тулд Иохан руу очсон бэ?
Иосеф Смит Баптисч Иоханд байсан эрх мэдлийг ийн тайлбарласан.
Иохан тэр үед хүчний түлхүүрүүдийг эзэмшсэн, дэлхий дээр хаант улсын ажил хэргийг явуулах цорын ганц хууль ёсны ёслол гүйцэтгэгч байсан юм. Иудейчүүд түүний зааврыг дагах ёстой байлаа, эс бөгөөс тэдний хуулийн дагуу зүхэгдэх байв. … Захариагийн хүү түлхүүрүүдийг болон хаант улс, хүч, алдар сууг иудейчүүдээс ариун тослолт болон тэнгэрийн хуулиар хүч чармайлт гарган байж авсан.
(Сүмийн ерөнхийлөгчдийн сургаалаас: Иосеф Смит [2007], 95-ыг мөн Сургаал ба Гэрээ 84:23–28 -ыг үзнэ үү)
Баптисм зайлшгүй шаардлагатай гэдгийг бид яаж мэдэх вэ?
Аврагч Бурханы хаант улсад орохын тулд баптисм зайлшгүй шаардлагатай гэдгийг Никодемд хэлснээр баптисмын амин чухал мөн чанарын талаар заасан ( Иохан 3:5 -ыг үзнэ үү). Бошиглогч Иосеф Смит түүнчлэн баптисм авралд хүрэхэд нэн чухал талаар ийн заасан.
Бүх нүглээ наманчилж, нүглээсээ уучлагдахын төлөө Эцэг, Хүү, Ариун Сүнсний нэрээр усаар баптисм хүртэн, Бурханы Ариун Сүнсийг хүлээн авахын тулд энэхүү хүчинд томилогдож лацдагдсан хүний гар тавилтаар уг ёслолыг хүлээн авагтун. Энэ нь Судрууд болон Мормоны Номын дагуу бөгөөд хүн селестиел хаант улсад орж чадах цорын ганц арга зам юм.
(Сүмийн ерөнхийлөгчдийн сургаалаас: Иосеф Смит [2007], 175)
Мормоны Ном нь баптисмын талаар Библид заасан сургаалыг хэрхэн тодруулдаг вэ?
Далын ерөнхийлөгчийн зөвлөлийн ахлагч Тэд Р.Каллистэр ийн заасан.
Дахин хэлэхэд, Мормоны Ном нь Библийн заадаг сургаалуудыг батлах, тодотгох, нэгтгэх гэрчийн үүрэгтэй бөгөөд ингэснээр бид “нэг Эзэн, нэг итгэл, нэг баптисм”-тай байх болно. …
Агуу жишээ болох Аврагч маань “голын уснаас даруй гаран” ( Матай 3:16) баптисм хүртэх жишээг Библи дээр үзүүлсэн байдаг ч өнөө үед дэлхий дээр баптисмыг олон өөр аргаар үйлдсээр байна. Тэрээр эхлээд усанд ороогүй байж уснаас гарч ирж болно гэж үү? Баптисмын талаар аливаа санал зөрөлдөөн гаргуулахгүйн тулд “та нар тэднийг усанд бүрэн дүр” ( 3 Нифай 11:26) хэмээн баптисм хүртээх зөв арга замыг Мормоны Номд бичсэн байдаг.
(Тэд Р.Каллистэр, “Мормоны Ном—Бурханаас өгөгдсөн ном,” Ensign, Nov. 2011, 75–76 эсвэл 2011 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 88)