Номлолын дуудлагууд
3-р бүлэг: 3-р хичээл—Есүс Христийн сайн мэдээ


“3-р бүлэг: 3-р хичээл—Есүс Христийн сайн мэдээ,” Миний сайн мэдээг номло: Есүс Христийн сайн мэдээг хуваалцах удирдамж (2023)

“3-р бүлэг: 3-р хичээл,”Миний сайн мэдээг номло

3-р бүлэг: 3-р хичээл

Есүс Христийн сайн мэдээ

Хоёр дахь ирэлт, Харри Андэрсон

Хүмүүсийн бодож байж болох асуулт

  • Есүс Христ гэж хэн бэ? Тэрээр хэрхэн надад болон миний гэр бүлд тусалж чадах вэ?

  • Есүс Христэд итгэлтэй байх гэдэг нь юу гэсэн үг вэ? Түүнд итгэдэг байх нь амьдралыг минь хэрхэн адисалж болох вэ?

  • Наманчлах гэж юу гэсэн үг вэ?

  • Би бурууг сонгосныхоо дараа хэрхэн амар амгалан, уучлалыг мэдэрч болох вэ?

  • Баптисмын зорилго юу вэ?

  • Ариун Сүнсний бэлэг гэж юу вэ?

  • Эцсээ хүртэл тэвчих гэдэг нь юу гэсэн үг вэ?

Бидний хувьд Есүс Христийн сайн мэдээ бол Христэд ирдэг арга зам мөн. Энэ нь хүүхэд ч ойлгохуйц энгийн зүйл юм. Энэ хичээл нь Есүс Христэд итгэх итгэл, наманчлал, баптисм, Ариун Сүнсний бэлэг, эцсээ хүртэл тэвчих зэрэг Христийн сайн мэдээ, сургаал дээр төвлөрдөг. Энэ нь мөн сайн мэдээ Бурханы бүх хүүхдийг хэрхэн адисалдаг дээр төвлөрнө.

Сайн мэдээ гэдэг нь үгчилбэл “сайн сайхан мэдээ” гэсэн утгатай. Есүс Христийн сайн мэдээ нь бидэнд Түүн дээр ирж, аврагдахад хэрэгтэй сургаалыг буюу мөнхийн үнэнийг өгдөг учраас сайн сайхан мэдээ юм (1 Нифай 15:14-ийг үзнэ үү). Сайн мэдээ бидэнд хэрхэн сайн сайхан, утга учиртай амьдрахыг заадаг. Сайн мэдээний сайхан мэдээ нь бидэнд нүглээсээ уучлагдаж, ариусгагдаж, Бурханы оршихуйд эргэн очих замыг тавьж өгдөг.

Заах зөвлөмж

Энэ хэсэгт хичээл бэлтгэхэд тань туслах жишээ тоймыг оруулсан болно. Энд мөн таны ашиглаж болох асуулт, урилгуудын жишээ багтсан.

Хичээлдээ бэлдэж байхдаа хүн бүрийн нөхцөл байдал, сүнслэг хэрэгцээ шаардлагын талаар залбирч байгаад бодож үз. Юуг заавал хамгийн тустай болохыг шийд. Хүмүүс ойлгохгүй байж болох нэр томьёог тодорхойлоход бэлтгэ. Байгаа цагтаа багтаан төлөвлө. Хичээлүүдийг товчхон байлгахаа бүү март.

Заахдаа ашиглах судруудаа сонго. Хичээлийн “Сургаалын үндэс суурь” хэсэгт олон хэрэгтэй судар багтсан.

Заахдаа ямар асуултууд тавихаа бодож үз. Хүн бүрийг үйлдэхэд уриалах урилгуудыг төлөвлө.

Бурханы амласан адислалуудыг онцлоод, зааж буй зүйлийнхээ талаар гэрчлэлээ хуваалц.

Гэр бүлд зааж буй номлогчид

Та хүмүүст 15–25 минутад багтаан юу зааж болох вэ?

Дараах зарчмуудаас нэгийг эсвэл хэд хэдийг сонго. Зарчим бүрийн сургаалын үндэс суурийг энэ тоймын дараа өгсөн.

Есүс Христийн тэнгэрлэг үйл хэрэг

  • Бурхан биднийг нүгэл, үхлээс гэтэлгэхээр Өөрийн хайртай Хүү Есүс Христийг дэлхий рүү илгээсэн.

  • Есүсийн цагаатгагч золиослолын ачаар бид наманчлахдаа нүглээсээ цэвэршигдэж, ариусгагдах боломжтой.

  • Есүс цовдлогдсоныхоо дараа амилсан. Есүс амилсан болохоор бид бүгд нас барсныхаа дараа амилуулагдах болно. Энэ нь хүн бүрийн сүнс болон бие махбод дахин нэгдэж, бидний хүн нэг бүр төгс төгөлдөр, амилуулагдсан биетэй үүрд амьдрах болно гэсэн үг юм.

Есүс Христэд итгэх итгэл

  • Итгэл бол Есүс Христийн сайн мэдээний анхны зарчим юм.

  • Есүс Христэд итгэх итгэлд Тэр бол Бурханы Хүү гэдэгт бат итгэж, бидний Аврагч, Гэтэлгэгчийн хувьд Түүнд найдах явдал багтдаг.

  • Есүс Христэд итгэх итгэл бол үйлдэл, хүч чадлын зарчим мөн.

  • Бид залбирч, судраас судалж, зарлигуудыг дуулгавартай дагаснаар итгэлээ бэхжүүлдэг.

Наманчлал

  • Есүс Христэд итгэх итгэл наманчлал руу хөтөлдөг. Наманчлал бол Бурханд хандаж, нүглийг ардаа орхих үйл явц юм. Биднийг наманчлахын хэрээр бидний үйлдэл, хүсэл, бодол Бурханы таалалд илүү нийцэн өөрчлөгддөг.

  • Чин сэтгэлээсээ наманчлахад Бурхан биднийг уучилдаг. Есүс Христ бидний нүглийг цагаатгасан учраас бид уучлагдах боломжтой.

  • Наманчилснаар бид гэм буруутай гэсэн мэдрэмж, уй гашуунаасаа эдгээгддэг тул амар амгаланг мэдэрдэг.

  • Наманчлал бол насан туршийн үйл явц юм. Наманчлах бүрд Бурхан биднийг халуун дулаанаар хүлээн авдаг. Тэр хэзээ ч биднийг орхихгүй.

Баптисм: Бурхантай байгуулдаг бидний анхны гэрээ

  • Баптисм хүртсэнээр бид эхлээд Бурхантай гэрээний харилцаанд ордог.

  • Баптисм нь усаар ба Сүнсээр баптисм хүртэх гэсэн хоёр хэсэгтэй. Бид баптисм хүртэж, гишүүнээр батлуулснаар нүглээсээ цэвэршигдэж, шинэ амьдралын эхлэлийг тавьдаг.

  • Бид Есүсийн үлгэр жишээг дагаж усанд бүрэн орж баптисм хүртдэг.

  • Хүүхдүүд найман нас хүртлээ баптисм хүртдэггүй. Тухайн наснаасаа өмнө нас барсан хүүхдүүд Есүс Христийн Цагаатгалаар гэтэлгэгддэг.

  • Бид долоо хоног бүр Есүсийн золиослолыг дурсан санаж, Бурхантай байгуулсан гэрээгээ шинэчлэхийн тулд ариун ёслолоос хүртдэг.

Ариун Сүнсний бэлэг

  • Ариун Сүнс бол Бурхан Тэргүүтний гурав дахь гишүүн.

  • Бид баптисм хүртсэний дараа гишүүнээр батлуулах ёслолоор дамжуулан Ариун Сүнсний бэлгийг хүлээн авдаг.

  • Бид Ариун Сүнсний бэлгийг хүлээн аваад, үнэнч байвал насан туршдаа Түүнтэй нөхөрлөн, хамт байж чадна.

  • Ариун Сүнс биднийг ариусгаж, удирдан чиглүүлж, тайвшруулж, үнэнийг мэдэхэд тусалдаг.

Эцсээ хүртэл тэвчих

  • Тэвчээртэй байхад өдөр бүр Христэд итгэх итгэлээ хэрэгжүүлэх явдал багтдаг. Бид үргэлжлүүлэн Бурхантай байгуулсан гэрээгээ сахин, наманчилж, Ариун Сүнстэй нөхөрлөхөөр эрэлхийлж, ариун ёслолоос хүртдэг.

  • Есүс Христийг дагахыг итгэлтэйгээр эрэлхийлбэл Бурхан бидэнд мөнх амьдрал өгнө гэж амласан.

Есүс Христийн сайн мэдээ Бурханы бүх хүүхдийг адисалдаг

  • Сайн мэдээний дагуу амьдрах нь бидний баяр баясгаланг нэмэгдүүлж, үйлдлийг сүнслэгээр өдөөж, харилцааг баяжуулдаг.

  • Есүс Христийн сайн мэдээний дагуу амьдарснаар бид хувь хүнийхээ хувьд болон гэр бүлээрээ аз жаргалтай байх нь гарцаагүй.

  • Есүс Христийн сайн мэдээгээр дамжуулан гэр бүлүүд энэ амьдралд адислагдаж, мөнхөд нэгдэж, Бурханы оршихуйд амьдрах боломжтой.

Хүмүүст тавьж болох асуулт

Дараах нь хүмүүсээс асууж болох асуултуудын жишээ юм. Эдгээр асуулт нь танд утга учир бүхий яриа өрнүүлэхэд төдийгүй тухайн хүний хэрэгцээ шаардлага, харах өнцгийг ойлгоход тусална.

  • Та Есүс Христийн тухай юу мэдэх вэ?

  • Есүс Христэд итгэлтэй байна гэдэг нь таны хувьд юу гэсэн утгатай вэ?

  • Та амьдралдаа юуг өөрчлөхийг хүсэж байна вэ?

  • Та наманчлалын талаар ямар ойлголттой байдаг вэ?

  • Баптисмын талаар та ямар ойлголттой вэ? Баптисмд бэлдэхийн тулд та юу хийж чадах вэ?

  • Ариун Сүнс хэрхэн Бурханы оршихуйд эргэж очих аян замд тань тусалж чадах вэ?

  • Танд болон таны гэр бүлд ямар асуудал тулгарч байна вэ? Есүс Христийн сайн мэдээ тусалж болох зарим арга замыг бид хуваалцаж болох уу?

Өгч болох урилга

  • Бидний заасан зүйл үнэн гэдгийг мэдэхийн тулд та Бурханд хандан залбирч асуух уу? (1-р хичээлийн сүүлчийн хэсэг болох “Заах санаа: Залбирал”-ыг үзнэ үү.)

  • Та бидний заасан зүйлийн талаар илүү ихийг мэдэхийн тулд энэ ням гарагт сүмд очих уу?

  • Та Мормоны Номыг уншин, уг ном Бурханы үг гэдгийг мэдэхийн тулд залбирах уу? (Та тодорхой бүлэг эсвэл шүлгийг санал болгож болно.)

  • Та Есүсийн үлгэр жишээг дагаж баптисм хүртэх үү? (“Баптисм хүртэж, гишүүнээр батлуулах урилга” гэх 1-р хичээлийн өмнөх хичээлийг үзнэ үү.)

  • Бид дараагийн уулзалтаа товлож болох уу?

Сургаалын үндэс суурь

Энэ хэсэгт сайн мэдээний талаарх мэдлэг, гэрчлэлээ бэхжүүлэхэд мөн хичээлд тань туслах судлах сургаал, судруудыг өгсөн болно.

Энэ арван хоёрыг илгээв, Волтэр Рэйн

Есүс Христийн тэнгэрлэг зорилго

Тэнгэрлэг Эцэг бид бүхэнд энэ дэлхийд баяр баясгалан, ирэх ертөнцөд мөнх амьдралыг хүлээн авах боломж олгохын тулд Өөрийн Хайрт Хүү Есүс Христийг дэлхий рүү илгээсэн. “…Сайн мэдээ, баярт мэдээнүүд [Есүс Христ] … дэлхийн нүглүүдийг үүрэхээр, мөн дэлхийг ариусгахаар, мөн үүнийг бүхий л шударга бус явдлаас нь цэвэрлэхээр … түүгээр дамжин бүгдээрээ аврагдаж болохын төлөө дэлхийд ирсэн” (Сургаал ба Гэрээ 76:40–42).

Мөнх бус тул бид бүгд нүгэл үйлдэж, нас бардаг билээ. Гэтэлгэгч байгаагүй бол нүгэл, үхэл хоёр бидэнд Бурхантай хамт мөнх амьдрахад саад болох байв (2 Нифай 9-ийг үзнэ үү). Дэлхий бүтээгдэхээс өмнө Тэнгэрлэг Эцэг Есүс Христийг биднийг гэтэлгэхээр сонгосон. Хайрын дээд илэрхийлэл болон Есүс дэлхийд ирж, энэхүү бурханлаг үйл хэргээ биелүүлсэн юм. Тэр бидэнд нүглээсээ гэтэлгэгдэх боломжийг олгон, нас барсныхаа дараа бид бүгд амилуулагдана гэх баталгааг өгсөн.

Есүс гэм нүгэлгүй амьдралаар амьдарсан. Тэрээр мөнх бус амьдрал дээрх тохинууллынхаа төгсгөлд Гетсеманид зовж шаналан, цовдлогдох үедээ бидний нүглийг Өөртөө үүрсэн (1 Нифай 11:33-ыг үзнэ үү). Есүсийн зовлон шаналал асар их байсан нь Түүнийг “өвдөлтөөс болж чичирч, нүх сүв бүрээс цус урсгахад” (Сургаал ба Гэрээ 19:18) хүргэсэн. Есүс цовдлогдсоныхоо дараа үхлийг ялан дийлж амилсан. Эдгээр үйл явдал нь хамтдаа Есүс Христийн Цагаатгал юм.

Гэм нүгэл маань биднийг сүнслэг байдлын хувьд бузар болгодог бөгөөд “ямар ч бузар зүйл Бурхантай хамт байж чадахгүй” (1 Нифай 10:21). Нэмж хэлэхэд шударга ёсны хууль нь бидний гэм нүглийн үр дагаврыг шаарддаг.

Есүсийн цагаатгагч золиослол нь биднийг наманчилснаар нүглээсээ цэвэршиж, ариусгагдах арга замыг гаргаж өгдөг. Энэ нь мөн шударга ёсны шаардлагыг хангах арга замыг өгдөг юм (Алма 42:15, 23–24-ийг үзнэ үү). Аврагч: “Учрыг болгоогтун, хэрэв тэд наманчлах аваас, тэд зовохгүй байж болохын тулд Бурхан бибээр бүхний төлөө эдгээр зүйлүүдийг амссан билээ” (Сургаал ба Гэрээ 19:16–17) хэмээн хэлсэн. Есүс Христ байгаагүй бол нүгэл нь Тэнгэрлэг Эцэгтэйгээ ирээдүйд хамт орших бүхий л найдварыг эцэс болгох байсан.

Бидний төлөө Өөрийгөө золиослохдоо Есүс хувийн хариуцлагыг маань байхгүй болгоогүй. Бид Түүнд итгэж, наманчилж, зарлигуудыг дагахыг хичээх хэрэгтэй. Биднийг наманчлахад Есүс бидний өмнөөс Өөрийн нигүүлслийн эрхийг Эцэгээсээ шаардана (Моронай 7:27–28-ыг үзнэ үү). Аврагч өмгөөлсний ачаар Тэнгэрлэг Эцэг биднийг уучилж, нүглийн дарамт, гэм буруугаас биднийг чөлөөлдөг (Мозая 15:7–9-ийг үзнэ үү). Бид сүнслэг байдлын хувьд цэвэршин, эцэст нь биднийг Бурханы оршихуйд халуун дотноор хүлээн авах болно.

Есүсийн тэнгэрлэг үйл хэрэг бас биднийг үхлээс аврах явдал байв. Есүс амилсны ачаар бид ч гэсэн бүгдээрээ нас барсныхаа дараа амилуулагдана. Энэ нь хүн бүрийн сүнс болон бие махбод дахин нэгдэж, бидний хүн нэг бүр төгс төгөлдөр, амилуулагдсан биетэй үүрд амьдрах болно гэсэн үг юм. Хэрэв Есүс Христ байгаагүй бол үхэл нь Тэнгэрлэг Эцэгтэйгээ ирээдүйд хамт байх бүхий л найдварыг эцэс болгох байсан.

Судраас судлах

Бурхан Хүүгээ илгээсэн

Есүс Христээр дамжин аврагдана

Энэ зарчмын талаар илүү ихийг сурах

Есүс Христэд итгэх итгэл

Сайн мэдээний анхны зарчим бол Их Эзэн Есүс Христэд итгэх итгэл мөн. Итгэл бол сайн мэдээний бусад бүх зарчмын суурь.

Есүс Христэд итгэх итгэл нь Тэр бол Бурханы Цорын ганц Хүү мөн гэдэгт бат итгэх явдал юм. Үүнд бидний Аврагч, Гэтэлгэгчийн хувьд —Тэр бол Бурханы оршихуйд эргэж очих бидний цорын ганц арга зам гэдэгт найдах багтдаг (Үйлс 4:10–12; Мозая 3:17; 4:6–8-ыг үзнэ үү). Биднийг “аврах чадал бүхий түүний гавьяанд … бүрэн дүүрнээр даатган, түүнд хэлбэрэлтгүй итгэл[ийг]” (2 Нифай 31:19) хөгжүүлэхэд урьсан.

Есүс Христэд итгэх итгэлд Тэрээр цагаатгагч золиослолоороо бидний нүглийн төлөө зовж шаналсан гэдэгт итгэх явдал багтдаг. Түүний золиослолын ачаар бид наманчилснаар цэвэршигдэн гэтэлгэгдэх боломжтой. Ийнхүү цэвэршигдэх нь бидэнд энэ амьдралдаа амар амгалан, итгэл найдварыг олж авахад тусалдаг. Энэ нь бидэнд нас барсныхаа дараа бүрэн дүүрэн баяр баясгаланг хүлээн авах боломжийг олгодог.

Есүс Христэд итгэх итгэлд бид бүгд нас барсныхаа дараа Түүгээр дамжуулан амилуулагдана гэдэгт итгэх явдал ордог. Энэ итгэл бидэнд итгэл алдрах үед дэмжин тусалж, тайвшруулж чадна. Үхлийн харанхуй ангалыг Амилуулалтын амлалтаар зайлуулах боломжтой.

Есүс Христэд итгэх итгэл бол Тэрээр бидний зовлон зүдгүүр, сул дорой байдлыг Өөр дээрээ авсан гэдэгт итгэж, найдах явдал юм (Исаиа 53:3–5-ыг үзнэ үү). Тэрээр амьдралын сорилт бэрхшээл дунд хэрхэн бидэнд нигүүлслээр тусалж дэмжихээ Өөрийн туршлагаар мэддэг (Алма 7:11–12; Сургаал ба Гэрээ 122:8-ыг үзнэ үү). Биднийг итгэлээ хэрэгжүүлэхэд Тэр бидэнд бэрхшээлийг даван туулж урагшлан явахад тусалдаг.

Түүнд итгэх бидний итгэлээр дамжуулан Есүс биднийг бие махбод, сүнслэг байдлын хувьд эдгээж чадна. Биднийг “санаа бодол болгондоо над уруу харагтун; бүү эргэлз, бүү ай” (Сургаал ба Гэрээ 6:36) хэмээх Түүний урилгыг санах үед Тэрээр үргэлж бидэнд туслахад бэлэн байдаг.

Үйлдэл, хүч чадлын зарчим

Есүс Христэд итгэх итгэл үйлдэхэд хүргэдэг. Бид өдөр бүр зарлигуудыг дуулгавартай дагаж, сайн үйлс бүтээх замаар итгэлээ илэрхийлдэг. Бид бас нүглээ наманчилж, Түүнд үнэнч байдаг. Бид Түүнтэй илүү адилхан болохыг эрмэлздэг.

Итгэлээ хэрэгжүүлснээр бид Есүсийн хүчийг өдөр тутмын амьдралдаа мэдрэх боломжтой. Тэр бидний хамгийн сайн хүчин чармайлтыг өсгөн нэмэгдүүлэх болно. Тэр бидэнд өсөж хөгжин, уруу таталтыг эсэргүүцэхэд тусална.

Итгэлээ бэхжүүл

Бошиглогч Алма итгэлийг хөгжүүлэх нь энгийн “итгэх хүслээс” (Алма 32:27) эхэлж болно гэж заасан. Дараа нь Есүс Христэд итгэх итгэлээ өсгөхийн тулд бид Түүний үгсийг судалж, сургаалыг нь хэрэгжүүлж, зарлигуудыг нь дуулгавартай дагах хэрэгтэй. Харин биднийг Бурханы үгийг өөрийн шаргуу тэвчээрээр арчлах аваас “энэ нь үндэслэх болно; мөн энэ нь үүрдийн амьдралд хүргэх мод [шиг] байх болно”— ингэснээр бидний итгэлийг хүчирхэгжүүлнэ гэж Алма заасан (Алма 32:41; 26–43-р шүлгийг үзнэ үү).

Судраас судлах

Итгэл, хүч, аврал

Итгэлийн сургаал

Итгэлийн жишээ

Ажил үйлс ба дуулгавартай байдал

Наманчлалд хүргэх итгэл

Энэ зарчмын талаар илүү ихийг сурах

Наманчлал

Наманчлал гэж юу вэ?

Наманчлал бол сайн мэдээний хоёрдогч зарчим юм. Есүс Христэд итгэх итгэл, Түүнийг хайрлах бидний хайр биднийг наманчлал руу хөтөлдөг (Хиламан 14:13-ыг үзнэ үү). Наманчлал бол Бурханд хандаж, нүглээ орхих үйл явц юм. Биднийг наманчлахын хэрээр бидний үйлдэл, хүсэл, бодол Бурханы таалалд илүү нийцэн өөрчлөгддөг. Нүглийн өршөөл уучлал нь Есүс Христ, Түүний цагаатгагч золиослолын ачаар боломжтой болсон.

Наманчлал нь сэтгэлийн тэнхээ гарган зан авирыг өөрчлөх эсвэл сул талаа ялан дийлэхээс хавьгүй илүү зүйл юм. Наманчлал нь зүрх сэтгэлийн “хүчирхэг өөрчлөлт[ийг]” мэдрэх хүчийг бидэнд өгдөг Христэд чин сэтгэлээсээ хандах явдал мөн (Алма 5:12–14-ийг үзнэ үү). Зүрх сэтгэлийн энэхүү хүчирхэг өөрчлөлтийг мэдэрснээр бид сүнслэг байдлын хувьд дахин төрдөг (Moзая 27:24–26-г үзнэ үү).

Наманчлалаар дамжуулан бид Бурханы тухай болон өөрсдийн тухай, түүнчлэн дэлхий ертөнцийн талаар шинэ үзэл бодолтой болдог. Бид Бурхан, Аврагч хоёрынхоо биднийг гэх хайрыг цоо шинээр мэдэрдэг. Наманчлах боломж бол Тэнгэрлэг Эцэгийн Өөрийн Хүүгээр дамжуулан бидэнд өгсөн хамгийн агуу адислалуудын нэг юм.

Наманчлах үйл явц

Бид наманчлахдаа гэм нүглээ хүлээн зөвшөөрч, чин сэтгэлээсээ гэмшдэг. Бид Бурханд гэм нүглээ тоочин хүлээж, уучлал гуйдаг. Түүнчлэн бид эрх мэдэл бүхий Сүмийн удирдагчдад нэн ноцтой гэм нүглээ тоочин хүлээдэг бөгөөд тэд бидэнд наманчлахад дэмжин тусалдаг. Бид засаж залруулахын тулд чадах бүхнээ хийдэг бөгөөд энэ нь учруулсан хохирол, асуудлуудаа засаж зөвт болгохыг хичээхийг хэлж байгаа юм. Жинхэнэ наманчлал тодорхой хугацаанд үйлдсэн зөв шударга үйлдлээс хамгийн сайн харагддаг.

Наманчлал бол бидний өдөр тутмын амьдралын туршид явагддаг үйл явц юм. “Бүгд нүгэл үйлдсэн тул Бурханы алдар сууд хүрдэггүй” (Ром 3:23). Бид үргэлжлүүлэн наманчилж, “хүч өгөгч [Христээр бид] бүгдийг хийж чадна’ (Филиппой 4:13) гэдгээ санах ёстой. Их Эзэн: “Тийм ээ, мөн миний хүмүүс наманчлах болгонд би тэднийг миний эсрэг алдаануудад нь өршөөх болно” (Мозая 26:30) хэмээн биднийг тайтгаруулсан.

Наманчлалын адислал

Наманчлал нь баяр баясгалан, амар амгаланг авчирдаг эерэг зарчим юм. Энэ нь “[бидний] бодгал[ийг] авралд хүргэх” “Гэтэлгэгчийн хүчинд” (Хиламан 5:11) авчирдаг.

Наманчилснаар цаг хугацаа өнгөрөх тусам гэм буруутай гэсэн мэдрэмж, уй гашуу маань эдгэрдэг. Бид Сүнсний нөлөөг илүү элбэг дэлбэгээр мэдэрдэг. Бурханыг дагах хүсэл маань илүү хүчтэй болдог.

Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон

“Маш олон хүн наманчлалыг шийтгэл буюу … аль болох зайлсхийх ёстой зүйл гэж үздэг. … Гэхдээ шийтгэгдэнэ гэсэн мэдрэмж Сатанаас ирдэг. Биднийг эдгээж, өршөөн, цэвэршүүлж бас хүчирхэгжүүлэн, ариусгахыг хүсэж, найдаж байдаг Есүс Христийг мутраа дэлгэн байгааг харах харааг маань халхлахыг тэр оролддог …” (Рассэлл М.Нэлсон, “Бид илүү сайн үйлдэж, илүү сайн байж чадна,” 2019 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 77).

Судраас судлах

Наманчлал

Гэтэлгэл ба өршөөл

Наманчлагсдад ирэх нигүүлсэл

Энэ зарчмын талаар илүү ихийг сурах

Баптисм хүртэж буй залуу эмэгтэй

Баптисм: Бурхантай байгуулдаг бидний анхны гэрээ

Есүс Христэд итгэх итгэл болон наманчлал нь биднийг баптисм болон гишүүний баталгааны ёслолд бэлтгэдэг. Баптисм бол Есүс Христийн сайн мэдээний анхны авралын ёслол юм. Бид энэхүү баясгалант найдвар өгдөг ёслолыг хүлээн авснаар Бурхантай анхны гэрээгээ байгуулдаг.

Ёслол нь санваарын эрх мэдлээр үйлддэг ариун нандин зан үйл буюу ёс юм. Баптисм зэрэг зарим ёслол нь бидний авралд нэн чухал.

Ёслолуудаар дамжуулан бид Бурхантай гэрээ байгуулдаг. Эдгээр гэрээ нь Бурхан бидний хоорондох ариун амлалт юм. Биднийг Түүнд өгсөн амлалтаа биелүүлэх үед Тэр биднийг адислахаа амласан. Бид Бурханд өгсөн амлалтаа биелүүлэхдээ эрс шийдэмгий байх ёстой.

Бурхан бидэнд Түүн дээр ирж, мөнх амьдралтай болоход туслах ёслол, гэрээнүүдийг өгсөн. Санваарын ёслолуудыг хүлээн авч, холбогдох гэрээнүүдийг сахиснаар бид амьдралдаа “бурханлаг байдлын хүчийг” мэдэрч чадна (Сургаал ба Гэрээ 84:20).

Баптисмын гэрээ

Биднийг тэнгэрийн хаант улсад орохын тулд баптисм хүртэх шаардлагатай хэмээн Аврагч заасан (Иохан 3:5-ыг үзнэ үү). Түүнчлэн бид Есүс Христийн Сүмийн гишүүн болох шаардлагатай. Аврагч маань баптисм хүртэж, үлгэр жишээ үзүүлсэн (Матай 3:13–17-г үзнэ үү).

Баптисм хүртэж, гэрээгээ сахих үед Бурхан бидний нүглийг уучлахаа амладаг (Үйлс 22:16; 3 Нифай 12:1–2-ыг үзнэ үү). Энэхүү агуу адислал нь “биднийг хайрладаг бөгөөд Өөрийнхөө цусаар биднийг нүглээс маань чөлөөлсөн” Есүс Христийн цагаатгагч золиослолын ачаар боломжтой болсон юм (Илчлэлт 1:5). Бурхан мөн биднийг ариусган, удирдан чиглүүлж, тайвшруулж болохын тулд Ариун Сүнсний нөхөрлөлөөр адислахаа амласан.

Баптисмын гэрээнийхээ нэг хэсэгт бид Есүс Христийн нэрийг өөрсөд дээрээ авахад бэлэн байна гэдгээ гэрчилдэг. Бид мөн Түүнийг үргэлж санаж, зарлигуудыг нь дагана гэж амладаг. Бид бусдыг хайрлаж, бусдад үйлчлэн, “гашуудах тэдний хамт гашуудах; … тайтгарал хэрэгтэй тэднийг тайтгаруулахад, мөн ямар ч цагт мөн бүх зүйлд мөн өөрийн байж болох хаана ч гэсэн Бурханы гэрчлэгч болж зогсоно“ гэж амладаг (Мозая 18:9; 8–10, 13-р шүлгийг үзнэ үү). Бид амьдралынхаа эцсийн мөч хүртэл Есүс Христэд үйлчлэхэд шийдвэр төгс байгаагаа илэрхийлдэг (Сургаал ба Гэрээ 20:37; Мозая 2:17-г үзнэ үү).

Баптисмтай холбоотой бидний гэрээний амлалт бол асар том үүрэг хариуцлага юм. Тэдгээр нь мөн урам зориг, баяр баясгаланг өгдөг. Тэдгээр нь Тэнгэрлэг Эцэг болон бидний хооронд онцгой харилцааг бий болгодог бөгөөд тэдгээрээр дамжуулан Тэрээр хайраа илэрхийлдэг.

Усанд умбуулан гүйцэтгэх баптисм

Биднийг нүглээсээ ангижрахын тулд усанд умбуулах замаар баптисм хүртэх ёстой хэмээн Есүс заасан (Сургаал ба Гэрээ 20:72–74-ийг үзнэ үү). Усанд умбуулах замаар баптисм хүртэх нь Есүс Христийн үхэл, оршуулга, Амилалтын бэлгэдэл юм (Ром 6:3–6-г үзнэ үү).

Усанд умбуулах замаар баптисм хүртэх нь бидний хувьд ч гэсэн хүчирхэг бэлгэдэл билээ. Энэ нь бидний хуучин амьдрал мөхөж, тэрхүү амьдралаа оршуулан, сүнслэг байдлын хувьд дахин төрөн гарч ирэхийг илэрхийлдэг. Бид баптисм хүртэхдээ дахин төрж, Христийн сүнслэг охид, хөвгүүд болох үйл явцыг эхлүүлдэг (Мозая 5:7–8; Ром 8:14–17-г үзнэ үү).

Хүүхдүүд

Хүүхдүүд хариуцлага хүлээж эхлэх нас буюу найман нас хүртлээ баптисм хүртдэггүй (Сургаал ба Гэрээ 68:27-г үзнэ үү). Тухайн наснаас өмнө нас барсан хүүхдүүд Есүс Христийн Цагаатгалаар гэтэлгэгдэнэ (Моронай 8:4–24; Сургаал ба Гэрээ 137:10-ыг үзнэ үү). Хүүхдүүдэд баптисм хүртэхээс нь өмнө сайн мэдээг заах ёстой бөгөөд ингэснээр тэд Бурхантай гэрээ байгуулан, амьдралынхаа энэхүү чухал алхамд бэлтгэгдэх болно.

Ариун ёслол

Тэнгэрлэг Эцэг маань биднийг Түүнтэй байгуулсан гэрээнүүддээ үнэнч байгаасай хэмээн хүсдэг. Ийн үнэнч байхад бидэнд туслахын тулд Тэрээр биднийг ойр ойрхон уулзалдаж, ариун ёслолоос хүртэж байхыг зарлигласан. Ариун ёслол бол Есүсийн Цагаатгалынхаа өмнөхөн төлөөлөгчдөдөө танилцуулсан санваарын ёслол юм.

Ариун ёслолоос хүртэх нь долоо хоног бүрийн ариун ёслолын цуглааны гол зорилго. Цуглаан дээр талх, усыг адисалж, цугларагсдад тарааж өгдөг. Талх нь Аврагч Өөрийн биеийг бидний төлөө золиосолсныг төлөөлдөг. Ус бол Түүний бидний төлөө урсгасан цусыг төлөөлдөг.

Бид Аврагчийн золиослолыг дурсан санаж, Бурхантай байгуулсан гэрээгээ шинэчлэхийн тулд эдгээр бэлгэдлээс хүртдэг юм. Бидэнтэй Сүнс хамт байх болно гэсэн амлалтыг бид дахин хүлээн авдаг.

Судраас судлах

Христийн үлгэр жишээ

Баптисмын гэрээ

Баптисм хүртэхэд тавигддаг шаардлагууд

Баптисмын амлагдсан адислалууд

Эрх мэдлийн зайлшгүй хэрэгцээ

Есүс ариун ёслолыг эхлүүлсэн

Ариун ёслолын залбирлууд

Ариун ёслолоос хүртэх

Энэ зарчмын талаар илүү ихийг сурах

Христ эмэгтэй дээр гараа тавьсан нь

Ариун Сүнсний бэлэг

Ариун Сүнсний бэлгийг хүлээн авах

Баптисм хоёр хэсгээс бүрддэг. Есүс бидэнд Бурханы хаант улсад орохын тулд “уснаас болон Сүнснээс төрөх ёстой” хэмээн заасан (Иохан 3:5; тодотгол нэмэгдсэн). Иосеф Смит: “Усаар гүйцэтгэдэг баптисм нь хагас баптисм бөгөөд нөгөө хагас нь болох Ариун Сүнсний баптисмгүйгээр хий, хоосон зүйл болох юм” хэмээн заасан (Сүмийн ерөнхийлөгчдийн сургаалаас: Иосеф Смит [2007], 110).

Усан баптисмыг … бүрэн гүйцэтгэхийн тулд дараа нь Ариун Сүнсний бэлгийг хүлээн авах шаардлагатай. Бид энэхүү хоёр баптисмыг хоёуланг хүртэхдээ нүглээсээ цэвэршиж, сүнслэг байдлын хувьд дахин төрдөг. Дараа нь бид Христийн шавийн хувьд сүнслэг шинэ амьдралаа эхлүүлдэг.

Бид гишүүний баталгаа гэх ёслолоор Сүнсний баптисмыг хүлээн авдаг. Энэхүү ёслолыг нэг буюу хэд хэдэн санваартан бидний толгой дээр гараа тавин үйлддэг. Эхлээд тэд биднийг Сүмийн гишүүн болсныг батлаад, дараа нь Ариун Сүнсний бэлгийг бидэнд өгдөг. Энэ нь Шинэ Гэрээ болон Мормоны Номд дурдсан тэрхүү ёслол юм (Үйлс 8:14–17; 3 Нифай 18:36–37-г үзнэ үү).

Ариун Сүнс бол Бурхан Тэргүүтний гурав дахь гишүүн. Тэрээр Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёртой нэгдэж ажилладаг. Бид Ариун Сүнсний бэлгийг хүлээн авч, үнэнч байснаар насан туршдаа Түүнтэй нөхөрлөж чадна.

Ариун Сүнс биднийг хэрхэн адисалдаг вэ?

Ариун Сүнсний бэлэг бол Тэнгэрлэг Эцэгийн хамгийн үнэт бэлгүүдийн нэг юм. Ариун Сүнс биднийг цэвэршүүлж, ариусгаж, илүү ариун, бүрэн дүүрэн, Бурхантай илүү адилхан болгодог (3 Нифай 27:20-ийг үзнэ үү). Тэр биднийг Бурханы заавруудыг дагахыг эрэлхийлэх үед бидэнд сүнслэг байдлын хувьд өөрчлөгдөж, өсөж хөгжихөд тусалдаг.

Ариун Сүнс бидэнд үнэнийг суралцаж, таньж мэдэхэд тусалдаг (Моронай 10:5-ыг үзнэ үү). Тэр мөн бидний зүрх сэтгэл, оюун санаанд үнэнийг баталдаг. Түүнээс гадна Ариун Сүнс бидэнд үнэнийг заахад тусалдаг (Сургаал ба Гэрээ 42:14-ийг үзнэ үү). Биднийг Ариун Сүнсний хүчээр үнэнийг сурч мэдэж, заах үед Тэр үүнийг бидний зүрх сэтгэлд хүргэдэг (2 Нифай 33:1-ийг үзнэ үү).

Ариун Сүнснээс даруухнаар удирдамж эрэлхийлэх үед Тэр биднийг удирдан чиглүүлэх болно (2 Нифай 32:5-ыг үзнэ үү). Үүнд бусдад хэрхэн үйлчлэх талаар төрөх өдөөлтүүд багтдаг.

Ариун Сүнс бидэнд сул дорой байдлаа ялан дийлэхэд туслах сүнслэг хүчийг өгдөг. Тэр бидэнд уруу таталтыг эсэргүүцэхэд тусалдаг. Тэр биднийг сүнслэг болон бие махбодын аюулаас сэрэмжлүүлдэг.

Ариун Сүнс бидэнд амьдралын сорилт бэрхшээлийг даван туулахад туслах болно. Тэр биднийг сорилт бэрхшээл эсвэл уй гашууд автсан үед тайвшруулж, итгэл найдвараар дүүргэх болно (Моронай 8:26-г үзнэ үү). Ариун Сүнсээр дамжуулан бид Бурханы биднийг гэх хайрыг мэдэрч чадна

Судраас судлах

Ариун Сүнсний мөн чанар

Ариун Сүнсний адислал ба нөлөө

Ариун Сүнсний бэлгийн ач холбогдол

Энэ зарчмын талаар илүү ихийг сурах

Есүс хүүхдүүдийг тэвэрсэн байгаа нь

Эцсээ хүртэл тэвч

Бид баптисм хүртэж, гишүүнээр батлуулснаар Бурхантай гэрээ байгуулдаг. Бусад зүйлсийн дотор, бид Түүний зарлигуудыг сахиж, үлдсэн амьдралынхаа туршид Түүнд үйлчлэхээ амладаг (Мозая 18:8–10, 13; Сургаал ба Гэрээ 20:37-г үзнэ үү).

Бид баптисм хүртэж, гишүүнээр батлуулж, сайн мэдээний зам дээр гарсныхаа дараа замаасаа гарахгүйн тулд бүхий л хүчин чармайлтаа гаргадаг. Бид замаасаа жаахан ч гэсэн хазайвал Христэд итгэх итгэлээ хэрэгжүүлэн наманчилдаг. Наманчлалын адислал нь бидэнд сайн мэдээний замдаа эргэн орж, Бурхантай байгуулсан гэрээнүүдийнхээ адислалуудыг хадгалан авч үлдэх боломжийг олгодог юм. Биднийг чин сэтгэлээсээ наманчлахад Бурхан биднийг уучилж, халуун дулаанаар хүлээн авахад үргэлж бэлэн байдаг.

Эцсээ хүртэл тэвчих гэдэг нь амьдралынхаа эцсийн мөчийг хүртэл буюу сайн сайхан үед ч, хүнд хэцүү үед ч хөгжин цэцэглэж, зовж зүдэрч байхдаа ч Бурханд үнэнч байхыг хэлнэ. Бид Христэд биднийг төлөвшүүлж, Түүнтэй илүү адилхан болгох боломжийг даруухнаар олгодог. Бидний амьдралд юу ч тохиолдож байсан бид Христ рүү итгэл, найдвараар хардаг.

Эцсээ хүртэл тэвчих нь үхэн үхтлээ зүгээр л тэвчээд өнгөрөхийг хэлдэггүй. Харин энэ нь өөрсдийн амьдрал, бодол санаа, үйлдлийг Есүс Христэд төвлөрүүлэх гэсэн үг юм. Үүнд өдөр бүр Христэд итгэх итгэлээ үргэлжлүүлэн хөгжүүлэх явдал багтдаг. Бид мөн үргэлжлүүлэн наманчилж, Бурхантай байгуулсан гэрээгээ сахин, Ариун Сүнстэй нөхөрлөхийг эрэлхийлдэг.

Эцсээ хүртэл тэвчихэд “найдварын төгс гэрэлтэйгээр, мөн Бурханыг болон бүх хүмүүнийг хайрлах хайрыг агуулан Христэд тууштайгаар итгэн урагш тэмүүлэх” явдал багтдаг. Биднийг эцсээ хүртэл тэвчвэл бидэнд “мөнх амьдрал байх болно” (2 Нифай 31:20) хэмээн Тэнгэрлэг Эцэг маань амласан.

Судраас судлах

Эцсээ хүртэл тэвч

Тэвчсэн хүмүүст ирэх адислал

Энэ зарчмын талаар илүү ихийг сурах

Инээмсэглэж буй гэр бүл

Есүс Христийн сайн мэдээ Бурханы бүх хүүхдийг адисалдаг

Есүс Христийн сайн мэдээг Бурханы бүх хүүхдэд зориулсан юм. Судруудад бидний үүсэл гарал ямар байхаас үл хамааран “Бурханд бүгд адил” хэмээн заадаг. Тэрээр “бүгд өөрт нь ирж мөн өөрийнх нь сайн сайхныг хүртэхийг урьдаг; … түүнд ирэх хэнээс боловч үл татгалздаг” (2 Нифай 26:33).

Сайн мэдээ мөнх бус амьдралын маань туршид болон үүрд мөнхөд биднийг адисалдаг. Бид Есүс Христийн сургаалын дагуу амьдарснаар хувьдаа төдийгүй гэр бүлээрээ аз жаргалтай байх нь гарцаагүй (Мозая 2:41; “Гэр бүл: Дэлхий дахинаа өргөх тунхаг,” ChurchofJesusChrist.org-ийг үзнэ үү). Сайн мэдээний дагуу амьдрах нь бидний баяр баясгаланг нэмэгдүүлж, үйлдлийг сүнслэгээр өдөөж, харилцааг баяжуулдаг.

Мөн Есүс Христийн сайн мэдээний дагуу амьдрах нь биднийг бие махбод, сүнслэг байдлын хувьд хор хөнөөл учруулж болох зүйлсийг сонгохоос хамгаалж чадна. Энэ нь сорилт бэрхшээл, уй гашуу тулгарах үед хүч чадал, тайтгарал олж авахад тусалдаг. Энэ нь баяр баясгалантай мөнх амьдралд хүрэх замыг гаргаж өгдөг.

Бид бүгдээрээ Бурханы гэр бүлийн нэг хэсэг юм гэдэг нь сэргээгдсэн сайн мэдээний агуу захиаснуудын нэг юм. Бид Түүний хайртай охид, хөвгүүд. Дэлхий дээрх гэр бүлийн нөхцөл байдал маань ямар байгаагаас үл хамааран бидний хүн нэг бүр Бурханы гэр бүлийн гишүүн билээ.

Бидний бас нэгэн агуу захиас бол гэр бүлүүд үүрд мөнхөд хамт байж чадна гэх ойлголт юм. Гэр бүл Бурханаас заяагддаг. Тэнгэрлэг Эцэгийн аз жаргалын төлөвлөгөө нь гэр бүлийн харилцаа холбоог насан эцэслэснийхээ дараа ч үргэлжлүүлэх боломжтой болгодог. Ариун сүмийн ёслол, гэрээнүүд гэр бүлүүдэд үүрд хамт байх боломжийг олгодог.

Гэр бүлүүд сайн мэдээний гэрлээр дамжуулан үл ойлголцол, зөрчил, сөргөлдөөн, бэрхшээлийг шийдвэрлэж чадна. Зөрчилдөөнөөс болж хагаралд орсон гэр бүлүүд наманчлал, өршөөл, Есүс Христийн Цагаатгалд итгэх итгэлээр дамжуулан эдгэрч чадна.

Есүс Христийн сайн мэдээ илүү хүчирхэг гэр бүлийн харилцааг хөгжүүлэхэд тусалдаг. Гэр орон бол сайн мэдээний зарчмуудыг заах, үүнээс суралцах хамгийн тохиромжтой газар юм. Сайн мэдээний зарчмууд дээр үндэслэсэн гэр орон хоргодох, аюулгүй амьдрах газар байх болно. Энэ нь Их Эзэний Сүнс оршиж болох газар байх болно.

Судраас судлах

Энэ зарчмын талаар илүү ихийг сурах

Богино болон дунд хэмжээний хичээлийн тойм

Дараах тойм нь цаг бага байхад хэн нэгэнд юу зааж болохыг үзүүлсэн жишээ юм. Энэ тоймыг ашиглахдаа заах нэг юм уу хэдэн зарчмыг сонго. Зарчим бүрийн сургаалын үндэс суурийг хичээлийн эхэнд өгсөн байгаа.

Заахдаа асуу бас сонс. Бурханд хэрхэн илүү их ойртох талаар суралцахад нь туслах урилгыг хүмүүст өг. Тухайн хүнийг тантай дахин уулзахад урих нь чухал урилга юм. Хичээлийн үргэлжлэх хугацаа таны тавьж буй асуулт, сонсож байгаа зүйлээс хамаарна.

Нэгэн эмэгтэйд зааж буй номлогчид

Хүмүүст 3–10 минутад багтаан юу зааж болох вэ?

  • Бурхан биднийг нүгэл, үхлээс гэтэлгэхээр Өөрийн хайртай Хүү Есүс Христийг дэлхий рүү илгээсэн.

  • Есүс Христэд итгэх итгэл бол үйлдэл, хүч чадлын зарчим мөн. Итгэл нь бидний амьдралд Аврагчийн хүчирхэгжүүлэх хүчийг мэдрэхэд тусалдаг.

  • Есүс Христэд итгэх итгэл наманчлал руу хөтөлдөг. Наманчлал бол Бурханд хандаж, нүглийг орхих үйл явц юм. Биднийг наманчлахын хэрээр бидний үйлдэл, хүсэл, бодол Бурханы таалалд илүү нийцэн өөрчлөгддөг.

  • Биднийг наманчлах үед Бурхан биднийг өршөөдөг. Есүс Христ бидний нүглийг цагаатгасан учраас бид уучлагдах боломжтой.

  • Баптисм нь усаар ба Сүнсээр баптисм хүртэх гэсэн хоёр хэсэгтэй. Бид баптисм хүртэж, гишүүнээр батлуулснаар нүглээсээ цэвэршигдэж, шинэ амьдралын эхлэлийг тавьдаг.

  • Усаар баптисм хүртсэнийхээ дараа бид гишүүнээр батлуулах ёслолоор дамжуулан Ариун Сүнсний бэлгийг хүлээн авдаг.

  • Бид амьдралынхаа эцсийн мөч хүртэл сайн мэдээний замыг итгэлтэй дагавал Бурхан бидэнд мөнх амьдралыг өгнө хэмээн амласан.