Матай 3:13–17, 2-р хэсэг
Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ, Ариун Сүнс гурав
Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ, Ариун Сүнс гурав гурвуулаа Есүс Христийг баптисм хүртэхэд байсан. Энэ хичээл танд Бурхан Тэргүүтний гишүүн тус бүрийн талаарх ойлголтоо гүнзгийрүүлэхэд туслах бөгөөд энэ нь эргээд таны амьдралын сонголтод нөлөөлж болно.
Боломжит суралцах үйл ажиллагаа
Хожмын үеийн гэгээнтэн өсвөр үеийнхэнд зовлон бэрхшээлээ дажгүй даван туулахад юу тусалдаг вэ?
Тэргүүн Зөвлөлийн ерөнхийлөгч Даллин Х.Өүксийн хэлсэн дараах мэдэгдлийг унш.
“Мормон өсвөр насныхан хамгийн сайн дасан зохицож чаддаг. Тэд өсвөр насанд тохиолддог асуудлыг хамгийн сайн давж гардаг болохыг судалгаа харуулж байна” гэсэн гарчигтай [сонингийн] нийтлэл гарчээ. Энэ нийтлэлд “Мормончууд эрсдэлтэй үйлдлүүдээс зайлсхийх, хичээл сургуульдаа сайн суралцах, ирээдүйнхээ талаар эерэг хандлагатай байх зэрэгт хамгийн сайн үзүүлэлттэй гарсан” гэж дүгнэсэн байна. Манай өсвөр үеийнхнээс ярилцлага авсан, уг судалгаанд оролцсон нэгэн судлаач “Бидний авч үзсэн ангилал бүр нэг хэв загвартай бөгөөд ангилал бүрд мормончууд нэгдүгээрт байгаа нь тодорхой харагдаж байлаа” гэжээ.
(Даллин Х.Өүкс, “Эцэг эх ба үр хүүхэд,” Ensign, Nov. 2018, 62 эсвэл 2018 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 138)
-
Та хожмын үеийн гэгээнтэн олон өсвөр үеийнхэн амьдралын зовлон бэрхшээлийг яагаад дажгүй даван гарч чаддаг гэж бодож байна вэ?
Амьдралд тохиолдсон үйл явдлынхаа талаар бод.
-
Ярилцлагад оролцсон өсвөр үеийнхний талаарх дүрслэл таныг хэр сайн тодорхойлсон гэж та бодож байна вэ?
-
Намайг сайн тодорхойлсон байна.
-
Зарим талаараа намайг тодорхойлж чадсан.
-
Намайг огтхон ч тодорхойлж чадахгүй байна.
Ерөнхийлөгч Өүкс Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн өсвөр үеийнхний хувьд сорилт бэрхшээлтэй тулгарахад маш сайн бэлтгэгдсэн байдгийн нэг шалтгаан нь авралын төлөвлөгөөний талаарх тэдний ойлголт мөн Бурхантай харилцах харилцааны талаарх мэдлэг нь болохыг хэлсэн (”Эцэг эх ба үр хүүхэд,” 138-ыг үзнэ үү). Тэрээр мөн өөр нэг мэдэгдэлдээ ийн заасан.
Бидэнд Бурхан Тэргүүтэн, тэдэнтэй харилцах харилцаа, амьдралын зорилго, мөнхийн хувь тавилангийн маань мөн чанарын тухай үнэн байгаа учраас бидэнд хамгийн сайн газрын зураг буюу мөнх бус аяллын турш туслах баталгаа бий.
(Даллин Х.Өүкс, “Бурхан Тэргүүтэн ба авралын төлөвлөгөө,” Ensign, May 2017, 103 эсвэл 2017 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 90)
-
Эдгээр үнэнийг ойлгох нь яагаад хожмын үеийн гэгээнтэн өсвөр үеийнхэнд эрсдэлтэй үйлдлүүдээс зайлсхийх, сайн суралцах, ирээдүйнхээ талаар эерэг хандлагатай байхад тусалдаг гэж та бодож байна вэ?
-
Хожмын үеийн гэгээнтэн өсвөр үеийнхний дунд ч гэсэн Ариун Сүнсний хүчээр дамжуулан Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрыг танин мэдэхэд нь ямар саад бэрхшээл тулгардаг вэ?
Бурхан Тэргүүтний гүйцэтгэдэг үүргүүдийг болон Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрын таныг гэх хайрын талаар мэддэг, ойлгодог зүйлээ цаг гарган бод. Энэ хичээл танд Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ, Ариун Сүнс гурвын тухай илүү ихийг сурч мэдэхэд мөн энэ нь амьдралд тань хэрхэн тус болохыг тунгаан бодох боломж олгоно.
Судрууд Бурхан Тэргүүтний тухай заадаг
Нэг цаасыг гурван баганад хуваагаад, эхний баганыг “Тэнгэрлэг Эцэг,”хоёр дахь баганыг “Есүс Христ,”гурав дахь баганыг “Ариун Сүнс”гэж гарчигла.Зохих багана тус бүрд Бурхан Тэргүүтний тухайн гишүүний талаар мэддэг нэг эсвэл хоёр зүйлийг бич. Та үнэн болгоныг хэрхэн сурч мэдсэнээ эсвэл яагаад үүнд итгэдэг талаар товч тайлбар оруул. Хичээлийн туршид боломж гарах бүрд та эдгээр баганад Бурхан Тэргүүтний гишүүн бүрийн талаар олж мэдсэн зүйлээ нэмж бич.
Бид Баптисч Иохан Есүс Христэд баптисм хүртээж байгаа судрын хэсгээс Бурхан Тэргүүтний тухай илүү ихийг мэдэж авч болно.
Дараах сайн мэдээний нэг эсвэл өөр олон түүхээс Есүс Христийн баптисмын тухай уншаад, Бурхан Тэргүүтний гишүүн бүрийн талаар юу сурч мэдэж болохыг олж мэд.
-
Та Бурхан Тэргүүтний гишүүн бүрийн талаар юу сурч мэдсэн бэ?
Эдгээр шүлэг Бурхан Тэргүүтний гишүүн бүр тусдаа биес бөгөөд бидний амьдралд чухал үүрэг гүйцэтгэдэг гэдгийг ойлгоход бидэнд тусалдаг. Жишээлбэл, Аврагч бидэнд Эцэгийн тааллыг биелүүлэхийн жишээг өгсөн. Бурхан Есүс Христийг баптисм хүртэхэд нь баярлаж, биднийг дуулгавартай дагахад баярладаг хайраар дүүрэн Тэнгэрлэг Эцэг гэдгээ харуулсан.
-
Таны хийсэн ямар нэг зүйлд Тэнгэрлэг Эцэг баярлаж байгааг та хэзээ мэдэрсэн бэ? Түүний баярлаж байгааг мэдэх нь танд хэрхэн нөлөөлсөн бэ?
Бошиглогч Иосеф Смит (1805–1844) Ариун Сүнс тагтаа болж ирээгүй, харин тагтаа Ариун Сүнс тэнд байгааг харуулсан болохыг тайлбарласан. Иосеф Смит “Ариун Сүнс нь тагтааны хэлбэрт хувирч чадахгүй. Харин тагтааны тэмдэг нь Христийн баптисмын тухай үнэнийг гэрчлэхийн тулд Иоханд өгөгдсөн ажээ” хэмээн заасан (Сүмийн ерөнхийлөгчдийн сургаалаас: Иосеф Смит [2007], 94).
-
Ариун Сүнс хэзээ танд үнэнийг гэрчилсэн бэ?
-
Бурхан Тэргүүтний талаар танд ямар асуулт байна вэ?
Бурхан Тэргүүтний талаарх асуултынхаа хариултыг олоход туслах дараах үйл ажиллагаануудын нэгийг эсвэл олныг сонго. Суралцах явцдаа Бурхан Тэргүүтнийг ойлгох нь хувь хүний хувьд таныг адисалдаг арга замуудыг олж мэд.
-
Судруудаас нэмэлт ойлголтыг хайж ол. Та Судруудын удирдамж дахь “ Бурхан, Бурхан Тэргүүтэн ” эсвэл Topical Guide дээрх “ Godhead ”-ээс хайж болно.
-
Бурхан Тэргүүтний талаар бошиглогч, төлөөлөгчдийн сургаалыг судал. Жишээлбэл, та Даллин Х. Өүксийн хэлсэн “Бурхан Тэргүүтэн ба авралын төлөвлөгөө” (Ensign, May 2017, 100–110 эсвэл 2017 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 88–91) эсвэл Жэффри Р. Холландын хэлсэн “Бурхан Тэргүүтнийг таньж мэдэх нь” (Ensign, Jan. 2016, 32–39 эсвэл Лиахона, 2016 оны 1-р сар, 33–39) үгийг уншиж болно.
-
ChurchofJesusChrist.org дээрх “What Is the Godhead?” (7:03) эсвэл “Godhead—He Knows Me” (3:01) видео бичлэгийг үзнэ үү.
-
Ямар судар эсвэл сургаал Бурхан Тэргүүтний талаар илүү ихийг сурч мэдэхэд танд тусалсан бэ? Та юу сурч мэдсэн бэ?
-
Энэ мэдлэг нь Тэдэнтэй харилцах таны харилцааг хэрхэн адислах вэ?
Хичээлийн эхэнд ярилцсан нийтлэлийн үргэлжлэх дугаараар танаас ярилцлага авахыг хүссэн гэж төсөөл. Олон хүн редактор луу захиа бичиж, яагаад хожмын үеийн гэгээнтэн өсвөр үеийнхэн өсвөр насны асуудлаа хамгийн сайн даван гарч чадаж байгаа шалтгааныг мэдэхийг хүсжээ. Бурхан Тэргүүтний гишүүн бүр өөр өөрийн гэсэн харилцан уялдаа холбоотой гүйцэтгэдэг үүргээрээ хэрхэн танд тусалсан талаар ойлгох боломж танд олдов. Жишээлбэл, Тэнгэрлэг Эцэг таны залбиралд хариулж, Есүс Христ таны нүглийн төлөө зовж шаналж, Ариун Сүнс танд үнэнийг баталж байсан байж болох юм. Дараах асуултуудад хариулж, хариултаа төлөвлө.
-
Бурхан Тэргүүтний гишүүн бүр өсвөр насны амьдралын бэрхшээлийг даван туулахад танд хэрхэн тусалдаг вэ?
-
Бурхан Тэргүүтний гишүүн бүрийг ойлгож, таньж мэдэхэд тань ямар үйл явдлууд тусалсан бэ?
-
Та Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ, Ариун Сүнс гурваас ирдэг адислалуудыг хүртэхийн тулд бусдад юу хийхийг зөвлөх вэ?
Тайлбар, нөхцөл байдлын талаарх мэдээлэл
Эцэг, Хүү, Ариун Сүнс гурав тусдаа биес юм бол судар дээр яагаад “нэг” гэсэн байдаг вэ?
Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Жэффри Р.Холланд ийн тайлбарласан.
Бид эдгээр бурханлаг гурван хувь хүн зорилго, арга зам, гэрчлэл, үүргээрээ нэгдмэл Бурхан Тэргүүтнийг бүрдүүлдэг гэдэгт итгэдэг. Бид Тэднийг нигүүлсэл ба хайр, шударга ёс ба ач ивээл, тэвчээр, уучлал ба гэтэлгэлийн бурханлаг мэдрэмжээр дүүрэн гэдэгт итгэдэг. Тэд бол бидний зөвхөн төсөөлж л чадах нэн чухал бөгөөд мөнхийн бүх зүйлд нэг хүн мэт нэгдмэл, өөрөөр хэлбэл нэг материд нэгдсэн гурван хүн гэдэгт бид итгэдэг гэж хэлэх нь зөв гэж би боддог. Гурвалсан нэгдлийн тухай үзэл баримтлал үнэн биш учраас энэ нь судраар хэзээ ч батлагдаж байгаагүй юм. …
Судраас Эцэг, Хүү, Ариун Сүнс гурав нь тусдаа, бурханлаг гурван хүмүүн гэдгийг хэн ч олж харах боломжтой гэдгийг тунхаглахаас гадна бусдын төлөөх Аврагчийн агуу залбирал [ Иохан 17 -г үзнэ үү] … , Иоханаар гүйцэтгүүлсэн Түүний баптисм [ Матай 3:13–17 ; Марк 1:9–11 ; Лук 3:21–22 -ыг үзнэ үү], Хувиралтын уулан дээрх туршлага [ Марк 9:7 ; Лук 9:35 -ыг үзнэ үү] болон Стефаны тарчлан үхсэн явдал зэрэг [ Үйлс 7:55–56 -г үзнэ үү] хэнд ч ойлгомжтой жишээнүүдийг онцолж байна.
(Jeffrey R. Holland, “The Only True God and Jesus Christ Whom He Hath Sent,” Ensign эсвэл Liahona, Nov. 2007, 40–41)
Матай 3:16 . Ариун Сүнс тагтаа болж хувирч ирсэн үү?
Бошиглогч Иосеф Смит (1805–1844) ийн тайлбарласан.
Тагтааны тэмдэг нь Ариун Сүнсний гэрч бөгөөд дэлхий бүтээгдэхээс өмнө бүтээгдсэн төдийгүй тагтааны тэмдэг байгаа үед чөтгөр ирж чаддаггүй юм. Ариун Сүнс бол хүн бөгөөд хүний хэлбэр дүрстэй. Энэ нь өөрийгөө тагтааны хэлбэрээр илэрхийлдэггүй ч тагтааны тэмдгээр илэрдэг. Ариун Сүнс нь тагтааны хэлбэрт хувирч чадахгүй. Харин тагтааны тэмдэг нь Христийн баптисмын тухай үнэнийг гэрчлэхийн тулд Иоханд өгөгдсөн ажээ. Учир нь тагтаа бол үнэн болон гэм зэмгүйн бэлгэдэл буюу бэлгэ тэмдэг юм.
(Сүмийн ерөнхийлөгчдийн сургаалаас: Иосеф Смит [2007], 94)